| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/00865/И |
| Дугаар | 210/МА2025/00344 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00344
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох,
Зээл болон бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 25,678,966 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймагт очих үед ******* надтай холбогдон уулзаж, амьдрал хүнд байна, Дорнодын Цагдаагийн хангамж муу, цалин бага гэж надаас, өөрийнхөө нэр дээр утасны лизинг авч өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Дорнод аймгийн Мобикомын салбараас *******т “Махgold 64” маркийн гар утсыг 3,959,000 төгрөгөөр худалдан авч өгсөн.
2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* мөнгө зээлээч, машин авах хэрэгтэй байна гэхээр нь машины ченжээс “Тоёота премо” маркийн ******* улсын дугаартай автомашиныг, Худалдаа хөгжлийн банкнаас 16,320,000 төгрөг зээлж авч өгсөн. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* надаас 600,000 төгрөг зээлж авсан.
******* надаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11,260,000 төгрөг дансаар зээлж авсан.
Автомашинд нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 дугуй 750,000 төгрөгөөр, 4 обуд 1,240,000 төгрөгөөр тус тус авч тавьсан, мөнгийг нь хувь хүний данс руу шилжүүлсэн. Жолоочийн хариуцлагын даатгалд 384,000 төгрөг төлсөн. Мөн машины урьдчилгаа төлбөр 2,880,000 төгрөгийг би *******т мөн өдөр төлсөн. Машины нэрийг шилжүүлэхэд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 65,280 төгрөг, 20,000 төгрөгийг хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлд, машины зээлийн гэрээний төлбөрт 109,920 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлж, нийт машинтай холбоотой зардалд 27,914,966 төгрөг зарцуулсан. Үүнээс банкны зээлд нийт 22,468,765 төгрөгийг зээл, хүү, алдангид төлсөн. Ковидын хүнд үе байсан болохоор машиныг ченжэд 13,100,000 төгрөгөөр зарсан.
*******-аас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,020,000 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,520,000 төгрөгийн нийт 2,540,000 төгрөгийн цахилгаан бараа авахуулсан.
******* ээжийнхээ ХААН банкны ******* тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 290,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 110,000 төгрөг, нийт 400,000 төгрөг авсан.
2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн *******-ийн дэлгүүрээс 55 инч телевизор 1,000,000 төгрөгөөр, “Шарп” маркийн хөргөгч, хөлдөөгч 1,040,000 төгрөгөөр, угаалгын машин 1,000,000 төгрөгөөр, нийт 3,040,000 төгрөгийн цахилгаан бараа авхуулсан. Уг мөнгийг *******-ийн ажилтан *******а гэж хүний дансанд шилжүүлсэн. ******* зээл авах гэхэд зээлийн шаардлага хангахгүй байсан тул зээлийн хөөцөлдөж бүтээж өгсөн ******* 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,100,000 төгрөг өмнөөс нь төлсөн.
******* нь ээж *******ын Хас банкны ******* тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 600,000 төгрөг шилжүүлж авсан. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр *******-аас авсан цахилгаан барааны үлдэгдэл төлбөрт 800,000 төгрөгийг төлсөн.
2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Тоёота премо” маркийн ******* улсын дугаартай автомашиныг зарахад 1,800,000 төгрөгийн засвар хийлгэж, 13,100,000 төгрөгөөр зарсан учир засварын зардал 1,800,000 төгрөгийг нэхэмжилнэ.
*******ын буцааж төлсөн 27,000,000 төгрөгөөс автомашины зээлд төлсөн 22,000,000 төгрөгөөс автомашин зарсан 13,100,000 төгрөгийг хасаж тооцно.
Цахилгаан бараа, гар утас авхуулсан 7,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 165,000 төгрөг тус тус төлснийг хасна.
*******аас авах ёстой 53,413,966 төгрөгөөс 27,735,000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэгт 11,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 14,418,966 төгрөг, нийт 25,678,966 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. *******ын төлсөн төлбөрийг зээлийн гэрээний дагуу авсан хөрөнгөөс биш үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйлээс хасаж тооцсон болно гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч болон хариуцагч нь тус тусдаа гэр бүлтэй боловч хариуцагчид машин унаа, гар утас авч өгөөд мөнгө төгрөг шилжүүлдэг нууц амрагийн харилцаатай байсан. *******ын ээжийн дансанд яах гэж мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй тул төлөх үндэсгүй. *******, ******* гэдэг хүмүүсийг танихгүй, ямар учиртайг нь мэдэхгүй. 2021 онд ******* машинаа өөрөө буцааж аваад зарсан.
Мөн дансаар шилжүүлсэн гээд байгаа 11,260,000 төгрөгийн оронд нийт 27,735,000 төгрөгийг буцаагаад төлсөн. Цахилгаан барааг ******* өөрөө авсан. Өөрөө, охинтойгоо хамт амьдарч байсан байрандаа авсан зүйлийн үнийг ******* төлөх ёсгүй. ******* нь ******* миний нэр дээр Хас банкинд данс нээлгэж, над руу шилжүүлсэн 600,000 төгрөгийг өөрийнхөө байр түрээслэх мөнгө гэсэн. Тэр мөнгийг нь өөрийнх нь Топаз зочид буудлыг түрээсэлж байсан 400 тоотод *******д өг гэснийг нь би аваачиж өгсөн. ХААН банкаар шилжүүлсэн 400,000 төгрөгийг би мэдэхгүй. Миний хүүгийн автомашиныг барьцаанд тавиулж, намайг тэтгэврийн зээл авхуулаад бид хоёр 16,195,000 төгрөгийг *******д төлсөн, өөр төлөх төлбөр байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******ы хариуцагч *******т холбогдох 25,678,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авахаасаа өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд тайлбар гаргахдаа цахилгаан бараа болон тээврийн хэрэгслийг хариуцагч ******* авсан, цахилгаан барааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэртээ байхад нь авч ирж өгсөн үүнийг зараад буцааж төлнө гэх тайлбарыг гаргаж байсан нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байдаг. Гэтэл шүүхээс эдгээр тайлбар шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар тэмдэглэлийг үнэлсэнгүй. Зөвхөн цахилгаан бараа болон тээврийн хэрэгсэл, улсын тэмдэгтийн хураамж холбогдох хураамжийг хариуцагчийн өмнөөс төлсөн гэдгийг нотлоогүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч авсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн атал үүнийг нотлогдоогүй гэж үнэлсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. *******ын буцаан төлсөн төлбөрийг миний бие машины төлбөр, түүний өмнөөс төлсөн зээлийн хүүд тооцон авсан байтал анхан шатны шүүхээс дээрх төлсөн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотойгоор нийт 25,678,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Худалдаа хөгжлийн банкнаас 16,320,000 төгрөгийг зээлж, *******т автомашин авч өгсөн. Тухайн зээлд нийт 22,468,765 төгрөгийг зээл, хүү, алдангид төлж хохирсон. Автомашинтай холбоотой зардалд 27,914,966 төгрөг зарцуулсан ба автомашиныг 13,100,000 төгрөгөөр би худалдан борлуулсан. Мөн надаас 11,620,000 төгрөгийг дансаар зээлж авсан. Автомашины зээлийн төлбөр болон автомашинтай холбоотой улсын тэмдэгтийн хураамж, машины урьдчилгаа төлбөр, даатгалын төлбөр, машинд авсан обуд, дугуй, гэрт нь авсан телевизор, угаалгын машин, хөргөгч, зээлийн зуучлалын хөлс, гар утасны төлбөр, ээжийнхээ дансаар шилжүүлэн авсан мөнгө зэрэгт нийт 42,153,966 төгрөгийн хөрөнгө шилжүүлсэн. *******аас авах ёстой 53,413,966 төгрөгөөс 27,735,000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэгт 11,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 14,418,966 төгрөг, нийт 25,678,966 төгрөгийг *******аас нэхэмжилнэ” гэжээ.
3.1. Хариуцагч талаас, зохигчдыг нууц амрагийн харилцаатай байсан учраас хариуцагч *******т мөнгө төгрөг, машин, гар утас зэргийг авч өгдөг харилцаатай байсан. Нэхэмжлэгч нь өөрөө хүсээд цахилгаан бараа болон бусад эд зүйлүүдийг авч өгч, түүнд мөнгө төгрөг шилжүүлдэг байсан. Дансаар шилжүүлсэн гээд байгаа 11,260,000 төгрөгийн оронд 27,735,000 төгрөгийг буцаагаад төлсөн. Цахилгаан барааг ******* өөрөө авсан. Өөрийнх нь охинтойгоо амьдарч байсан байрандаа авхуулсан зүйлийн үнийг төлөх ёсгүй. Миний хүүгийн машиныг барьцаанд тавиулж, намайг тэтгэврийн зээл авхуулаад бид хоёр 16,195,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн тул өөр төлөх төлбөргүй гэж маргажээ.
3.2. Зохигчдын гаргасан дээрх тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байхаас гадна, нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашиныг худалдан авах зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээл, зээлийн хүү тус бүрт хэзээ, хэдэн төгрөг төлсөн болох, уг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь хэдэн төгрөг төлж, гэрээг хэзээ дуусгавар болгосон, мөн автомашиныг худалдан борлуулсан мөнгөн хөрөнгөөс хэдэн төгрөгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 14,418,966 төгрөг нэхэмжилсэнтэй холбоотой хэргийн үйл баримтууд тодорхой бус байх бөгөөд шүүхээс уг асуудлыг тодруулах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй байна.
Түүнчлэн, хариуцагчаас, дансаар шилжүүлсэн гээд байгаа 11,260,000 төгрөгийн оронд 27,735,000 төгрөгийг буцаагаад төлсөн, машин барьцаанд тавьж, тэтгэврийн зээл авч 16,195,000 төгрөг төлсөн гэх, нэхэмжлэгч нь 27,735,000 төгрөгийг буцаан авсан гэх тайлбарууд нь зөрүүтэй байх бөгөөд хариуцагчаас нийт хэдэн төгрөгийг, ямар эд хөрөнгийн төлбөрт тооцон авсан асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд, тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 27,735,000 төгрөгийг хариуцагчийг буцаан төлсөн бөгөөд энэ дүнд машин зарсан 13,100,000 төгрөг, цахилгаан барааны нийт төлбөр 7,000,000 төгрөг зэрэг нь багтсан гэх агуулгатай тайлбар хийсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг./хх215/ Гэтэл нэхэмжлэгч нь цахилгаан барааны үнийг төлөөгүй гэх агуулгатай гомдлыг тус шүүхэд гаргасан нь ойлгомжгүй байна.
5. Иймд давж заалдах шатны шүүх, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/05703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,345 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ