Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00411

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/04329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******-д холбогдох

Орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, дуусгавар болсныг тогтоолгох, орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, ******* байршилтай 55.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* байршилтай 55.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* байршилтай 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ******* байршилтай 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ******* байршилтай 71.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар болсон.

1.2. Дээрх 5 ширхэг орон сууцыг ******* нь *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон гэдэг. Харин миний хувьд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр *******-тай байгуулсан Арилжааны гэрээгээр дээрх 5 ширхэг орон сууцыг худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн.

1.3. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр *******-тай байгуулсан орон сууц захиалах гэрээний 3.3-т ******* нь *******-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлд бартерын нөхцөлөөр шилжүүлэн өгсөн болно гэсэн заалтыг оруулсан. Дээрх 5 байр баригдаж дуусаж байгаа гэсэн мэдээллийг авсны дараа *******-д хандсан боловч ******* нь ажлаа гүйцэд хийлгүй хаяад явсан тул захиалсан 5 байрыг өгөхөөс татгалзаж байна гэсэн хариу өгсөн.

1.4. Иймд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу ******* байрлах 55.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ******* байрлах 55.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ******* байрлах 69.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, ******* байрлах 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ******* байрлах 71.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нийт 5 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******-тай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалах гэрээ-нүүдийг байгуулахдаа ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний талаар, уг гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн нөхцөлд ажлын хөлсөнд өгөх бартерын байруудыг худалдаж авахаар тохиролцож байгааг мэдэж байсан болох нь нэхэмжлэлд дурдсанаар тогтоогддог.

2.2. *******той байгуулсан Орон сууц захиалах гэрээнүүдийн 3.1, 3.2-д 1 м.кв үнэ 2,8 сая төгрөгөөр тохирч, 5 орон сууцны нийт үнийг 903,700,000 төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, ******* нь 903,700,000 төгрөгийг *******-д төлж уг орон сууцнуудыг өмчлөх эрх нь үүсэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч нийт 580,950,000 төгрөгийг төлсөн тул 322,750,000 төгрөгийн зөрүү үүссэн. Хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй.

2.3. Түүнчлэн, ******* нь ажлаа дутуу гүйцэтгэж, бартерын орон сууцнуудыг буцаан өгөхөө илэрхийлсэн болох нь тус компанийн 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн АТ22/20 дугаартай албан бичгээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

3. Хариуцагч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь *******-тай 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 13, 14 тоот гэрээг тус тус байгуулж, ******* төслийн ******* барилгын карказны ажил гүйцэтгэх, ******* барилгын карказны ажил гүйцэтгэх, гэрээ тус бүрийн үнийн дүн 2,395,337,000 төгрөг, нийт 4,790,674,000 төгрөгийн ажил бөгөөд төлбөрийн нөхцөлийг 50 хувь хэрэгжиж буй төслөөс өгөхөөр харилцан тохиролцсон.

3.2. Гэтэл ******* нь барилга угсралтын ажлыг 11 давхар хүртэл хийж гүйцэтгээд, ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болохоо илэрхийлж, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр АТ22/20 дугаартай хүсэлтийг бичгээр ирүүлж гүйцэтгээгүй ажлын зөрүү үнийн дүн болон доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн нийлбэрт тохирсон дүнгээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан 5 орон сууцыг буцаах саналаа илэрхийлсэн.

3.3. ******* нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний төлбөрт тооцож бартераар орон сууц захиалах гэрээний дагуу шилжүүлсэн зарим орон сууцыг буцаах хүсэлт гаргасан учир 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 13, 14 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, уг гэрээнүүд дуусгавар болсныг тогтоож, *******, 55.77 м.кв, 2 өрөө орон сууц, 6 давхрын 55.77 м.кв, 2 өрөө орон сууц, 11 давхрын 69.85 м.кв, 3 өрөө орон сууц, 16 давхрын 69.85 м.кв, 3 өрөө орон сууц, 14 давхрын 71.51 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

4.1. ******* нь *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 5 ширхэг орон сууцыг ажлын хөлсөнд тооцохоор тохиролцож, ажлаа гүйцэтгэж уг 5 орон сууцны төлбөр тооцоо дууссан, энэ талаарх 2 талын албан бичгийг үндэслэн ******* нь *******-тай арилжааны гэрээ байгуулж, уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусгасан.

4.2. Ингээд *******-тай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5 орон сууцанд тус бүр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэтэл ******* нь уг гэрээний үүргээ зөрчиж 5 орон сууцыг өгөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй, тус компанийн нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* нь *******-тай байгуулсан 13, 14 тоот гэрээнээс татгалзах хүсэлгүй байсан, гэтэл тус компанийн захирал нь санжүүжилт хийгээгүй атлаа хийсэн гэж худал мэдээллээр ажилчдыг хангаж, ажилчдыг өөртөө урвуулан гэрээ хийж, айлган сүрдүүлж 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн АТ22/20 дугаартай хүсэлт гэх албан бичгийг өөрсдөө бичиж, хүчээр гарын үсэг зуруулсан. Иймд *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн ******* зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын ******* байрлах 55.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ******* блок, 2 дугаар орц, ******* байрлах 55.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ******* блок, 2 дугаар орц, ******* байрлах 69.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, ******* блок, 2 дугаар орц, ******* байрлах 71.51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, ******* блок, 2 дугаар орц, ******* байрлах 69.85 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13, 14 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, уг гэрээнүүдийг дуусгавар болсон болохыг тогтоолгох, дээрх 5 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,676,450 төгрөг, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,746,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 4,676,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. *******, *******-ийн хооронд байгуулсан орон сууц захиалах гэрээнүүдийн 3.1, 3.2 дахь заалтуудаас 1 м.кв-ын үнийг 2,8 сая төгрөгөөр тохирсон, нийт 5 орон сууцны үнэ 903,700,000 төгрөгийг *******-д төлснөөр уг орон сууцнуудыг өмчлөх эрх үүснэ. Гэтэл *******ын нэхэмжлэлдээ дурдаж буй 5 байрны үнийг *******-д бүрэн төлж барагдуулсан гэх тайлбар, түүнийгээ нотолж хэргийн материалд гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд нийт 580,950,000 төгрөгийг төлсөн, 322,750,000 төгрөгийн зөрүү үүсдэг.

Хариуцагч ******* нь 5 орон сууцны үнэд 903,700,000 төгрөгийг авах ёстой ч 580,950,000 төгрөгийг авсан. Зөрүү 322,750,000 төгрөгийг *******оос авах ёстой гэсэн тайлбарыг өгсөн. Гэтэл шүүх талуудын өгсөн тайлбарт бүрэн дүгнэлт өгөлгүйгээр *******, *******-ийн хооронд байгуулагдсан 2022.06.06-ны өдрийн 001 дугаартай арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талуудын чөлөөт байдалд нийцнэ гэх байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

7.2. *******-ийн 2022.08.27-ны өдрийн АТ22/20 дугаартай албан бичигт гэрээг цуцлах, дуусгавар болгох үйл баримт маш тодорхой байхад шүүх энэхүү албан бичигт ямар ч дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргахдаа огт баримтгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Уг албан бичигт *******, *******-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний талаар, уг гэрээний үүргийг хэн хэрхэн зөрчсөн талаар, үүний үр дагаварт ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар, улмаар ажлын хөлсөнд өгсөн орон сууцнуудаас буцаан өгөх талаар гэх мэт маш тодорхой үйл баримтыг дурдсан байдаг бөгөөд энэхүү баримтыг ******* нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж, *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой.

7.3. Шүүх *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэж шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь, ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага огтоос гаргаагүй. Энэхүү дүгнэлтийг шийдвэрийг Тодорхойлох, Тогтоох хэсэгт аль алинд нь хийсэн бөгөөд энэ тохиолдолд шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

*******-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний төлбөрт тооцож бартераар орон сууц захиалах гэрээний дагуу шилжүүлсэн зарим орон сууцыг буцаах хүсэлт гаргасан учир зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд шаардлага гаргаж байгаа талаар тайлбарласан атал уг үндэслэлд ямар ч дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч нь анх 5 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргасны дараа ******* нь уг нэхэмжлэлтэй танилцаад тухайн нэхэмжлэлийн агуулгыг хуулан тавьсан гэж харагдахаар тухайн 5 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тусдаа нэхэмжлэл гаргасан ба нэгтгэж шийдвэрлэсэн.

*******-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос илэрхий харагддаг. *******-ийн зүгээс анх уулзаад асуудлыг шийдвэрлэгдэх гэж байхад 580,000,000 төгрөгтөө дүйцэх хэмжээний орон сууц ав гэх шаардлагыг тавьсан ба манайх уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 580,000,000 төгрөг өгсөн талаар талууд маргаангүй. *******-ийн зүгээс тухайн орон сууцыг м.кв-ийг 1,800,000 төгрөгөөр зарсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй талаар ******* маргадаг. *******-ийн зүгээс маргах эрх байхгүй буюу нэхэмжлэгч тохиролцох үүрэг хүлээгээгүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Арцатын ам ******* хотхоны ******* блокын 2 дугаар орц 3 давхарт байршилтай 55.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* байршилтай 55.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ******* байршилтай 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ******* байршилтай 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ******* байршилтай 71.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нийт 5 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2022/10535 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагч ******* нь *******-тай 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 14 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу ******* нь ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүйгээс уг гэрээний дагуу бартераар шилжүүлэхээр тохирсон маргаан бүхий дээрх 5 орон сууцыг буцаан өгөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Дээрх хэргийг хариуцагч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2022/11904 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Харин ******* нь ******* болон *******-д холбогдуулан *******, *******-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 13, 14 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-нээс татгалзаж, уг гэрээнүүд дуусгавар болсныг тогтоолгох, ******* 3 давхрын 55.77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 6 давхрын 55.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 16 давхрын 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 11 давхрын 69.85 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 14 давхрын 71.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нийт 5 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2023/05290 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, үүний улмаас *******-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, уг маргаантай холбогдох үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан хэрэг нэгтгэх зохицуулалт нь нэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нь өөр хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд хамаарна.

Анхан шатны шүүх *******-ийн нэхэмжлэлтэй *******, *******-д холбогдох хэргийг *******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох хэрэгт нэгтгэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байх ба үүний улмаас *******-ийн нэхэмжлэлтэй ******* болон *******-д холбогдох хэргийн үйл баримт, нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй буюу хэргийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

*******-ийн ******* болон *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 13, 14 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний хэрэгжилт, гэрээ цуцлагдаж дуусгавар болсон эсэх, ийнхүү дуусгавар болсон нь талуудын үүргийн зөрчилтэй хамааралтай эсэх асуудлаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй байх ба энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйтэй холбоотой.

Нэхэмжлэлийн шаардлага гэдэгт хууль болон гэрээгээр олгосон эрх, түүний зөрчлийг тодорхойлж, уг зөрчлийг хуульд заасан ямар аргаар хэрэгслээр арилгуулахыг хүсэж буй байдлыг ойлгох бөгөөд нэхэмжлэл тодорхойгүй нөхцөлд шүүх маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагад зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын арга тусгагдах ёстой бөгөөд гэрээний нэг тал нөгөө талдаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй, энэ хүрээнд *******-д холбогдуулан ямар шаардлага гаргасан болох, ******* нь *******-ийн ямар эрхийг хэрхэн зөрчсөн, уг зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх талаар тодруулах шаардлагатай байжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүрэгтэй, ийнхүү тодруулснаар талууд тухайн хүрээнд бүрэн мэтгэлцэж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

5. Анхан шатны шүүх дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/04329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлсөн 4,746,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.ГАНДИЙМАА