Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00340

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/05226 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-ийн *******д холбогдох,

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, ээлжийн амралтын олговор, алданги гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 01 дүгээр сараас *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ТУЗ-ийн дарга *******аас чи ажлаа өгчих, удирдлагаас баг соль гэсэн чиглэл өгсөн болохоор ингэж байгаа юм, чи Дотоод аудитын газарт ажиллачих гэсэн. Тухайн үед би түлшний асуудал дээр маш их эргэлзэж, барьцалдуулагч юу гэдэг нь тодорхойгүй байх тул ажиллахаар шийдсэн. Гэхдээ одоогийн нөхцлөөрөө буюу байрлаж ажиллахгүй, цахимаар ажиллахаар тохирсон. Гэтэл тайлангаа танилцуулснаас хойш аудитын газрын дарга н.Чин-Эрдэнээс ажлаа өг гэж удаа дараа дарамталж эхэлсэн.

Миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 34 дүгээр тушаалыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, 11 дүгээр сарын 03-ны өдөр гардаж авсан. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 талт хороонд гомдол гаргаж, хорооны хурал 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирсэн ******* нь 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаа авч, хариу өгөхөөр болсон боловч 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хариу өгөөгүй. ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар луу удаа дараа холбогдож байж, хариу авсан. Дарамт шахалт үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосонд гомдолтой байна.

2023 оны ээлжийн амралтын цалин, алдангийн хамтаар 04 дүгээр сарын 22-ны байдлаар 5,220,126 төгрөг болж байна. Дээрх ээлжийн амралтын цалин болон алдангийг шүүхийн шийдвэр гарах өдрөөр бодож гаргуулна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, алдангийн хамтаар 04 дүгээр сарын 20-ны байдлаар 40,720,772 төгрөг болж байна. Дээрх дундаж цалин болон алдангийг шүүхийн шийдвэр гарах өдрөөр бодож гаргуулна. ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын аудиторын ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тус тус өөрчилсөн болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т заасныг үндэслэн, 2023 оны 5, 6, 7 сарын цалингийн нэг сарын дундаж цалин хөлсийг 3,458,333 төгрөгөөр тооцов. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цалингийн алдагдлыг тооцож оруулсан байгаа гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

*******ийг *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газрын аудитораар томилж, хөдөлмөрийн харилцааны нөхцөлийг тохирон 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТУЗ-02/23 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Аудитор *******тэй байгуулсан ТУЗ-02/23 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээнд тусгавал зохих бүх нөхцөлийг тусган, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний 2.6 дахь заалтад ажилтан *******ийн ажлын цаг нь 8/40 байхаар тусгагдсан бөгөөд аудитор ******* ажлын өдрүүдэд 8 цагаар ажилдаа биечлэн ирж ажиллах үүрэгтэй байгуулагдсан. Мөн *******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.9.2 дахь заалтад заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд тус гэрээний 5.9 зааснаар хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаар тусгаж хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон аудитор ******* гарын үсэг зурж баталгаажуулсан.

******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажил таслахгүй байхыг удаа дараа сануулж улмаар мэдэгдэх хуудас хүргүүлсээр байтал ажилдаа ирэлгүй ажил тасалж, хөдөлмөрийн гэрээг зөрчиж байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байх тул Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29/23 тоот албан бичгээр 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******-ийн Төв байранд ирж сонсох ажиллагаанд оролцож, тайлбар өгөхийг мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч аудитор ******* нь ирж оролцоогүй, холбоо бариагүй тул тус хуралд оролцогчдын саналаар сахилгын шийтгэл ногдуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *******ийн ******* дугаарт холбогдон Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хорооны үүрэг болгосноор дүгнэлт гарсан тул Төлөөлөн удирдах зөвлөлд, *******т сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлэхээр болсныг мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар тайлбар өгөх боломжоор дахин хангаж байгааг мэдэгдэн ирж саналын хуудастай танилцан, тайлбар өгөхийг хүссэн боловч ******* хүрэлцэн ирж саналын хуудастай танилцаж, тайлбар өгөөгүй юм.

Аудитор ******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны хүртэл ажилдаа ирэлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан тайлбар өгөх эрхийг олгож улмаар хуульд нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн дагуу явагдсан бөгөөд хууль болон *******ийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй юм. *******ийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийг *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газрын аудитор албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 56,279,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4, 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 43.2.12, 99 дүгээр зүйлийн 99.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажилт хийх, ээлжийн амралтыг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч *******-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 439,347 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх зарчим нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.

Ажил олгогчийн зүгээс *******т ажил тасалж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгааг анхааруулж ДАГ-ын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 27/23 тоот албан бичгээр ажилдаа ирж, үүргээ гүйцэтгэхийг үүрэг болгож, цаашид ажил тасалсаар байвал сахилгын шийтгэл ногдуулах талаар сануулж, мэдэгдэх хуудас хүргүүлж, улмаар хэд хэдэн удаа тайлбар өгөх боломжоор хангаж хүлээцтэй хандан, *******ийн хөдөлмөрлөх эрхийг ажил олгогчийн зүгээс бүрэн хангаснаас гадна Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдлэх бүрэн боломж олгосон.

Гэтэл анхан шатны шүүхээс ******* анхнаасаа зайнаас ажиллахаар тохиролцож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” 48.2 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй” 48.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 48.2-т заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэх заалтуудаас дүгнэхэд хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр баталгаажсан хэлбэрээр байгуулахыг шаардсан байна. Харин *******ийн “ажил олгогчтой зайнаас цахимаар ажиллахаар тохиролцсон” гэх тайлбар нь үндэслэлгүй. Учир нь түүнтэй ажил олгогч байнгын ажлын байранд биечлэн ирж ажиллах, бүтэн ажлын цагийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд түүнтэй Зайнаас ажиллах нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ огт байгуулж байгаагүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэх заалтад зааснаар зохигчдын тайлбарыг нотлох баримтаар үнэлэхээр тусгасан байх бөгөөд аудитор ******* нь зөрчил гаргаснаа анхан шатны шүүх хуралдааны үед “би цагаа огт бүртгүүлж байгаагүй, зайнаас ажилдаг байсан гэх тайлбар” тавьж өөрөө ажил тасалснаа хүлээн зөвшөөрсөн байдлыг шүүх анхаараагүй.

Анхан шатны шүүх “*******ийн зайнаас ажилласан нь *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газрын дарга ******* гэх хүнтэй харилцсан вайбер чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн байх ба тухайн вайбер чат ******* гэх хүний чат мөн эсэх тодорхойгүй, эргэлзээтэй байсаар байтал тухайн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг эргэлзээгүй үнэн бодит байдалд нийцүүлэн дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заагдсан ноцтой зөрчил, сахилгын зөрчил гэх ойлголтууд нь хууль хэрэглээний зарчим, онол, үзэл баримтлалд огт тохирохгүй гэрээ байгуулсан гэдгийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Зайнаас ажилласан нь хангалттай тогтоогдсон байхад нэхэмжлэгчийг чи энэ талаарх гэрээг байгуулах ёстой гэж хэлдэг. ******* нь зайнаас ажиллах хүсэл зоригоо ажил олгогчид хангалттай, тодорхой илэрхийлсэн боловч ажил олгогчийн зүгээс дараа нь гэрээгээ байгуулчих, одоо энэ гэрээнд гарын үсэг зурчих гэх байдлаар хандсаныг нь нотлохын тулд вайбер чатад үзлэг хийлгэж, нотлох баримтаар үнэлүүлж шүүхэд гаргаж өгсөн болохоос тэр нь цорын ганц нотлох баримт биш. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн байдлаар надад ёс зүйн хорооны хариуцлага тооцохоор болсон тохиолдолд энэхүү гэрээний 5.1.3, 5.1.4, 5.1.5-т заасан сахилгын шийтгэлийг ёс зүйн хорооны хурал дүгнэлт гаргаж, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гүйцэтгэх захирлын тушаалаар ноогдуулна гэж заасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн *******д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, ээлжийн амралтын олговор, алданги гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газарт аудиторын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаар тогтоолоор ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

3. Нэхэмжлэгч нь “2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТУЗ-02/23 дугаар хөдөлмөрийн гэрээний дагуу *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын газрын аудитор албан тушаалд томилогдон ажиллаж байсан, мөн

*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаар тогтоолоор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, дуусгавар болгосон баримтууд хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч нь, хариуцагчаар *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг тодорхойлжээ.

 

3.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 181/ШЗ2024/09041 дугаар захирамжаар хариуцагч *******-ийн *******д холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ./1хх19/

 

4. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн талаар тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болгохоор заасан байдаг.

 

4.1. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь ******* гэсэн хуулийн этгээдийн дотоод бүтэц дэх *******д холбогдуулан гаргасан шаардлага байхад байгууллагын дотоод нэгж, түүний албан тушаалтанд холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар түүний нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхтэй холбоотой шаардлага зэргийг *******-д холбогдуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

4.2. Хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан  гэрээнд заасан эрх хэмжээний дотор гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдахаар зохицуулсан байдаг. Гэтэл, нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн эрхгүй, компанийн дотоод бүтцэд хамаарах Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг хариуцагчаар тодорхойлсон байхад уг асуудлыг шүүх тодруулахгүйгээр иргэний хэрэг үүсгэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулиудад нийцээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольсон тохиолдолд шүүх мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг сольсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай.

 

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/05226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,347 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

 ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ