| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0182/э |
| Дугаар | 2019/ШЦТ/185 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-т холбогдох эрүүгийн 1921004200212 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны . .....дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковш операторчин мэргэжилтэй, “Тунга майнз” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын ............багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.М. /РД: .................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Наран” хорооллын 1-28 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Дамдинсүрэнгийн цээж хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Наран” хорооллын 1-28 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Дамдинсүрэнгийн цээж хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921004200212 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчимд гэртээ байж байхад манай найз Баттөр нь нэг шил 0,75 литрийн Улаанбаатар архитай ирээд тэрийг ууж байхад гаднаас Эрхэмбаатар, Мөнхдорж хоёр орж ирээд хамт уусан. ...Дамдинсүрэн нь Баттөрийг заамдчихсан сэрээх гээд байхаар нь би Дамдинсүрэнд хандаж “чи Баттөрийг унтуулаач” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд бид хоёр маргалдаж заамдалцахад Батхүү гарцгаа гээд бид хоёрыг гаргасан. Тэгээд гэрийн гадна намайг Дамдинсүрэн нь модоор цохихоор нь би гартаа байсан хутгаараа цээжин тус газар нь хутгалаад бид хоёр ноцолдож газар унасан. Тэгэхэд Батхүү гэрээс гарч ирээд бид хоёрыг салгахаар нь би гэрт орж ирсэн. Тэгтэл Батхүү гаднаас орж ирээд “Дамдинсүрэн чамд хутгалуулсан байна” гэхээр нь Дамдинсүрэнг эмнэлэг хүргэж өгсөн. ...Би Дамдинсүрэнгээс уучлалт гуйж, хохирлыг төлж ямар нэгэн маргаангүй эвлэрсэн тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр М-ын гэрт нь ороход Бямбахүү, М хоёр архи уугаад сууж байхаар нь архинаас нь бид нар хамт ууж байхад Баттөр нь М-нд унтчихсан. Архи ууж дуусаад бид нар харихаар болж би Баттөрийг “бос явъя” гээд татаж чангаахад Мө над руу уурлаж “чи яагаад байгаа юм бэ” гэхээр нь би М-д хандаж “би сэрээгээд аваад явах гээд байна ш дээ” гэж хэлсэн. Үүнээс болж М бид хоёр маргалдаад гэрт нь ноцолдсон. Энэ үед миний ухаан санаа орж гараад согтоод байсан. Би гэрээс гарч байхад М миний араас гарч ирээд миний цээжний зүүн хэсэгт хутгалах шиг болсон. Би цээжээ дарж үзэхэд цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Б.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхээр нь ноцолдож байгаад гайгүй болчих байх гэж бодоод 3-4 минутын дараа гэрийнх нь хаалгыг хаахар босоод харахад салах шинжгүй дээр доороо гараад ноцолдоод байхаар нь би очиход М дээр нь байхаар нь хойш нь татаж босгоод Дамдинсүрэнг урагш нь татаж босгоход М гэр рүүгээ амьсгаадаад явсан тэгэхээр нь би тамхи асаагаад татаад зогсож байхад Дамдинсүрэн “найз нь хатгуулчихлаа ш дээ” гэхээр нь “үгүй байлгүй дээ” гээд тамхи татаж дуусаад асаагуурын гэрэл тусгаад харахад зүүн хавирганы орчимд гараараа дарсан, гарынх нь хурууны салаагаар цус гоожсон байдалтай байхаар нь би М-ын гэрт ороод Баттөрийг сэрээгээд “Дамдинсүрэн гадаа хутгалуулчихлаа” гэхэд “нээрээ юм уу” гээд надтай хамт гараад бид хоёр Дамдинсүрэнг эмнэлэгт хүргэж өгөхөд удаагүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 371 дугаартай:
1. Д.Дамдинсүрэнгийн биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ангийн багш Ц.Долгормаагийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 47 дугаар хуудас/,
Хохирогч Д.Дамдинсүрэн нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921004200212 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Наран” хорооллын 1-28 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Дамдинсүрэнгийн цээж хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Дамдинсүрэн /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Батхүү /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, Ц.Эрхэмбаатар /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Б.Баттөр /хх-ийн 24-25 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 371 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 8-9 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.М нь хохирогч Д.Дамдинсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-н ажил хөдөлмөр хийж, хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан цэцэг бүхий зурагтай, цайвар ягаан иштэй хутгай 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.М-н ...................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.М-н ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан цэцэг бүхий зурагтай, цайвар ягаан иштэй хутгай 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН