Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00316

 

 

 

*******, *******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 189/ШШ2024/00060 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* -д холбогдох

26,100,000 төгрөгийн цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, *******, ******* нар нь ******* -тай 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Улаанбаатар хотын шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд оролцохоор 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай ажиллахаар тохиролцсон.

1.2. ******* -иас 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 2 өөр төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.4 дэх хэсгийг үндэслэн 90 хоногийн цалин хөлс *******д 9,000,000 төгрөг, *******ад 9,000,000 төгрөг, *******ад 8,100,000 төгрөг нийт 26,100,000 төгрөгийн цалин хөлсийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ажилд орсон он, сар, өдөр болон ажилласан хугацаа, цалингийн талаар зөрүүтэй тайлбар гаргадаг ба манай байгууллагын ирцийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтрийн бүртгэл зэрэгт нэхэмжлэгч нарыг 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажилласан талаар бүртгэл хийгдсэн.

2.2. Нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаачлан цалингийн хэмжээг 1 өдрийн 100,000 төгрөг гэж гэрээгээр тохироогүй, мөн дундажаар 80,000 төгрөгөөр тохирсон ч асуудал байхгүй. Тухайн үед туслах ажилтны цалинг 50,000 төгрөг, арматурчныг 70,000 төгрөг, мужааныг 80,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохирч байсан. Нэхэмжлэгч нар ажиллаж эхлэхдээ бүгд туслах ажилтнаар 50,000 төгрөгөөр цалинжиж байсан. Харин төв цэвэрлэх байгууламж дээр ирснээс хойш ******* 70,000 төгрөгийн цалинтай, ******* 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. *******ы хувьд туслахаар ажиллаж байгаад сүүлд нь арматурчин болж, цалин нь 70,000 төгрөг болсон.

2.3. Нэхэмжлэгч нар 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл манай байгууллагад харьяалагдан ажилласан. Бүтэн гурван сар буюу 90 хоног ажиллах боломжгүй. 2 дугаар сар 28 хоногтой, 3 дугаар сард Наурызын баяр болсонтой холбогдуулан казах ажилчдыг 2 хоног амраасан. Нэхэмжлэгч нар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажил хаяж яваад 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үлдэгдэл цалингийн тооцоо нийлж, гарын үсэг зурж, цалингийн үлдэгдлээ баталгаажуулаад явсан. Иймд манай байгууллагын зүгээс 6,232,000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байгаа, үлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* -иас *******д 1,227,000 төгрөг, *******ад 2,745,000 төгрөг, *******ад 2,226,000 төгрөгийн цалинг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,402,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,595 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч ******* -иас нэхэмжлэгч нарт олгосон дүнгийн хэмжээгээр нийт 114,118 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхээс шийдвэрлэсэн цалин, хөлс нь зөвхөн сүүл мөнгө буюу цалингийн үлдэгдлийн тооцоо нийлсэн баримтыг үндэслэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хариуцагчаас гаргаж өгсөн ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудыг хамруулж шүүхээс тэгш үнэлсэн тохиолдолд нэхэмжлэгч нарын ажилласан 66 хоногийн цалин, хөлсийг эхний болон дунд хугацааны, сүүлийн үлдэгдэл мөнгө гэж бүхэлд нь бүрэн хэмжээгээр тооцож гаргах боломжтой байсан.

4.2. Багахангай дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, ******* -ийн захирал *******гийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Түр ажилтны цалингийн хэмжээг тогтоох тухай 28 дугаар тушаал болон Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Цалингийн үлдэгдлийг өгөх хуваарь зэрэг бусад ач холбогдол бүхий нотлох баримтыг анхан шатны шүүх бүхэлд нь үнэлээгүй.

4.3. Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн 6,198,000 төгрөг нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Цалингийн үлдэгдлийг өгөх хуваарь гэх нотлох баримтад үндэслэсэн бөгөөд энэ зөвхөн сүүл мөнгө буюу цалингийн үлдэгдэл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон нийт ажилласан 66 хоногийн цалин хөлсийг дээр дурдсан бусад ач холбогдол бүхий нотлох баримтад тусгагдсан цалингийн хэмжээнд үндэслэн тооцож үзвэл 13,200,000 төгрөг болох бөгөөд уг дүнгээс шийдвэрлэгдээгүй үлдсэн нийт цалин хөлсний зөрүү болох 7,002,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгуулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. БНХАУ-ын санхүүжилтээр төв цэвэрлэх байгууламж баригдахаар болсон бөгөөд олон улсын төсөл, тендерийн асуудал яригдсан учраас тухайн газар гэссэн буюу дулаан орсон үед дан цутгалтын ажлыг авсан тул 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс уг ажлыг эхлүүлсэн.

5.2. ******* нь нэг өдөрт туслах ажилтанд 50,000 төгрөг, арматурчин 70,000 төгрөг, мужаанд 80,000 төгрөгийн цалин олгохоор тооцож байсан. Нэхэмжлэгч нарын хувьд 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ажлаа орхиж явсан учраас ажилласан хугацааны цалингийн үлдэгдлийн тооцоог нэхэмжлэгч нартай хийсэн, энэ талаарх баримтыг гаргаж өгсөн. Цалингийн үлдэгдлийн тооцоо нь нэхэмжлэгч нар ажилд орсноос хойш хэд хоног ажиллаж, хэдэн төгрөгийн цалин авахыг тооцож гаргасан ба нэхэмжлэгч нарын зүгээс гарын үсгээ зурж, баталгаажуулсан.

5.3. Хариуцагч талаас 13 сая төгрөг авахаар маргаад байгаа нь *******аас ажилчдын хүнсэнд авсан махны мөнгө болох 5 сая төгрөгийг нэмсэн дүн бөгөөд энэ нь Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал. *******ы махны үнэ дээр түүний хүргэн болох *******ын цалинг нэмж тооцоод нийт 12,000,000 төгрөгийн үнэ бүхий приус маркийн автомашин өгөхөөр тохиролцож байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч ******* -д холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 3 сар буюу 90 өдрийн цалин 26,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрх гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч нарыг тодорхой хугацаанд ажилласан асуудлаар талууд маргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар цалин хөлс шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Мөн талуудын маргааны зүйл нь цалин хөлсний хэмжээ болон ажилласан хугацааны асуудал болсныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.1. Хэрэгт талуудын хэн алины нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрээнд нэг өдрийн цалингийн хэмжээг ******* 100,000 төгрөг, ******* 100,000 төгрөг, ******* 90,000 төгрөг гэж тусгажээ. /хх-ийн 32-49 дүгээр тал/

Харин хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан хөдөлмөрийн гэрээнд /хх-ийн 75-80, 85-90, 93-98/ цалин хөлсний хэмжээг тусгаагүй боловч хэргийн 136-141 дүгээр талд авагдсан цалингийн хүснэгтэд тусгаснаар 2022 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч тус бүрт туслах ажилтнаар 3 өдөр ажилласан цалин 150,000 төгрөг олгохоос хувь хүний орлогын албан татварт 15,000 төгрөг суутгаж, тус бүр 135,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сард ******* туслах ажилтнаар 13.5 өдөр ажилласан цалин 675,000 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт 67,500 төгрөг суутгаж 607,500 төгрөг, ******* туслах ажилтнаар 24.5 өдөр ажилласан цалин 1,225,000 төгрөг, ХХОАТ-т 122,500 төгрөг суутгаж, 1,102,500 төгрөг, ******* туслах ажилтнаар 25 өдөр ажилласан цалин 1,250,000 төгрөг, ХХОАТ-т 125,000 төгрөг суутгаж 1,125,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сард ******* туслах болон арматурчнаар нийт 1,188,900 төгрөгөөс урьдчилгаа 90,000 төгрөгийг хасаж 1,098,900 төгрөг, ******* арматурчнаар 26.5 өдөр ажилласан цалин 1,855,000 төгрөгөөс ХХОАТ-т 185,500 төгрөг суутгаж, 1,669,500 төгрөг, ******* туслах ажилтнаар 25 өдөр ажилласан цалин 1,250,000 төгрөгөөс ХХОАТ-т 125,000 төгрөг суутгаж, 1,125,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сард ******* арматурчнаар 3.5 өдөр ажилласан цалин 245,000 төгрөгөөс ХХОАТ-т 24,500 төгрөг суутгаж 220,500 төгрөг, ******* 4 өдөр ажилласан цалин 280,000 төгрөгөөс 28,000 төгрөг суутгаж 252,000 төгрөг, ******* туслах ажилтнаар 4 өдрийн цалин 200,000 төгрөгөөс 20,000 төгрөг суутгаж 180,000 төгрөг нийт ******* 2,061,900 төгрөг, ******* 3,159,000 төгрөг, ******* 2,565,000 төгрөгийн цалин тус тус тооцогдсон байна.

Мөн хэргийн 62 дугаар талд авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар цалингийн үлдэгдэл өгөх хуваарьт ...******* 1,227,000 төгрөг, ******* 2,745,000 төгрөг, ******* 2,226,000 гэж тусгагдаж, тус бүр гарын үсэг зурсан байх ба ийнхүү цалингийн тооцоо хийсэн асуудлаар талууд маргаагүй.

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт ажилтан нь гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн гэрээнээс өөр нотлох баримт гаргаж өгөөгүй, тус гэрээний 1.9-д 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 3 сар гэж гэрээний хугацааг тодорхойлсон байх ба уг хугацааг нэхэмжлэгч нарын ажил үүрэг гүйцэтгэсэн хугацаа гэж тооцох үндэслэлгүй бөгөөд хариуцагч талаас гаргаж өгсөн дээрх 2 баримтаар нэхэмжлэгч нарын тодорхойлсон цалингийн хэмжээ болон ажилласан хугацаа дараах байдлаар үгүйсгэгдсэн гэж үзнэ. Үүнд:

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн үлдэгдэл тооцсон баримтад нэхэмжлэгч нар гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, тухайн баримтад тусгагдсан үлдэгдэл цалингийн хэмжээг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэл болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн цалингийн тооцоолол болон цалингийн үлдэгдлийн баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

Мөн хэрэгт авагдсан ******* -ийн захирлын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай Түр ажилтны цалингийн хэмжээг тогтоох тухай тушаалаар ...мужаан 80,000 төгрөг, арматурч 70,000 төгрөг, туслах ажилтан 50,000 төгрөг гэж цалинг тогтоосон байх ба нэхэмжлэгч нарын цалин хөлсийг уг тушаалд дурдсан хэмжээгээр тооцсон байна. Иймд дээрх тушаалыг анхан шатны шүүх үнэлээгүй гэх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүх хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарт олговол зохих цалингийн хэмжээг тогтоохдоо нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Харин хэргийн 141 дүгээр талд авагдсан 2022 оны 4 дүгээр сарын цалингийн баримтаас үзэхэд *******ы цалингаас зөрчил 430,000 төгрөг суутгасан, уг зөрчилтэй холбогдох баримтыг хариуцагч байгууллага гаргаж өгөөгүй байх тул тухайн суутгалыг хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч *******д 430,000 төгрөгийг нэмж олгох нь хуульд нийцнэ.

4. Нэхэмжлэгч нар нь Багахангай дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дээрх маргаантай асуудлаар гомдол гаргасан, тус хорооны хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ асуудлаар талууд маргаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч байгууллагаас 1,657,000 төгрөг /1,227,000 + 430,000/ гаргуулж *******д, 2,745,000 төгрөг гаргуулж *******ад, 2,226,000 төгрөг гаргуулж *******ад тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,472,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 189/ШШ2024/00060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* -иас 1,657,000 төгрөг гаргуулж *******д, 2,745,000 төгрөг гаргуулж *******ад, 2,226,000 төгрөг гаргуулж *******ад тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,472,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,595 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* -иас улсын тэмдэгтийн хураамжид 120,998 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,982 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА