Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/0114

 

П.Э****-ын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын ерөнхий прокурорт холбогдох

                                              захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Д.Батбаатар

Шүүгчид:                    Г.Банзрагч   

                                   П.Соёл-Эрдэнэ                  

                                   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0360 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2024/0467 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0383 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н, Ц.А нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.П.Э****-аас Улсын ерөнхий прокурорт холбогдуулан “Улсын ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32, 33 дугаар дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Улсын ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Э нь “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.5, 2.4.10-т заасан хэм хэмжээг зөрчсөн”, 33 дугаар дүгнэлтээр “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаартай зарлигийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.18, 2.4.22-т заасан хэм хэмжээг зөрчсөн” гэжээ.

2.1.Улсын ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, 66 дугаар зүйлийн 66.3, 67 дугаар зүйлийн 67.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 08 дугаар зарлигаар баталсан “Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журам”-ын 2.11, 2018 оны 12 дугаар зарлигаар баталсан “Прокурорын сахилгын дүрэм”-ийн 1.3 дугаар зүйлийн 1.3.2, 4.10, Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32, 33 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор П.Э****-ыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болгосон “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг тус тус баримтлан П.Э****-ын нэхэмжлэлтэй, Улсын ерөнхий прокурорт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Улсын ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э****-ын Улсын ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32, 33 дугаар дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

5.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0383 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Нэхэмжлэгчээс магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргасан. Үүнд:

6.1.Давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/ЕШ2024/1198 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.О, шүүгч Э.Л (илтгэгч шүүгч) нарыг, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч З.Г-ийг томилсон шийдвэрийг албажуулж, Ерөнхий шүүгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн шийдвэр гараагүй байхад шүүгч О.О шүүх хуралдааныг даргалж, шүүх хуралдааныг удирдан явуулж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

6.2.Давж заалдах шатны хуралдаан болох өдөр шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн шийдвэр албажаагүй байхад хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үйлдэл бөгөөд уг шүүхийн шийдвэр хууль бус гэж үзэж байна. Хуралдаан даргалсан шүүгч О.О нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаан явуулж хэргийг шийдвэрлэсэн мөртлөө, О.О-ийг шүүх хуралдааны даргалагчаар томилсон Ерөнхий шүүгчийн захирамжийг өөрөө 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/ЕШ2024/1254 дүгээр захирамж гаргаж, гарын үсэг зурж, тамга дарж албажуулсан нь шүүх хуралдаан явагдаж дуусаж шийдвэр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дараа шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүнийг томилсон болж байна.

6.3.Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.3-т заасныг зөрчиж, хуурамч шийдвэр гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүх хуралдаан даргалагч О.О нь шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг оролцогч нарт ойлгогдохоор танилцуулаагүй, шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг оролцогч нарт өгсөн.

6.4.Шүүгч нь хуралдаан эхлэхээс өмнө захирамж гаргаж, шүүх бүрэлдэхүүнийг баталгаажуулах ёстой байтал захирамж гаргаагүй, шүүгч О.О нь өөрийгөө хуралдаан даргалагчаар томилж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-т заасан журмыг санаатай зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлд хамаарч байх тул магадлалыг хүчингүй болгох хууль зүйн  үндэслэлтэй гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбарыг бичгээр гаргасан.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулж, тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бөгөөд хуульд заасан журмын дагуу томилогдож, албажуулаагүй шүүх бүрэлдэхүүнийг “хууль бус” гэж үзнэ.

10.Тухайн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч О.О, илтгэгчээр Э.Л, даргалагчаар шүүгч З.Г-ийг томилсон шийдвэрийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/ЕШ2024/1198 дугаар захирамжаар албажуулсан байна.

11.Харин хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны даргалагчаар О.О, бүрэлдэхүүнд З.Г, илтгэгчээр Э.Л шүүгч нар буюу шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг албажуулсан захирамжаар томилогдсон “даргалагч, бүрэлдэхүүний шүүгчид” солигдон оролцсон нөхцөл үүсжээ.

12.Гэтэл шүүх хуралдааны дараа буюу 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 221/ЕШ2024/1254 дүгээр шүүгчийн захирамжаар тус хэргийн шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг албажуулсан 221/ЕШ2024/1198 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа байх тул хяналтын шатны шүүхээс үүнийг зөвтгөх боломжгүй.

13.Иймд давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн явуулах нь зүйтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2024/0467 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТБААТАР

             ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

     Ц.ЦОГТ

                                                                                           Х.БАТСҮРЭН