Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Б.Оюунцэцэг

         Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн А-гийн Бт холбогдох 1916001620100 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, ... төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ... сумын ... багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, *** овогт ***-гийн Б, РД: .... гэв.

       Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны төвд байх Б.Тын хашааны гадаа чулуу шидлээ гэх шалтгаанаар хохирогч А.Бяг төмрөөр цохиж биед нь толгойн оройд шарх, эрүүнд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч Б.Тын толгойн оройн хэсэгт төмрөөр, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр архиар шахлаа гэж уурлан зүүн нүдэнд гараар цохиж биед нь толгойн оройд шарх, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл хохирогч А.Бя, Б.Т нарын буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны төвд байх Б.Тын хашааны гадаа чулуу шидлээ гэх шалтгаанаар хохирогч А.Бяг төмрөөр цохиж түүний биед нь толгойн оройд шарх, эрүүнд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн архиндаа шүлсээ хийж архиар шахлаа гэж уурлан зүүн нүдэнд гараар цохиж,  2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн орчим төмрөөр цохиж биед нь толгойн оройд шарх, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

        Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Б гэм буруутай болох нь:

  Шүүгдэгч А.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Архи уучихаад очоод шүлсээ хийж өгөөд төв явна гээд байсан. Согтуу байж яах гээд байгаа юм унт гэхэд унтахгүй байсан. Гарч ирээд нэг цохисон. Тэгээд үгэнд орохгүй төв явчихсан. Маргааш нь учраа олъё гээд очиход манай нөхрийг зодоод явууллаа гээд тогоо авч шидээд байсан. Тэгээд хашаагаар гарах гэтэл араас чулуу шидээд байхаар нь хашааны үүдэнд байсан турбагаар цохисон. 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,  

Хохирогч Б.Тын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2019 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө хөдөө хонио хотлуулчихаад байж байтал Б эхнэр Н нарын хамт ирэхээр нь би хүүхдийн үсэглэлийн баярын орой болох ээж аавуудын уулзалтад очно гэж хэлсэн. Тэр 2 намайг явуулахгүй байсан. Тэгэхээр нь өвөрт байсан нэг шил ерөөл архиа аваад Быг хувааж ууя гэтэл уугаагүй. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаад миний зүүн талын нүдрүү гараараа нэг удаа цохитол, миний хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь би тэр шөнө Гуулин тосгон руу явсан. Тэгээд гэртээ ирэхэд манай эхнэр юу болсон юм бэ гэж асуухаар нь би танай ах Б намайг зодчихлоо гэж хэлээд бид 2 гэртээ амарсан. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр бид 2 гэртээ байж байхад Б эхнэрийн хамт ирэхэд манай эхнэр уурлаад хүн яагаад зодож байгаа юм  бэ? энэ хүн чинь үхчих юм бол ах дүүс нь амийг нь надаас нэхэх байлгүй гэж хэлээд манай эхнэр гэрээс гартал Б дагаад гараад явсан. Тэгэхээр нь би ардаас нь гүйгээд гартал манай эхнэрийг Б толгой руу нь төмөр турбагаар цохиод ухаан алдсан байхад Б дахиад дайраад байхаар нь би эхнэрээ хамгаалаад дээр нь хэвтсэн. Тэгсэн Б миний толгойруу турбагаар нэг удаа цохиж авсан. Эхнэр бид 2 сумын эмнэлэгт очиж би толгойндоо 2 ширхэг оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх12-рт/,

Хохирогч А.Бягийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б ах танай хүн чинь өөрөөсөө болсон гэж хэлэхээр нь би өөрөөс нь болоод та хүн зодох ямар хэрэг байна уу гэж хэлээд гараад хашааны цоорхойгоор гарах гэтэл Б ах миний толгойруу турбагаар цохихоор нь би ухаан алдаж унаад байж байтал манй нөхөр Т намайг өмөөрөөд миний дээрээс толгой хаагаад хэвтэж байтал Б ах манай нөхрийн толгойруу турба төмрөөр цохисон гэж манай нөхөр хэлсэн. Удалгүй Цагдаа ирээд Быг аваад явсан харин бид 2 сумын эмнэлэг дээр ирэхэд манай нөхрийн толгойнд 2 оёо тавьсан байх. Миний толгойны цусыг арчиж цэвэрлэсэн юм... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдлоо буцаах хүсэлттэй байна...”  гэсэн мэдүүлэг /хх18-рт/,

Гэрч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Очир турба барьчихсан Бяг эхлээд толгойд нь цохих шиг болсон. Дараа нь унагаачихсан нуруунд нь цохиж байсан. Намайг яваад очиход Т, Бя нар хоёулаа цустайгаа холилдчихсон хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх22-рт/,

Гэрч М.Нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны орой 5 цагийн үед хүргэн Т нь манайд мотоцикльтой 1 шил архи өвөртөлж ирээд авч ирсэн архиа манай хүнтэй хувааж уух гэсэн боловч манай нөхөр архи уудаггүй учраас уугаагүй. Тэгээд манай нөхөрт архи хийж өгөхдөө дээр нь шүлсээ хийгээд өгсөн чинь манай нөхөр доромжилж байна уу гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрын дунд маргаан болсон. Т нь манай нөхрийг заамдаж аваад хоёулаа эр бяраа үзчихье гээд зодолдох гээд байсан. Миний уур хүрээд хоёуланг нь гэрээсээ хөөгөөд гаргасан. Гадаа гарчихаад манай нөхөр Тыг унт гэсэн чинь урдаас нь орилоод байхаар нь 2 цохиод авсан. Дийлдэхгүй болохоор нь бугуйлаар хүлчихсэн. Орой 18 цагийн үед хүлээсийг нь тавьсан чинь мотоциклио унаад яваад өгсөн. Маргааш нь бид нар Төмөрхөлөг гээд хүүхдийг нь хүргэж өгөх гээд очсон. Очоод нөхрийг чинь гэр тараачих гээд байхаар нь 2 цохьчихсон шүү гэж хэлтэл Бя нөхрөө өмөөрч босч ирээд манай нөхрийг яагаад зодсон юм бэ гэж хэлээд тогоо шидсэн. Тэгэхээр нь би учраа олж чадахгүй бол цагдаад хандана гэж хэлээд гартал араас хоёулаа дагаж гарч ирээд чулуугаар шидсэн. Мотоцикль дээрээ мордох гэсэн чинь чулуу шидээд байхаар нь манай нөхөр уураа барьж чадалгүй тэр хоёрыг нэг нэг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх24-рт/ болон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 147, 148 дугаартай актууд, Гуулин тосгоны их эмч Б.Эрдэнэчимэгийн тодорхойлолт, мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу тусгагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн А-ийн Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс сар бүр 150.000 төгрөгөөр гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 84 см урттай труба төмрийг устгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА