Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 35

 

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00035

Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Гео 4-30 дугаар байрны 15 тоотод оршин суух, Заяан овогт Дамбийн Энхболд /ХЖ62032510/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолборын 7 давхарт байрлах, “Номин тав трейд” ХХК-д холбогдох

        

           2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 дугаар гэрээг байгуулаагүй болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаяр Д.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээд А.Хоролгаравын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул, гэрч Ц.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаяр, Д.Дэлгэрцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Энхболд нь гэр бүлийн хамт БНХАУлсаас импортын нарийн жимс оруулж ирэн “Барс” худалдааны төвд борлуулдаг. Хариуцагч “Номин тав трейд” ХХК-ийн Улсын их дэлгүүр дэх салбарын жимс ногооны тасгийг 2011-2013 оны хооронд иргэн А.Хоролгарав, А.Лхамсүрэн нар нь түрээслэн ажиллаж байсан. Энэ хугацаандаа манайхаас жимс зээлээр аван хэсэг хугацааны дараа төлбөр тооцоогоо хийж явдаг байсан. Гэтэл 2013 оноос эхлэн төлбөр тооцоогоо хийхдээ дутуу өгч, өр нь хуримтлагдсаар байгаад 2013 оны 8 дугаар сард нэлээд хэмжээний өртэй болсон. Уг өрөө эдгээр иргэдээс нэхэмжилж шүүхэд хандахад “Номин тав трейд” ХХК-тай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г гаргаж ирдэг. Гэтэл уг гэрээний нэг тал болох Д.Энхболд тэр гэрээнд гарын үсэг зурж байгаагүй, харж ч байгаагүй гэрээ байдаг юм. Иймд  “Номин тав трейд” ХХК, иргэн Д.Энхболд нарын хооронд байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 дугаар гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч нэгэнт энэ гэрээний хугацаа дууссан, биелэгдсэн тул энэ гэрээг Д.Энхболд байгуулаагүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулж хийсэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулж хийсэн бол итгэмжлэл шаардаж байна. Ийм итгэмжлэлийг Д.Энхболд хийж өгөөгүй юм.           Мөн данс хамтран эзэмшдэг талаар яриад байдаг. 2009 онд А.Хоролгаравын хамаатан Гэрэлмаа гэж хүн “Номин тав трейд ХХК зөвхөн Голомт банкны дансаар мөнгө хийнэ гэнэ” гэж тайлбарласан тул Д.Энхболд Гэрэлмаад дансаа хамтран эзэмшүүлсэн. Дараа нь А.Хоролгаравын хүсэлтээр түүнийг данс хамтран эзэмшигчээр оруулсан юм. Энэ данснаас Д.Энхболд ганц ч удаа мөнгө авч байгаагүй бөгөөд А.Хоролгарав энэ данснаас мөнгө авч өөрт оногдох ашгаа аваад, Д.Энхболдын мөнгийг ХААН банкны данс руу нь шилжүүлдэг байсан. Мөн А.Хоролгаравыг Д.Энхболдын менежер, жимсийг нь түгээдэг байсан, хамтарч ажилладаг байсан гэж гуравдагч этгээдийн төлөөлөгч тайлбарладаг боловч хамтран ажиллах гэрээ байна уу. А.Хоролгарав нь зөвхөн Д.Энхболдоос зээлээр бараа авч борлуулаад, бөөний үнээр мөнгийг Д.Энхболдод шилжүүлж, ашгаа өөрөө авдаг байсан. Иймд “Номин тав трейд” ХХК, иргэн Д.Энхболд нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 дугаар гэрээ байгуулагдаагүй болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Номин тав” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Энхболд 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5/29/1634 тоот худалдааны хамтран ажиллах гэрээг “Номин тав трейд” ХХК-тай байгуулж, хоёр тал гэрээний үүргээ биелүүлж гэрээ бүрэн хэрэгжиж дууссаны дараа гэрээг байгуулаагүй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Гэтэл Д.Энхболд нь уг гэрээг байгуулсны дагуу Номин тав трейд ХХК-нд савласан хатаасан жимс нийлүүлж, худалдан борлуулж төлбөр тооцоог ХААН банкны 5015096926, Голомт банкны 1905000517 тоот өөрийн нэр бүхий дансуудаар хүлээн авч байснаар нотлогдож байна. Өөрөө хэлбэл Номин тав трейд ХХК нь төлбөр төлөх үүргийг А.Хоролгаравын өмнө хүлээгээгүй, зөвхөн Д.Энхболдын өмнө хүлээж түүний дансаар шилжүүлж байсан. Мөн Д.Энхболд өөрийн иргэний цахим үнэмлэхний нотариатаар батлагдсан хуулбарын хамт менежер ажилтай А.Хоролгаравыг албан ёсны төлөөлөгч болох талаархи төлбөр тооцоог өөрийн Голомт банкны 1905000517 тоот дансаар буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах тодорхойлолтыг ирүүлсний дагуу гэрээг байгуулж, талууд гэрээний үүргээ биелүүлж, хэрэгжиж дууссан хууль ёсны гэрээ юм. Энэ нь Иргэний хуулийн 64.1-д заасан “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэх заалттай нийцэж байна.  Мөн А.Хоролгаравтай данс хамтран эзэмшихээр хүсэлт гаргасан нь амаар гэрээ байгуулсан болохыг нотолж байна. Манай компанийн зүгээс зөвхөн импортоор жимс оруулж ирдэг хүнтэй нь гэрээ байгуулна гэсэн болохоос заавал Голомт банкны данс байх шаардлагатай гээгүй. Иймд гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Хоролгаравын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээг Д.Энхболд А.Хоролгаравт амаар итгэмжлэл өгсний үндсэн дээр байгуулсан. Их дэлгүүрт Гэрэлмаа гэж хүн хамтран ажиллаж байсан. Мөн Голомт банк дахь дансыг хамтран эзэмшдэг байсан. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдан авах харилцааг зохицуулсан байна. А.Хоролгарав нь Д.Энхболдын менежерийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд жимсийг нь түгээдэг байсан. Гэтэл Д.Энхболд А.Хоролгараваар бүх ажлаа хийлгэсний дараа мөнгө нэхэж байна. Хамтран ажилласан, зээлээр худалдан авсан гэдэгт маргаан байна. Гэрээнд маш олон зардал туссан байгаа. 2010 оноос хамтран ажилласан байтал одоо мэдээгүй гэж байгаа нь сонин байна. Гэрээ бол хийгдсэн гэв.

 

  Шүүх хуралдаанд гэрч Ц.Үүрийнтуяагийн мэдүүлэгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Номин тав трейд ХХК-д мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь эзгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлснийг болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

 

          Нэхэмжлэгч Д.Энхболд нь хариуцагч “Номин тав трейд” ХХК-д холбогдуулан 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 дугаар гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг гэрээг Д.Энхболд байгуулаагүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Номин тав трейд ХХК-ийн Улсын их дэлгүүр дэх салбарын жимс ногооны тасгийг 2011-2013 оны хооронд иргэн А.Хоролгарав, А.Лхамсүрэн нар нь түрээслэн ажиллаж байсан. Энэ хугацаандаа манайхаас жимс зээлээр аван хэсэг хугацааны дараа төлбөр тооцоогоо хийж явдаг байсан. Гэтэл 2013 оноос эхлэн төлбөр тооцоогоо хийхдээ дутуу өгч, өр нь хуримтлагдсаар байгаад 2013 оны 8 дугаар сард нэлээд хэмжээний өртэй болсон. Уг өрөө эдгээр иргэдээс нэхэмжилж шүүхэд хандахад “Номин тав трейд” ХХК-тай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г гаргаж ирдэг. Гэтэл уг гэрээг Д.Энхболд нь байгуулаагүй бөгөөд тэр гэрээнд гарын үсэг зурж байгаагүй, харж ч байгаагүй гэрээ байдаг юм” гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хариуцагч байгууллага нь “...Д.Энхболд 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5/29/1634 тоот худалдааны хамтран ажиллах гэрээг “Номин тав трейд” ХХК-тай байгуулж, хоёр тал гэрээний үүргээ биелүүлж гэрээ бүрэн хэрэгжиж дууссан. ...Номин тав трейд ХХК нь төлбөр төлөх үүргийг А.Хоролгаравын өмнө хүлээгээгүй, зөвхөн Д.Энхболдын өмнө хүлээж түүний дансаар шилжүүлж байсан” гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Энхболд хариуцагч “Номин тав трейд” ХХК нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч нь савласан болон хатаасан жимсийг борлуулагчид нийлүүлэх, борлуулагч нь барааны төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулсан байна. Уг гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан ба гэрээ хэрэгжиж дууссан байна./хх-ийн 3-5/

 

Уг гэрээнд борлуулагч талыг төлөөлж М.Болортунгалаг, нийлүүлэгч талыг төлөөлж Д.Энхболд гэж гарын үсэг зурсан байна. 

 

Хэдийгээр дээрх гэрээнд талууд гарын үсэг зурж, гэрээ хэрэгжиж дууссан байгаа хэдий ч хариуцагчийн төлөөлөгчийн “энэ гэрээг Д.Энхболдын амаар өгсөн итгэмжлэлийн дагуу түүний төлөөлөгч, менежер А.Хоролгарав байгуулсан тул хүчин төгөлдөр гэрээ. А.Хоролгаравтай хамтран данс эзэмшиж байгаа нь үүнийг нотолно” гэсэн, гэрч М.Болортунгалагийн “2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Худалдааны хамтран ажиллах гэрээнд Д.Энхболдыг төлөөлж А.Хоролгарав гарын үсэг зурсан, Д.Энхболд өөрөө ирж байгаагүй” гэсэн, гэрч Ц.Үүрийнтуяагийн “А.Хоролгарав, Д.Энхболд нарыг танина. А.Хоролгарав нь Номинд жимсний лангуу ажиллуулдаг бөгөөд Д.Энхболд бид нараас жимс бөөндөж авдаг.  Зээлээр аваад 14 хоногийн дараа мөнгийг нь шилжүүлдэг байсан. Тухайн үед Номин компани нь жимс импортоор оруулж ирдэг хүмүүстэй гэрээ байгуулна гэдэг байсан” гэсэн мэдүүлэг зэргээр Д.Энхболдыг гэрээний нэг тал болж оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл А.Хоролгарав нь уг гэрээний дагуу Номин тав трейд ХХК-д савласан болон хатаасан жимсийг нийлүүлж гэрээний нэг тал болж ажиллаж байсан байх ба Голомт банкны 1905000517 тоот Д.Энхболд, А.Хоролгарав нарын хамтран эзэмшдэг данснаас АЮ 70051503 регистртэй А.Хоролгарав нь уг дансанд орсон мөнгийг захиран зарцуулж байсан нь үйл баримтууд хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

  ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Энхболд, “Номин тав трейд” ХХК нарын хооронд байгуулагдсан гэх 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 тоот “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г нэхэмжлэгч Д.Энхболд байгуулаагүй болохыг тогтоосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Номин тав трейд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ