| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2023/06136/И |
| Дугаар | 210/МА2025/00401 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00401
|
|
|
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/05677 дугаар шийдвэртэй
******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг, зардалд 29,015,443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч ******* нь "******* ХК-тай 2018 оны 03 сарын 13-ны өдөр *******дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн 2018 оны 07 сарын 06-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 14,000,000 төгрөг дээр 16,000,000 төгрөгийг нэмж, нийт 30,000,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2018 оны 09 сарын 28-ны өдөр ******* дугаартай кредит картын гэрээгээр 3,000,000 төгрөгийн зээлжих эрх нээлгэж, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувийн, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаанд зарлагын гүйлгээ хийж ашигласан. Дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулсан өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан.
Зээлдэгч нь 2023 оны 11 сарын 09-ний өдрийн байдлаар хоёр зээлийн гэрээний үүрэгт 26,870,298 төгрөг, кредит картын төлбөрт 2,292,351 төгрөгийг төлж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд хариуацгчаас үндсэн зээлд 13,604,374.12 төгрөг, хүү 9,948,540.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960,489.20 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг нийт 24,552,403 төгрөг, Кредит картын гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,819,309.03 төгрөг, хүү 2,442,758.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,971.34 төгрөг нийт 4,463,038.90 төгрөг нийт 29,015,443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 29,015,443 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 330,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааныг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг харгалзан үзэж зээл олгох үйл ажиллагааны гол шаардлага болох "эргэж төлөгдөх барьцаа"-ны талаар маргаан дагуулсан нотлох баримтууд хэрэгт байсаар байхад мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан "Зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, зээл олгохыг хүссэн өргөдөлд зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ, хугацааны талаар товч тодорхой бичиж гарын үсэг зурсан эсэх, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгчийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан эсэх, зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолт, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэрэг нь зээл олгох журамд нь нийцсэн эсэхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөнийг улам бүр тодотгож өгч байна.
Учир нь шүүхийн шийдвэрт "...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ ... Барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулжээ.." гэсэн дүгнэлтээр тодорхойлсон бол барьцааны гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх, ирээдүйд орж ирэх орлогыг нотолж буй баримтууд байгааг харах ёстой байсан.
Мөн шийдвэрт "хариуцагч 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэлх зээл, кредит картын төлбөрт 29,162,649 төгрөг төлж, 29,015,443 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй" гэсэн ба хариуцагч маргахын дээдээр маргаж нэр бүхий этгээдүүдийн харилцах данс хоорондын хамаарлыг нотлох баримтаар гаргуулах, ирээдүйд орж ирэх орлогыг нь нотолж байгаа гэх баримтуудын эргэлзээг гаргуулах хүсэлт гаргаж байсныг шүүх үл хэрэгссэн ба энэ нь зээл авсан эсэх, төлсөн эсэх талаар талууд маргаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Энэ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн ******* дугаар магадлалд зохигчийн маргаж буй үйл баримтын талаар бүрэн тогтоогоогүй гэсэн, хариуцагчид уг зээлийг бодитой олгосон нь тодорхойгүй, хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй" гэсэн дүгнэлтүүдийг биелүүлэх ажиллагааг анхан шатны шүүх хийхгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, дахин хянуулахаар ийнхүү гомдол гаргаж байна гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. 2024 оны 04 сарын 05-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ...хэргийн 22 талд авагдсан мөнгөн гүйлгээний баримтаар 2018 оны 03 сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 07 сарын 06-ны өдөр 16,000,000 төгрөгийг хариуцагчийн ******* тоот зээлийн данснаас ******* тоот дансанд шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн. ******* тоот данс нь хариуцагчийн данс болохыг мөн тус дансанд 31,000,000 төгрөгийн гүйлгээ хийснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаагүй. Шүүх хуралдааны явцад энэ талаар тодруулаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Хэрэг анхан шатны шүүхэд очсоноос хойш хариуцагчаас энэ талаар хүсэлт, баримтаа гаргаагүй.
Харилцагчийн мэдээлэл нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн нууцлалтай мэдээлэлд хамаардаг тул шүүхийн журмаар тухайн харилцах дансны хуулгыг гаргуулахад банк тухайн дансанд 2 удаагийн гүйлгээгээр зээл олгосон нь зээлдэгч *******ын ******* тоот зээлийн дансны хуулгаар нотлогдсон. Тухайн данснаас харилцагчийн ******* тоот дансанд зээл олгогдсон ба тус зээлийн данснаас 2018 оны 03 сарын 03-ны өдөр 14,830,000 төгрөгийг ******* ******* тоот харилцах дансандаа шилжүүлж аваад, улмаар харилцах данснаасаа бэлэн зарлагын гүйлгээ хийсэн. Мөн 2018 оны 07 сарын 06-ны өдөр олгосон 16,000,000 төгрөгийг АТМ-ээс 3 удаагийн зарлагын гүйлгээгээр авч ашигласан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар баримтаар тогтоогдсоныг анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэл ******* ХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,976,433 төгрөг, зардалд 39,000 төгрөг, нийт 29,015,443 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, банк нь Иргэний болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Талуудын хооронд 2018 оны 03 сарын 13-ны өдрийн ******* дугаартай 15,000,000 төгрөгийн, мөн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн ******* дугаартай 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, мөн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн ******* дугаартай 3,000,000 төгрөгийн зээлжих эрх бүхий Кредит картын гэрээ тус тус байгуулагджээ. Хэргийн 32-41 талд авагдсан баримтаар хариуцагч ******* нь дээрх 2 удаагийн зээл, кредит гарт олгохыг хүссэн өргөдлийг тус банкны ******* дахь салбарт хандан гаргаж, тус өргөдлүүдэд хариуцагчийн өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийн нь хувийн мэдээллүүд тусгагдсаны зэрэгцээ тухайн өргөдлүүдийн нэр, гарын үсэг гэсэн хэсэгт хариуцагчийн нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан байна. Мөн түүнийг ******* ХХК-д дэд захирлын албан тушаал хашдаг бөгөөд нэг сарын 1,700,000 төгрөгийн цалинтай болохыг тус компаниас тодорхойлсон, цалингийн цэс, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримт авагджээ.
Хариуцагч нь банктай зээлийн гэрээ албан ёсоор байгуулж зээл аваагүй, зээлийг захиран зарцуулаагүй, банк зээлийг хууль, журмын дагуу олгоогүй гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Дээрх гэрээг байгуулахад оролцоогүй болон банкинд гаргасан баримтууд дахь ******* гарын үсэг өөрийнх нь гарын үсэг биш болохыг шинжээчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй байна.
Иймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байх бөгөөд энэ талаархи хариуцагчийн татгалзал хэргийн бодит байдалд нийцээгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Дээр дурдсан 15,000,000 болон 16,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдүүлэгч ******* ХХК-аас зээлдэгч *******ын тус банкинд нээсэн зээлийн ******* тоот дансанд 2018 оны 03 сарын 13-ны өдрийн 14:36 цагт 15,000,000 төгрөгийг, мөн 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 17:33 цагт 16,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 дэх хэсэгт зааснаар зээлийг олгожээ.
Тус зээлүүдийг хариуцагч захиран зарцуулсан нь ******* тоот зээлийн дансны хуулгаар тогтоогдсон буюу 15,000,000 төгрөгийг 2018 оны 03 сарын 13-ны өдрийн 14:39 цагт 5750498287 тоот дансанд, мөн 16,000,000 төгрөгөөс 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 20:07, 20:08, 20:27 цагт 3 удаагийн гүйлгээгээр 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авчээ. Иймд банк зээлийг бодитой олгоогүй, зээл олгосон нь эргэлзээтэй байхад шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 11 сарын 09-ний өдрийн байдлаар 26,870,298 төгрөг төлж, зээлийн гэрээний үүрэгт 24,513,403 төгрөгийн мөнгөн төлбөрийн үлдэгдэлтэй тухай мөн кредит картын зээлийн төлбөрт 2,292,351 төгрөгийг төлж 4,463,038 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хариуцагчийн зээл төлөлтийг тодорхойлсон Зээлийн бүртгэлийн карт-аар тогтоогджээ. Уг төлбөрийн мөнгөн дүн, тооцооллын талаар хариуцагч тал үндэслэл бүхий байдлаар маргаагүй байна. Анхан шатны шүүх тус баримтыг үндэслэн хариуцагчаас 29,976,433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.
Хариуцагч зээлийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнүүдийн 1.2.4, 2.1.6, 1.3.10-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт 1,161,460 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцнэ. Мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс гарсан 39,000 төгрөгийн нотариатын зардлыг хохиролд тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгох ба шүүх мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирол гаргуулсан нь буруу.
Иймд анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 452 дугаар зүйлийн 452.1 гэснийг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 452 дугаар зүйлийн 452.2 гэсэн хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
6. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо зохигчийн хооронд 2018 оны 03 сарын 13, мөн оны 07 сарын 06-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ хуулийн шаардлага хангаагүй нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангаагүй тухай агуулгыг гомдолд дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хэнээс юуг ямар үндэслэлээр шаардах нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгч тус барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагчид холбогдуулан шүүхэд гаргаагүй байна. Иймээс дээрх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцаагаар үүргийг хангуулах ёстой эсэх нь хэрэгт ач холбогдолгүй тул энэ тухай хариуцагчийн гомдолд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөхгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/05677 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...452.1... гэснийг 452.2 гэж, ...227 дугаар зүйлийн 227.1... гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ