| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 133/2024/00529/И |
| Дугаар | 215/МА2025/00005 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 215/МА2025/00005
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2025/00010 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****** сумын ******** баг, *** ***-д оршин суух Х овгийн Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын *** дугаар баг, ******* оршин суух Э овгийн Т.А-д холбогдох,
Говь-Алтай аймгийн ******** сумын *** -р баг, ***** *** байр *** тоотод байршилтай орон сууцны 10 м.кв талбайн зөрүү 16,822,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн ********* сумын *** -р баг, *** *** байр *** тоотод байршилтай орон сууцны 10 м.кв талбайн зөрүү 16,822,420 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Б миний бие 2024 оны 06 сарын 19-ний өдөр иргэн Т.А-тай 53.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг 90 сая төгрөг /1 м.кв- 1,682,242 төгрөг/ худалдан авах гэрээ байгуулж, Төрийн банкинд ипотекийн зээлд хамрагдсан. 08 сарын 02-ны өдөр урьдчилгаа 1,8 сая төгрөг, 08 сарын 07-ны өдөр үлдэгдэл 88,2 сая төгрөгийг Төрийн банкны дансаар шилжүүлж тухайн өдөр байраа хүлээж авсан. 08 сарын 29-нд авсан байрны бодит талбай 53.5 м.кв-даа хүрэхгүй болохыг хэмжиж мэдээд Т.А-тай утсаар холбогдож дутуу м.кв-ын зөрүү мөнгөө буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд хүлээн зөвшөөрөөгүй, дугаар блоклосон, чатаар холбогдсон ч зөрүү мөнгө өгөхгүй гэсэн. Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 дагуу хэмжиж үзэхэд 37 м.кв талбай байна. Зөрүү 16 м.кв талбайн мөнгө болох 16 м.кв*1,682,242=26,915,887 төгрөг буцаан төлүүлэх хүсэлтэй байна. Сүүлд албан ёсны хэмжилтийн компаниар хэмжилт хийлгээд метр квадрат нь багасаад 43 метр квадрат болсон. Шинэ стандартаараа ариун цэврийн өрөө балкон хоёрыг оруулж тооцсон. 10 метр квадратын зөрүү байгаа. Тухайн үед надад хүлээлгэж өгөхдөө 53,5 метр квадратыг 90 сая төгрөгөөр үнэлж өгсөн. Би хугацаанд төлбөрийг 100 хувь шилжүүлээд байрыг авсан. Тодорхой хугацааны дараа буюу 08 дугаар сарын 20-ны үеэр байрныхаа метр квадратын талбайг бага байна, хэмжээндээ хүрэхгүй байна гэдгийг мэдсэн. Тухайн үед худалдагч талтай холбогдож хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Удаа дараа зөрүүтэй байна гэдгээ хэлж зөрүүнийхээ мөнгийг шилжүүлж авах хүсэлтэй байна гэдгээ хэлсэн ч хүлээж аваагүй. Миний дугаарыг блоклосон. Тэгээд хууль дүрмийнх нь дагуу явъя гэдгээ хэлсэн. Миний тухайд энэ байрыг авахад ипотекийн зээлээр авсан. Худалдах гэрээний 4.1-д худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэж заасан. Тэгээд бүрэн ашиглах боломжтой гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэсэн байгаа. Энэ дээр бол биет байдлын доголдолтой байрыг хүлээлгэж өгсөн гэж үзэж байна. Сүүлд яг мэргэжлийн хэмжилт хийдэг байгууллагаар хэмжүүлээд батлагдсан. Зээл аваад дээрээс нь давхар давхар зардлууд гараад сум орон нутгаас олон дахин наашаа ирж байгаатай холбоотой үргүй зардлууд их гарч байна. Зээлийн хүү, ирж, очих унааны зардал, хэмжилт хийлгэсэн зардал, байгаа байрны дулааны илүү төлбөр төлөгдөөд зардал их гарч байна. Иймд богино хугацаанд шийдвэрлүүлж, илүү төлсөн метр квадратын мөнгийг буцааж авах хүсэлтэй байна гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал: Тухайн байрыг манай гэр бүл 2019 оны 09 сард иргэн С.М-ээс 53.5 м.кв талбайтай байрыг худалдаж авч, 2024 оны 6 сар хүртэл амьдарч ирсэн. Энэ хугацаанд тухайн байрыг хэмжиж үзээгүй, улсын хяналт шалгалтаар хүлээн зөвшөөрөгдсөн бичиг баримттай байр гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн амьдарсаар ирсэн. Байрыг одоо үеийн ханшийг судалж байж үнээ тогтоогоод Б.Б-той харилцан тохиролцсоны үндсэн дээр байрыг худалдсан тул зөрүү мөнгийг буцаах боломжгүй. Байрныхаа гэрчилгээг Б.Б-д шилжүүлсэн. Миний хувьд энэ байрыг анх зарахдаа зарын доор дугаараа бичсэн. Тэр хүн орж ирээд манай байрыг сонирхсон. Тэгээд би байраа тавилга дагалдуулаад 90 саяд өгнө гэж хэлсэн. Тэгээд орчин үеийн байрны үнэ ханшийг судалж байгаад энэ хүн зээл хөөцөлдөнө, өмнө нь 2 байр хөөцөлдөөд бүтсэнгүй гэж байсан. Тэгээд банкны зээлээ хөөцөлдөж эхэлсэн. Би хөдөө зуны амралтаар явж байгаад эргэж ирээд гэрчилгээг нь гаргаж өгсөн. 5 төрлийн тавилга дагалдаад 90 сая төгрөг болно гэдгийг хэлсэн. Байр шилжүүлэхдээ татварын мөнгө 2 сая төгрөгийг хасаад 88 сая төгрөг өгсөн байгаа. Метр квадрат нь тэдэн төгрөг шүү гэж яг нарийн тохиролцож, бодож тооцоолж өгөөгүй. Бүхэлд нь анхнаасаа л тавилгатай нь нийлүүлээд 90 сая төгрөг болно гэж тохироод татварын 2 сая төгрөгөө хасаад 88 сая төгрөг надад өгсөн. Гэхдээ зарахын өмнө би байраа зарахгүй гэж хэлж байсан. Яагаад гэвэл би нялх хүүхэдтэй өвөл болж байгаа тул гэрт амьдарч чадахгүй нь. Байр олдохгүй байгаа тул зарахгүй гээд хэлэхэд энэ хүн зарна гэж өч төчнөөн ажил болчихоод хүний ажил цалгардууллаа гээд байхаар нь өөрийгөө золиослоод нэгэнт ярьсан юм чинь хэлсэндээ хүрээд байраа зарсан. Би гэрт амьдарч байгаа болохоор маш их ханиадтай байна. Байрандаа байсан бол хүүхэд өвдөхгүй байх байсан. Энэ байрыг худалдаж авахад л яг ийм метр квадраттай байсан. Тэгээд намайг энэ хүн бичиг баримт өөрчилсөн ч гэх юм уу, луйвардсан гэсэн утгатай зүйл ярьсан. Миний хувьд бичиг баримт сольж засварласан зүйл байхгүй. Би энэ байрыг худалдаж авснаасаа хойш улсын бүртгэлийн гэрчилгээнд нь л итгэж найдаж явсан. Өөрөө хэмжилт хийж үзээгүй. Гэрчилгээгээ сольж байгаагүй. Хуурамчаар үйлдээгүй гэдгээ хэлмээр байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-д холбогдуулан Говь-Алтай аймгийн ******* сумын *** -р баг, *** *** байр *** тоотод байршилтай орон сууцны 10 метр квадрат талбайн үнийн зөрүү 16.822.420 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ..... шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2025/00010 дугаар шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ. Нотлох баримтаар авагдсан гэрээг судлахад гэрээний 2.1-д үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл хэсэгт ... 53 м.кв талбайтай гэж бичигдсэн боловч 3.1-д гэрээний зүйлийн үнэ хэсэгт ... үл хөдлөх эд хөрөнгийг ... ерэн сая төгрөгөөр худалдахаар тохиролцов гэснээс үзэхэд орон сууцыг бүхлээр нь буюу байгаа байдлаар нь үнэлж худалдахаар тохиролцсон үгийн шууд утга байх ба харин орон сууцны талбайн нэг метр квадратыг нь үнэлж нийт талбайд харьцуулан үнийг тодорхойлсон нөхцөл гэрээнд тусгагдаагүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь анх гэрээ байгуулахдаа 53 м.кв байр худалдан авч байна гэх итгэл үнэмшилтэй байсны үндсэн дээр тус орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж байсан бөгөөд 1 м.кв нь 1.6 сая төгрөг болж байгаа учраас боломжийн үнэдээ таарсан байна гэж үзэж тус байрыг худалдан авсан. Гэтэл бодит байдал тус байр нь 43 м.кв болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд 1 м.кв нь 2.1 сая төгрөг орчим үнэтэй болж байна. Тус байрыг анханаасаа 1 м.кв нь 2.1 сая төгрөгт өгнө гэсэн бол хэзээ ч худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заасан 53 м.кв гэж итгэл үнэмшилтэйгээр тус гэрээг байгуулсан нь нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөлд оруулсан.
Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ тухайн орон сууцыг худалдан авахдаа талбайн дутууг хэмжилт хийх зэрэг байдлаар мэдэх тогтоох боломжтой гэж үзэхээр нөхцөл байдал байгаа учраас Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардах эрхгүй, шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 53 м.кв гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд 53 м.кв байрыг 90.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх гэрээний заалт нь 1 м.кв талбайг хэдэн төгрөгт авч байгааг тооцож болох хэмжүүр бөгөөд орон сууцыг бүхлээр нь буюу байгаа байдлаар нь үнэлж худалдан авахаар тохиролцсон гэх өрөөсгөл дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийж байгаа нь гэрээний талуудын хүсэл сонирхлын илэрхийлэл, гэрээ байгуулагдах, хүчин төгөлдөр байх нөхцөл шаардлагыг анхаарч үзэхгүйгээр тус хэргийг шийдвэрлэж байгааг илтгэж байна.
Нөгөө талаас орон сууцыг бүхлээр нь буюу байгаа байдлаар нь үнэлэх гэсэн ойлголт Иргэний хууль, гэрээний заалтад ч байхгүй бөгөөд нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий орон сууцны талыг нь, эсвэл нэг өрөөг нь худалдаж авах гэсэн хууль болон бодит амьдралд байхгүй дүгнэлтийг шүүхээс хийж нэхэмжлэгчийг хохироож, улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 53 м.кв талбайд хүрэхгүй орон сууцыг итгэл эвдэж залилан зарсан хариуцагчийн талд хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2025/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б.Б нь худалдан авсан орон сууцныхаа дутуу талбайн үнэ 26,915,887 төгрөгийг хариуцагч Т.А-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагынхаа хэмжээг 16,822,420 төгрөг болгож багасгажээ.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагчаас 53.5 метр квадрат талбайтай орон сууцыг, нэг метр квадратыг нь 1,682,242 төгрөгөөр тооцож нийт 90,000,000 төгрөгөөр худалдаж авсан.
Уг орон сууцыг Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу эрх бүхий байгууллагаар хэмжүүлэхэд ариун цэврийн өрөө балконыг оруулаад 43 метр квадрат буюу гэрчилгээнд бичигдсэн хэмжээнээсээ 10 метр квадратаар бага талбайтай байсан тул гэрчилгээнд бичигдсэн хэмжээнээс дутуу 10 метр квадрат талбайн үнэ 16,822,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
9. Хариуцагч Т.А нь уг байрыг бүхэлд нь 90,000,000 төгрөгөөр тооцож худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
10. Хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа уг байрыг 2019 онд С.М-ээс худалдаж авсан. Хэмжиж үзээгүй, улсын хяналт шалгалтаар баталгаажсан бичиг баримтанд 53.5 метр квадрат гэж бичигдсэн учраас итгэж амьдарч ирсэн.
Уг байрыг метр квадратаар үнэлээгүй бүхэлд нь 90,000,000 төгрөгөөр худалдахаар санал болгосныг Б.Б хүлээн зөвшөөрсөн учраас түүнд худалдсан гэж маргажээ.
11. Орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа зохигч уг орон сууцны 1 метр квадрат тутмын үнэ ямар байх талаар тохиролцсон эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
12. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны талбайн хэмжээ нь гэрээний гол нөхцөл байхаар тохиролцсон эсэх нь маргааны зүйл болсон байна.
13. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тэргүүн ээлжинд орон сууцны талбайн хэмжээ нь тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл байсан буюу, нэг метр квадрат тутмыг нь 1,682,242 төгрөгөөр талууд тохиролцож худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсаныг нотлох үүрэгтэй.
14. Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар энэ байдал нь нотлогдохгүй байна.
15. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тухайн орон сууцны метр квадрат тутмын үнийг 1,682,242 төгрөгөөр тохиролцож худалдан авсан тухай тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна.
16. Түүнчлэн орон сууцны метр квадратын үнийг 1,682,242 төгрөгөөр буюу нарийвчилсан байдлаар үнийг тохиролцсон гэх агуулгатай нэхэмжлэгчийн тайлбар шүүхэд итгэл үнэмшил төрүүлэхгүй байх бөгөөд харин хариуцагчийн уг байрыг метр квадратаар үнэлээгүй, бүхэлд нь 90,000,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн агуулгатай тайлбар нь Т.А, Б.Б нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон 3 дугаар зүйл, нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг хүлээн авсан тухай талуудын маргаагүй үйл баримт зэргээр тогтоогдсон байна.
17. Орон сууцны хувьд зөвхөн талбайн хэмжээ төдийгүй, байршил, дэд бүтэц, гадаад орчин, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газартай ойр дөт байдал зэрэг олон шалгуураар үнэ нь тодорхойлогддог болохыг дурьдах нь зүйтэй.
18. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусад тооцох хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй, гэрээнд орон сууцны талбайн нэг метр квадратыг нь үнэлж нийт талбайд харьцуулан үнийг тодорхойлсон нөхцөл тусгагдаагүй, орон сууцыг байгаа байдлаар нь 90,000,000 төгрөгөөр үнэлж худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх орон сууцны хувьд худалдан авагч нь хүлээж авах үедээ талбайн хэмжээг хэмжилт хийх зэргээр мэдэх боломжтой гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
19. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан байх бөгөөд талууд талбайн хэмжээг гэрээний гол нөхцлөө болгож тодорхойлсон тохиолдолд худалдан авагч орон сууцыг хүлээж авах үедээ талбайнх нь хэмжээг хэмжүүлж, тухайн орон сууцыг хүлээн авсанд тооцохгүй гэж татгалзах боломжтой байжээ.
20. Гэвч талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд талбайн хэмжээг гэрээний гол нөхцөлөөр заагаагүй, нэхэмжлэгч уг орон сууцыг байгаа байдлаар нь худалдан авч, үнийг төлж хүлээн авсан, орон сууцыг зориулалтаар нь хэрэглэх боломжгүй байдал үүссэн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж дүгнэж гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
21. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2025/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,062 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ч.ЭНХТӨР