Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2017/0015/З |
Дугаар | 24 |
Огноо | 2017-06-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Т.Цэрэнчимэдийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөхморьт сумын Засаг дарга Н.Үйтүмэн, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батбаатар нарт холбогдох Хөхморьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамж, Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Н.Үйтүмэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс Нийгмийн ажилтан Н.Жамъянмаагийн оронд нийгмийн ажилтнаар түр томилогдон ажиллаж байгаад Нийгмийн ажилтан Н.Жамъянмаа өөр ажилд шилжиж 2016 оны 01 дүгээр сарын 04-ий өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар жинхлэгдэн ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжийг сумын Засаг дарга Н.Үйтүмэн гарган намайг ажлаас ор үндэслэлгүй халсан. Энэ захирамжийг хүчингүй болгуулах гэж шүүхэд хандсан. З.Нүрзэд нь одоо хүртэл шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад байгаль орчны байцаагчаар ажиллаж байгаа.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар Хөхморьт сумын Засаг даргын захирамж нь эхэлж гарсан байгаа. Энэ захирамжийг үндэслэж Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тушаал гаргасан байгаа учраас эхлээд Засаг даргын захирамжийг тайлбарлахад. Өмнө 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг А/66 дугаар захирамжаар хүчингүй болгосон байгаа. Энэ хоёр захирамжийн үндэслэл, удирдлага болгосон заалтууд адилхан байгаа. Засаг дарга захирамж гаргах эрхтэй ч гэсэн хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд уг захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Байгаль орчны байцаагчийн орон тоог хассан байсан
үндэслэлгүй байсан. Хэд хэдэн удаагийн шүүх хуралд ороод З.Нүрзэдийг ажилд эгүүлэн тогтоосон учраас гэж ярьж байгаа боловч энэ нь өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Захирамж дээрээ үндэслэл болгосон заалтууд нь өмнөх захирамж дээр үндэслэл, удирдлага болгосон заалтуудыг барьсан байгаа. Өмнөх Засаг даргын захирамжийг хуульд нийцээгүй захирамж гэж хүчингүй болгох үндэслэл нь хуульд нийцээгүй байна. Мэргэжлийн хяналтын газрын албан тоот ирсэн гэж байгаа боловч уг захирамж дээр дурдсан зүйл байхгүй. З.Нүрзэд гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн нь буруу буцааж ажилд нь тогтоогоод нийгмийн ажилтан гэдэг орон тоогоо хас гэсэн шүүхийн шийдвэр гарсан зүйл байхгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/01 дүгээр Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гаргаад Т.Цэрэнчимэдийг ажлаас чөлөөлсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг барьж энэ хүнийг ажлаас чөлөөлсөн. Энэ заалт нь төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс үл шалтгаалах албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих, эсхүл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалынхаа цалинг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсэн заалт байгаа. Энэ хүн ажлаас халагдаад 6 сар болсон байхад ганц удаа тэтгэмж аваагүй. Энэ хүнийг ажлын байраар хангах үүрэг нь Засаг даргын Тамгын газар байсан байна. Гэтэл өдий хүртэл ажлын байраар хангаагүй Т.Цэрэнчимэдийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Тухайн үед Засаг дарга орон тоогоо өөрчилсөн байж болно. Байгаль орчны байцаагч гэсэн орон тоо дээр Т.Цэрэнчимэд үргэлжлүүлээд ажиллаад явах боломжтой байсан. Энэ хүн нь дээд боловсролтой мэргэжил нь энэ ажлыг хийгээд явахад таарч байсан. Энэ орон тоон дээр мэргэжил нь таарахгүй байна гэж үзсэн бол төрийн хөрөнгөөр 6 сар мэргэшүүлээд ажиллуулаад явах боломжтой байсан байна. Т.Цэрэнчимэд нь дээд боловсролтой уг ажлын шаардлагыг хангаж байсан гэдэг баримт нь хавтаст хэргийн материалд байгаа. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тушаалыг хүчингүй болгуулж Т.Цэрэнчимэдийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Н.Үйтүмэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 425 дугаар тогтоолын дагуу сумдын Засаг даргын Тамгын газрын орон тоог 2-оор бууруулах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой Мал эмнэлэг үржлийн тасгийн орон тоог 2 болгож, Нийгмийн ажилтны орон тоог хасахаар болсон. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/397 дугаар Байгаль орчны байцаагчийг зайлшгүй авч ажиллуулах шаардлагатай гэсэн үүрэг чиглэл ирсэн. Бүрэн эрхийн хүрээнд бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан. 2015 оны 425 дугаар Засгийн газрын тогтоол байгаа. Тамгын газрын орон тоог 14 хүний орон тоотой байна. Мал эмнэлгийн үржлийн орон тоо 2 бол нийгмийн ажилтныг цомхтголд оруул гэсэн. Манай сум ганцаараа байгаль орчны байцаагчгүй байсан. Байгаль орчны байцаагчийг авахаар нийгмийн ажилтны орон тоо цомхтголд орж байгаа. З.Нүрзэд хэд хэдэн шатны шүүхээр яваад З.Нүрзэдийн талд шийдвэр нь гарсан. Хуулийн дагуу цомхтголд оруулсан. А/64 захирамжийг хүчингүй болгосон нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн бүрэн эрхийн заалт байгаа. Үүнийг үндэслээд өөрчлөлт оруулсан байгаа. Байгаль орчны байцаагчгүй байснаас хууль бус байгалийн баялаг ашиглах, өнгө үзэмж муудах, цөлжилт их болсон шаваг ихээр авах болсон учраас байгаль орчны байцаагч хяналт тавих хэрэгтэй. Манайд элсний тусгай хамгаалалттай газар хамгаалах захиргаа гэж байгаа. Зөвхөн Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу тусгай хамгаалалттай газраа хамгаална гэсэн байгаа. Тэгэхээр манай дээр зайлшгүй байгаль орчны байцаагч хэрэгтэй байсан учраас бүтэц орон тоондоо өөрчлөлт оруулаад нийгмийн ажилтнаа цомхтголд оруулсан. Байгаль орчны ажлын байр Т.Цэрэнчимэдийн мэргэжилд нийцэж байна гэж байна. Эрх зүйч мэргэжилтэй хүн байгаль орчны байцаагч хийнэ гэсэн заалт байхгүй. Байгаль орчны байцаагч мэргэжилтэй мэргэшлийн үнэмлэхтэй хүн байгаль орчны байцаагч байна гэсэн заалт байгаа. Өмнө нь байцаагчийн эрхтэй байсан хүнийг авч ажиллуулсан байгаа. Бүх зүйл хуулийн дагуу болсон гэж үзэж байна гэв.
Хариуцагч Б.Батбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Засгийн газрын 425 дугаар тогтоолын дагуу 14 орон тоотой ажиллахаар тогтоосон байдаг. Сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны орон тоог хасаж Байгаль орчны бодлого хариуцсан түшмэл улсын байцаагчийн орон тоог нэмсэн. Иймд Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Т.Цэрэнчимэдийг орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Б/66 дугаар захирамж болон Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хөхморьт сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 21-ны А/66 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөн баталсан. Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог баталсан дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасанд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл сумын Засаг даргын Тамгын газар баталсан орон тоотойгоор байнга ажиллах тул тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан гэж үзэхгүй, мөн тухайн байгууллагын зорилго, чиг үүргийг батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай албан тушаалын орон тоо, ажил үүргийн хуваарыг баталдаг тул гадагш чиглэсэн шинжгүй төрийн байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд гаргасан захирамж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар Хөхморьт сумын Засаг даргын А/66 дугаар “Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог өөрчлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Харин 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын Б/01 дүгээр Т.Цэрэнчимэдийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 425 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны А/404 дугаар захирамжаар Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 14 байхаар тогтоосон. Хөхморьт сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 21-ны А/66 дугаар захирамж гарган Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог 14, ажилтнуудын ажил үүргийн хуваарыг баталсан бөгөөд батлагдсан ажлын чиг үүрэг, хуваарьт сумын нийгмийн ажилтны орон тоог цомхтгосон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж зааснаар өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд сумын Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсөв, цалингийн сан, орон тоонд багтаан ажилтнуудыг томилж чөлөөлөх байгаа ч хуульд нийцсэн байх шаардлагатай. Нэхэмжлэгч Т.Цэрэнчимэдийн тухайд Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны ажлын байранд ажиллаж байсан бөгөөд сумын нийгмийн ажилтан гэсэн албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөхморьт сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ны А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалсугай.
2 . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ