Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2024/0243/З |
Дугаар | 001/ХТ2024/0106 |
Огноо | 2024-10-28 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2024/0106
Өмгөөлөгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй,
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0452 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0482 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч буюу өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Б.Т нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2024/0337 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Г нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Н-д тус дүүргийн 18 дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0,006 га газрыг олгожээ.
2.2.Уг захирамжийг үндэслэн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 130 м.кв газрыг, 5 жилийн хугацаатай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Д-ы урд, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар захирамжаар дээрх 130 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан.
2.3.Тус маргаан бүхий газарт баригдсан 129,96 м.кв талбайтай, нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-22010205... дугаарт бүртгэж, Ш.Н-д өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон.
2.4.Дээрх үл хөдлөх эд хөрөнгө бүхий 130 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/417 дугаар захирамжаар иргэн С.Б-д, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар иргэн Б.Т-т тус тус шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Маргаан бүхий захирамжаар иргэн Б.Т-т Улаанбаатар хотын төв авто зам дагуух явган хүний зам дээр газар олгосон, тус газар нь цэвэр усны хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, авто замын хамгаалалтын бүс, дулааны шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, холбоо мэдээллийн шугамын хамгаалалтын бүсүүд дээр давхцаж нийтийн ашиг сонирхлыг хохироож байна. Тухайн газарт баригдсан барилга нь Улаанбаатар хотын төв зам дээр иргэдийн чөлөөтэй, тэгш, хүртээмжтэй, саадгүй зорчих хөдөлгөөнд саад учруулаад зогсохгүй нэр бүхий шугам, сүлжээ, хоолойнуудыг эвдлэн гэмтээх, засвар, нэмэлт үйлчилгээ хийх зэрэг онцгой тохиолдлын үед холбогдох ажил хийх боломжийг бүрэн хязгаарласан.
3.2.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар Ш.Н-д ямар ч байршил заахгүйгээр 0,006 м.кв буюу 60 м.кв газар олгохыг зөвшөөрсөн байдаг бөгөөд 130 м.кв гэсэн ганц ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл уг захирамжийг үндэслэн олгосон гэрчилгээгээр 60.м.кв газрыг 130 м.кв газар болгон өөрчилж, тодорхой байршил заасан. Өөрөөр хэлбэл, захирамжид заагаагүй байршилд 60 м.кв газар олгохыг зөвшөөрсөн байхад хэтрүүлээд 130 м.кв газар олгочихсон байдаг. Миний нэхэмжлэлийн хүрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлууд бүгд хамаарна гэж үзэж байна ...” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Маргаан бүхий газартай холбоотой “Т и ү х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт өмгөөлөгч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны А/622 дугаар захирамжийн иргэн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэсэн, одоо Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0010 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг тогтоолд Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийг тайлбарласан. Тогтоолд дүгнэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Б ү” ХХК-аар гуравдагч этгээдийн газар, үл хөдлөх хөрөнгөд үнэлгээний тайланг хийлгэж, газрыг нийтийн эдэлбэрт ашиглах талаар санал гаргах, нөхөх олговор олгох талаар газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах ажиллагааг явуулж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасан үндэслэл байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэжээ.
5.Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Би хууль зөрчөөгүй учраас хохирох ёсгүй. Анх дүрэм, журмын дагуу газартай, үл хөдлөхтэй газар болохоор нь худалдаж авсан. Энэ замыг “Д төв” өөрсдөө Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ хийгээд, өөрсдийнхөө хөрөнгөөр замыг нь засаад, явган хүний замыг нь байхгүй болгосон. Маргаан бүхий газарт 2008 онд үл хөдлөх эд хөрөнгө баригдсан, тухайн үл хөдлөх хөрөнгө баригдсанаас хойш явган хүний зам баригдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нотлогдоно. Тиймээс энэ замаар явах явган хүний эрхийг хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс зөрчөөгүй. Энэ асуудлыг улсад хохиролгүйгээр, нийтийн эрх ашгийг хамгаалаад, зам дээрх шонгийн модыг нь зайлуулах бүрэн боломжтой. Улс энэ газар, барилгыг авах гээд 400 гаруй сая төгрөгийн үнэлгээ гаргуулаад, газраа өгөх үү гээд байгааг ойлгохгүй байна. Өмчлөгчийн хувьд энэ асуудлыг шийдэх эрхийг надад олгоно уу. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0452 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 6.2.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6 дахь хэсэг, 34.6.1, 34.6.3 дахь заалт, 2002 оны Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, 12.8.2 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэг, 17.8.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Г.Г-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаартай захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1. ... Хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01-07/1529 тоот албан бичигт хавсаргасан талбайн зураг болон иргэн Б.Т-ийн эзэмшил газрын танилцуулга зургаас үзэхэд, гуравдагч этгээд Б.Т-ийн эзэмших эрх бүхий газар болон түүн дээр баригдсан барилга нь ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон цэвэр усны шугамын хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдсон.
6.2.Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн фото зургуудаас үзэхэд маргаан бүхий газар, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө нь явган хүний замтай давхцалтай, явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн (ялангуяа тэргэнцэртэй хүн) явахад саад бэрхшээлтэй, сүүлд явган хүний замын наагуур автомашины туслах зам барьсан зэрэг бодит нөхцөл байдлуудаас үзэхэд нийтийн эдэлбэр газрыг нийтээрээ чөлөөтэй ашиглах боломж хязгаарлагдсан болох нь тогтоогдож байна.
6.3.Гуравдагч этгээд Б.Т нь газар эзэмших эрхийн хувьд шударга эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шударга өмчлөгч гэж үзэх тул хариуцагчаас газрыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлөх тохиолдолд түүнд нөхөх олговрыг шийдвэрлэх учиртай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0482 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон гэж дүгнэж хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
8.1.“Т и ү х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт иргэн Г.Г нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дээрх шаардлагаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 001/ХТ2024/0010 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
8.2.Дээрх тогтоолын Хянавал хэсгийн 25-д (Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг нь буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатай нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж тус тус заасан нь газрыг тусгай хэрэгцээнд авах эсхүл нийтийн эдэлбэрт авах асуудлаар “санал гаргах”, “газар эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах”-аар шийдвэр гаргах эрхийг захиргаанд олгосон агуулгатай буюу захиргааны байгууллагын өөрийн шийдвэрлэх, шийдвэр гаргах эрх хэмжээ (сонгох боломж)-нд хамаарах зохицуулалт байна), 26-д “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Д төв”-ийн урд талд байршилтай 130 м.кв газрыг нийтийн эдэлбэрт ашиглах талаар санал гаргах, газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах, хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах эсхүл гаргахгүй байх эрхийг хуулиар олгосон гэж үзнэ”, 27-д “Гэтэл шүүхээс “бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нийтээр ашиглах зам талбайн хэлбэрээр ашиглах шийдвэр гаргах ёстой” гэж, ийнхүү шийдвэр гаргаагүй бол гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүчингүй болгох агуулгатай дүгнэлт, шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарласан, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбараас аль нэгийг хэрэглэх” гэснийг тайлбарлан хэрэглээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шүүхийн шийдвэрийн төрлийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
8.3.Мөн тогтоолын Хянавал хэсгийн 29-д “Хяналтын шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Д төв”-ийн урд талд маргаан бүхий газарт явган хүний зам талбайг тохижуулах, явган хүний зам дээр баригдсан шонгийн модыг зайлуулж, зорчих хэсгийг чөлөөлөх болон Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдээс санал гаргах, холбогдох үйл ажиллагаа явуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.” гэж тус тус дүгнэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Б ү” ХХК-аар “Нөхөн олговрын зориулалттай үнэлгээний тайланг” 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийлгэсэн.
8.4.Цаашид Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Д төв”-ийн урд талд байршилтай 130 м.кв газрыг нийтийн эдэлбэрт ашиглах талаар санал гаргах, газар эзэмшигчтэй тохиролцож гэрээ байгуулах талаарх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд 54.1.5, 54.1.6-д заасан үндэслэл байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй. Иймд хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
9.Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэж, гуравдагч этгээд хариуцагчийн гомдлыг дэмжсэн агуулгатай тайлбарыг тус тус өгөв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах замаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх шийдвэрлэв.
11.Өмнө нь энэхүү маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар “Т и ү х” ГҮТББ-аас гаргасан нэхэмжлэлээр үүссэн хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0571 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/625 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 001/ХТ2024/0010 дугаар тогтоол хүчин төгөлдөр болжээ.
12.Гэвч уг хэргийн тухайд хэдийгээр маргааны зүйл нь нэг, нэхэмжлэлийн шаардлага нь ижил боловч нэхэмжлэгч нь өөр этгээд байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
13.Тодруулбал, өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн нэхэмжлэгч нь “Т и ү х” ГҮТББ байсан бөгөөд тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Г оролцсоныг түүнийг өмнө нь нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд Г.Г нь Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт тусгайлан олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчийн хувиар нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байх тул “нэгэнт шүүхээр шийдэгдсэн үйл баримтын талаар дахин нэхэмжлэл гаргасан” гэж үзэхгүй юм.
14.Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “нийтийн өмчийг хамгаалах” объектив эрхийн хяналтын хүрээнд хамаарч байх бөгөөд маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.8.2-т “орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих”; мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /2011 оны/ 17 дугаар зүйлийн 17.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 17.8.4-т “газар эзэмших, ... эрх олгох” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
15.Тодруулбал, гуравдагч этгээд Б.Т-ийн эзэмшлийн маргаан бүхий газар, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө нь ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, явган хүний замтай давхцалтай, явган зорчигч, ялангуяа тэргэнцэртэй хүн явахад саад бэрхшээлтэй, нийтийн эдэлбэр газрыг нийтээрээ чөлөөтэй ашиглах боломж хязгаарлагдсан болох нь шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогджээ.
16.Харин маргаан бүхий газарт анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 379 дүгээр захирамжаар иргэн Ш.Н-д 0,006 м.кв газар олгосон боловч хариуцагч 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газрын байршлыг тодорхой зааж, газрын хэмжээг 130 м.кв гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан, улмаар уг газарт баригдсан үл хөдлөх хөрөнгө шилжсэнтэй холбоотойгоор 2018 оны А/417, 2021 оны А/622 дугаар захирамжаар тухайн газар эзэмших эрхийг тус тус шилжүүлсэн байна.
17.Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, гуравдагч этгээд Б.Т нь газар эзэмших эрхийн хувьд шударга эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч байх тул хариуцагчаас маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрт авах тохиолдолд Газрын тухай хуульд заасан журмын дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх (мөнгөөр, эсхүл өөр газар олгох буюу газрын байршлыг шилжүүлэх гэх мэт.) үүрэгтэй.
18.Иймд Газрын тухай хуульд заасан журам, “холбогдох ажиллагаа хийгдэж байгаа” талаарх хариуцагчийн тайлбар болон хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлийг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар гуравдагч этгээдэд нөхөх олговор олгох, эсхүл хуульд заасан журмаар хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
19.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч хууль хэрэглээний талаар тусгай санал гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0452 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0482 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.6 , 34.6.1, 34.6.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2002 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.8.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2011 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.8, 17.8.4 дэх заалтыг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хариуцагчаас гуравдагч этгээд Б.Т-т хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгох эсхүл хохирлын асуудлыг шийдвэрлэтэл 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Тогтоох хэсгийн 1-д зааснаар дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Засаг даргын захирамжийн Б.Т-т холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж, “2.” дахь заалтын дугаарыг “3.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Г.БАНЗРАГЧ