| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/00241/И |
| Дугаар | 210/МА2025/00406 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00406
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/00728 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Гэм хорын хохиролд 12,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автомашинд учирсан хохирол 11,345,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 755,000 төгрөг нийт 12,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн зам тээврийн осолд ******* буруутай болох нь тогтоогдсон гэжээ.
2.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ тухайн өдрийн урьд өдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр цас орж, зам халтиргаатай байхад нэхэмжлэгч нь зуны дугуйтай, улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон нь хохирлын хэмжээг ихэсгэсэн гэж тайлбарлаж, хохирлоос 7,000,000 төгрөгийг төлнө гэх агуулгаар маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. ******* нь 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ******* урд замд ******* ******* улсын дугаартай, тоёота приус-41 /Toyota Prius-41/ маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас *******ын эзэмшлийн субару форестер /Subaru forester/ маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шийтгэлийн хуудас, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 202412 дугаартай Дотоодын хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 10-15 дугаар тал/
3.2. 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар Д.*******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9 дэх заалтыг тус тус зөрчсөн буруутай үндэслэлээр түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ. /хх-ийн 12 дугаар тал/
3.3. ******* *******-ийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар *******ын эзэмшлийн автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг 11,345,000 төгрөгөөр тогтоосон, уг ажлын хөлс 755,000 төгрөгийг нэхэмжлэгч төлжээ. /хх-ийн 16, 17-22 дугаар тал/
3.4. Хариуцагч ******* нь дээрх зам тээврийн осол гаргасан гэм буруугийн асуудлаар маргаагүй, нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэх асуудлаар маргажээ.
4. Дээрх үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн.
4.1. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг үндэслэсэн байх боловч ийнхүү хохирлын хэмжээг багасган тогтоохдоо нотлох баримтад үндэслээгүй байна.
Хэрэгт авагдсан 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 202412 дугаартай Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтийн 2-т улсын дугааргүй subary forester маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.в зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.7-д улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч уг дүгнэлтийн 5-д Замын хөдөлгөөний нэгдсэн журамд заасан давуу эрхтэй зорчиж байсан subary forester маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь Toyota prius-41 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь зам тавьж өгөх үйлдлийг сахин биелүүлээгүйн улмаас энэхүү зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн буруутай хэдий ч зам тээврийн осол гарсан шалтгаан нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд харин дээрх осолд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй байна.
Нэхэмжлэгчийн гаргасан дээр дурдсан зөрчлүүдийн улмаас хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй.
5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зарчимтай.
5.1. Хэрэгт авагдсан ******* *******-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирлын хэмжээний асуудлаар хариуцагч маргаагүй, уг тайлангаас өөр хохиролтой холбогдох баримтгүй байх тул дээрх тайлан болон ажлын хөлс төлсөн баримтыг үндэслэн хариуцагчаас автомашинд учирсан хохиролд 11,345,000 төгрөг, үнэлгээ хийхэд гарсан зардал 755,000 төгрөг нийт 12,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/00728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 12,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж,
2 дахь заалтын ...142,950 гэснийг 208,550 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Т.ГАНДИЙМАА