Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00341

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 193/ШШ2025/00014 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт олгосон 6,057,000 төгрөгийг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хохиролд 6,057,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “******* нь манай байгууллагатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээтэй байсан. ******* нь автомашины эвдрэл хохиролд 10,000,000 төгрөгийг *******-аас авсан байсан тул *******-ийн үнэлгээгээр тогтоогдсон 16,730,000 төгрөгөөс, 6,057,000 төгрөгийг манайх *******д өгсөн. *******тай гэрээ байгуулж хохирол шаардах эрхийг шилжүүлэн авсан учраас гэм буруутай этгээд болох *******ээс 6,057,000 төгрөгийг  гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

2.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Үнэлгээний зөрүүтэй маргаан үүсээд байхад Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо руу хандах ёстой байсан гэж үзэж байна. *******ий хувьд *******-ийн машины хохирлыг үнэлсэн 13,050,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг *******-аас, үлдэх 3,050,000 төгрөгийг хувиасаа *******д бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. Хариуцагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулын замд ******* улсын дугаартай, “Х.Траго” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай, “Лексус ар икс 450-эйч” маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

 

3.2. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ./хх 14/

 

3.3. *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний тайланд *******гийн эзэмшлийн автомашинд учирсан эвдрэл хохирлыг 13,050,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 46-49/

 

3.4. Хариуцагч ******* нь *******-тай байгуулсан “жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын дагуу 10,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон./хх49-51/

 

3.5. Хариуцагч ******* нь *******д автомашины эвдрэл хохирлын үнэлгээний дагуу үлдэгдэл 3,050,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны дансаараа *******д шилжүүлсэн байх бөгөөд эмчилгээний зардал, автомашины чирэгчийн төлбөр, үнэлгээний ажлын хөлс зэргийг төлсөн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна./хх30-31,37/

 

4. Түүнчлэн, ******* нь ******* улсын дугаартай, “Лексус ар икс 450-эйч” маркийн автомашиныг *******-д 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр “тээврийн хэрэгслийн даатгал”-д даатгуулсан байсан үйл баримт тогтоогджээ./хх7-10/

 

4.1. *******гийн дээрх тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *******-аас 16,730,000 төгрөгөөр үнэлсэн баримтыг үндэслэн *******-аас даатгуулагч *******д даатгалын нөхөн төлбөрт 6,057,000 төгрөгийг олгожээ. /хх 6, 20/

 

4.2. ******* нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *******-д дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн гэрээ байгуулсан байна. /хх21/

 

5. Дээр дурдсан хэргийн үйл баримтуудаас үзэхэд хариуцагч ******* нь зам тээврийн ослын улмаас *******д учруулсан хохирол болох 13,050,000 төгрөгийг *******-ийн үнэлгээний тайланг үндэслэн бүрэн төлсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            5.1. Харин нэхэмжлэгч нь, хариуцагч *******ий зам тээврийн ослын хохирлыг шийдвэрлэсэн *******-ийн баримталсан *******-ийн 13,050,000 төгрөгийн үнэлгээг бус, өөр үнэлгээ буюу *******-ийн хийсэн 16,730,000 төгрөгийн үнэлгээг үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 6,057,000 төгрөг олгосон байна.

 

            5.2. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг үндэслэн даатгагч нь даатгуулагчид гэм хорыг хохирлыг төлснөөр гуравдагч этгээдээс хохирлыг шаардах эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг зам тээврийн ослын улмаас учруулсан хохирлыг *******-тай байгуулсан албан журмын даатгалын гэрээний дагуу болон хувиасаа *******д бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

             

6. *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний тайланд ******* эрх бүхий этгээдэд гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Харин, анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 193/ШШ2025/00014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д ...” гэснийг “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,862 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ