Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00331

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/05194 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

*******ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний зөвлөлийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан *******ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор *******-ийн ерөнхий захирлын албан тушаалд томилогдож 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл *******-ийн Үндэсний зөвлөл 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж 25 дугаартай үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоол гаргаж хөдөлмөрлөх эрхэд халдсан. Уг тогтоолын тогтоох хэсэгт *******-ийн ерөнхий захирал *******ыг тооллогын комиссын 2 дугаартай тогтоолыг үндэслэн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн хууль бус шийдвэр гаргаж хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Тогтоолд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан тооллогын комиссын 2 тоот тогтоолыг үндэслэл болгосон хэмээн дурдсан боловч энэ комисс ямар дүгнэлт гаргасан, тэр нь ямар хуульд үндэслэсэн талаар танилцуулж мэдэгдээгүй. Мөн тооллогын комиссын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн Үндэсний зөвлөл нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргасан. ******* нь ямар хууль зөрчсөн, яг ямар сахилгын зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, сахилгын зөрчил гаргасан тухай мэдэгдэж тайлбар аваагүй. Тушаалд сахилгын зөрчил гаргасан талаар огт дурдаагүй.

2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 9.3-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэнэ гэж заасан. Ажил олгогч уг зохицуулалтыг зөрчиж гэрээ цуцлах талаар огт мэдэгдэж тайлбар аваагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ч тэтгэмж олгоогүй. *******ыг ажилчдын цалин нэмэхгүй байна гэж ажлаас халаад, цалин нэмэхээр цалин нэмлээ гэж ажлаас халаад байгаа нь үндэслэлгүй. Үндэсний зөвлөлийн хурал 13 гишүүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн боловч нэг гишүүн санал өгөх эрхгүй, нэг гишүүн хурлыг орхин гарснаар 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Иймд *******ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, *******ыг *******-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын 2,3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцож 237 хоногийн олговорт 47,541,726 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлд *******-ийн удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байхаар хуульчилсан. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-д зааснаар *******-ийн ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрх зөвхөн Үндэсний зөвлөлд байдаг, энэ бүрэн эрхийн хүрээнд *******ыг Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор *******-ийн ерөнхий захирлаар томилсон. *******-ийн нэр бүхий 156 уран бүтээлчээс *******-д хүний нөөцийн бодлого алдагдсан, цалин хангамжийн асуудлыг уян хатан бодлогоор шийдвэрлэж чадахгүй байгаа. Уран бүтээлчдэд олгодог ур чадварын нэмэгдэл, удирдлагын багийн ажилтны ур чадварын нэмэгдэл хоорондоо эрс зөрүүтэй байгаа, *******-д шинэ уран бүтээл контент хийгдэхээ больсон ба энэ асуудалд уран бүтээлчдийг буруутгадаг, нэвтрүүлгийн бодлого алдагдсан, нэвтрүүлгийг сүлжээг жил бүр баталдаггүй, батлагдсан сүлжээг дураараа өөрчилж, уран бүтээлчдийн бэлтгэсэн контентуудыг хасдаг гэх зэрэг үндэслэлээр ерөнхий захирлыг чөлөөлөх хариуцлага тооцох шаардлагыг Үндэсний зөвлөлд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн. Дээрх шаардлагыг Үндэсний зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй байхаар, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт Үндэсний зөвлөлийн хуралдаан нь гишүүдийн дийлэнх оролцсоноор хүчинтэй байхаар, 25.6 дахь хэсэгт Үндэсний зөвлөл шийдвэрээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэхээр тус тус хуульчилсан бөгөөд *******ыг чөлөөлсөн хуралдааны ирц, гишүүдийн өгсөн санал нь дээр дурдсанчлан хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан болно. *******ыг чөлөөлсөн Үндэсний зөвлөлийн шийдвэрийг хамгийн анх 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор албан ёсоор гардуулан өгсөн ба үүний дараа удаа дараа *******тай уулзаж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж байсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар *******ийн Үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 25 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, *******ыг *******-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар *******ээс 31,609,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 15,941,726 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид 315,998 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

******* нь ажлаа хүлээлгэн өгөхөөс зайлсхийж, улмаар нэр бүхий ажилтан, уран бүтээлчдээр Үндэсний зөвлөлийн нэр бүхий гишүүдийг гүтгүүлэх, тэднийг эргүүлэн татах асуудлаар Хяналтын зөвлөлд өргөдөл гаргуулах, Үндэсний зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах зорилготой үйл ажиллагааг зохион байгуулалтайгаар хийсэн.

Үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны үеэр зарим гишүүд “...*******ыг *******-ийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн Үндэсний зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлаар санал хураалгах...” асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргаж, улмаар тус хурлаас Үндэсний зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон.

******* нь Үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол гарснаас хойш алдаа зөрчлийг арилгахын оронд Ерөнхий захирлын албан тушаалдаа үлдэх ашиг сонирхлын үүднээс Үндэсний зөвлөлд танилцуулж, зөвшөөрөл авалгүйгээр албаны эрх мэдлээ хэтрүүлэн ажилчдын цалин нэмж, *******-ийн 2023 оны төсөв тусгасан цалингийн сангийн хэмжээг хэтрүүлж, өөртөө давуу байдлыг бий болгосны улмаас байгууллагыг их хэмжээний алдагдалд оруулсан болох нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон.

Үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд Үндэсний зөвлөлийн дэргэдэх дотоод аудитаас ******* 2023 оны хагас жилийн байдлаар таван тэрбум гаруй төгрөгийн алдагдалд орсон, жилийн эцсийн байдлаар алдагдал 10 тэрбум төгрөгт хүрэх магадлалтай байгаа ба энэ алдагдлын ихэнх хэсэг нь хууль бусаар цалин нэмсэнтэй холбоотой талаарх тайлан, мэдээллийг Үндэсний зөвлөлд танилцуулсан.

Мөн энэ өдрийн хуралдаанд Ерөнхий захирал асан ******* нь албан тушаалын байдлаа хэтрүүлэн Үндэсний зөвлөлийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр цалин нэмж, *******-ийг алдагдалд оруулсан хууль бус шийдвэрээ төсвийн тодотгол нэрээр нөхөн зөвшөөрөл авахаар оруулж ирсэн байсан.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгч *******аас ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгуулах” асуудлаар 136 дугаартай мэдэгдэх хуудсыг зарим гишүүд энэ хуралдаан дээр эхээр нь үзэж танилцсан.Энэ мэдэгдэх хуудсанд дурдсанаар ******* нь авлига, албан тушаалын дөрвөн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа болохыг Үндэсний зөвлөлд мэдэгдсэн.

4.2. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт *******-ийн ерөнхий захирлыг 3 жилийн хугацаагаар томилохоор заасан бөгөөд ******* нь Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор томилогдон мөн өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.Түүний бүрэн эрхийн хугацаа 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон тул Үндэсний зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолоор *******-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг үндэслэн Үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор дараагийн Ерөнхий захирлыг томилоод байгаа. Энэ үйл баримттай холбоотой баримтуудыг хариуцагчаас шүүхэд гарган өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх *******ыг *******-ийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нийцээгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай хяналтын зөвлөлийн зөвлөмж гарсны дараа тухайн гишүүн үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцохгүй гэж заасан. Гэтэл хяналтын зөвлөмж гарсны дараа н.Өлзийбаатар гэх гишүүнийг хуралдаанд оруулаад тоолсон, саналын эрхтэй оролцуулж саналыг нь аваад шийдвэрээ гаргасан. Мөн 13 гишүүнтэй гэх боловч нэг гишүүн нь хуралдааныг хэлэлцээд саналын товьёолол гарахаас өмнө хуралдааныг орхиж гарсан, 10 гишүүн үлдсэн бөгөөд саналын эрхгүй гишүүнийг тоолбол 11 хүн оролцсон байдаг. Тухайн 11 гишүүнээс 9 санал гарах боломжгүй учраас Үндэсний зөвлөлийн шийдвэр нь хүчин төгөлдөр бус юм.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэхэд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний талаар тайлбарласан. Талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Уг хөдөлмөрийн гэрээг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж хийсэн. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглэсэн тул буруутгах үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, 65.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн учраас 80 дугаар зүйл хамааралгүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах нөхцөл гэж тусгасан учраас 80 дугаар зүйлийг хамаатуулж ойлгох ёстой. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлах үндэслэлгүй, энэ талаар шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг огт үндэслээгүй. Үүнд, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйл болон 80 дугаар зүйл, 123 дугаар зүйлийг баримталсан талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй атлаа одоо өөр байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлд холбогдуулан *******ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулалт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

3. ******* нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний зөвлөлийн тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс *******-ийн ерөнхий захирлаар 3 жилийн хугацаагаар томилогдон ажилласан байна. /1хх10/

 

3.1. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  25 дугаар тогтоолоор “*******-ийн Үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг үндэслэн *******-ийн ерөнхий захирал *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцласугай” гэж шийдвэрлэсэн байна. /1хх11, 81/

 

3.2. Тооллогын комиссын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2 дугаар тогтоолоор *******-ийн захирал *******т итгэл үзүүлэхийг дэмжинэ, дэмжихгүй асуудлаар Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцож буй 13 гишүүн нууц санал хураалтанд оролцож, санал хураалтын хуудсыг тоолоход дэмжинэ саналыг 4 гишүүн, дэмжихгүй саналыг 9 гишүүн өгсөн байна. Тооллогын комисс санал хураалтын үр дүнг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй. Тооллогын комиссын дарга *******, гишүүн *******, ******* гэжээ./2хх22/

 

4. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг 3 жилийн хугацаагаар томилдог тул Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан албан тушаалтан гэж үзнэ.

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна 65 дугаар зүйлийн 65.4.1-65.4.4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогч санаачлан цуцалж болно гэж заасан.

 

            4.2. Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх 25 тоот тогтоолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх боловч, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан Ерөнхий захирлын албан тушаалд ажиллах 3 жилийн хугацаа нь  дууссан байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний зөвлөлийн тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *******-ийн Ерөнхий захирлаар томилогдсон байх тул 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3 жилийн хугацаа нь дуусгавар болсон гэж үзнэ.

 

4.3. Гэтэл анхан шатны шүүхээс, нэхэмжлэгчийн томилолтоор ажиллах 3 жилийн хугацаа дуусгавар болсон байхад ажилд нь эгүүлэн тогтоож Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний зөвлөлийн хуулиар Үндэсний зөвлөлийн нийт гишүүдэд олгогдсон бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

4.4. Мөн, хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн  Үндэсний зөвлөлөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 02 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулан, Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байх боловч нэхэмжлэгч ******* уг сонгон шалгаруулалтад оролцсон тухай баримтгүй бөгөөд Үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн  07 дугаартай тогтоолоор Ерөнхий захирлаар ******* томилогдсон үйл баримт тогтоогдсон байна./2хх84-88/

 

5. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05 хүртэл хугацааны цалин хөлсийг шаардах боломжтой байсан боловч хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш ажлаа хүлээлгэн өгөлгүй, цалин хөлсөө авч байсан байдал, мөн шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн зэрэг нь түүний нийгмийн даатгалын лавлагаа, болон хариуцагчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна./2хх40/

 

6. Иймд анхан шатны шүүхээс, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул хариуцагч байгууллагын ажилтнуудын гаргасан шаардлага, Үндэсний аудитын газраас ирүүлсэн гүйцэтгэлийн аудитын тайлан, Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн мөрдөгчийн мэдэгдэл зэргийг тухайлан дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/05194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч *******д холбогдох, *******ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, ******* албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,998 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

 

                                           ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

   Ц.АЛТАНЦЭЦЭГ