| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/04605/И |
| Дугаар | 210/МА2025/00376 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00376
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04226 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, хохиролд 692,124,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-ын иргэн******* /*******/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, орчуулагч БНХАУ-ын иргэн ******* /*******/, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани *******ХХК (2023 онд нэр нь ******* болгож өөрчлөгдсөн)-тай 2018 оны 01 сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус компани 100.000 тн нүүрсийг 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компанид нийлүүлэх, манай компаниас 1 тн нүүрсийг 530 юаниар тооцон төлөхөөр тохиролцсон. ******* ХХК нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд манай компани тухай бүр нүүрсний үнийг тус компанид шилжүүлж байсан. Тус компаниас гэрээнд заасан тоо хэмжээнээс бага нүүрсийг нийлүүлсээр ирснийг 2 компани тооцон 2019 оны 12 сарын 01-ний өдөр тооцоо нийлэхэд манай компаниас тус компанид 2019 оны 11 сарын 21-ний өдрийн байдлаар 1,055,175 юанийг илүү төлсөн нь тогтоогдсон.
Иймээс манай компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж ******* ХХК-аас авах ёстой нүүрсээ ******* улсад борлуулж чадаагүйн улмаас банкинд их хэмжээний зээлийн хүүг төлсөн тул ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид учирсан хохирол буюу банкинд төлөх 19 сарын зээлийн хүүнд 400,000 юанийг төлөхөөр тохиролцсон.
******* ХХК-ийн эцсийн өмчлөгч, хууль ёсны төлөөлөгч ******* нь гэрээний зөрчлөөс бий болсон үүрэг, хариуцлагыг хамтран хүлээх ёстой гэж үзэж байгаа тул уг хариуцлагыг хамтран хүлээх ёстой гэж үзсэн тул ******* ХХК, ******* нараас нүүрсний үнэд төлсөн 1,055,175 юань, хохирол 400,000 юань нийт 1,455,175 юань буюу 692,124,885 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2018 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр 1 тонн нүүрсийг 530 юанаар худалдах-худалдан авахаар тохиролцсон. Төлбөрүүд тухай бүр орж ирж байсан ч нийт 3,300,090 юань 7 удаагийн гүйлгээгээр орж ирсэн. Гаалийн мэдүүлэг болон гэрээний дагуу 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 сарын 11-ний өдөр хүртэл нийт 107 вагон буюу 7,076 тонн нүүрсийг нэхэмжлэгчид нийлүүлсэн. Мөнгөн дүн нь 3,750,042 юань болно. Тухайн үед нэхэмжлэгч нь Хятад улсад ам.доллар үнэтэй болвол ам.доллароор, юань үнэтэй болбол юанаар гэрээ хийх санал тавьсан. Гэрээнд 530 юань гэж байгаа ба гааль дээр бүртгэж байгаа ба дахин гэрээ хийхээр бол гэрээний бүрдүүлэлтийг хийж явдаг.
Тухайн үед гэрээ солигдох үндэслэлтэй байсан ба гаалийн төлбөр болон вагоны төлбөрийг бүгдийг 530 юаньд багтаж байгаа. Вагонд нүүрс хэд ачигдсанаас хамаарч бүх төлбөрүүд тооцогдож явдаг бөгөөд 530 юанаас вагон, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд бүх төлбөрийг төлдөг. Нэхэмжлэгч 1 тонн нүүрсийг 420 юанаар тооцож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, 90 юань тээврийн зардал бидэнд хамаагүй, 530 юанаар тооцно. Бид нүүрсний гэрээ хийсэн учраас цаашид удаан хугацаанд хамтарч ажиллана гэсэн учир тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. ******* ХХК болон *******, нэхэмжлэгч нартай 2017 оны 11 сард уулзаж гэрээ байгуулсан. 422,400 юанийн нүүрс нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 471,872,998 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 220,251,887 төгрөг болон хариуцагч ******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,618,574 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 2,517,315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ манай компанид учирсан хохирол 400,000 юанийг баримтаар тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах тухай хэлцлийг үндэслэн тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Хэргийн баримтаар дээрх 2 компани нь худалдан авагч талаас нүүрс авахаар шилжүүлсэн мөнгө, худалдагч талаас өгсөн нүүрсний хэмжээгээр тулгалт хийж, 2019 оны 11 сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн актаар *******ХХК нь ******* ХХК-д 1,055,175 юанийн өглөгтэй гарсан.
Монголоос кокжсон нүүрс экспортлохоор худалдан авагч тал Хятадын банкнаас зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэл нүүрс нийлүүлээгүйгээс болж Хятадын банкинд зээлээ төлж чадаагүй. Иймд худалдан авагч талд учирсан хохирол болох 19 сарын зээлийн хүүнд 400,000 юанийг ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан хохиролд тооцон төлөхийг бичгээр хийж, зөвшөөрсөн байхад нэхэмжлэгч тал учирсан хохирлоо баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Гэрээний талууд харилцан зөвшилцөж худалдагч нь худалдан авагчид учруулсан хохиролд 400,000 юанийг төлөхөө бичгээр илэрхийлж зөвшөөрсөн байхад нэхэмжлэгч талаас нотлох баримтыг шүүх шаардаж байгаа нь талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд харшилсан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 400,000 юанийн буюу 190,252,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн. 220,221,857 төгрөгийн хохиролтой холбогдуулан нэхэмжлэгч тал санхүүгийн зээл болон хүү төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй атал хохирлоо нотолж чадаагүй. Уг хэсгийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэжээ.
6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүхийн шийдвэрт зааснаар талуудын хооронд 2018 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээгээр 1 тонн нүүрсний үнийг 530 юанаар тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа 2019 оны 12 сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, төлбөрөө барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талд илэрхийлж байснаас үзэхэд хариуцагч *******ийн тайлбар үндэслэлгүй гэжээ.
2019 оны 12 сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн актад ******* ХХК-ийн захирал ******* нь ирээдүйд нүүрсний гэрээгээ үргэлжлүүлэх зорилгоор бодит бус тооцоололд гарын үсэг зурсан бөгөөд өөрийн гараар 2019.12.20 өдөр *******той уулзаж 2019.12.21-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр тохиролцов" гэж бичин гарын үсэг зурсан байдаг. Гэтэл шүүх талуудыг хооронд тооцоо нийлсэн мэтээр бодит байдлыг тогтоохгүйгээр хариуцагчаас нүүрсний үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Талууд 2018 онд байгуулсан ******* тоот гэрээ байгуулан нэг тонн нүүрсний үнийг 530 юанаар тохиролцсон хугацаанд гэрээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй, гэрээний үнэд өөрчлөлт оруулсан баримтгүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа энэхүү гэрээг шаардах эрхийг үндэслэл болгодог. Гэтэл тооцоо нийлсэн актад 1783 тн нүүрсний үнэд 817,208 юанийн өглөгтэй гэж бичсэн ба нэг тн нүүрсний үнийг 458,33 юань байгаа нь энэхүү тооцоо нийлсэн акт бодит бусыг илэрхийлж байна. /817,208:1783-458,33/ Мөн энэхүү тооцоо нийлсэн актад компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй. Хэрэв нэхэмжлэгч тал нэг тонн нүүрсний үнийг өөрчилсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой.
Хариуцагч гэрээний дагуу 2018 оны 01 сараас 2018 оны 12 сар хүртэл нийт 107 ширхэг вагоноор 7,075,550 кг буюу 7,076 тн нүүрсийг нэхэмжлэгчид нийлүүлж нүүрсний төлбөрт 3,750,042 юань авахаас 3,390,000 юань авсан (3,390,000+422,400-3,812,400) нь хорогдолгүй нүүрсний үнэ бөгөөд ******* ХХК нь хичнээн тонн нүүрс хүлээж авсан болон хичнээн тоннын хорогдол гарсан талаар баримт гаргаж ирүүлээгүй болно. Мөн шүүхээс хариуцагчийг төлбөр барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талд илэрхийлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар хэрэгт авагдсан гар утас болон we chat-ний үзлэгээр тогтоогдоогүй болно. Гэтэл шүүх нотлох баримтыг нэхэмжлэгчид төлбөртэй, нүүрс нийлүүлээгүй талаар баримтжуулсан мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч *******ийн тооцоо нийлсэн бүх актаар 1 тонн нүүрсийг 67 ам.доллараар тооцож гэрээг байгуулсан. Үүнийг нүүрсийг хамт явж авсан гэрч ******* гэрчилсэн. Харин гэрээнд 1 тонн нүүрсийг 530 юаниар тохиролцсон. 1,100,000 юанийн нүүрсийг хариуцагч *******ийн хүсэлтээр 1 тонныг нь 5 доллараар нэмэгдүүлж 72 ам.доллар болгосон. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Дээрх тооцоо нийлсэн акт баримтуудыг хариуцагч ******* шүүхэд өөрөө гаргаж өгсөн. Тухайн үеийн зах зээлийн зээлийн ханшаар нүүрсийг 65-70 доллараар худалдаж байсныг ******* ХХК болон бусад компаниудын нүүрс худалдах-худалдан авах гэрээг гаргаж өгсөн ба шилжүүлгийн баримтаар нотлогдоно. Гэрээ байгуулах, итгэмжлэл олгох бүх эрхийг манай улсад нэхэмжлэгч компанийг хариуцан ажиллахыг эрхийг олгосон баримтаа шүүхэд гарган өгсөн. Нэхэмжлэгч компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд төлөөлөгч нь компанийн захирлаар ажилладаг. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулагдсан тооцсон цагаас эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн үүрэг гүйцэтгэх эрх үүссэн. Хариуцагчид үүрэг гүйцэтгэх эрх үүссэн байхад гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 692,124,885 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний дагуу 7,076 тонн нүүрс нийлүүлсэн, цаашдын хамтын ажиллагааг бодож тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан тул уг баримтыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ.
4. Зохигчийн хооронд 2018 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан ******* тоот Коксжих нүүрс худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу худалдагч ******* ХХК (******* ХХК нь 2023.01.19-ний өдөр оноосон нэрээ ******* ХХК болгон өөрчилсөн) нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 2020 оны 12 сарын 31-ний өдрийн хугацаанд 100,000 тонн коксжих нүүрсийг, нэг тонныг 530 юаниар тооцож, *******-ын ******* хотод хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр худалдах, худалдан авагч ******* ХХК нь уг нөхцөлөөр нүүрсийг худалдан авч, нийлүүлсэн 1,000 тонн нүүрс тутамд гэрээний үнийг шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ.
Зохигчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нийт 7,074 тонн коксжих нүүрсийг нэхэмжлэгчид нийлүүлсэн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч 3,612,400 юань шилжүүлсэн, хариуцагч тал 3,390,000 юань хүлээн авсан гэж тайлбарлажээ. Дээрх гэрээний 2.1-д 1 тонн нүүрсийг 530 юань гэж заасан нь худалдан авагч тал хятадын дотоод харилцагчид үзүүлэх зорилгоор үйлдсэн хийсвэр дүн, 1 тонн нүүрсний бодит үнэ 67-72 ам.доллар гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгэж, гэрээний 2.1-д заасан үнэ бодитой, үүнд бүх зардал багтсан гэж харилцан зөрүүтэй тайлбар гаргасан нь хариуцагчийн нийлүүлсэн 7,074 тонн нүүрсийг хэдэн юань эсхүл ам.доллараар тооцох эсэхэд зохигч маргаж, улмаар нүүрсний үнийг шууд тодорхойлох боломжгүй болсноос маргаан үүсэх үндэслэл бий болжээ.
5. Талууд дээрх байдлаар маргаж, нэхэмжлэгч нь зохигчийн хооронд 2019 оны 12 сарын 01-ний өдөр үйлдсэн Төлбөр барагдуулах тухай баримтыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн шилжүүлсэн нүүрсний үнээс хариуцагч 1,055,175 юаньд тооцогдох нүүрсийг дутуу нийлүүлсэн, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 400,000 юанийн хохирол учирсныг талууд харилцан тооцож зөвшөөрсөн агуулгаар 1,455,175 юань буюу 692,124,885 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 2023 оны 05 сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн юаньтай харьцах ханшаар тооцон хасч, хариуцагч ******* ХХК-аас 471,872,998 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Тодруулбал, зохигчийн хооронд байгуулсан коксжих нүүрс худалдах-худалдан авах гэрээний 2.1-д заасан 1 тонн нүүрсийг 530 юаниар тооцох, мөн энэ үнэд нүүрсийг талбайд буулгах, овоолох, хадгалах, мөн вагонд ачих, пүүлэх, гаалийн мэдүүлгийн зардал болон нүүрсийг *******-ын ******* хотод хүргэх тээврийн зардал багтсан байхаар тохиролцсоныг талууд хожим өөрчилсөн тухай баримт хэрэгт авагдаагүй. Мөн зохигчийн хооронд 2019 оны 12 сарын 01-ний өдөр үйлдсэн Төлбөр барагдуулах тухай баримт нь ******* тоот гэрээг үндэслэн хийгдсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд дүйцэхүйц хэмжээний коксжих нүүрсийг хариуцагч гэрээний хугацаанд нийлүүлж чадаагүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, илүү төлсөн мөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан 2019 оны тооцоо нийлсэн актад хариуцагч тал хийсвэр төсөөллөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул хэргийн бодит байдалд нийцэхгүй, бодитой бус гэх, хариуцагч 7,076 тонн нүүрс нийлүүлсний үнэд 3,390,000 юань авсан нь хорогдолгүй нүүрсний үнэ бөгөөд нүүрсний хорогдлын баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагч тал энэ талаархи тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан 2019 оны 12 сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай баримтыг няцаагаагүй байна. Мөн хариуцагч ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ******* бүртгэгдсэн, бүртгэл өөрчлөгдөөгүй тул тооцоо нийлсэн баримтад компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэх гомдол үндэслэлгүй.
6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нөхцөлд нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан зардлаа хохиролд тооцон шаардах эрхтэй. Харин гэрээний нэг талд учирсан хохирол нь бодитой тогтоогдсон байх учиртай бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болон түүний хэмжээг тогтоосон үйл баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаагүй байна. Иймээс нэхэмжлэгчид 400,000 юань буюу 190,252,000 төгрөгийн хохирол учирсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Зохигчийн хооронд 2019 оны 12 сарын 01-ний өдөр үйлдсэн Төлбөр барагдуулах тухай баримтаар нэхэмжлэгчид 400,000 юанийн хохирол учирсныг хариуцагч зөвшөөрч, төлөхөө илэрхийлэн баталгаажуулсан нь нэхэмжлэгчид бодитоор хохирол учирсныг нотлохгүй буюу гэрээний чөлөөт байдлын зарчим энд үйлчлэхгүй юм. Учир нь талуудын тохиролцоо хэргийн бусад баримтаар нотлогдсон нөхцөлд хариуцагчийн хохирол нөхөн төлөх тухай амлалт, хохирлын хэмжээг хэргийн байдалтай тохирсон гэж үзнэ. Энэ агуулгаар учирсан хохирол 190,252,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.
7. Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 30,000,000 төгрөгийг юаньд хөрвүүлэн тооцохдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2023 оны 09 сарын 06-ны өдрийн албан ёсны ханш 475.63 төгрөгөөр тооцсон нь зөв боловч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй. Шүүх мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу бөгөөд энэ зохицуулалт монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид шууд хамааралтай биш, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм. Зохигч энэ талаар мөн мэтгэлцээгүй байна.
Харин зохигчийн хооронд гадаад валютаар гэрээ хийгдэж хариуцагч гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үүргээ биелүүлэх үе буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үед тухайн гадаад валют монгол төгрөгтэй ямар харьцаатай байх үеийн хэмжээгээр төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг тооцож төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхийг дурдах нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 183/ШШ2024/04226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч талын 1,109,210 төгрөгийг, хариуцагчийн 2,517,315 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ