| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2023/02386/И |
| Дугаар | 210/МА2025/00372 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00372
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04578 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нийслэлийн Прокурорын Газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор эрүүгийн 1892995710304 дугаартай хэрэгт яллагдагч ******* болон түүний гэргий *******, хүү ******* нарын нэр дээр бүртгэлтэй ******* тоотод байршилтай угсармал 40 м.кв орон сууц, ******* тоотод байршилтай тоосгон 30 м.кв орон сууц, ******* байршилтай, тоосгон 100 м.кв зуслангийн байшин, ******* тоотод байршилтай 24 м.кв авто зогсоол, ******* тоотод байршилтай тоосгон, 52 м.кв сууц, ******* тоотод байршилтай дүнзэн 60 м.кв зуслангийн байшин, ******* байршилтай цутгамал бетон 18 м.кв авто зогсоолыг битүүмжилж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрхийг зөрчсөн.
1.2. Уг эрүүгийн хэрэгт *******, ******* нар аливаа хэлбэрээр оролцоогүй, огт хамаагүй, шалгагдаагүй, яллагдагчаар татагдаагүй, гэмт хэргийн улмаас олсон орлого гэх мэт тухайн гэмт хэргийн хор уршиг хариуцах эд хөрөнгө биш байхад эд хөрөнгүүдийг битүүмжилж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх заалтуудыг зөрчсөн.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзвэл зөвхөн яллагдагч болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг авахаар заасан.
1.3. Эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ сэргээлгэхээр шат шатны прокурорт удаа дараа өргөдөл, гомдол гарган хандахад зарим эд хөрөнгийг битүүмжилсэн нь буруу болохыг хүлээн зөвшөөрч, дараах байдлаар хариу өгч байсан. Үүнд:
Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 5/227 тоот гомдлын хариу мэдэгдэх хуудсанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн *******ын эд хөрөнгө болох нь тогтоогдож байх бөгөөд ******* нь 1802005710304 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдаагүй байх тул эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ гэж,
Нийслэлийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх ын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5/599 тоот гомдлын хариу бичигт Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг үүгээр мэдэгдье. гэсэн боловч одоогоор эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөөгүй байна.
Иймд Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 4-т заасан битүүмжилсэн эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэж үзэж, улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг битүүмжилсэн. Тухайн гэмт хэрэг нь эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Гэвч улсад 1,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан тул Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тогтоол үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч биш гэдгийг хяналт тавьж буй прокурор нь албан ёсоор бичгээр хариу өгсөн, анх битүүмжлэхдээ алдаа гаргасан гэдгээ тодорхой болгон өөрийн үйлдсэн тогтоолдоо өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж хуульд заасан эрхийнхээ хүрээндээ шийдвэрлэсэн байхад хэргийг хаасан өөр прокурорын алдаатай, хууль зөрчсөн тогтоолыг үндэслэн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх заалтыг баримтлан тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт тодорхой дурдаагүй, ганц хуулийн зохицуулалтыг баримталж хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн шийдвэр нь хариуцагчийн үндэслэлгүй тайлбарт тулгуурласан буюу нөхөр нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир цаашид гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй болсон, харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хамт амьдарч байхдаа эхнэр нь өөртөө тусдаа хөрөнгөтэй байх тул тухайн эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого, хөрөнгө мөн эсхүл биш байх эсэхээс үл хамааран бусдад учирсан хохирол гэх шүүхээр тогтоогдоогүй дүнг төлж барагдуулах, прокурорын байгууллагад дотооддоо нэг эрүүгийн хэрэгт хүчин төгөлдөр болсон өмнөх хяналтын прокурорын шийдвэрийг хүчингүй болголгүй дахин тогтоол гаргахдаа өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн зэргийг үл харгалзан, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан төлбөрийн үүрэг шаардаагүй, сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчлөх эрхтэй нь холбогдуулан үүрэг шаардаагүй атал үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна.
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32023/13286 дугаар захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар хэргийг нэгтгэснээр хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэнэ гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой.
Учир нь, хариуцагч ******* нь , *******, -д холбогдуулан 1,965,000,000 төгрөг гаргуулах маргаан бүхий иргэний хэрэг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай тогтоолыг үндэслэсэн эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай тогтоолоор хэнээс хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр хариуцан гаргуулах асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй, тухайн тогтоолд нь нэхэмжлэгчийг хамааралгүй гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр прокурорын шийдвэр нь байдаг тул анхнаасаа хариуцагчаар татан оролцуулалгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа нь үргэлжилсээр байна.
4.4. Анхан шатны шүүхийн шийдвэр нь эрүүгийн хариуцлага буюу гэм буруутай эсэхээс үл хамааран өөр хүн, хуулийн этгээдийн хариуцвал зохих өр төлбөрийг өөрийн шударгаар олж авсан эд хөрөнгөөр хариуцах, мөн хариуцах эсэх нь тодорхойгүй буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.5. Мөн ******* нь өөрийн төрсөн хүү *******ыг төлөөлөн хамтран нэхэмжлэгчээр шүүхэд хандахад иргэний хэрэг үүсэхээс эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орхигдуулан шүүхийн шийдвэрт тусгаагүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Маргаан бүхий 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолд тухайн хэргийн оролцогчид болон нэхэмжлэгчийн зүгээс дээд шатны прокурорт гомдол гаргаагүй. Прокурорын тогтоол өнөөдрийг хүртэл хүчинтэй бөгөөд дээд шатны прокуророос хүчингүй болгоогүй байдаг. Эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжилж байгаа асуудал тусдаа, прокурорын тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр тусдаа асуудал. Тийм учраас иргэний хэргийн харьяаллын маргаан гэж үзэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай тогтоолоор *******г ******* ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын төсөвт их хэмжээний буюу 1,965,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг авч, ******* тоотод байршилтай угсармал 40 м.кв орон сууц, ******* тоотод байршилтай тоосгон 30 м.кв орон сууц, ******* байршилтай, тоосгон 100 м.кв зуслангийн байшин, ******* тоотод байршилтай 24 м.кв авто зогсоол, ******* тоотод байршилтай тоосгон, 52 м.кв орон сууц, ******* тоотод байршилтай дүнзэн 60 м.кв зуслангийн барилга, ******* байршилтай цутгамал бетон 18 м.кв авто зогсоолыг тус тус битүүмжилжээ. /хх-ийн 26-27 дугаар тал/
3.2. Улмаар Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр яллагдагч ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, *******гийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэрийг хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх хүртэл хэвээр үлдээжээ. /хх-ийн 17-25 дугаар тал/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
4.1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд энэхүү зөрчигдсөн эрх нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн байх учиртай.
Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг үндэслэн иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэх болохыг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зохицуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар, прокурорын тогтоолоор битүүмжилсэн байх тул уг ажиллагааны журмаар битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөх эсэх асуудал нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд хамаарахгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, ерөнхий харъяаллын шүүхэд хамаарах маргаан мөн эсэхийг нягтлалгүй иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харъяалал зөрчсөн байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04578 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөхийг даалгах тухай *******ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА