Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох 1921004450210 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1251 дугаар зүйлийн 1251.2 дахь xэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлсэн, Э.Б. /РД: .................../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны 10 тоотод орших гэртээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд хамтран амьдрагч Ю.Энхжаргалын нүдэн тус газар цохиж, түлхэж унагасны улмаас пааранд цохигдож, зүүн 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “00” цагийн үед согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны 10 тоотод орших гэртээ хамтран амьдрагч Ю.Энхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1921004450210 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ...21 цагийн орчимд гэр рүүгээ явж байх замдаа найз Ганбат, Ганбаяр, Ирээдүй гуравтай таархад Ирээдүйгийн төрсөн өдөр гээд бид дөрөв ...“Сэт” баар хаалттай байхаар нь хашааны гадна дөрвүүлээ 0,75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд л тэндээс яаж гэртээ харьсан, юу болсон талаар огт санахгүй байна. Өглөө сэрэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Тэгээд эхнэр Энхжаргалтай уулзахад “намай согтуу гэртээ орж ирээд шалтгаангүй зодсон гэж хэлсэн... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

Хохирогч Ю.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны орой Э.Б нь ...унтаж байхад нилээн согтуу орж ирээд миний гуя руу 2-3 удаа алгадаад байхаар нь “яаж байгаа юм бэ” гээд шалан дээр байсан гар утсаа автал Б “миний утас аваад ир” гэсэн. Би утаснаас нь сим картаа авах гэтэл гар утсаа булааж аваад шууд миний баруун нүдний доод хэсэгт зангидсан гараараа 1 удаа цохиод намайг түлхсэн. Би унахдаа нуруу хэсгээрээ пааранд цохигдож унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаартай:

1. Ю.Энхжаргалын биед зүүн 8, 9, 10-р хавирганы далд хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун тохиод цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чапварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт, яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 15-18, 27, 15, 37, 41-46 дугаар хуудас/, хохирогч Ю.Энхжаргалын хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, гомдол саналгүй болсон тухай 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Б нь өмнө нь ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд хэрэгт хавсаргасан Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолыг нотлох баримтанд ирүүлсэн байна.   

 

Эрүүгийн 1921004450210 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 16 дугаар байрны 10 тоотод орших гэртээ хамтран амьдрагч Ю.Энхжаргалын нүдэн тус газар цохиж, түлхэж унагасны улмаас пааранд цохигдож, зүүн 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ю.Энхжаргал /хх-ийн 19-21 дүгээр хуудас/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын  2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 15-18 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Б нь хохирогч Ю.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч Э.Б-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Б-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.Б-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН