Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0008

 

 

Ц.Б, Д.М,

Л.С нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгч Ц.Б, Б.М нарын өмгөөлөгч М.Ц, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Орон сууцны дэд бүтцийн газырн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, А.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ц.Б, Д.М, Л.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Орон сууцны дэд бүтцийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрээр:

1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.1 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/00000/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013000000, ГХДТ/2013/004, ГХДТ/2013/00000 тоот гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан ГХДТ/2013/0/000, ГХДТ/2013/0000, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 27,300,000 /хорин долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б, ГХДТ/2013/0/000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 17,300,000 /арван долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Мөнгөнбаатарт олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж ирсэн. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/164 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/0000/-ын төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК-ийг шалгаруулан улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/533 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

“Г” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 6 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэдийн хүлээлт, бухимдал ихсэн, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах болон өмчөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж иргэдийн бухимдлыг ихээр төрүүлэх болсон.

Иргэдийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар манай байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй, биелүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.11 “Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй”, 3.13 “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусад эх үүсвэрээс бүрдэж болно...”, 3.15 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн гурван талт гэрээний төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүргийн 4.1.2 “Төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх” гэж заасан байна. Үүний дагуу төсөл хэрэгжүүлэгч буюу “Г” ХХК нь, иргэн Д.Ц, Ц.Б нартай 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Түр оршин суух хугацаан дахь орон сууцны төлбөр олгох тухай” ГХ/00 дугаартай гэрээгээр түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр 700000 төгрөг, иргэн Д.М 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 дугаартай гэрээгээр сар бүр 450.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 6 жилийн хугацаанд нэхэмжлэгч нарыг орон сууцаар хангаагүй. Дээрх гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг иргэдэд олгохгүй байсаар хуримтлагдсан.

Гэтэл анхан шатны шүүхээс компани, иргэд хооронд байгуулсан “Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай” гэрээний үүргийн гүйцэтгэл буюу түрээсийн төлбөрийг “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан нь гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд иргэн захиргааны гэрээнд итгэсний улмаас үүссэн хохирлыг арилгах нь захиргааны байгууллагын хувьд үүрэг болох юм” гэж дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 дахь хэсэгт “Хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж хуульчлан тогтоосон. Гэтэл шүүхээс захиргааны байгууллага гурван талт гэрээгээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүйг тогтоогоогүй, түүнчлэн захиргааны хууль бус ямар үйл ажиллагаа байгааг тогтоолгүй шийдвэр гаргасан. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын байранд хуралдсан бөгөөд уг хурлаар “Г” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах асуудал шийдвэрлэгдэх байсан боловч нэг хоногийн өмнө буюу шүүхийн шийдвэрээр “Г” ХХК-ийн буюу гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хариуцагчийг эрх хэмжээнийхээ хүрээнд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах боломжгүй байдалд хүргэсэн.

Шүүхээс “...тус компани цагдаагийн байгууллагад шалгагдан, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдах хүртэл нөхцөл байдал илэрч байхад гэрээг цуцлах арга хэмжээ авалгүйгээр иргэдийг хохироосон” гэсэн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт нотлох баримтаар авагдсан яллах дүгнэлттэй танилцаад тухайн үед уг яллах дүгнэлттэй холбоотой эрүүгийн хэрэг хэрхэн шийдэгдсэн эсэх талаар, гэм буруутайг нь шүүхээс тогтоосон эсэх талаарх баримтыг гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/Ш32018/4388 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж байсан. Гэтэл тус яллах дүгнэлтийг шүүхийн шийдвэрт үндэслэж, нотолгооны ач холбогдолтойгоор дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх хэргийг дутуу шалгаж, нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг буюу тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчилж, нэхэмжлэгч нарын түр оршин суух хугацаан дахь түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Орон сууцны дэд бүтцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/00 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж ирсэн. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын,3.1-д заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/000 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг холбогдох журмын дагуу зохион байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/0000/-ын төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ХХК-ийг шалгаруулан улмаар нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/533 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

“Гн” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 6 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэдийн хүлээлт, бухимдал ихсэн, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах болон өмчөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж иргэдийн бухимдлыг ихээр төрүүлэх болсон.

Иргэдийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар манай байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй, биелүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй өнөөдрийг хүрсэн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.11 “Төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй”, 3.13 “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй. Санхүүжилт нь гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, банкны зээлийн хөрөнгө, хандив бусад эх үүсвэрээс бүрдэж болно...”, 3.15 “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн гурван талт гэрээний төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүргийн 4.1.2 “Төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх” гэж заасан байна. Үүний дагуу төсөл хэрэгжүүлэгч буюу “Г” ХХК нь, иргэн Д.Ц, Ц.Б нартай 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Түр оршин суух хугацаан дахь орон сууцны төлбөр олгох тухай” ГХ/00 дугаартай гэрээгээр түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр 700,000 төгрөг, иргэн Д.Мөнгөнбаатартай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 дугаартай гэрээгээр сар бүр 450,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 6 жилийн хугацаанд нэхэмжлэгч нарыг орон сууцаар хангаагүй. Дээрх гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг иргэдэд олгохгүй байсаар хуримтлагдсан.

Гэтэл анхан шатны шүүхээс компани, иргэд хооронд байгуулсан “Түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай” гэрээний үүргийн гүйцэтгэл буюу түрээсийн төлбөрийг “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан нь гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд иргэн захиргааны гэрээнд итгэсний улмаас үүссэн хохирлыг арилгах нь захиргааны байгууллагын хувьд үүрэг болох юм” гэж дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын байранд хуралдсан бөгөөд уг хурлаар “Г” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах асуудал шийдвэрлэгдэх байсан боловч нэг хоногийн өмнө буюу шүүхийн шийдвэрээр “Г” ХХК-ийн буюу гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хариуцагчийг эрх хэмжээнийхээ хүрээнд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах боломжгүй байдалд хүргэсэн.

Шүүхээс “...тус компани цагдаагийн байгууллагад шалгагдан, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдах хүртэл нөхцөл байдал илэрч байхад гэрээг цуцлах арга хэмжээ авалгүйгээр иргэдийг хохироосон” гэсэн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт нотлох баримтаар авагдсан яллах дүгнэлттэй танилцаад тухайн үед уг яллах дүгнэлттэй холбоотой эрүүгийн хэрэг хэрхэн шийдэгдсэн эсэх талаар, гэм буруутайг нь шүүхээс тогтоосон эсэх талаарх баримтыг гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/Ш32018/4388 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж байсан. Гэтэл тус яллах дүгнэлтийг шүүхийн шийдвэрт үндэслэж, нотолгооны ач холбогдолтойгоор дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх хэргийг дутуу шалгаж, нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг буюу тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчилж, нэхэмжлэгч нарын түр оршин суух хугацаан дахь түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн, үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Гэр хорооллын хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах, төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай хүсэлтийг төслийн удирдах хороогоор шийдвэрлүүлнэ”, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.25 дахь хэсэгт “ ... Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн Гэр хорооллын хөгжлийн газар буюу одоогийн нэршлээр Орон сууцны дэд бүтцийн газар нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эрх бүхий субьект байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг тодорхой заасан байх бөгөөд 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь Орон сууцны дэд бүтцийн газарт гурван талт гэрээг хүчингүй болгох, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах талаар гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах ёстой атал ямар ч хүсэлт, гомдол гаргаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь тал 2 дахь догол мөрөнд хариуцагч Орон сууцны дэд бүтцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбарт “...3 талт гэрээг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч нар нь анх удаа гаргасан. ...Нэхэмжлэгч нар урьд нь хүсэлт, гомдол гаргаж байгаагүй, шууд шүүхэд хандсан” гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Орон сууцны дэд бүтцийн газарт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар хандаагүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй байна. Энэ талаар хариуцагчаас тайлбар гаргасан хэдий ч анхан шатны шүүх ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь “... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах тухай шаардлага”-ыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар захиргааны гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах бүхий нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас манай компанид холбогдуулан гаргасан ямар захиргааны акт нэхэмжлэгч нарын эрх, ашгийг хөндөөд байгаа нь тодорхойгүй, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон ямар захиргааны актыг цуцлуулах гээд байгаа нь ойлгомжгүй зэрэг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч “Г” ХХК нь төслийг цааш хэрэгжүүлэх боломжтой” талаар асуухад, хариуцагч Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хяналтын хорооны зөвлөлийн шийдвэр нь тухайн компанид хугацаатай үүрэг даалгавар өгөөд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж гарсан. Тухайн компани нь иргэдийг тодорхой хэмжээнд орон сууцанд оруулж байгаа юм. Одоогийн байдлаар 29 айлыг орон сууцанд оруулсан байна. Дээрх 3 иргэнийг орон сууцанд оруулах жагсаалтад оруулсан байна” гэх хариулт авагдсан байхад анхан шатны шүүхээс тус тайлбарыг огт дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Б, Д.М, Л.С нар нь “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/00000/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК, ГХДТ/2013/7/000, ГХДТ/2013/7/0000, ГХДТ/2013/7/00000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгуулах, ГХДТ/2013/7/0000, ГХДТ/2013/7/000, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/0000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гуравдагч этгээд “Г” ХХК нь 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад шалгарч, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/533 дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/0000/-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан байна.

Гэтэл төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь шалгарснаас хойш 2018 он хүртэл 5 жилийн хугацаанд 3318 айлын орон сууц, 18 үйлчилгээний төв, 800 хүүхдийн цэцэрлэг, 1800 хүүхдийн сургууль барих барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй, газрын хууль ёсны өмчлөгч буюу нэхэмжлэгч иргэд, Нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн үзлэг, Гэр хорооллын дэд бүтцийн газрын албан шаардлага, мэдэгдэл зэргээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх “...Гурван талт гэрээнд заасны дагуу Ц.Б Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 21 дүгээр гудамжны 000 тоот байршилтай нэгж талбарын 000000000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний 508 м.кв газар, Д.Ц Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 21 дүгээр гудамжны 000 тоот байршилтай нэгж талбарын 0000000 дугаартай 506 м.кв газар, Д.М Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 00 дугаар гудамжны 000 тоот байршилтай нэгж талбарын 00000000 дугаартай 540 м.кв газруудыг чөлөөлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, ...Захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, ...Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий гэрээг цуцлах боломжтой хэдий ч хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасны дагуу байгууллага болон иргэн ч гэрээг цуцлах эрхтэй...” гэсэн дүгнэлт хийж, төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК-ийг ГХДТ/2013/7/00000, ГХДТ/2013/7/00000, ГХДТ/2013/7/00000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, түүний төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч иргэдийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.19-д зааснаар орон сууцны хорооллын эхний ээлжийн барилга угсралтын дэд бүтэц шугам сүлжээний ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, нийслэлийн төсвөөс 9,163 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон, уг ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч талаас дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих ажлыг эхлүүлсэн, харин гуравдагч этгээд тухайд гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.

Дээрхээс дүгнэхэд нэгэнт төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагааны зарчим, 56 дугаар зүйлийн 56.2-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална” гэж зааснаар шүүхээс гуравдагч этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагчид даалгасан нь хууль ёсны байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын “ГХДТ/2013/7/0000, ГХДТ/2013/7/000000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/00000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч иргэд болон гуравдагч этгээд “Г” ХХК нарын хооронд “Түр оршин суух хугацаанд дахь орон сууцны төлбөр олгох тухай” гэрээ байгуулагдаж, улмаар сар бүр түрээсийн орон сууцны төлбөрийг “Г” ХХК төлөхөөр тохиролцсон боловч 2016 оны 04 дүгээр сараас хойш уг төлбөрийг төлөөгүй байна.

Үүнийг нэхэмжлэгч нараас гуравдагч этгээдтэй байгуулсан түр оршин суух хугацаан дахь түрээсийн орон сууцны төлбөр олгох гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй хохирол гэж үзэн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар захиргааны байгууллагаас хохирол гэх 27,300,000 төгрөг, 17,300,000 төгрөгийг тус тус шаарджээ.

Энэ тохиолдолд гуравдагч этгээд “Г” ХХК, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан “Түр оршин суух хугацаан дахь орон сууцны төлбөр олгох тухай” гэрээ нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд уг гэрээнээс үүдэлтэй хохирол гэж нэхэмжилсэн 44.600.000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын ГХДТ/2013/7/003, ГХДТ/2013/7/0000, ГХДТ/2013/7/00000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор гэх 27,300,000 төгрөг, 17,300,000 төгрөгийг тус тус Нийслэлийн Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б, Д.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн 000 дугаар хорооны нутагт /ГХДТ/2013/0000/ төсөл хэрэгжүүлэгч “Г” ХХК-ийг ГХДТ/2013/7/0000, ГХДТ/2013/7/004, ГХДТ/2013/7/0000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, “Г” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагч нарт даалгаж, үлдэх “ГХДТ/2013/7/0000, ГХДТ/2013/7/00000, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 27,300,000 төгрөгийг, ГХДТ/2013/7/00000 гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэм хор 17,300,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг “2” гэж дугаарлан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН