Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0129

 

“А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, “А и” ХХК-ийн захирал Ё.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн К.Г гаргасан давж заалдах гомдлоор, “А и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яам, Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 63 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “А и” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/000 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” болон Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9/000 тоот “Санал өгөх тухай” захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, барилга угсралтын ажлын үлдэгдэл 4 002 258 679 төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “1. Сангийн сайдын албан бичиг нь иргэн, аж ахуйн нэгжид чиглэгдээгүй, Эрүүл мэндийн сайдад хаяглагдсан санал өгөх тухай албан бичиг юм. Эрүүл мэндийн яамнаас боловсруулсан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлд Эрүүл мэндийн яаманд өгсөн “санал” юм. Энэхүү санал авах болон санал өгөх үйл ажиллагаа нь Монгол улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол улсын Засгийн газрын худалдааны журмын 5 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээс өмнө бүх яамдаас санал авна гэсэн журмын шаардлага юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү санал өгөх, санал авах ажиллагаа нь Засгийн газраас шийдвэр гаргахдаа өөрийн кабинетийн хүрээнд Засгийн газрын гишүүдээс санал авч байгаа дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа юм. Мөн Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын шийдвэр нь “тогтоол” болон “захирамж” байх бөгөөд тэмдэглэл нь шийдвэр биш юм. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаанд хамаарахгүй байна.

Хууль дээдлэх ёс нь Засгийн газрын үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим бөгөөд яам нь хууль тогтоомжид нийцүүлэн төслийг боловсруулах ба бусад яамнаас энэхүү төсөлд санал өгөхдөө уг төсөл нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан үзэж саналаа хүргүүлдэг. Санал авсан буюу төслийг боловсруулсан яам нь ирсэн саналыг заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч яамдаас ирүүлсэн саналд хуулийн хүрээнд тайлбар оруулан нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлдэг. Сангийн яамнаас хүргүүлсэн санал Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгагдсан асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлага буюу 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалтын нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно гэсэн шаардлагыг хангаагүй тухай санал юм.

Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ажлын гэрээ нь Иргэний хуулийн дагуу талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан захиргааны гэрээ биш бөгөөд 52.2 дахь хэсэгт заасан шинжийг агуулаагүй байна.

Тендер шалгаруулалтын үр дүнд байгуулж буй энэхүү гэрээ нь тодорхой төрлийн ажлыг Иргэний хуулийн хүрээнд байгуулан гүйцэтгүүлэхээр талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээ юм. Иймд талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээнд заасан нөхцөлийн дагуу сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх эрхтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь заалтад гэрээнд тухай гэрээний үнэд тохируулга хийхээс бусад тохиолдолд гэрээний үнийг өөрчлөхийг хориглосон байдаг. Дорноговь аймгийн Засаг дарга болон “А и” ХХК-ийн  хооронд 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн СТШ-НТШ-04/00000 дугаар гэрээний 44 дүгээр тусгай нөхцөлд үнийн тохируулга хийхгүй байхаар анх байгуулсан тул гэрээний үнийг нэмэгдүүлэх буюу үнийн дүнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр хэрэв тухайн ажлын явцад зайлшгүй шаардлагатай нэмэлт ажил гарсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх хэсэгт “нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол” заасны дагуу талууд харилцан тохиролцож нэмэлт гэрээг 00 сая төгрөг хүртэлх дүнгээр хийх зохицуулалттай. Нэмэлт гэрээг зөвхөн нэмэлт ажил гарсан тохиолдолд байгуулдаг. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрт тусгасан “0,5 хувийн нэмэлт ажлын өртөг” гэдэг нь нэмэлт ажил бус анхнаасаа гүйцэтгэх ёстой байсан боловч гүйцэтгээгүй ажил юм. Хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийг Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолоор 80 сая төгрөг байхаар тогтоосон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч “А и” ХХК-аас “Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/000 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  “Санал өгөх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 6-р хэсэг, 100 ортой эмнэлгийн зураг төслийг зохиогч “Э” ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 00000 төгрөгөөр батлагдсанаас анх байгуулагдсан гэрээний 000000 төгрөгийг хасч, үлдэгдэл 00000 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2013 онд Дорноговь аймгийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан СШТ-НШТ-04/0000 тоот “Сумын төвийн шинэчлэлт” төслийн хүрээнд Замын-Үүд суманд баригдаж буй 100 ортой хүн эмнэлэгийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт 00000000 төгрөгийн үнийн саналтай оролцож, Дорноговь аймгийн Засаг дарга болон Худалдан авах ажиллагааны газрын тавьсан саналыг үндэслэж, 00000000 төгрөгөөр гэрээ байгуулж, барилга угсралтын ажлаа эхлүүлжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тендерт шалгарч барилга угсралтын ажлын гэрээг байгуулж, ажлаа эхэлсэн боловч барилга угсралтын ажлыг Барилгын хөгжлийн төвөөс зогсоож, улсын төсөвт хөрөнгө суугдахгүй, барилгын гүйцэтгэлийн санхүүжилт хугацаандаа хийгдэхгүй байсан. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хийсэн ажлын бодит гүйцэтгэлийн зургийг “Э” ХХК гаргаж, Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1313/00000 дугаар магадлалаар 0000000 төгрөг, үлдэгдэл ажил 000000 төгрөг, нийт барилгын төсөвт өртөг 000000 төгрөг болж, барилга угсралтын ажил 95 хувьд хүрсэн байхад хэрвээ тендер сонгон шалгаруулалт дахин зарлагдвал компанийн хөрөнгөөр санхүүжүүлж барьсан хөрөнгө оруулалтыг нөхөж авч чадахгүй, ихээхэн хохирол учрах болоод байна” гэж тодорхойлсон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д “нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол ирэхгүй гэж үзсэн бол” шууд гэрээ байгуулахаар зохицуулжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А и” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/000 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  “Санал өгөх тухай” захиргааны актыг хүчингүй болгож, барилга угсралтын ажлын үлдэгдэл 0000000 төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгаж  шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасантай нийцээгүй байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 6-р хэсэг, 100 ортой эмнэлгийн зураг төслийг зохиогч “Э” ХХК-ийн 2018 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвийн магадлалаар барилгын төсөвт өртөг 8.058.258.679 төгрөгөөр батлагдсанаас анх байгуулагдсан гэрээний 4.056.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 4.002.258.679 төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах” гэж тодорхойлсон нь уг гэрээ захиргааны гэрээ мөн эсэх, уг гэрээг байгуулахыг хариуцагч Эрүүл мэндийн яаманд даалгаснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх эсэх, нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д нийцэж байгаа эсэх, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч барилга угсралтын ажлын үлдэгдэл 0000000 төгрөгийг  хаанаас гаргуулах нь тодорхойгүй байхад шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт авагдсан баримтаар, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар бүхий “Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эмнэлэг, 100 ор /Дорноговь, Замын-Үүд сум/ төсөл арга хэмжээний тухай ажлын хэсгийн тэмдэглэлээс үзвэл, дээрх асуудлаар Эрүүл мэндийн яам, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, барилга, хот байгуулалтын газар, компанийн төлөөлөл хуралдаж, улмаар Эрүүл мэндийн яам, “А и” ХХК”-тай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн СТШ-НТШ-04/00000 дугаартай гэрээг байгуулж, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр, уг барилгын нэмэлт хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг ажлын хэсэгт даалгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгыг 2019 онд багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болгож шийдвэрлэсэн боловч энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн гэдэг нь тодорхойгүй байна.

Түүнчлэн тус хуралдааны тэмдэглэл болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд, “тус эмнэлэгийн барилга анх тендер зарлахдаа архитектур, барилгын бүтээцийн зураг нь магадлал хийгдсэн, бусад зургийн хувьд магадлал хийгдээгүй, 50 ортой, 75  ортой янз бүрийн зургууд холилдсон дутуу зурагтай байсан ч барилга угсралтын ажлыг эхлүүлж, зургаа гүйцээж, магадлал хийлгэхээр Дорноговь аймгийн  Газрын харилцаа, барилга, барилга, хот байгуулалтын газартай тохиролцоод ажлаа эхлүүлсэн. Дорноговь аймагт байгаа хуулбар зураг 100 ортой, бусад зураг нь 50, 75 ортой эмнэлгийн зургаар байгаа. 2018 оны 5 дугаар сард манай компаниас барилгын зураг төслийн “Э” компанид хандаж, бүх зургуудыг 100 ортой эмнэлгийн зураг болгосон, энэ эх хувь манайд байгаа, манайх эх хувь, зураг төсвөө яагаад өгөхгүй байгаа гэхээр дутуу зургийг бүрэн болгосон, өөрийн хөрөнгөөр гүйцээсэн” гэж, Дорноговь аймгийн  Газрын харилцаа, барилга, барилга, хот байгуулалтын газраас “Анх гүйцэтгэгч компани барилгын зураг төсвийг 100, 75, 50 ортой эмнэлгүүдийн зураг төсвүүдийг нийлүүлж, тендер зарласан гэж байгаа ч гүйцэтгэгч байгууллага зураг төслийг өөрчлөн барьснаас үүдэлтэйгээр барилгын ажил зогссон. Барилгыг хамгаалах горим алдагдснаас 100 хувь хийгдсэн цахилгааны монтаж бүрэн тоногдсон, хийсэн бүх цонх хагарсан, иймд өөрийн хөрөнгөөр хариуцах ёстой” гэж тус тус маргасан байна.

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт олгохыг хориглодог гэж тайлбарласан хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг анхаарч энэ талаар тодруулах ажиллагаа хийхийн зэрэгцээ Дорноговь аймгийн Засаг дарга болон “Аис и” ХХК-ийн  хооронд 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн СТШ-Ш-04/000 дугаар гэрээний 44 дүгээр тусгай нөхцөлд үнийн тохируулга хийхгүй байхаар анх байгуулсан тул гэрээний үнийг нэмэгдүүлэх буюу үнийн дүнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй гэж тайлбарлаж байгааг тодруулах ажиллагаа хийсний эцэст дүгнэлт өгөх замаар шийдвэрлэх байжээ.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, хэрэгт авагдсан баримтаар давж заалдах шатны шүүх хэргийг шйдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН