Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/04552

 

2016 оны 07 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04552

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Кёкүшү тауэр, 405 тоот хаягт байрлах, Коол Адвентурс ХХК /РД: 5244552/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Эл Ди Жи ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Коол Адвентурс ХХК-ийн нэхэмжлэлтэй Эл Ди Жи ХХК-нд холбогдох автомашины үнэ 43.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг тодорхойгүй байх тул Эл Ди Жи ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралдаан товлогдсон цагт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал би оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Коол Адвентурс ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Эл Ди Жи ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт байрладаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22276 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр Коол Адвентурс ХХК-ийн нэхэмжлэлтэй Эл Ди Жи ХХК-д холбогдох автомашины үнэ 43.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Эл Ди Жи ХХК нь дээрх шүүгчийн захирамжаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Даймонд оффис, 504 тоот хаягт оршин байсан Эл Ди Жи ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Даймонд оффис, 504 тоот хаягт оршин байсан Эл Ди Жи ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Эл Ди Жи ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ