| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 133/2024/00471/И |
| Дугаар | 215/МА2025/00004 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 215/МА2025/00004
Р.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00510 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *********** сумын *** -р баг, ************ *** - *** тоотод оршин суух, Д овгийн Р.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *********** сумын Ерөнхий боловсролын ********* сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Э (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.С, хариуцагчийн өмгөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие боловсролын салбарт 2007 оноос хойш тасралтгүй тогтвор суурьшилтай 17 жил ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/56 дугаартай ерөнхий боловсролын ********* сургуулийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Есөнбулаг сумын ********* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.С нь намайг ажлын хариуцлага алдаа дутагдал зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********* сургуулийн захирлын Б/56 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, Говь-Алтай аймгийн ********** сумын ********* сургуулийн бага ангийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдрөөс шүүх хурал болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг Говь-Алтай аймгийн ************ сумын Ерөнхий боловсролын ********* сургуулиас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн хариу тайлбар: Өөрөө тайлбартаа боловсролын байгууллагад 17 жил ажилласан гэж байна. 2019 онд ********* сургуулийг анх байгуулагдахад ********** сургуулиас шилжин очсон багш нарын нэг бол Р.Э багш байгаа. Алдаа дутагдал гаргаж байгаагүй, эцэг эхчүүдээс санал гомдол ирж байгаагүй гэж хэлдгийг би няцаах бодолтой байна. Яагаад гэхээр хамгийн анх 2019 онд ********* сургууль байгуулагдахад эдний анги хамгийн олон хүүхэдтэй буюу 42 хүүхэдтэй байсан. Төгсөхөд үндсэн ангиас 20 хүрэхгүй хүүхэд үлдэж бусад хүүхдүүд нь шилжсэн бөгөөд нэг өдөр 7 хүүхэд шилжиж байсан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хичээлийн жилийн төгсгөлд бүх багш нар хийсэн ажлаа 3 минутад багтаагаад тайлан тавъя гэдэг байдлаар удирдлагуудын зүгээс тайлан тавих хугацааг зарлаад 06 дугаар сарын 11-ний өдөр бага ангиуд тухайн өдөр тарчихсан байсан. Энэ хугацаанд тайлан тавиад явахад сургуулийн хүчирхэг хамт олон групп дээр тавина гээд тавихад Р.Э багш бид нар яагаад тайлан тавих ёстой юм бэ, удирдлагууд эхлээд тавьчих, бид нарын ярьсан юмыг нийлүүлээд сургуулийн тайлан гаргадаг биз дээ, бүгдээрээ тавихгүй шүү гэдэг байдлаар хувь хүмүүс рүү ярьсан, хүмүүсийг тайлангаа тавихгүй гэдэг байдлаар эсэргүүцлийн ажил хийж групп дээр тавьсан. Энэ талаар баримтыг хэргийн материалд гаргаж өгсөн. Манай сургуулиас ганцхан Р.Э багш тайлангаа тавиагүй. Орон нутгийн сангийн хөгжлийн хөтөлбөрөөс бид нар 10,000,000 төгрөг аваад бүх ангиа, коридоруудаа тухайн үедээ шаардлага хангасан ийм камеруудаар хангаж тавьсан. Энэ камер байх хугацаанд Р.Э багш 2 удаа камерыг эвдээд хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сард өөрөөр нь төлүүлсэн байгаа. Энэ талаар баримт нь авагдсан байгаа. Эхний удаад 180,000 төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаасаа гаргаж байсан. Дараагийн удаа өөрөөр нь төлүүлсэн байгаа. Улаанбаатар хотоос камерын компани ирээд эвдэрхий камерууд, сайжруулах шаардлагатай камеруудыг сайжруулсан. Р.Э багш шашины зан үйлийн үйл ажиллагаа явуулахдаа камерыг бол байнгын унтраадаг. Дараагийн дугаарт 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар багш нар 48 хоног амардаг ийм ажлын онцлогтой. 08 дугаар сарын 28-ны өдөр тушаалын дагуу ажилдаа ирэх байсан. Гэвч энэ багш ажилдаа ирээгүй. Мөн Боловсролын ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу энэ жил багаар бодоход долоо хоногийн өмнө сургууль цэцэрлэгийн багш нарыг ажилд нь оруулаад хичээлийн бэлтгэлээ хангаж ажиллана уу гэсэн ийм чиглэл 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0576 дугаар чиглэл өгөгдсөн. Энэ багш 5 дугаар ангиа төгсгөөд 1 дүгээр анги авах байсан. Нэгдүгээр ангийн багш нар онцлогтой байдаг. Бага ангийн сургалтын менежер А багш энэ багш руу холбогдоод 08 дугаар сарын 21-ний өдрөөс ажил эхэлнэ. Тиймээс ээлжээр суугаад ирсэн хүүхдүүддээ бүртгэлээ хийлгэ гэсэн. Гэвч Р.Э багш утсаа аваагүй, мессеждээ хариу өгөөгүй. Нөгөө хоёр багш бүртгэлээ хийгээд ээлжлээд явсан. 08 дугаар сарын 28-нд ажилдаа орох байх гээд хүлээсэн боловч бас ирээгүй. 09 дүгээр сарын 02-ны өдөр түүх нийгмийн багш Н багшаар өргөдлөө өгч явуулсан. Би эхэндээ энэ хүний өөрийнх нь өргөдөл мөн үү, өөрөө яагаад авч ирж өгөхгүй байгаа юм бэ гэж асуугаад өргөдлийнх нь дагуу өргөдлийг нь хүлээж аваад тушаал гаргасан байгаа гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д овгийн Р.Э-ийг Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын ********* сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Д овгийн Р.Э-т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,144,013.48 /найман сая нэг зуун дөчин дөрвөн мянга арван гурван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын ********* сургуулиас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Р.Э-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Р.Э нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын ********* сургуульд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 8,144,013 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 145,254 төгрөг, нийт 215,454 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын ********* сургуулиас гаргуулан улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00510 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт ажил олгогч нь 08 дугаар сарын 21-ний өдрөөс сургалтын үйл ажиллагааг эхлүүл гэсэн Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийг багш Р.Э-т мэдэгдээгүй, 08 дугаар сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 06 дугаар сарын 17-нд гардуулж өгсөн нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Ажил олгогчоос ажилтан багш Р.Э-тэй Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус гэрээнийхээ 7.11-д заасан үндэслэлээр буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш хоног ажил таслах” нь хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамаарах бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан.
Ажил олгогчийн хувьд нэхэмжлэгч Р.Э ажлын хариуцлагагүй байдал, өгсөн үүрэг чиглэлийг биелүүлдэггүй байдалтай нь холбоотойгоор ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 06 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай албан тоотоор 08 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч нэхэмжлэгч Р.Э-ийг өөрөө хүсэлтээ гаргаад ирэх хүртэл ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр гаргаагүй байсан. Р.Э багшийн хувьд 1 дүгээр анги хүлээж авах ёстой байсан бөгөөд тус байдалтай нь холбоотойгоор ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй байсан. Хэдийгээр ажил олгогч, ажилтны хооронд 06 дугаар сард үл ойлголцол бий болсон хэдий ч ажил олгогчоос тушаал шийдвэр гаргаагүй байхад ажиллах үүрэг нь ажилтанд хэвээр хадгалагдаж байсан.
Ажилтан ажил олгогч үл ойлголцох нь ажил таслах шалтгаан болохгүй бөгөөд нэхэмжлэгч Р.Э хувьд тухайн цаг хугацаанд өөрийн эрхэлсэн ажилдаа ирэхгүйгээр Улаанбаатар хотод өөр ажилд орсон байдаг.
Анхан шатны шүүхээс гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд заасан байхыг шаардана гэж дүгнэчихээд ажил олгогчоос мэдэгдэх хуудас өгсөн байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 7.11 дүгээр заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш хоног ажил таслах” нь хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцогдож хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохыг тодорхой заасан байхад мэдэгдэх хуудас нь хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийг багш Р.Э-т мэдэгдээгүй нь ажил үүргээ гүйцэтгэхгүй байх шалтгаан болно гэж анхан шатны шүүхээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Боловсролын ерөнхий газраас ирсэн 08 дугаар сарын 21-ний өдрөөс сургалт, зохион байгуулалтын үйл ажиллагааг эхлүүл гэсэн үүрэг чиглэлийг нийт хамт олны групп чатанд байршуулсан байдаг бөгөөд тус үүрэг чиглэлийн дагуу багш ажилчид хичээл, сургалтын бэлтгэл ажлыг хангасан байдаг. Гэтэл ганцхан Р.Э багш тухайн үүрэг чиглэлийг мэдээгүй, мэдэгдээгүй гэсэн асуудлыг ярьж байгаа нь ор үндэсгүй зүйл болох нь тодорхой байдаг. Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн бусад багш ажилчид тухайн үүрэг чиглэлийг мэдээд ажил үүргээ гүйцэтгээд, хичээл сургалтынхаа бэлтгэлийг хангаж ажлын цагаа бүртгүүлээд ажиллаж байхад ганцхан Р.Э багшид тусгайлан мэдэгд, бусад ажилчдад өөр байдлаар мэдэгд гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Нийтдээ 87 ажиллагсадаас ганцхан багшид тохируулж үйл ажиллагаа эрхэлж явуул гэсэн зохицуулалт Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод хэм хэмжээ, боловсролын салбарын хууль тогтоомжид байхгүй. Байгууллагын мэдээллийн нэгдсэн чат, группэд байршуулсан мэдээллийг ганцхан багшид тусгайлан мэдэгдэх, албан тоот өгөх зохицуулалт байхгүй учир нэхэмжлэгч Р.Э-ийг Боловсролын ерөнхий газраас өгсөн үүрэг, чиглэлийг ганцаараа мэдээгүй, мэдэгдээгүй гэх нь өрөөсгөл дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Ажил олгогчоос Р.Э багшийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэсэн нь тухайн ноцтой зөрчлийг шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00510 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч Р.Э нь Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын ********* сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
8. Нэхэмжлэгч Р.Э нь Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 04 дүгээр сараас эхлэн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын *** -р сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/56 дугаартай тушаал, Р.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын ********* сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/56 дугаартай “Р.Э-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлжээ.
9. Нэхэмжлэгч нь “...Би боловсролын салбарт 17 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Ажлын хамт олон болон эцэг, эхийн зүгээс ямар нэгэн санал гомдол гаргаж байгаагүй. Зүгээр ажлаа хийж байсан. Гэнэт ажлаас халагдсан учраас буцаад ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны цалин мөнгө гаргуулах хүсэлттэй байна...” гэж мэтгэлцжээ.
10. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ч.С нь “...нэхэмжлэгч Р.Э тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд өөрийнх нь хүсэлт, 7 өдрийн ажил тасалж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн болно” гэж татгалзжээ.
11. Хариуцагч нь Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 7.11 дэх заалт, байгууллагын дотоод журмын 8.2.2 дахь, 9.1.1 дэх заалт, 11.3 дахь хэсэг, 11.15 дахь хэсэг, 15.4 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтуудыг үндэслэн Р.Э-ийг ажлаас чөлөөлжээ.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан (хоёр ба түүнээс дээш) гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж, мөн хуулийн 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж,
Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд
33.3.2 дахь хэсэгт “...тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх” гэж,
Хөдөлмөрийн гэрээний 7.11-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш хоног ажил таслах” гэж,
Байгууллагын дотоод журмын 8.2.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 болон түүнээс дээш хоног ажил тасалбал ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж,
9.1.1-т “ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 хүртэл цаг байна. Зарим тохиолдолд ажлын өдрийн үргэлжлэх цагийг долоо хоногийн ажлын цагт багтаан зохицуулж болно” гэж,
11.3-т “Багш ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үр дүнг тайлагнаж, өөрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг удирдлага болон холбогдох албан тушаалтанд цаг алдалгүй танилцуулж ажиллана” гэж,
11.15-д “Байгууллага болон хамт олон, ЗАН (заах аргын нэгдэл), секц, сургуулиас зохион байгуулж гүйцэтгэж байгаа ажлыг мушгин гуйвуулах, зохион байгуулалтыг эвдэн, нэр төрийг үл хүндэтгэх, сургууль хамт олны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахыг хориглоно” гэж,
15.4-т “Байгууллагын зураглал бүхий хэсэгт байршуулсан камерийг санаатайгаар хаах, халхлах, унтраахыг хориглоно” гэж,
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.
13. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт:
- ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан (хоёр ба түүнээс дээш) гаргасан,
- хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх 2 үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заажээ.
14. Хариуцагч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давтан зөрчлөөр халаагүй. Ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр халсан. Ямар нэгэн шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан гэдэг байдлаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан” гэж, “өмнөх ажлаас чөлөөлөх мэдэгдэл хамаагүй, зөвхөн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр чөлөөлсөн” гэж тайлбарлаж байна.
Дээрх хуулийн зүйлд заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл хийсэн байхыг ойлгодог. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
15. Ажил олгогчоос ажилтантай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлийн талаар заасан байна. Үүнд: 7.11-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш хоног ажил таслах” гэж заажээ.
16. Нэхэмжлэгч Р.Э-т хариуцагч байгууллагаас Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын ********* сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай бага боловсролын багш Р.Э-т мэдэгдэл хүргүүлэх тухай “Бага боловсролын багш Р.Э нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.14 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.13, 7.17 дахь заалтуудыг зөрчсөн нь Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.15, 11.17, 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг тус тус зөрчиж Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахгүй, удаа дараа зөрчсөн тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр ажлаас чөлөөлөх болсныг үүргээр мэдэгдэж байна” гэх мэдэгдэл хүргүүлжээ.
17. Нэхэмжлэгч Р.Э нь Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын ********* сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/39 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын 51 дүгээрт зааснаар 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлжээ.
18. Боловсролын ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/3576 тоот албан бичгийн хавсралтад “хичээлийн жилийн бүтэц, орон нутаг, сургуулийн онцлогтой уялдуулан хичээл сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хичээл эхлэхээс нэгээс доошгүй долоо хоногийн өмнө эхлүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн багш нарын ээлжийн амралтад боломжит зохицуулалт хийх” гэжээ.
19. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.С “...Р.Э багш 08 дугаар сарын 21-ний өдрөөс ирж ажиллах боломжтой байсан. Бага ангийн заах аргын нэгдлийн групп дээр бичсэн байсан. Ганцхан Р.Э багшаас мэдээлэл, тодорхойлолт ирээгүй байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэгч Р.Э нь 08 дугаар сарын 21-ээс хойш ирж нэгдүгээр ангиа ав гэдэг зүйл хэлээгүй. Албан ёсоор 28-нд А багш ярьсан гэж тайлбарлаж байх ба ажил олгогчид Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийг нэхэмжлэгч Р.Э-т мэдэгдсэн, танилцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Р.Э-ийг уг чиглэлийг мэдэж байсан гэж үзэх боломжгүй юм.
20. Нэхэмжлэгч Р.Э “...Миний оронд ажиллах багшийг 08 дугаар сарын 28-ны өдөр авсан байсан учраас хүсэлт өгсөн гэж тайлбарлаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.С 08 дугаар сарын 30-ны өдөр яаралтай тушаал гаргаж Н багшийг авсан гэж нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжин тайлбарлаж байна.
21. Говь-Алтай аймгийн ********** сумын ********* сургуулийн БАЗАН (бага ангийн заах аргын нэгдэл)-ны ажлын цагийн гар бүртгэлд 1б Р.Э гэж нэр бичигдсэн хэсэгт цаг бүртгээгүй хоосон байх ба Ч.Н гэж нэр бичиж 29-ний өдрөөс эхлэн цаг бүртгэсэн байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгчид 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдөх болсныг мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн, 08 дугаар сарын 29-ний өдрөөс Д.Н ажлын цагаа бүртгүүлсэн, хариуцагч 08 дугаар сарын 30-ны өдрөөс багш Н-ыг ажилд авсан гэж тайлбарлаж байгаа атлаа Р.Э-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгч Р.Э-ийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөөр урьдчилан мэдэгдсэн байх бөгөөд энэ мэдэгдлийг ажил олгогчийн зүгээс хүчингүй болгож, Р.Э-ийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн талаар ямар нэгэн шийдвэр гаргаж, Р.Э-т мэдэгдээгүй тохиолдолд түүнийг мэдэгдэх хуудсанд заасан хугацаанаас хойш ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Р.Э-ийг 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч байгууллага нь зөрчлийг эргэлзээгүйгээр нотолж, тогтоолгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байна.
22. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, зохигчийн тайлбар, мэтгэлцээнээс үйл баримтад зөв дүгнэлт хийж, ажил олгогч ажилтныг ажлаас буруу халсныг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлэн тогтоосон байна.
23. Ажилтныг ажлаас буруу халсан ажил олгогчийн буруутай нь тогтоогдож байх тул ажилтан Р.Э зөрчигдсөн эрхийг сэргээсэн шийдвэр нь хуульд нийцсэн байна. Энэ нь ажилтны шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
24. Анхан шатны шүүх цалин хөлсийг зөв тооцож нөхөн олговрыг гаргасан байна. Иймд нэхэмжлэгч Р.Э-ийг Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын ********* сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн ************ сумын Ерөнхий боловсролын ********* сургуульд даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 133/ШШ2024/00510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ