Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00377

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/04994 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан төслийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-д 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс уурхайн төлөвлөлтийн менежер, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 ны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд уурхайн орлогч дарга албан тушаалд, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төслийн менежер албан тушаалд ажиллаж байна.

1.2. 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга ******* нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын оффист ерөнхий захирал *******-тай ирж уулзах талаар утсаар мэдэгдсэн. Энэ уулзалтаар ерөнхий захирал *******, гүйцэтгэх захирал , захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга ******* нартай уулзахад ерөнхий захирал ******* нь албан тушаал бууруулан төлөвлөлтийн хэлтсийн менежерийн албан тушаалд томилон ажиллуулах саналыг тавьсан.

Албан тушаал бууруулах талаар мэдэгдэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, нотолгоо, сахилгын шийтгэл ногдуулсан баримтгүйгээр хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тул энэ саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хариу мэдэгдсэн.

1.3. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тушаалыг гаргаж өгөөгүй бөгөөд шаардахаар гаргасан зөрчлүүдийг нягтлан шалгах ажлыг хийж байгаа гэх хариуг мэйл хаягаар ирүүлсэн. Ингээд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 518/23 тоот тушаалаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох албан тушаалыг харилцан тохиролцолгүйгээр бууруулж, өөрчлөн дордуулсан, мөн тушаалд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан төслийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, албан тушаал буурснаас 2023 оны 7 дугаар сарын 04-25-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь ажлын байранд ажлын цагаар олон удаагийн давтамжтайгаар гитар тоглодог, энэ нь ажилд сөргөөр нөлөөлж байгаа талаар гомдол ирсэн, мөн гүйцэтгэх захирлыг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уурхай дээр ажиллах үед дээрх нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Мөн дугуйны гэмтлийн талаар бүртгэл хийж, саналыг удирдлагадаа хүргүүлж ажиллах, бодит нөхцөл байдлын талаар удирдлагад үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн. 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр уурхайн талбайд ажиллаж буй техник тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарч байхад шалтгаан нөхцөлийг тогтоож, дүгнэлт хийгээгүй, үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, таван техникийг үндэслэлгүйгээр зогсоож компанид их хэмжээний хохирол учруулсан зөрчлүүдийг гарагсан. Иймд ажил олгогчийн зүгээс ажилтны гаргасан дээрх хэд хэдэн зөрчилтэй нь холбогдуулаад компанид удаан жил ажилласан, гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

2.2. Дээрх хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар урьдчилсан шийдвэрлүүлэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөнөөс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасныг тус тус баримтлан *******-ийн гүйцэтгэх захирлын 2023.07.03-ны өдрийн 518/23 дугаар захирлын тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г өмнө эрхэлж байсан төслийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, *******-иас 245,063,952 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,523,670 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2023.06.30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр асуудлаар *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг комиссын 2023.07.06-ны өдрийн хурлаар *******г байлцуулан хэлэлцэж, хуульд заасан журмын дагуу талууд гомдолд дурдагдсан 4 асуудлын 3 асуудалд тохиролцоонд хүрч, 1 асуудал болох 2024 оны 5 дугаар сарын КІР үнэлгээг 0-р үнэлсэн асуудлаар тохиролцоонд хүрэлгүй хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь *******-ийн 2023.07.03-ны өдрийн 518/23 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхгүйгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж шүүхэд 2023.07.07-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан. Энэ нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.11.13-ны өдрийн 115 дугаар тоот тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

Шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг илт буруу тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Анхан шатны шүүх ...Ажил олгогч НТ#1052 ажил гүйцэтгэхдээ 3 болон 4 дүгээр дугуйны завсар чулуу хавчуулснаас 4 дүгээр дугуй хагарч гэмтсэн гэмтлийн улмаас үүссэн сахилгын зөрчилд уулын оператор т үндсэн цалингийн 20 хувиар, 3 сарын хугацаанд цалин бууруулах, НТ#1052 ажил гүйцэтгэхдээ 5 болон 6 дугаар дугуйны завсар чулуу хавчуулснаас 5 дугаар дугуй хагарч гэмтсэн гэмтлийн улмаас үүссэн сахилгын зөрчилд уулын оператор ад үндсэн цалингийн 20 хувиар, 3 сарын хугацаанд цалин бууруулах сахилгын зөрчил ногдуулсан болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2023.06.23-ны өдрийн 501/23, 500/23 дугаар тушаалаар тус тус тогтоогдож байна гэж дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.1-т дэх хэсэгт заасан үл ялгаварлан гадуурхах зарчмыг зөрчсөн гэж дүгнэн, өмчийн хохирол адил, ижил төрлийн зөрчилд эрхэлж буй албан тушаалыг харгалзан ялгамжтай сахилгын зөрчил тооцсон нь хуульд нийцээгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчлийг хэрхэн яаж ялгамжтай хэрэглэх талаар ажил олгогч хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зохицуулаагүй, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны онцлогт тохирсон сахилгын зөрчлийг хөнгөнөөс хүнд рүү эрэмбэлж, түүнд ногдох сахилгын зөрчлийг мөн хөнгөнөөс хүнд рүү байхаар зохицуулах хуульд нийцнэ хэмээн ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний илэрхий алдаатай дүгнэлт хийсэн.

4.3. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-т албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулсан нь түүнийг төслийн менежер ажил, албан тушаалд ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй агуулгаар түүний эрхэлж байсан төслийн менежер ажил албан тушаалыг буруулж байна гэж үзэхээр байна гэж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.4, 80.5-д зааснаар ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай, байж боломжгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд мөн хуулийн 123.1, 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулснаас бус түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй.

4.4. Нэхэмжлэгч нь 2023.09.18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан төслийн менежер албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал буурснаас үүдэлтэй цалин буурсан тул цалин 2023.07.04-07.25-ны өдрийн хооронд гаргуулах, 2023.07.25-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдөр хүртэлх хугацаагаар гаргуулах хэмээн тодорхойлж, анхан шатны шүүх хуралдаанд зохигчид дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн.

Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар буюу нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023.07.03-ны өдрийн 518/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г өмнө эрхэлж байсан төслийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, нийт 245,063,952 төгрөгийн цалинг ажил олгогчоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн *******-ийн гүйцэтгэх захирлын 2023.07.03-ны өдрийн 518/23 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар *******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болохоос түүнийг ажлаас халаагүй атал нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан *******-ийн төслийн менежер албан тушаалд эгүүлэн томилуулах... хэмээн тодорхойлж улмаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль хэрэглээний илэрхий алдаатай дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023.07.07-ны өдөр нэхэмжлэл өгөхөөсөө өмнө 2023.06.30-ны өдөр хариуцагч байгууллагын ХЭМТК-д 4 асуудлаар хандсан. ХЭМТК нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг 2023.07.06-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэж, хурлын шийдвэрийг 2023.07.31-ний өдөр гаргаад миний гэрийн хаягаар шууданд хийсэн байсныг 2023.08.02-ны өдөр хүлээж авсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасны дагуу ХЭМТК-д дахин хандах боломжгүй гээд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд 2023.07.07-ны өдөр гомдлоо өгсөн. Гэтэл тус хорооны нарийн бичиг манай гурван талт хороо ирц бүрдэхгүй байгаа тул хуралдахгүй гэж амаар хэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2023.07.25-ны өдрийн 607 тоот хуралдах боломжгүй гэсэн албан бичгийг авснаа хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан болно.

Гэтэл 2023.10.16-ны өдөр товлогдсон шүүх хуралд нэхэмжлэгч талаас хурал хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт гаргасан боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган хуралдааныг үргэлжлүүлж шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарсан. Тус захирамжид гомдол гаргаж, 2023.11.09-ний өдрийн 183/ШТ2023/00668 тоот тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй бөгөөд хөдөлмөрийн тухай хуульд заасан зохих журмын дагуу хандсан тул хариуцагчаас гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй.

5.2. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заагаагүйгээс хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, албан тушаал бууруулж байгаа ч гэсэн ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаснаар тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар албан тушаал бууруулах нөхцөл байдал, үндэслэл бий болоогүй байхад бууруулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг ажлаас халсантай адилтгаж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Тушаалын 1 дэх үндэслэлд нэхэмжлэгчийг ажлын цагаар олон удаагийн давтамжтай гитар тоглосон, чанга дуу чимээ гаргаж ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй нь ерөнхий захирлын гүйцэтгэх захиралд илгээсэн мэйл болон -ийн өгсөн мэдэгдлийн хуудсаар тогтоогдсон гэдэг. Гэтэл ерөнхий захирлын гүйцэтгэх захиралд илгээсэн мэйл 2023.06.29-ний өдөр бөгөөд нэхэмжлэгчтэй уулзсаны дараа байдаг. Мөн ажил олгогч энэ талаар нэхэмжлэгчид хэлж анхааруулж байсан зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч ажлын цагаар гитар тоглодог гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй, зөвхөн ажлын бус цагаар суралцагчийн түвшинд ажил тараад нэгдсэн ажилчдын унаа ирэх хугацаанд 5-10 минут тоглох гэж оролддог болохоо хэлсэн. Тэрнээс биш чанга темпээр тоглодоггүй.

Тушаалын 2 дахь үндэслэлд осол, осолд дөхсөн тохиолдлыг үнэн зөвөөр мэдээлэх үүргээ бямба гараг бүр дугуйн үзлэг хийдэг гэж худал хэлсэн 2023.06.14-ний өдөр ирүүлсэн мэйлээр тогтоогдсон гэжээ. Гэтэл хариуцагчийн хүсэлтээр захирал -д нэхэмжлэгч 2023.06.14-ний өдөр бус 2023.06.13-ны өдөр 5, 6 сарын дугуйн үзлэг, мөн 2023.06.03-ны өдөр гарсан осолтой холбоотой 2023.06.04-ний өдөр хийсэн үзлэг, дүгнэлтээ явуулсан бөгөөд тушаалын үндэслэлтэй зөрсөн болно. Учир нь тушаалд дурдаад байгаа дугуй буудсан, чулуу хавчуулагдсан асуудлаар уурхай дээр захирал ирнэ гэсэн тул нэхэмжлэгч 2023.06.12-ны өдөр уурхайгаас буух ёстой байсан боловч энэ талаар мэдээлэх үүргээ биелүүлэх гээд гүйцэтгэх захирлаас 12, 13-ны өдрүүдэд сунаж ажиллаад 14-ний өдрийн өглөө 10 цагт уурхайгаас нэг машинд сууж ирсэн болно. Тэгэхээр энэ үндэслэл худал болох нь нотлогдоно.

Тушаалын 3 дахь үндэслэлд 2023.06.03-ны өдөр 20 цагт дугуйнд чулуу хавчуулагдсанаас 4 дүгээр дугуй, 2023.06.04-ний өглөө 04 цагт 5 дугаар дугуй хагарч ашиглах боломжгүй болж компанид хохирол учирсан, техник зогссоны улмаас түншлэлийн хэмжээнд бүтээлийн алдагдал гаргасан гэжээ. Гэтэл хүнд машин механизмын дугуй ашиглалтын журмын 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.13-т заасны дагуу уулын хэсэгт хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хуваарийг ХАБЭА-н ахлах мэргэжилтэн баталсан байгаагаас үзэхэд тухайн ээлжинд гэрээт компаниудын техникт дугуйн үзлэгийг долоо хоног бүр биш тухайн гарч буй ээлжиндээ нэг удаа хийхээр заасан байна, мөн дан дугуй үзэхгүй 18 төрлийн үзлэг шалгалт хийдэг болно. Тэгэхээр эндээс хариуцагчийн хэлээд байгаа тайлбар няцаагдана.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө тодорхойлж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрээ гаргасан гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2023.09.18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2023.07.03-ны өдрийн *******-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүйд тооцуулан өмнө эрхэлж байсан төслийн менежер албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаал буурснаас үүдэлтэй цалин буурсан тул 2023.07.04-ний өдрөөс 2023.07.25-ны өдрийн хооронд гаргуулах, мөн тусгай төсөл хариуцсан тушаалаас халсан тушаал байхгүй мөртөө уг ажил үүргийг хийлгэхгүй байгаа учраас ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин хөлсийг 2023.07.25-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдөр хүртэл гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангагүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан төслийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, албан тушаал буурснаас 2023 оны 7 дугаар сарын 4-25-ны хоорондох цалингийн зөрүү, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 518/23 дугаартай тушаалаар төслийн менежер ******* нь ажлын байранд ажлын цагаар олон удаагийн давтамжтай гитар тоглосон, чанга дуу чимээ гаргасан, гарч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, ослын үед авсан арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр ХХК-тай хамтарсан дугуйн үзлэг хийдэг тухай ажил олгогчид худал мэдээлэл өгсөн, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагт 2-р ээлжид буюу шөнийн ээлжид үүрэг гүйцэтгэж байсан HM#1052-ийн МТ4400-д ашигладаг 46/90R57 размерын 3, 4-р дугуйн завсар том чулуу хавчуулагдсанаас 4-р дугуй хагарч цаашид ашиглах боломжгүй болж, техникийн бүтээл зогссон байхад шалтгаан нөхцөлийг тогтоох, эрсдлийг бууруулах арга хэмжээг авч ажиллагаагүйгээс тус ээлжийн 04 цаг орчимд НТ#1049-ийн 5, 6-р дугуйн завсар дахин том чулуу хавчуулагдаж 5-р дугуй хагарч цаашид ашиглах боломжгүй болсон, үүний улмаас компанид эд хөрөнгийн хохирол учирсан, бүтээлийн алдагдал гаргасан зөрчил гаргасан, эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.9, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.4, 10.2.12, 10.2.14, 10.2.21, 10.3.22, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.4, хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1, 12.3.3.5, Ажлын байрны тодорхойлолтын 3, 4, 6, 7, 10, 21, 24-т заасан сахилгын зөрчил гэх үндэслэлийг зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4, 123.4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай төслийн менежерийн албан тушаалд томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-ийн 5-6 дугаар тал/

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох бөгөөд уг зөрчлийг гаргасан ажилтанд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан 5 төрлийн сахилгын шийтгэлийг ажил олгогч сонгож хэрэглэх болохыг зохицуулсан.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

4.1. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг хэд хэдэн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр албан тушаал бууруулсан ба үүнээс хөдөлмөрийн дотоод журмын 10.2.4, 10.2.14, хөдөлмөрийн гэрээний 12.3.3.1, ажлын байрны тодорхойлолтын 21-д заасан сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй бөгөөд дээр дурдсан сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

4.2. Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчилд хариуцагч байгууллагаас сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авахдаа хуульд нийцүүлэн аваагүй талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан.

Ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг сонгож ногдуулах эрхтэй бөгөөд энэ нь гагцхүү ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх учиртай.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах бүрэн эрхтэй, уг эрхийг ямар нэг хязгаарлалттай хэрэгжүүлэх агуулга хуульд тусгагдаагүй. Иймд сахилгын шийтгэлийн төрлийг хэрхэн ялгамжтай хэрэглэх талаар хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд заагаагүй гэж ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ.

4.3. Түүнчлэн, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг болон мөн өдрийн 3-4-нд шилжих шөнө 4 цагт болсон үйл баримттай холбогдуулан уулын оператор , нарыг нэхэмжлэгчтэй ижил төрлийн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэж, түүнд ялгамжтай сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь:

Хэргийн 3хх-ийн 132, 133 дугаар талд авагдсан ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 500/23, 501/23 дугаартай тушаалуудаар уулын оператор , нар нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шөнийн ээлжинд НТ#1052 ажил гүйцэтгэж байхдаа автосамосвалын дугуйн завсар том чулуу хавчуулснаас 4 болон 5 дугаар дугуй хагарч, цаашид ашиглах боломжгүй болгосон нь Өөрөө буулгагчийн аюулгүй ажиллагааны горимын 3.26, Автосамосвалын операторын мөрдөх аюулгүй ажиллагааны зааврын 4.4-т заасныг зөрчсөн үндэслэлээр тус бүр үндсэн цалинг 20 хувиар 3 сарын хугацаанд бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон уулын операторын ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд төслийн менежер нь ажлын байрны үндсэн зорилгын хүрээнд уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах, ажлын зааварчилгаа өгөх, хянах, удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, харин уулын оператор нь хариуцсан техникээ зааврын дагуу аюул, осолгүй жолоодож уурхайн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр байх ба ажлын байрны зорилго, чиг үүргээрээ ялгаатай байна.

Нэхэмжлэгч болон , нарт сахилгын шийтгэл ногдуулах болсон үйл явдал нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр HT#1052 техникийн дугуй хагарсантай холбоотой боловч тэдгээрийн ажлын байрны зорилго, чиг үүрэг ялгаатай бөгөөд энэ хүрээнд тэдний гаргасан зөрчлийг хариуцагч байгууллага нь , нарыг уулын операторын хувьд машин механизмын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөнтэй холбоотой гэж, харин нэхэмжлэгчийг уурхайн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзжээ.

Иймд ижил төрлийн сахилгын зөрчилд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид бусад ажилтнаас өөр сахилгын шийтгэл ногдуулж үл ялгаварлах зарчмыг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцээгүй.

4.4. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 518/23 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заасан хөдөлмөрийн дотоод журмын 10.2.4, 10.2.14, хөдөлмөрийн гэрээний 12.3.3.1, ажлын байрны тодорхойлолтын 21-д заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж шүүх дүгнэсэн атлаа уг зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан ...ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлд хамааруулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нэг үндэслэл мөн боловч сахилгын зөрчилтэй хамааралгүй.

5. Дээрхийг нэгтгэвэл ажил олгогчоос ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино. Үүнд:

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй. Эдгээр байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасан.

Хэргийн 2хх-ийн 233 дугаар талд авагдсан баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хандсан боловч тус хорооны гишүүдийн ирц хүрээгүйн улмаас маргааныг шийдвэрлэх боломжгүй байсан нь тогтоогдсон байна.

Иймд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

6.2. Мөн хариуцагч байгууллагын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 518/23 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох шаардлагын хувьд аль аль нь агуулгын хувьд адил бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын үндэслэл болох бөгөөд бие даасан шаардлага болохгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авахгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/04994 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох урьд эрхэлж байсан төслийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,523,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА