Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2016/04452

 

2016 оны 06 сарын 23 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04452

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орц, подвалийн давхарт байрлах Түшээ Сууц Өмчлөгчийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 50 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Доржийн Уранчимэг /РД: УД66090103/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 500.800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.


Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэл, хариуцагч Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлитйг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Түшээ СӨХ-ийг бүрэн төлөөлөх эрхтэй тул нэхэмжлэл гаргасан. Д.Уранчимэг өмнө нь цанталтын засварыг 340.000 төгрөгөөр өөрийнхөө зардлаар хийсэн гээд чөлөөлж өгөөч гэхээр нь төлбөрөөс чөлөөлж бид эвлэрч байсан. Үүнээс хойш Д.Уранчимэг 1 жилийн төлбөр төлөөгүй. Байнга шалтаг хэлж хойшлуулж, хоног хугацаа явуулсаар байсан. Иймд тэрээр 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарыг дуустлах хугацааны СӨХ-ны үйлчилгээний төлбөрт 500.800 төлөх үүрэгтэй. Цанталтыг СӨХ хариуцах чадваргүй, цэвэрлэгээ үйлчилгээ гэх мэт бусад үйлчилгээг хангаж байх ёстой. Д.Уранчимэг өнөөдрийг хүртэл СӨХ-ны үйчилгээг авч л байгаа. Манайх СӨХ-ны төлбөрт сардаа л 10.000 төгрөг авч байгаа, 2014 онд 24 дүгээр байрны техникийн засварыг улсын хөрөнгөөр хийсэн. Цанталтын ажлыг ойрдоо шийдэж чадахгүй байх. Жилд нэг л байрныхаа дээврийг янзлаад явж байгаа нь их юм гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ноос үзүүлдэг цэвэрлэгээ, цахилгааны үйлчилгээг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ манай байр амгалан тайван амьдрах нөхцөл боломжгүй. Орцонд кодтой хаалга, модон хаалга хийсэн гэх ч тэр нь удалгүй эвдэрсэн. Энэ байранд үндсэн оршин суугчид нь бараг байдаггүй. Ихэнхи нь түрээсийн айлууд. Уг нь манай орцонд жижүүр байсан ч цаад талын орцонд орсон. Орцонд шөнө согтуу хүмүүс орж ирж амгалан тайван байдал алдагдуулдаг. Мөн пункер дотор хог шатаасны улмаас бид угаартаж үхэх дөхсөн. Гадаа гараад салхинд сууя гэхэд ногоон байгууламж байдаггүй. Үндсэн оршин суугч учраас би СӨХ-ны хийгээгүй ажлуудыг нь өөрөө хараад хэлдэг. Хүүхдийн тоглоомын талбайд том гулгуур тавьсан ч тэр нь гулгах нь битгий хэл хүүхэд дарагдаж унахаар. Иймээс эдний үзүүлж байгаа үйлчилгээ нь СӨХ-ны төлбөр төлөхөөр хангалттай биш. Орцны гэрэлгүй үед би өөрөө потрон аваад хийдэг. Тэр болгоныг би СӨХ-нд очиж хэлдэггүй. Бохирын шугам муу учраас дээд талын айлаас байнга ус гоождог. Шугам хоолой нь дандаа битүүрдэг, дотор нь юм хийдэг юм уу өмхий үнэртдэг. Би СӨХ-ны үйлчилгээнд энэ 10.000 төгрөгийг өгөх сэтгэл ханамжтай биш байна. Манай байранд тэгж анхаарал тавьж засвар хийдэггүй. Манайх энд байранд 2004 онд орсон. Энэ байр 2002 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтанд орсон бөгөөд шинэ байр авсан гэхэд гаднах нь хуучин юм шиг харагддаг. Гаднахыг нь шоохойдоод өгөөч , намайг шинэ байранд орлоо гэхээр гаднахаас нь ичээд байна гэж би СӨХ-нд байнга хэлдэг байсан. Би төлбөрөө төлдөггүй байсан юм биш. Төлдөг байсан. СӨХ яг ямар ажил хариуцдагыг мэдэхгүй байна. Будаггүй юмаа гэхэд шохойдоод өгөөч гэж манай байрныхан гарын үсэг цуглуулсан. Дээд айлаас ус алдахаар хэл ам хийгээд яахав гээд өөрсдөө зохицуулдаг байсан. Би нэхэмжилж буй мөнгөнөөс цэвэрлэгээний мөнгийг нь төлнө гэв.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Д.Уранчимэг миний бие нь Түшээ СӨХ-нд 262.800 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагаа 238.000 төгрөгөөр багасгаж, 262.800 төгрөгийг зөвшөөрч эвлэрэв гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь хариуцагч Д.Уранчимэгээс дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 500.800 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүн болох 500.800 төгрөгийг 238.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан дүн 262.800 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7.837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

                                           

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 238.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 262.800 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7.837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ