Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 312

 

 

2017.5.4                                               №312                                     МАГАДЛАЛ

 

Н.Энхжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Хурц,

Шүүгдэгч Н.Энхжаргалын өмгөөлөгч С.Пүрэвдорж,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 58 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн улсын яллагчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцэлтэй, Н.Энхжаргалд холбогдох 201601000165 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овогт Нийлэнцоогийн Энхжаргал, 1980 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ  1 дүгээр хорооллын 32 дугаар байрны 9 дүгээр орцны подвальд байрлах хивс цэвэрлэгээний газар угаагч ажилтай байсан гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-414 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЕЙ80042901/,

Н.Энхжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 414 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын (цаашид НҮБ гэх) 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэт нөлөөлөх дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 8.1 грамм (савласан уутны хамт) бодис, мөн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий 12.5 грамм (зиплок түгжээ бүхий уутны хамт 2 хэсэг) “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас Н.Энхжаргалд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллах дүгнэлтээр тогтоосон гэмт хэргийн зүйлчлэл буюу сонсгосон ял нь мөрдөн байцаалтаар тогтоосон шүүгдэгчид холбогдох бүх гэмт хэргийг хамаарч чадаагүй. Тухайлбал:

1. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг “хууль бусаар олж авсан” байтал тухайн гэмт хэрэгт, мөн тус хэрэгт хураагдсан 1.760.000 төгрөг нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг “борлуулсан” эсхүл бусад ямар гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой талаар тус тус хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зааснаар мөнгөн илэрхийллээр үнэлж, тогтоолгох шаардлагатай, таамаглалаар уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенци”, 1972 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”, 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенц”-д тус тус нэгдэж орсон, Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан. НҮБ-ын хар тамхины эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанаас сүүлийн жилүүдэд явуулсан судалгаагаар тогтоосон “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын үнэ, ханш”-ийн судалгаа бүхий мэдээ, мэдээлэл, баримтыг өөрийн орны хамаарах бүс нутаг дахь газрууд, хөрш улс орон, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус худалдаа хийгдсэн ханшийн болон бусад холбогдох шалгуур, аргачлалаар шинжлэн судалж, улмаар өөрийн оронд хууль бусаар худалдаалагдаж буй тухайн төрлийн эм, бодисын үнэ, ханшийг цагдаагийн болон эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон мэдээ, мэдээлэл, баримт, судалгаа буюу дотоод эх сурвалжтай харьцуулах зэрэг үнэ, ханш тогтоох буюу үнэлгээ хийх арга, аргачлалаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хэмжээг мөнгөн илэрхийллээр үнэлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй, боломжтой гэж үзнэ. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тусгай мэдлэг шаардсан асуудлын хувьд “шинжилгээ”-г (шүүх эмнэлэг, ул мөр, эдийн засгийн болон бусдад) шинжилгээний байгууллагаар эсхүл шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх, мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар тусгай зөвшөөрөлтэй буюу тусгай мэдлэг бүхий этгээдээр эд зүйлсийн үнэлгээг тогтоолгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байгаа болно. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй байх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчихгүйн тулд уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхжаргалд холбогдох эрүүгийн 201601000071 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэрийг прокурор хүлээж авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагч Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд, цугларсан нотлох баритуудад дүгнэлт хийхдээ 1.760.000 төгрөгийг хууль бусаар олсон орлого, цахилгаан жинг мансууруулах бодисыг бусдад борлуулахдаа ашигладаг хэрэгсэл гэж тус тус үзсэн. Харин Н.Энхжаргалын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг завших аргаар олж авсан, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэх үйлдлүүд нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж дүгнэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн прокурорын “яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” 56 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Н.Энхжаргалыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба хураагдсан 1.760.000 төгрөгийг улсын орлого болгох саналтайг дурдсан бөгөөд шүүхээс үүн дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Н.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт хураагдсан хууль бус бодисуудад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метамфетамин гэх бодис агуулагдаж байгаа болох нь шинжилгээний байгууллагаар тогтоогдсон бөгөөд нэгэнт хууль бус бодисуудын үнэлгээг тогтоох боломжгүй, үнэлэх байгууллага байхгүй бөгөөд НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (UNODC)-ын албан ёсны цахим хуудаснаас дээрх бодисуудын дэлхийн хар зах зээл дээрх дундаж үнэ, ханшийн талаар лавлагааг авч хэрэгт хавсаргасан боловч шүүх уг мэдээллийг үнэлээгүй байна. Прокуророос Н.Энхжаргалыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж ялласан ба ингэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн асуудал гаргаагүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 58 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, 201601000165 дугааартай хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Н.Энхжаргалын өмгөөлөгч С.Пүрэвдоржийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд Н.Энхжаргалыг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр уг бодисыг олж, гэртээ ороод удаагүй байтал цагдаагийн алба хаагч нар баривчилсан байдаг. Шүүгдэгчийн цүнхнээс уг бодис гарч ирсэн. Хаанаас авсан талаар асуухад олсон гэж хэлээд олсон газраа мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгч 4 сар гаруй хугацаанд хоригдож энэ хугацаанд бусдад борлуулсан гэх үйлдэл тогтоогдоогүй учраас 20160100071 дугаартай хэргээс тусгаарласан. Өмгөөлөгчийн зүгээс уг бодисыг зарж борлуулах цаг хугацаа байхгүй, борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэсэн 2 үйлдэлд мэтгэлцдэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэг, 192 дүгээр зүйлийн 192.1 дэх хэсэгт гэж мэтгэлцдэг...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Н.Энхжаргалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь тодорхой хэмжээний мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авснаас гадна гэмт хэрэгт хураагдсан 1.760.000 төгрөг нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан эсхүл бусад ямар гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой талаар тус тус хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зааснаар мөнгөн илэрхийллээр үнэлж, тогтоолгох шаардлагатай, таамаглалаар уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болжээ.

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд Н.Энхжаргал “...төмрийн доороос хүүхдийн эрээн оймсонд мөнгө харагдахаар нь авсан, гэртээ очоод үзэхэд гялгар ууттай хоёр тусдаа мөс шиг зүйл, гар жингийн хамт байсан...” /1-р хх-1-7/ гэж хар тамхи мансууруулах төрлийн бодисыг олж авсан эх сурвалжаа тодорхой заагаагүй, эргэлзээ бүхий мэдүүлгийн үнэн зөвийг нягтлан шалгаж, төмрийн доороос олсон гэх дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 8.1 грамм бодис сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий 12.5 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг тус тус олж авсан эх сурвалжийн талаар шаардлагатай ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

Н.Энхжаргалын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис олж авч хэрэглэсэн гэх эх сурвалжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан олж тогтоох шаардлагатай байх тул дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Түүнчлэн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1160 дугаар шийтгэх тогтоолд гэрч Г.Туяа “...Н.Энхжаргал нь 2009 онд Бээжинд байхдаа хар тамхи буюу “мөс” хамт хэрэглэдэг байсан. Тэгээд хулгай хийсэн хүмүүстэй явж байгаад баригдаад Хятадад 1 жил шоронд сууж байгаад Монголд 2010 онд ирсэн...” гэж мэдүүлсэн баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар шаардлагатай ажиллагаа хийгээгүй, түүнийг БНХАУ-д ял шийтгүүлсэн эсэх талаар нэг мөр шалгалгүй хувийн байдлыг дутуу тогтоосон байна.

Дээрх нөхцөл байдлын талаар шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны дараа Н.Энхжаргалын гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурор Б.Хурцын бичсэн улсын яллагчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй гэж заасан бөгөөд өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болох, илтэд худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөх ойлголт биш бөгөөд уг эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэх хэдий ч мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл тул мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа анхаарч ажиллахыг дурдах нь зүйтэй.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 58 дугаар шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт Н.Энхжаргалд холбогдох эрүүгийн 201601000071 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасугай гэж хэргийн дугаарыг буруу бичсэнийг тэмдэглэж байна.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 58 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Хурцын бичсэн улсын яллагчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Н.Энхжаргалд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                           Ц.ОЧ

                                                                                    Н.БАТСАЙХАН