Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 134

 

“Малчин монгол” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01385/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 630 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Малчин Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “Ветмонд” ХХК-ийн захирал Н.Г-, А.Н- нарт холбогдох 

          “3.719.250 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

          Хариуцагч Н.Г-, А.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч С.Баасанбаяр, Ц.Өлзийбаяр,  нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

 Нэхэмжлэгч “Малчин Монгол” ХХК-ийн захирал Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Ветмон” ХХК-ийн захирал Н.Г- нь манай компаниас 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 7 нэр төрлийн 1 839 000 төгрөгийн үнэ бүхий эм бэлдмэлийг зээлээр авч 2014 оны 11 дүгээр сарын 27-нд 42 000 төгрөгийн эм бэлдмэлийг буцаан өгсөн. Үлдэгдэл 1 797 000 төгрөгийг удаахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй худал ярьж, хууран мэхэлж байгаад гомдолтой байна. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр 1 797 000 төгрөг дээр гэрээний 4.3 буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 898 500 төгрөгийн алдангийг  1 797 000 төгрөг буюу үндсэн төлбөр дээр нэмж нийт 2 695 500 төгрөг “Ветмон” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Малчин монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасанбаяр, өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ветмон” ХХК-ийн  захирал Н.Г- 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр манай “Малчин монгол” ХХК дээр ирж эм тариа зээлэх хүсэлт тавьсан.

Тухайн үед бичиг баримтгүй ирсэн тул гэрээ бичгээр хийлгүй 1 839 000 төгрөгийн эм, тариа өгөөд явуулсан. Эм, тарианы мөнгийг 3 сарын дотор төлөх ёстой боловч төлөөгүй бөгөөд бид удаа дараа утсаар ярьсаны эцэст 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичиг баримттайгаа ирж хамтран ажиллах гэрээ байгуулсан. 5-6 хоногийн дараа санхүүжилт ирнэ, тэгэхээрээ мөнгөө бүрэн барагдуулна гэсэн боловч барагдуулаагүй, сүүлдээ утсаа ч авахаа больсон. Манай ажилчид 2014 оны 11 дүгээр сарын 27-нд томилолтоор Дархан-Уул аймагт очиж мөнгөө нэхэхэд мөнгөний оронд 6 нэр төрлийн эм, тариа, вакцины хөргөгчийн хамт өгч явуулсан байсан. Гэтэл компани дээр авчирсан эм тариаг үзэхэд шинжилгээний бичиггүй, хугацаа дуусах дөхсөн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тарианууд байсан тул буцаагаад 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүргэж өгөхдөө Н.Г-той утсаар ярихад манай нөхөр гэрт байгаа хүлээлгээд өгчих гэсний дагуу нөхөр А.Н-д нь хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан байдаг. Түүнээс хойш төлбөрийг төлөхгүй, эм тариа буцааж аваагүй гээд маргаж байгаа тул зээлсэн эм тарианы үнэ 1839 000 төгрөг, гэрээнд заасан алданги нийлээд 2 695 000 төгрөг, удаа дараа томилолтоор ирсэн зардал, өмгөөлөгчийн хөлс нийлээд 1023 750 төгрөг нийлээд 3 719 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч “Ветмон” ХХК-ийн захирал Н.Г-, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би “Малчин монгол” ХХК дээр очиж уулзаж 1839 000 төгрөгийн эм тариа авсан нь үнэн. Нэг жилийн хугацаанд зарж чадаагүй байтал “Малчин монгол” ХХК-ийн ажилчин М.Эрдэнэчимэг, Г.Наранхүү нар ирэхэд нь 1 964 000 төгрөгийн эм, тариа, хөргөгч өгсөн. Гэтэл буцаагаад авчирч өгсөн гэж байгаа боловч надад хүлээлгэж өгөөгүй. Манай нөхөр ч аваагүй. Над руу тухайн өдөр утсаар яриагүй. Би буцаагаад эм тариа өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч А.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Малчин монгол” ХХК-иас хүмүүс ирж төлбөрийн оронд мах, сүү юу ч байсан авна гэхээр нь манай эхнэр эм, тариа, хөргөгч өгөөд явуулсан. Буцаагаад надад хүлээлгэн өгсөн гэж ярьж байна. Би ямар ч эм тариа аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.  

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 630 дугаар шийдвэрээр:

           Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ветмон” ХХК, хариуцагч А.Н- нараас 2.127.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Малчин монгол” ХХК-д олгож, 1.592.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 48.986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.  

  Хариуцагч Н.Г- болон өмгөөлөгч Д.Пүрэвдорж нар давж заалдсан гомдолдоо:

  Анхан шатны шүүх “Малчин монгол” ХХК-иас “Ветмон” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ хийж 7 нэр төрлийн 1.830.000 төгрөгийн эм бэлдмэл зээлээр авч 2014 оны 11 дүгээр сарын 27-нд Ветмон ХХК-ийн захирал Н.Г-, “Малчин монгол” ХХК-ийн дэд захирал М.Эрдэнэчимэг, жолооч Г.Наранхүү нарт 5 нэр төрлийн эм бэлдмэл үлдэгдэл 54.000 төгрөгийн эм бэлдмэл, малчны хөргөгч бүгд 1964000 төгрөгийн тооцоо дуусгаж 167.000 төгрөг илүү төлж тооцоо дуусгавар болсон байна. Тооцоо нийлсэнээс хойш 1 жилийн дараа 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тооцоо дуусгасан зээлийн гэрээгээр авсан эм бэлдмэлийг дахин нэхэмжлэл гаргаж 2014 оны 12 дугаар сарын 11-нд эм бэлдмэл хөргөгчийг Ветмон ХХК-ийн захирал Н.Г-гийн нөхөр А.Н-д хүлээлгэн өгсөн гэж маргаан эхэлсэн. Хариуцагч А.Н- нь би дээрх зүйлийг хүлээж аваагүй, хүлээн авсан гэх гарын үсэг минийх биш, утсаар ярьсан дуу хоолой ч минийх биш гэж шүүх хуралдаанаас өмнө бичсэн тайлбар, шүүх хуралдаан дээр ч тайлбарлаж байгааг шүүх анхаарч үзээгүй. Цаг хугацааны болон Н.Г-той утсаар ярьж манай нөхөрт өгчих гэсэн бичлэг ч байхгүй, шүүх хурал дээр ямар утсаар  холбоо барьсанаа мэдэхгүй байсан. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Н- давж заалдсан гомдолдоо:

“Малчин монгол” ХХК-ийн төлөөлөгч М.Эрдэнэчимэг, Г.Наранхүү нар болон утсаар ярьсан гэх бичлэг /СД/ хүлээлгэн өгсөн гэх гарын үсэг нь минийх биш, би хүлээн авсан бол надад худлаа ярих шаардлага байхгүй.Би “Ветмон” ХХК-тай ямар ч хамаагүй гишүүн ч биш, би мал эмнэлгийн мэргэжлийн хүн ч биш. Би компаний үйл ажиллагаанд оролцдоггүй.Гэрч нараар худлаа гэрчлүүлж хуурамч нотлох баримт бүрдүүлэн хохирол төлбөр гаргуулсанд гомдолтой байна. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 99398435 дугаарын утсаар ярьсан гэдэг нь худлаа, 2015 оны зун 7 дугаар сард өөрийн малчин Наранцогтод утсаа өгсөн. Миний утсыг аваад ажил хаяад алга болсон. Би эм бэлдмэл, хөргөгч хүлээж аваагүй тухайн цаг үед Дархан-Уул аймагт байгаагүй, би Хөвсгөл аймагт хүүгийндээ байсан үе таарч байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн  630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Малчин Монгол” ХХК, хариуцагч  “Ветмон” ХХК, А.Н- нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу  төлөгдөөгүй үндсэн төлбөр  1.797.000 төгрөг, гэрээний 4.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар  гүйцэтгээгүй  үүргийн  үнийн дүнгийн  50 хувиар бодож, 898.500  төгрөгийн алдангийн хамт  2.695.500  төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг  1.023.750 төгрөгөөр нэмэгдүүлж,  нийт 3.719.250  төгрөг  гаргуулахаар  шаардлага гаргасныг  хариуцагч нар  “1.964.000 төгрөгийн  эм тариа буцааж өгсөн тул  нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй”  гэж  маргасан байна.

Анхан шатны  шүүх зохигчдын хооронд  зээлээр худалдах-худалдан авах гэрээ  хийгдсэн  тус гэрээний дагуу  хариуцагч нь 1.839.000 төгрөгийн эм тарианы  үнийг  төлөөгүй   нь  тогтоогдсон тул Иргэний  хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар 1.839.000 төгрөгийг,  өр барагдуулах  зорилгоор томилолтоор  явсан зардал  буюу машины бензины  үнэ  288.250 төгрөгийг,  “Үүрэг  гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч  үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан, орлогыг хохиролд  тооцно” гэж   дүгнэн  Иргэний  хуулийн 227 дугаар зүйлийн  227.3-т зааснаар  288.250  төгрөгийг  гаргахаар нэхэмжлэлийн  шаардлагын  зарим хэсгийн хангаж  шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг  шинжлэн судалж үзэхэд 2013 оны  07 дугаар сарын  26-ны өдөр  “Ветмон”  ХХК-ийн захирал Н.Г-,  “Малчин Монгол” ХХК-иас  7 нэр төрлийн 1.839.000 төгрөгийн үнэ бүхий малын эм тариаг дараа  мөнгийг төлөхөөр  тохиролцон  худалдан авсан  ба тэдний хооронд  Иргэний  хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-д  заасан  худалдах-худалдан авах  гэрээ  хийгдсэн гэж  үзнэ.

Худалдах-худалдан авах гэрээгээр  худалдагч өмчлөлд байгаа  хөдлөх эд  хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр, худалдагчийн  өмчлөх эрх дуусгавар болж, худалдан авагчид өмчлөх эрх шинээр үүсэх  бөгөөд  “Малчин Монгол”  ХХК нь  хэлэлцэн тохирсон үнэ 1.839.000 төгрөгөөс буцааж өгсөн эм бэлдмэлийн үнэ 42.000 төгрөгийг хасч  үлдэгдэл  1.797.000 төгрөгийг шаардах эрхтэй, “Ветмон” ХХК   эм бэлдмэлийн үнийг төлөх  үүрэгтэй  байна.

Хариуцагч нар   2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Малчин Монгол” ХХК-д  эм бэлдмэлийг буцаан  өгсөн  учир нэхэмжлэлийн  шаардлагыг  зөвшөөрөхгүй  гэж,

Нэхэмжлэгч  2014  оны  12 дугаар сарын 11-ний өдөр А.Н-д  Н.Г-гийн  зөвшөөрлөөр буцааж  өгсөн гэж  маргасан байна.

Худалдах-худалдан авах гэрээ нь  хиймэгц  биелдэг хэлцэл ба Иргэний  хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1-д  заасны  дагуу  шинэ өмчлөгч  “Ветмон”  ХХК  нь  өмчлөлийнхөө  хөдлөх хөрөнгийг  “Малчин Монгол” ХХК-д  төлөх ёстой төлбөртөө  тооцож өгсөн үү, эсхүл худалдах-худалдан авах гэрээнээс  татгалзаж, буцаасан уу?  алин болох нь  тодорхойгүй  боловч  “Малчин Монгол” ХХК, эм бэлдмэлийг  хүлээн авахаас татгалзаж  буцаасан  нь тогтоогдсон учир хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй,  анхан шатны  шүүх  энэ талаар үндэслэл  бүхий дүгнэсэн байна.

Мөн  нэмэгдүүлсэн шаардлагын өмгөөллийн хөлс,  шүүхэд ирж очих, шүүх хуралдаанд оролцоход гарсан замын зардал, хамтран ажиллах гэрээний дагуу алданги   гаргуулах шаардлагуудыг тус тус   үндэслэлгүй  гэснийг мөн  зөв гэж үзнэ.

Харин  хариуцагчийн  давж заалдах шатны  шүүхэд  гаргасан  гомдлыг  хянаж үзэхэд   анхан шатны  шүүх  шатахууны үнэ  288.250  төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь  шаардлагын  үндэслэлдээ  өр барагдуулахаар томилолтоор явахад  автомашинд хийсэн түлш,  шатахууны   үнэ  гаргуулах  гэжээ.

Байгууллагын  үйл ажиллагаандаа болон ажилтныг  томилолтоор  ажиллуулахдаа   зарцуулсан  шатахууны үнийг   худалдан авагчаас   шаардах  эрх зүйн үндэслэлгүй юм.

Тухайлбал: “Малчин  Монгол”  ХХК,  “Ветмон”  ХХК-иас  худалдсан  зүйлийн  үнийг  шаардах эрхтэй болохоор  эм бэлдмэлийг буцааж  авах, өгөхөөр  тээвэрлэхэд  гарсан зардлыг  түүнд учирсан хохирол гэж үзэх  боломжгүй болно.

Иймд  хариуцагчийн  гаргасан давж заалдах гомдлын  үүнтэй холбоотой хэсгийг хангах нь зүйтэй.

Шүүх  маргааны харилцааг зохицуулсан  хуулийг  хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасныг, шүүхийн шийдвэрт  өөрчлөлт  оруулан  засах боломжтой  гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагаа  эм бэлдмэлийн  үнийн  үлдэгдэл 1.797.000  төгрөг  гэж тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг  уг үнийн дүнгээс  тооцож төлсөн  байдлыг харгалзан хасаж тооцсон гэх 42.000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжгүйг  дурдаж  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 630 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг,

            “Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  хариуцагч “Ветмон” ХХК, А.Н-  нараас  1.797.000 төгрөг гаргаж, “Малчин Монгол” ХХК-д  олгож, нэхэмжлэлээс  1.922.250  төгрөгт холбогдох  шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.”  гэж,

            Тогтоох хэсгийн  2 дугаар заалтын   “... хариуцагч нараас  48.986 төгрөг...” гэснийг ,  “... хариуцагч нараас 43.702 төгрөг...”  гэж  тус тус  өөрчлөлт  оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 48.986 төгрөг төлснийг, төрийн сангийн орлогоос, шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА          

                            ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                                                             С.ЭНХЖАРГАЛ