Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 632

 

                                                                                                            Ч.Э-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, В.Хүрэлхад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1064 дүгээр магадлалтай, Ч.Э-т холбогдох 1902000280033 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Балданосорынх овогт Ч.Э нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Э-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, мөн хууль, Монгол улсын олон улсын  гэрээнд заасны дагуу хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа уутны хамт 244.8 грамм каннабис ургамал, 10 грамм ургамал, 2 ширхэг тугалган цаас зэрэг эд зүйлсийг зохих журмын дагуу устгаж, устгасан эд мөрийн баримтын жагсаалт ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

Худалдаа хөгжлийн банкны виза 4902490063512291 дугаартай картыг эзэмшигч Ч.Э-т буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Өлзийсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

1.Ч.Э нь 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 244.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн үйлдэл нь нотлогдоогүй гэж үзэж байна. Учир нь энэ талаар шүүгдэгч Ч.Э 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө анх удаа хэлсэн байдаг. Тухайн үед “...2018 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, ганцаараа Дорнод аймаг руу найз Гарьдынд очих гэж явсан юм. Багануур дүүрэг өнгөрөөд Хэнтий аймгийн нутагт явж байхдаа бие засах гээд замаасаа гарч ойролцоо байх жалганд бие зассан юм. Бие засаад зогсож байхад Каннабис ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь очиж үзэхэд Каннабис ургамал мөн байсан. Тухайн үед авч явсан үүргэвчээ дүүргэж түүж аваад, бага зэргийн нунтаглаж байгаад бэлэн тамхины оронд хийж татсан. Дорнод аймагт Гарьд найзындаа 3 хоноод хотод ирсэн. Хотод ирээд цүнхтэй өвсөө өөрийн өрөөндөө оруулаад хувцаснууд дунд хийчихсэн. Би Дорнод аймаг руу ганцаараа найз охин болох Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр явсан" гэж мэдүүлсэн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Гэрээс хураан авсан өвсний хувьд 2018 оны 10 дугаар сард эхнэр Б-ийн хамт Дорнод аймаг руу явах замдаа бие засах гээд Багануур дүүрэг өнгөрөөд Хэнтий аймгийн нутагт явж байхдаа замын чөлөөнд зогссон. Машинаасаа буугаад жалга руу орж бие засч байхдаа ойр орчноо хартал Каннабис өвс ургасан харагдахаар нь түүж аваад үүргэвчиндээ хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Харин шүүх хуралдаан дээр “...2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгаас мансууруулах бодисын агууламжтай өвс түүсэн гэдэг нь худал. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би тулгамдаад түүсэн гэж хэлсэн. Харин гэртээ хадгалж байсан гэдэг нь үнэн, иймд түүж бэлтгээгүй гэдгийг хэлмээр байна. Манай гэрээс гарч ирсэн мансууруулах бодисыг би таньдаг Баяраа гэдэг хүнээс 12 дугаар сарын дундуур авсан” гэж мэдүүлжээ.

Дээрх шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд мөрдөгч зөвхөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгт тулгуурлан мөрдөн байцаах ажиллагаа явуулсан болох нь харагдана. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, 8-д “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг”, 9-д “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг зөрчиж анхан шатны шүүх дүгнэлт гаргажээ. Энэ нь дараахь үйл баримтаар няцаагдана.

1-рт, шүүгдэгч Ч.Э нь автомашин жолоодох эрхгүй бөгөөд автомашин жолоодож чадахгүй. Мөн эхнэр Т.Б нь 2018 оны 10 дугаар сард 6 сартай жирэмсэн байсан бөгөөд автомашин жолоодох боломжгүй байсан.

2-рт, 1 дүгээр хавтаст хэргийн 33-40 дүгээр тал, 95-97 дугаар талд тус тус авагдсан нотлох баримтаас харахад тухайн өвс нь 10 дугаар сард түүсэн гэдгийг тодорхойлох боломжгүй, фото зургаас харахад өвс нь шар биш ногоон өнгөтэй харагдаж байна. Монгол оронд 10 сар гарчихсан байхад ногоон өвс түүх боломж хэр билээ. Энэ нь түүж бэлтгэсэн гэхэд эргэлзээтэй нотлох баримт гэж үзэхээр байна.

3-рт, 1 дүгээр хавтаст хэргийн 195-198 дугаар талд авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.Э-ын түүж бэлтгэсэн гэх сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 244.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал нь Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутгуудад 6-8 сард ургаж, үрлэдэг гэж тусгагджээ. Хэрвээ үнэхээр Ч.Э нь ганцаараа болон эхнэр Т.Б-ийн хамт Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явсан гэж үзвэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Батноров, Баян-Овоо сумын нутгуудаар дайран өнгөрдөг. Эдгээр сумдад тухайн хориглосон ургамал ургадаг гэсэн баримт хэрэгт байхгүй байна. Үүнээс үзэхэд мөрдөгч зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлан өөрөөс нь болон түүний эхнэр Т.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан болох нь харагдана.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Үнэхээр Ч.Э-ыг дээр дурдсан хориглосон ургамлыг түүж бэлтгэсэн гэж үзэж байгаа бол сэжигтэн, яллагдагчаас явсан замын маршрутыг тодорхойлж асуух, ямар тээврийн хэрэгслээр зорчсон болохыг тогтоох, тухайн бэлтгэж түүсэн ургамал нь тухайн түүсэн гэх газарт ургадаг эсэхийг тогтоох, Дорнод аймагт очсон болохыг тогтоож Гарьдаас гэрчийн мэдүүлэг авах, хураан авсан ургамал нь ямар өнгө, шинж тэмдэгтэй болох талаар үзлэг хийсэн баримтандаа тусгах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тийм ажиллагаа хийсэн баримт алга байна. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хориглосон өвс ургамал түүж, бэлтгэсэн гэж дүгнэж ял оногдуулсанд гомдолтой байна. Нөгөө талаас тухайн хориглосон өвс ургамлыг түүж бэлтгэсэн этгээдэд ял завших боломжийг олгож байгаад харамсалтай байна.

2.Шүүгдэгч Ч.Э нь энэхүү гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь мөрдөгч Ч.Э-т Нидерланд улсаас ямар илгээмж шуудангаар ирсэн болохыг танилцуулалгүй, шууд хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис захиалсан байна гэж ойлгуулж сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан байдаг. Миний үйлчлүүлэгч ч гэсэн өөрийнх нь интернэтээр захисан зүйл нь хориотой бүтээгдэхүүн юм байна гэж анхнаасаа ойлголт авч мэдүүлэг өгсөн болох нь харагддаг. Гэтэл шүүгдэгч хэргийн материалтай 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр танилцахдаа тухайн захисан зүйлийнхээ фото зургийг харсан. Тэрнээс уг бүтээгдэхүүнийг бодитоор барьж шалгаж үзсэн зүйл байхгүй. Энэ үед аль хэдийн сэжигтнээр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг өгчихсөн байсан болно. Мөрдөгч мөн л зөвхөн Ч.Э-ын мэдүүлгээр түүнийг ялласан байдаг. Учир нь мөрдөгч Ч.Э-аас интернэтээр түүний захиалсан бүтээгдэхүүн мөн эсэхийг тодорхойлж асуусан, бодитоор үзүүлсэн ажиллагаа хийгээгүй. Мөн тухайн бүтээгдэхүүнийг хаанаас, хэзээ, хэрхэн төлбөр төлж захиалсан болохыг Эрхэмбаярын хэлж мэдүүлж байгаагаас бусдаар тогтоосон баримтыг нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлсэн зүйл хэрэгт алга байна. Олон улсын интернетийн худалдаа ямар журмаар явагддаг болохыг ч тогтоосон баримт алга. Өөрөөр хэлбэл худалдагч, худалдан авагч хоёрын аль нь тээвэрлэлтээ хариуцаж байгаа эсэхийг тогтоосон баримт алга. Энэ тохиолдолд Монгол Улсын хилээр тухайн хориглосон бүтээгдэхүүнийг шүүгдэгч Ч.Э нэвтрүүлсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүйд тооцох учиртай. Магадгүй тухайн хориглосон бүтээгдэхүүнийг интернетээр захиалаагүй ч байх боломжтой, хэн нэгэн этгээд хувийн журмаар илгээсэн ч байх боломжтой, эсвэл бусдыг хорлох үүднээс хориглосон бүтээгдэхүүн илгээх боломжтой мэтээр харагдаж байна.

Дээр дурдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллахад үндэслэл болохгүй, заавал өөр нотлох баримт, эх сурвалжаар давхар нотлох ёстой. Гэтэл уг хориглосон бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг шүүгдэгч үйлдсэн болохыг тогтоосон баримт алга. Харин магадгүй захиалсан байж болно, гэхдээ яг тэр захиалсан бүтээгдэхүүн нь мөн юм уу. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг ингэж хууль зөрчиж, дутуу мөрдөн шалгах ажиллагаа хийж тогтоож болохгүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис захиалсан этгээдэд ямар нэгэн байдлаар тухайн илгээмж шуудангаар, каргогоор ирж байгаа явдал нь тухайн захиалсан этгээд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзнэ гэж хуульд заагаагүй, энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар байхгүй. Магадгүй олон улсын эрх зүйн харилцаанд интернет орчинд худалдаа хийх журмаар зохицуулагдах боломжтой байх.

Гэтэл тээвэрлэлтээ худалдагч нь хариуцаж байгаа тохиолдолд худалдан авагч нь тээвэртэй холбоотой улс дамнан хилээр нэвтрүүлэх хариуцлагыг хүлээж байгаа нь хууль, тогтоомж, шударга ёсонд хэрхэн нийцэх вэ. Мөн шүүгдэгч Ч.Э нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгөхөөс татгалзсан, шүүгдэгч Ч.Э-т эхнэр Т.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг, эхнэр Т.Б-д шүүгдэгч Ч.Э-ын мэдүүлгийг тус тус харилцан уншуулж мөрдөгч мэдүүлэг авч, хооронд нь үг үсэг, утга санааны зөрүүгүй  мэдүүлэг авсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл болно.

Давж заалдах шатны шүүх гэрч Б.Лхагвасүрэнгийн ...Ч.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 26, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр илгээмж хүлээж авч байсан байна. 2018 оны 12 дугаар сард Ч.Э нь 2, 3 удаа ирж өөрийнх нь нэр дээр илгээмж ирсэн талаар асууж байсан...” /1хх78-80/ гэсэн мэдүүлгийг Ч.Э-ын гомдлыг үгүйсгэх нотлох баримтаар тооцож дүгнэжээ. Энэ гэрчийн мэдүүлэг нь Ч.Э-ыг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэдгийг нотлох баримт биш. Учир нь Ч.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 26, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гадаад улсаас ямар илгээмж авч байсан нь тодорхойгүй байхад үүнийг шууд хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэж болохгүй. Мөн 2018 оны 12 дугаар сард Ч.Э нь 2, 3 удаа ирж өөрийнх нь нэр дээр илгээмж ирсэн талаар асууж байсан үйл баримт нь ямар нэгэн илгээмж хүлээн авахаар асууж сураглаж байсныг нотлох болохоос шууд хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хүлээн авахаар асууж сураглаж байсан гэж дүгнэж үзэж болохгүй. Тэрхүү илэрсэн хуулиар хориглосон бодисыг шүүгдэгч Ч.Э захиалсан юм уу, эсвэл өөр зүйл захиалсан юм уу, бүр эсрэгээр хэн нэгэн илгээгээд хүлээн авсан юм уу гэдэг дээр өмгөөлөгч миний зүгээс маргаж тухайн үйл баримтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлоогүй байна гэж гомдол гарсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дурдсан бүх баримтыг яг л нэг хэвээр дурдаж шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдолд зохих хууль зүйн үндэслэлтэй ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байна. Мөн давж заалдах шатны шүүх мөрдөгчийг гэрч Т.Б-аас мэдүүлэг авахдаа “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудалгүй, энэ талаар урьд гомдол гаргаж байгаагүй” гэж дүгнэж давж заалдах гомдлыг үгүйсгэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж заасан байдаг.

Эндээс дүгнэж үзэхэд урьд нь гомдол гаргаж байгаагүй нь тухайн гомдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй, харин ч шалгаж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байгаа тул энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эцэст нь хэлэхэд давж заалдах шатны шүүх өмгөөлөгч миний гаргасан давж заалдах гомдлын үндэслэл бүрт нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэй хариу өгөөгүй, давж заалдах гомдлыг нарийвчлан шалгаагүйд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, 34.7 дугаар зүйлийн 6.2, 39.8 дугаар зүйлийн 1.5, 40.5 дугаар зүйлийн 2, 3, 40.8 дугаар зүйлийн 1.3-т тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1064 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Хүрэлхад хэлсэн саналдаа: Б.Бат-Эрдэнэ өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлдсэн зүйлгүй. Нурууны өвчнөө намдаах зорилгоор хэрэглэж магадгүй гээд найзаасаа авсан. Мөн шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, төлөв даруу зантай хүн бөгөөд өөрт байсан зүйлийг илчилж, гаргаж өгсөн. Түүний нурууны өвчнийг намдаах зорилгоор авсан эм нь сэтгэцэд нөлөөт бодис болж таарсан буюу нөхцөл байдлыг буруугаар төсөөлсний улмаас гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзахыг хүсье. Ч.Э-ын эхнэр Т.Б нь эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас хүүхдээ асрах боломжгүй байгаа. Иймд шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, тогтоогдож буй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйлдэлд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Э нь мөрдөн байцаалтын шатанд “Хэнтий аймаг руу явж байхдаа өвс түүсэн, улмаар уг өвсөө гэртээ хэрэглэж байсан,  … уг мэдүүлгийг өгөхөд цагдаагийн албан хаагч дарамт шахалт үзүүлээгүй” талаар мэдүүлжээ. Хойшлуулшгүй ажиллагаагаар түүнийг сэжигтнээр баривчилж, улмаар цагдан хорьсон. Энэ хугацаанд түүний эхнэрээс гэрчийн мэдүүлэг авахад Ч.Э-ын мэдүүлэг давхар батлагдсан байна.

Мөн шүүгдэгч Ч.Э нь Нидерландын вант улсаас 28 доллараар өвс захиалсан талаар мэдүүлсэн. Илгээмж Ч.Э-ын нэр дээр ирсэн, гэхдээ түүний оршин сууддаггүй гэрийн хаяг байсан. Уг гэрийн эзнийг асуухад хорооны даргаар ажиллаж байсан хүн тэдний хаяг дээр хүн бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ. Шүүгдэгчээс хураан авсан өвснүүдэд шинжилгээ хийхэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн Ч.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 27 тоот дахь гэртээ гялгар уутны хамт нийт 244.8 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг хууль бусаар хадгалсан,

мөн 2018 оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт нийт 10 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын нэгдсэн вант улсаас интернет сайт ашиглан захиалж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хууль тогтоогч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т заасан хүндрүүлэн шинж болгон хуульчилж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэн өөрчилсөн тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэсэн нь зөв болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн нотлогдсон байдлыг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүгдэгч Ч.Эын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, мөн хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт, үүнийг нь нотлосон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, түүнчлэн мөрдөгчийг хууль бусаар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Ч.Э нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт бүхэлд нь үгүйсгэж, “Гэртээ хадгалж байсан мансууруулах бодисын агууламжтай өвсийг түүж бэлтгээгүй… Баяраа гэдэг хүнээс авсан, тэр одоо Монголд байхгүй. Нидерланд улсаас өвс захиалаагүй. Хориотой бодис улсын хилээр нэвтрүүлээгүй. Эхнэртэйгээ Хэнтий аймаг яваагүй, мөрдөгч хөтөлж мэдүүлэг авсан. Би худал мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийн эх сурвалж тодорхой биш, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж чадаагүй гэж дүгнэлээ.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг өөрчлөн дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ч.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн талаар өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1064 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН