Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2016/00036

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-3 дугаар гудамж, 363-а тоотод оршин суух, Боржигон овогт Дамбын Цэнд-Аюуш /ЙЮ 55122042/- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг Удирдлагын академи 36-р байр 14 тоотод оршин суух, Боржигон овогт Баасанжавын Энхтуяа /ЙЮ 72120909/-д холбогдох  

 

         Барааны үнэ 2 994 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш, хариуцагч Б.Энхтуяа, гэрч У.Элбэгжаргал, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015.08.15-ны өдрөөс эхлэн БЗД-ийн 2-р хороо Шар хадны эцэс автобусны буудлын зүүн талд байрлах “DS” дэлгүүрийн хүнсний лангууг түрээслэж ажиллуулж байсан. Тухайн үед миний бие 1 сар ажиллуулчихаад ашиг орлого муутай байхаар нь болих тухайгаа хэлэхэд дараагийн хүнээ ол гэж хэлсэн. Гэтэл 2015.09.14-ны өдөр дэлгүүрийн эзэн Долгор энэ лангууг танай нутгийн бололцоотой хүнд түрээслүүлэх боллоо Б.Энхтуяаг дагуулж ирсэн. Ингээд би үлдэгдэл бараа болон дэлгүүрийн бусад хөргөгч хөлдөөгч болон эд зүйлсийг нэг бүрчлэн тоолж, тэдний худалдагч гэх У.Элбэгжаргал гэх эмэгтэйд хүлээлгэж өгсөн. Нийт 3 794 280 төгрөгийн бараа хүлээлгэн өгч бөгөөд энэ хугацаанд барааны үнэ 800 000 төгрөгийг өгсөн. Ингээд Б.Энхтуяагаас үлдэгдэл мөнгөө авах гээд удаа дараа залгасан боловч Б.Энхтуяа би дэлгүүрийг ажиллуулахаа больсон, худалдагч У.Элбэгжаргалд барааг үлдээсэн тооцоогоо түүнтэй хий гэж хэлээд мөнгийг өгөхгүй хохироож байна. Анх Б.Энхтуяа нь надтай тохирч уг дэлгүүрийг ажиллуулж мөнгийг 1 сарын дараа өгнө гэж тохиролцсон тул барааны үлдэгдэл 2 994 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015.9.15-нд Шар хадны эцсийн буудал дахь DS худалдааны төвийн 8 нэрийн хүнсний дэлгүүрийг сарын 700 000 төгрөгөөр түрээслэж, худалдагчаар Элбэгжаргалыг ажиллуулж сарын 900 000 төгрөг өгсөн. Би өөрөө 12 сая төгрөгийн бараа татаж, 1 сарын хугацаанд ажиллуулаад олсон ашгаа түрээс, цалиндаа өгсөн. Ингээд дэлгүүр ашиг орлого муу байсан учир худалдагч Элбэгжаргалд бүх барааг тоолж өгөөд, амьдрал ахуйгаа сайжруул гээд өөрт нь хариуцуулаад үлдээсэн. Ингэхдээ Д.Цэнд-Аюушид өгөх тооцоог хийгээрээ гэсэн бөгөөд 800 000 төгрөгийг өгсөн гэсэн. Дэлгүүрийг хүлээж авах үед лангуу хагарсан байсан ба мөн Д.Цэнд-Аюушийн үлдээсэн бараанаас муудсан бараа гарч ирсэн. Мөн дэлгүүрийн эзэн Долгорт энэ хүн тооцоотой байсныг худалдагчаас авсан байсан. Иймд би ч гэсэн хохирсон. Худалдагчийн тооцоогоор 1 830 340 төгрөгийг Д.Цэнд-Аюушид өгөх тооцоо байгаа юм байна гэв.

 

  Шүүх хуралдаанд гэрч У.Элбэгжаргалын мэдүүлэгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюуш нь хариуцагч Б.Энхтуяагаас барааны үнэ 2 994 280  төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушийн түрээслэн ажиллуулж байсан Шар хадны эцсийн буудалд байрлалтай “DS” хүнсний дэлгүүрийг хариуцагч Б.Энхтуяа нь 2015 оны 9 сарын 15-ны өдрөөс түрээслэхээр болж, Д.Цэнд-Аюушийн 3 794 280 төгрөгийн үлдэгдэл барааг хүлээн авч, барааны үнийг 1 сарын дараа төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэгчийн бараа хүлээлгэж өгсөн дэвтэр зэргээр тогтоогдож байна. Зохигчид энэ асуудлаар маргаангүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэснээр Д.Цэнд-Аюуш нь Б.Энхтуяагаас барааны үнийг шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч Б.Энхтуяа нь “...Ингээд дэлгүүр ашиг орлого муу байсан учир худалдагч У.Элбэгжаргалд бүх барааг тоолж өгөөд, амьдрал ахуйгаа сайжруул гээд өөрт нь хариуцуулаад үлдээсэн. ...би ч гэсэн хохирсон, би хариуцахгүй” гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар болон гэрч У.Элбэгжаргал нарын мэдүүлэг зэргээс уг дэлгүүрийг 2015 оны 9 сарын 15-ны өдрөөс хариуцагч Б.Энхтуяа нь түрээслэн авч ажиллуулсан байх ба уг барааны үнийг төлөх үүргийг У.Элбэгжаргалд шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд дээрх үлдэгдэл барааны үнийг худалдагч У.Элбэгжаргал хариуцан төлөх талаар тохиролцсон тохиролцоо хийгдээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Б.Энхтуяа нь бараа нь муудсан, дэлгүүрийн лангуу хагарсан байсан гэх тайлбарыг гаргасан хэдий ч уг дэлгүүрийг хүлээж авахдаа уг доголдлын талаар баримт үйлдсэн зүйлгүй, энэ талаараа баримтаар нотлоогүй байна.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Б.Энхтуяагаас үлдэгдэл барааны үнэ 2 994 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушид олгож шийдвэрлэсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхтуяагаас 2 994 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62 820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд 62 820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэнд-Аюушид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ