Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 401

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Ч ын З ,  

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ч.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч овогтой З миний бие Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан ба Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/15 тоот захирамж гарган, надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан болно. 

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р нь захирамждаа “...Налайх дүүргийн Засаг даргаар томилогдсон өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажил үүргээ орхин, ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч ын З ыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс ажил, албан тушаалаас нь халсугай” гэжээ.

Миний бие дээрх хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд намайг ажил тасалсан мэтээр гүтгэж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсныг гомдолтой байгаа бөгөөд ажлаас халсан захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч, хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Улаанбаатар хотын захирагчид гомдол гаргасан боловч “...Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу авсан.

Энэ дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хандан гомдол гаргасан боловч “...дээрх асуудал нь тус зөвлөлийн хүлээн авч, хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд хууль зөрчин, үндэслэлгүйгээр ажлаас халсан Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай Шүүгчийн захирамжийн дагуу ажилд томилогдсон тушаал надад хадгалагдаагүй тул хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулах боломжтой байна.

Мөн ээлжийн амралттай байсан талаарх нотлох баримтыг ч мөн хариуцагчаас гаргуулах, мөн холбогдох хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад гэрчээр асуулган нотлох боломжтой байдлыг анхааран үзэж, захиргааны хэрэг үүсгэж, хянан хэлэлцэж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Ч ын З нь Налайх дүүргийн Засаг дарга Х.Б ын бүрэн эрхийн хугацаанд түүний Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор улс төрийн шийдвэрээр томилогдон ажиллаж байсан улс төрийн албан хаагч юм. 

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар дүүргийн иргэд М А Нын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, М А Нд итгэл хүлээлгэн М А Наас нэр дэвшүүлсэн төлөөлөгчдийг сонгож, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үнэмлэхүй олонхийн суудал авч, ялалт байгуулсан. 

Ардчилсан Намд орон нутгийн сонгуулиар иргэд улс төрийн хариуцлага хүлээлгэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ердөө 4 суудал авч ялагдал хүлээсэн.

Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Ч.З нь улс төрийн албан тушаалтны хувьд улс төрийн хариуцлагаа хүлээж, хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ ухамсарлан ойлгож байсан боловч, тэртэй тэргүй ажлаас чөлөөлөгдөх юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандаж, ажлаас чөлөөлсөн Засаг даргын албан ёсны шийдвэр гараагүй байхад төрийн ажлын залгамж чанарыг умартан алдагдуулж, Засаг дарга томилогдон ажил, албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөөс ажлаа сайн дураараа орхин, ажил тасалж, Засаг даргыг үл хүндэтгэсэн байдал гаргасан учир Засаг дарга захирамж гарган хууль, тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Хэрэв Ч.З нь Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн хувьд Засаг даргад ажлаа танилцуулан, хууль, тогтоомжийн дагуу зохих ёсоор нь ажиллаж байсан бол сахилгын шийтгэл, ногдуулах шаардлага байгаагүй. Гэтэл энэ үеэр Тамгын газрын ажилтан албан хаагчид амралтын хоногуудад ч гэсэн өдөр, шөнөгүй ажиллаж байсан шүү дээ.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан тушаалд ... хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны ... албан тушаал хамаарна:” гээд 6.1.12 дахь заалтаар бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчийг хамааруулсан байна.

Тэгэхээр дүүргийн Засаг даргын орлогч бол сонгуулийн үр дүнгээр томилогдож, чөлөөлөгдөж байдаг улс төрийн албан тушаалтан юм. Нөгөөтэйгүүр дүүргийн Засаг дарга зөвхөн нэг орлогчтой байх байтал Ч.З нь хууль бусаар томилогдон ажиллаж байсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх ...” гэж заасан байна. Тэрбээр нэхэмжлэлдээ “Ч.З миний бие дээрх хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд намайг ажил тасалсан мэтээр гүтгэж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж ...” гэжээ.

Гэтэл Ч.З нь 2016 оны 07 дугаар сарын 18-наас ээлжийн амралтын тушаалаа гаргуулж, ээлжийн амралтын олговроо авч амралтаа биеэр эдэлсэн байна. (Ээлжийн амралтын тушаал, цалингийн картыг нотлох баримт болгон хавсаргав.) Гэтэл ажил тасалсан гэдгээ хаацайлах худал шалтаг заан өөрөө гүтгэж байна. 

Дүүргийн Засаг даргын захирамжийг хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гаргасан тул Ч.З ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган биелүүлэх боломжгүй юм. 

Иймд иргэн Ч.З ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.З шүүхэд “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Шүүхээс Ч.З ын нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Ч.З нь Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр томилогдон ажиллаж байсан бөгөөд Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар ажил тасалсан үндэслэлээр ажлаас халагдсан байна. 

Дүүргийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, ажил, албан тушаалаас чөлөөлөх эрхтэй хэдий ч Захиргааны Ерөнхий хуульд тусгайлан заасан захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргахдаа баримтлах зарчим, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангах, түүнийг сонсох хууль ёсны үйл ажиллагаануудыг хийгээгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д зааснаар дүүргийн Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог, сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажилладаг, мөн Засаг даргын бүрэн эрхийнх нь хугацаанд үйлчлэх орон тооны  албан тушаалд хамаардаг тул өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусахад орлогч албан тушаалаас чөлөөлөгдөх нь зайлшгүй юм. 

Гэвч Д.З ыг дээрх үндэслэлээр чөлөөлөлгүй, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажил, үүргээ орхин, ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж албан тушаалаас халсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага … цуглуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...-ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 27 дугаар зүйлийн 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд Засаг даргын орлогч Д.З ыг ээлжийн амралттай байсан, ажлаа орхиод таслаад явсан эсэхийг нягтлан шалгаагүй, түүнд мэдэгдэж, тайлбар авах боломж олгоогүй атал ажил тасалсан хэмээн буруутгаж, ажлаас халсан нь хариуцагчийн тайлбарт ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Д.З ын 8812.... дугаарын утсанд ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдсэнээр нотлогдож байна. 

Улмаар дүүргийн Засаг дарга захирамж гаргахын өмнө сонсох ажиллагааг Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, хуульд заасан дараалал, хэлбэрээр явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг хөтлөөгүй болохоо илэрхийлж, энэ талаар шүүхэд гаргаж өгөх нотлох баримтгүй гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн болно. 

Шүүхээс Д.З ыг тухайн үед ээлжийн амралттай байсан эсэхийг шалгахад захиргааны байгууллага дээр Засаг дарга нарын ажлын цагийг бүртгэдэггүй, амрах тухай мэдэгдэх хуудас, ээлжийн амралтын мөнгө байгууллагаас олгосон баримт байхгүй боловч 2016 оны ээлжийн амралтыг хуваарийн дагуу 6 дугаар сарын 20-ны өдрөөс биечлэн эдлээгүй байсан нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04/2503 тоот албан бичиг, 2016 оны цалингийн хүснэгт, гэрч Б.Э , Т.Э , Х.Х , О.З , Х.Б нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хариуцагчийн тайлбарт “...Ч.З нь улс төрийн албан тушаалтны хувьд улс төрийн хариуцлагаа хүлээж, хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ ухамсарлан ойлгож байсан боловч, тэртэй тэргүй ажлаас чөлөөлөгдөх юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандаж, ... , Засаг дарга томилогдон ажил, албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөөс ажлаа сайн дураараа орхин, ажил тасалж, Засаг даргыг үл хүндэтгэсэн байдал гаргасан...” гэсэн нь нотлогдохгүй бөгөөд харин захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа хууль, дүрэмд ялангуяа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь төрийн захиргааны байгууллагаас гаргах шийдвэр зөв оновчтой, бусдын эрх ашгийг хөндөхөөргүй, тэгш эрхийн зарчмыг хамгаалахад чухал нөлөөтэй бөгөөд хэрэв тэдгээрийг зөрчвөл хууль зүйн үндэслэлгүй болох юм. 

Хэдийгээр Ч.З нь улсын төрийн албан тушаалтан ангилалд хамаарагдаж байгаа ч тухайн жилд ээлжийн амралтаа эдлэх эрхтэй бөгөөд Засаг дарга Х.Б тай зөвшилцөж, ээлжийн амралтаа эдэлж байсан нь дээрх байдлаар нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, 27 дугаар зүйлийн 27.1.6-д “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална: ... 35.1.2-д “ээлжийн амралттай байгаа” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ч.З ын ээлжийн амралттай байх хугацаанд ажлын байрыг хадгалах учиртай. 

Иймд нэхэмжлэгч Ч.З ын “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. Ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх”-өөр заасан бөгөөд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар “Засаг даргын орлогч дарга нарт хийсэн ажлын үр дүнг дүгнэж, хариуцлага тооцох, мөн холбогдох хууль тогтоомж болон ... бүтэц, орон тооны дагуу Засаг даргын орлогчийг томилон ажиллуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, зөвшилцөхийг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжив” гэж шийдвэрлэсэн байна.  

Уг хуралдаанаар Засаг даргын орлогч нарын асуудлыг дахин оруулж ирж, зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байхад маргаан бүхий актыг маргааш нь буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж, өмнө нь ажиллаж байсан орлогч дарга нарын ажлын үр дүнг тооцох, дүгнэх ажиллагааг хийлгүйгээр, шууд ажлаас халж төрийн албаны залгамж чанарыг алдагдуулж, Ч.З нь 2016 онд үр дүнгийн гэрээ байгуулсан боловч гэрээний биелэлт архивт байхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. 

Налайх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа Ч.З ыг сахилгын зөрчил гаргасан эсэхийг хангалттай нотлоогүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасны дагуу ажлаас халсан нь  хууль зүйн үндэслэлгүй байх тул ажил, албан тушаалд нь эргүүлэн томилж, 69 дүгээр зүйлд зааснаар буруу халсан буюу “...энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ... олговрыг олгоно” гэсэн заалтаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгосонтой холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалин 4,753,016 төгрөг, онцгойн албаны нэмэгдэл 1,403,270 төгрөг, нийт 6,156,286 төгрөг /зургаан сая нэг зуун тавин зургаан мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг Налайх дүүргийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, үүнээс  зохих хууль, журмын дагуу татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийх нь зүйтэй гэж үзлээ.    

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Захиргааны Ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., 27 дугаар зүйлийн 27.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.З ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 4,753,016 төгрөг, онцгойн албаны нэмэгдэл 1,403,270 төгрөг, нийт 6,156,286 төгрөг /зургаан сая нэг зуун тавин зургаан мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг Налайх дүүргийн Засаг даргаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.З од олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА