Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04541

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04541

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орц, подвалийн давхарт байрлах Түшээ Сууц Өмчлөгчийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 25 дугаар байр, 14 тоот хаягт оршин суух, Тайж овогт Ядамдоржийн Батнасан /РД: ЧВ70051623/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: СӨХ-ны төлбөрт 782.600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.


Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэл, хариуцагч Я.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Түшээ СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ оршин суугчдаас засвар үйлчилгээний мөнгө гэж авдаг. 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор гаргасны дагуу нэг өрх айлаас сарын 19.416 төгрөг авдаг. Энэ айл гараажийн төлбөр 9000 төгрөг нийлээд 19.416 төгрөг төлдөг байсан. Би энэ айлыг СӨХ-ны төлбөрөө төлөөчээ гэж хаалга үүдэнд нь мэдэгдэл нааж байсан. Энэ айлын хүмүүс нэг ч удаа надтай уулзаж байгаагүй. Манай СӨХ нийт 6 байрны 140 өрхтэй. Бид зөвхөн энэ 140 өрхөөс авсан мөнгөөр санхүүждэг. Өөр санхүүгийн эх үүсвэр байдаггүй. Бид СӨХ-ны мөнгөнөөс ажилчдын цалин, байрны ашиглалтын зардлыг төлдөг. Үлдсэн мөнгийг хурааж байж байрны засвар үйлчилгээг хийж байсан. Хариуцагч 2011 оны 3 дугаар сараас 2014 оны 6 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөр болох 776.640 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас 776.640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Я.Батнасан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ байранд 2010 оны 12 дугаар сараас эхлэн амьдарсан. Байрандаа орсноос хойш бид сар болгон СӨХ-ны төлбөрөө төлдөг байсан. Гэтэл 2011 оны 3 дугаар сард ус алдаж, гал тогооны халуун ус хаагдсан. Энэ байдлыг засч янзалж өгөөч гэж СӨХ-нд хандахад СӨХ-ны дарга энэ асуудлыг орон сууцны контор хариуцна гэж хэлж байсан. Орон сууцны конторт энэ тухай хэлэхэд СӨХ чинь хариуцна гэж хэлсэн. Би шугамыг засч халуун устай болгож өгвөл СӨХ-ны мөнгөө 100 хувь төлнө гэдгээ хэлсэн. Тухайн үед би энэ асуудлыг СӨХ хариуцна гэж байна гээд энэ хүнтэй уулзаж байсан. Манай нөхөр ч бас уулзаж байсан. Манайх доороо хувийн гараажтай. Гараажийг ашигладгийн хувьд СӨХ-ны төлбөрийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн 50 хувийг яагаад төлөхгүй гэж байгаа вэ гэвэл бид ус халааж, зөөж хэрэглэснээс болж манай цахилгааны төлбөр өндөр гардаг. Манай унтлагын өрөөний хана мөөгөнцөртсөн. Ундрам СӨХ надтай албан ёсны гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. СӨХ-ны Дээд зөвлөл бол оршин суугчид байх ёстой. Дээд зөвлөлийн гишүүд хэн гэдэг хүмүүс, хаана байдгыг нь би мэдэхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь хариуцагч Я.Батнасангаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 782.600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч Я.Батнасан нь СӨХ цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийдэггүй тул зөвхөн лифтны мөнгийг төлнө гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч Түшээ СӨХ нь өмчлөгч Я.Батнасангаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй  байна. Гэхдээ нэхэмжлэгч нь 2013 оны 1 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрт 782.600 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан тул 201 оны 1-3 дугаар сарын төлбөр 43.500 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.

Хариуцагч нь СӨХ цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийдэггүй тул төлөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох баримт ирүүлээгүй, нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй болдно:

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцагч Б.Сэсээр нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно.

Иймд хариуцагч Б.Сэсээрээс 2011 оны 9 дүгээр сараас 2014 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрт 660.144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ундрам СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116.496 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 23.189 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 20.393 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахыг заалтыг баримтлан хариуцагч Я.Батнасангаас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 723.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Түшээ СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Я.Батнасангаас 21.916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түшээ СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.МӨНХЦЭЦЭГ