Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 215/МА2025/00006

 

 

Г.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2025/00002 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********** сумын *** дугаар баг, *** дугаар гудамжны *** дугаар байрны *** тоотод оршин суух, З овгийн Г.М-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, О овгийн Н.Б,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын ****** багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Х овгийн Д.Н,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ****** багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Х овгийн Х.Д,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Х овгийн М.Л нарт холбогдох

Г.М-ыг Говь-Алтай аймгийн ********* сумьн ******* ***-р баг *** -р гудамж *** - *** тоотод байршилтай 150 мкв Үилчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг Г.М-д шилжүүлэхииг Н.Б, Д.Н нарт даалгах, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 784 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Х овгийн Х.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын *** -р баг, *** дугаар гудамжны *** -р байрны *** тоотод оршин суух, З овгийн Г.М-д холбогдох

“өөрийн өмчлөлийн байр чөлөөлүүлэх тухай” нэгтгэсэн иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч Н.Б, Д.Н, Х.Д, М.Л, түүний өмгөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Г.М-ыг Говь-Алтай аймгийн ********* сумьн ******* ***-р баг *** -р гудамж *** - *** тоотод байршилтай 150 мкв Үилчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг Г.М-д шилжүүлэхииг Н.Б, Д.Н нарт даалгах, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 784 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай

“өөрийн өмчлөлийн байр чөлөөлүүлэх” тухай

Нэхэмжлэгч Г.М нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Говь-Алтай аймгийн ********* сумын иргэн Г.М миний бие нь 2021 оны 9-р сард Д.Н гэгч хүнтэй Говь-Алтай аймгийн ************ сумын *** -р баг ******** баг *** -р гудамж *** - *** тоотод байршилтай 150 мкв Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 60 сая төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийж 2021 оны 9-р сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг. 9-р сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 9-р сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг дараа нь 4,000,000 төгрөг нийт 44,000,000 төгрөгийг өгч 16 сая төгрөгийг эрх шилжүүлэх үед өгөхөөр тохиролцсон.

Гэтэл Н.Б, Д.Н нарын зүгээс газар болон үл хөдлөхийн эрхийг шилжүүлэх ажил хийгдэхгүй байсаар 2023 оны 09-р сарын 27-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эрхийг гаргуулмагцаа 2023 оны 10-р сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэн надаас үл хөдлөх хөрөнгийг буцаан шаардсан байсан бөгөөд 3 шатны шүүхээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа бөгөөд удаа дараа утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байгаа учир дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үл хөдлөх хөрөнгийн эрх болон түүний доор газрын газар эзэмших эрхийг шилжүүлсэн тохиолдолд үлдэгдэл 16,000,000 төгрөгийг өгөх болно.

Иймд Г.М-ыг Говь-Алтай аймгийн ******* сумын *** -р баг ******* баг *** -р гудамж *** - *** тоотод байршилтай 150 мкв Үйлчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг Г.М-д шилжүүлэхийг Н.Б, Д.Н нарт даалгаж өгнө үү.

Г.М нь Говь-Алтай аймгийн ******* сумын *** -р баг ******* баг *** -р гудамжны *** - *** тоотод байршилтай 150 мкв үйлчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг Г.М-д шилжүүлэхийг Н.Б, Д.Н нарт даалгуулах нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээгээр Х.Д, М.Л нарт шилжүүлсэн байх тул 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 784 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Д.Н, Н.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Д.Н, Н.Б нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасныг үл хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.М нь 2021 онд ******** сум, ******* баг, *** -р гудамж *** - *** тоотод байх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар санал гаргаж амаар харилцан тохиролцож байсан. Г.М нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тухайн 2021 онд бүрэн барагдуулж өгөхөөр амаар харилцан тохиролцсон боловч үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байсан тул би үйл ажиллагаагаа явуулахын тулд 2022 онд Х банкнаас бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зээл авч хөрөнгө оруулалтаа шийдвэрлэсэн. Х банкнаас зээл авахдаа би 2022 онд авлагатай иргэдийн бүртгэлийг гаргаж өгч байсан бөгөөд тухайн онд ч Г.М үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

Улмаар хэлэлцэн тохиролцсон хугацаанд үлдэгдэл 16 сая төгрөгийг нэхэмжлэгч Г.М-ыг өгөөч гэхэд тодорхой хариу өгдөггүй, мөнгө байхгүй гэх зэргээр хугацаа авч байсан учир тухайн хөрөнгийг худалдах талаар харилцан тохиролцсон асуудлыг больё гэх асуудлыг хариуцагч Д.Н миний биө Г.М-д тавьсан боловч тодорхой хариу өгдөггүй, тухайн обьектыг суллахгүй үйл ажиллагаа явуулж байсан.

Нэхэмжлэгч Г.М нь харилцан тохиролцсон төлбөр мөнгөө хугацаандаа өгөөгүй учраас 2023 оны 08 дугаар сараас худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгө төгрөгийг нь буцааж өгье гэхэд тодорхой хариу өгдөггүй, баримт нотолгоогүй гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд үлдэгдэлээ өгнө гэх зэрэг баримтгүй зүйл ярьдаг байсан.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө, түүний доорх газар нь тухайн үед миний ззэмшил, өмчлөлд байсан бөгөөд энэ маргаантай асуудлаас болж үйл ажиллагаа явуулах санхүүжилт шаардлагатай байсан учир тус газар, объектыг би 2024 оны 04-р сард би бусдад худалдан борлуулсан. Миний хувьд тус обьектын хууль ёсны өмчлөгч болохын хувьд өөрийн захиран, зарцуулах эрхийн хүрээнд тухайн обьектыг бусдад худалдан борлуулсан.

Одоо тус обьектын өмчлөх, эзэмших эрх хууль ёсоор хариуцагч Д.Н надад хамааралгүй, Г.М шилжүүлсэн 44 сая төгрөгийг нь буцаан өгч гэрээнээс татгалзаж байгаа саналаа 2023 оны 08 дугаар сараас эхлэн хэлж байсан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдалтай болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Д сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Х.Д нь хүү Д.Н-гаас 2024 оны 04 дүгээр сарын 22-нд 150 мкв үйлчилгээний зориулалттай байрыг 80,000,000 /наян сая/ төгрөгт худалдаж авсан миний өмч. Н, М хоёр нь анх 2021 онд наймаа хийсэн. Н-д мөнгөний хэрэг гараад хямд зарахаар тохирсон боловч М нь 43 сая 500 мянган төгрөг өгөөд үлдсэн 16 сая 500 мянган төгрөгөө хэлсэн хугацаандаа өгөөгүй учир наймаа буцсан юм. Би Н-д 80 сая төгрөг өгөөд уг байрыг худалдан авсан тул одоо М-ы нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин түүнээс байраа чөлөөлүүлж авахыг хүсч өргөдөл гаргав гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 271 дүгээр зүйлийн 271.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х овгийн Д.Н, О овгийн Н.Б, Х овгийн Х.Д, Х овгийн М.Л нарт холбогдох, нэхэмжлэгч З овгийн Г.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0784 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Говь-Алтай аймгийн ********* сумын *** -р баг, ******** *** гудамж *** - *** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.М мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг эрх болон газар эзэмших эрхийг Г.М-д шилжүүлэхийг хариуцагч Д.Н, Н.Б, Х.Д, М.Л нарт даалгаж, хариуцагч Х овгийн Х.Д-ийн нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Г.М-д холбогдох өөрийн өмчлөлийн байраа чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Х.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б, Д.Н, Х.Д, М.Л нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2025/00002 дугаар шийдвэрийг 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Д.Н, Н.Б нарын хувьд нэхэмжлэгч Г.М-тай ******** сумын *** -р баг, ******** *** -р гудамжны *** - *** тоот байршилтай 150 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 онд 60 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож төлбөрт 44 сая төгрөг авч, үлдэгдэл 16 сая төгрөгийг 2022 ондоо багтааж авахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч Г.М нь тохиролцсон хугацаандаа үлдэгдэл төлбөр болох 16 сая төгрөгөө өгөөгүйгээс шалтгаалж худалдагч Д.Н, Н.Б нар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагаа 2023 оны 08 дугаар сард илэрхийлж үл хөдлөх хөрөнгөө буцааж авах талаар нэхэмжлэгч талд танилцуулахад тодорхой хариу өгдөггүй, баримт нотолгоогүйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд үлдэгдэлээ өгөхөөр тохиролцсон гэх баримтгүй зүйлээр маргадаг.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь үлдэгдэл төлбөрийг хэзээ, хэрхэн барагдуулах тохиролцооны талаар маргаж байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт “...үлдэгдэл 16.000.000 төгрөгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Г.М нэр дээр шилжүүлж өгсний дараа төлөхөөр тохиролцсон талаар талууд харилцан зөрүүгүй тайлбарлаж, маргахгүй байна.” гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьж дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Н, Н.Б нарын хувьд Г.М үлдэгдэл 16 сая төгрөгийн төлбөрөө барагдуулахгүй байгаагаас шалтгаалж 2022 онд Х банкнаас зээл авахдаа Г.М-аас 2022 онд авах авлагаар тухайн зээлийг төлнө гэж авлагын бүртгэл үүсгүүлж байсан нь үлдэгдэл төлбөрийг 2022 онд төлөх байсныг гэрчлэх баримт бөгөөд тус баримтыг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч үнэлэхгүйгээр талууд тухайн асуудлаар маргаж байхад “харилцан зөрүүгүй тайлбарлаж, маргахгүй байна” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Үлдэгдэл төлбөрийг хэзээ, хэрхэн төлж барагдуулах талаар талууд маргалдаж, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгсөн байхад түүнийг үнэлэхгүй, зөвхөн нэхэмжлэгч Г.М баримтгүй тайлбарыг үндэслэж, хариуцагч тал тухайн асуудлаар маргаагүй юм шиг нэг талыг барьж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г.М нь 2021 оны 4 дүгээр улирлаас 2023 оны 08 дугаар сар хүртэл хэлэлцэн тохиролцсон хугацаандаа үлдэгдэл 16 сая төгрөгний төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалж худалдагч тал болох Д.Н, Н.Б нар худалдах, худалдан авах тохиролцооноос татгалзаж байгаа нөхцөл байдалд бодит дүгнэлт хийхгүй, гэрээний талуудын чөлөөт байдлыг хязгаарлаж өмчлөгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон байна.

Анхан шатны шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд “хөдлөх эд хөрөнгийн тухайд эзэмшил шилжсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бол үл хөдлөх хөрөнгийн тухайд өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог” гэж дүгнээд энэ ухагдахуун нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохицуулагдах бөгөөд хуулийн дээрх заалтаас үзэхэд “зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигджээ” гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд хуульд заасан шаардлага хангахгүй хэлцлийг байгуулсан талаар дүгнэхгүйгээр үүргийн хэлцэлд хамаарах худалдах худалдан авах гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд хуулиар тусгайлсан хэлбэрийн шаардлага тавиагүй байна гэх байдлаар зөрүүтэй дүгнэлт хийж хөдлөх эд хөрөнгийн зохицуулалтыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд хамаарах байдлаар хуулийг буруу тайлбарлаж асуудалд бүрэн дүүрэн дүгнэлт хийсэнгүй.

Шүүхээс дүгнэхдээ эзэмшил бодитоор шилжсэн байгаа учраас өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл бичгээр хийгдэх, нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх зэрэг хуульд заасан шаардлагыг үгүйсгэх боломжтой байдлаар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь нэг талыг баримталж шийдвэрлэж байгааг илтгэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс дүгнэхдээ “маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр хийгдээгүй нь хариуцагч нараас хамааралтай байна. Учир нь худалдах худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх нь худалдагчийн үүрэг байдаг” гэж хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасан зохицуулалт нь өмчлөх эрхийг хэрхэн шилжүүлэх зохицуулалтыг тусгасан заавал өмчлөгчөөс шалтгаалах байдлаар нэг талыг барьж дүгнэлт хийсэн.

Гэтэл хэлцлийн нөгөө тал болох худалдан авагч, нэхэмжлэгч Г.М нь хэлцлээр тохиролцсон үнийг төлөөгүй, үнийг төлөөгүйгээс шалтгаалж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, тус зүйлийн 225.2, 225.3-т заасан зохицуулалтын хүрээнд хариуцагч Д.Н, Н.Б нь 2021 оны 4 дүгээр улирлаас 2023 оны 08 дугаар сар хүртэл Г.М-аас үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй болоод гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр бол зөвхөн хариуцагч Д.Н, Н.Б нар нь үүрэг зөрчсөн мэтээр шийдвэрлэж, гэрээний талуудын чөлөөт байдлын илэрхийлэл болох гэрээнээс татгалзах эрхийг хязгаарлаж өмчлөгчийн эрхийг зөрчсөн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Мөн тус шүүхийн шийдвэрт Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00567 шийдвэрээр хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Д.Н, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр шат шатандаа хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлийг дурдсан байна. Гэтэл тус шийдвэр нь хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болохоос тухайн шийдвэрээр тус үл хөдлөх хөрөнгө нь “Г.М өмч мөн байна гэсэн шийдвэр гараагүй” болохыг дурдах хэрэгтэй. Учир нь улсын бүртгэл, үл хөдлөх эрхийн гэрчилгээнд баталгаажсанаар Д.Н, Н.Б нар нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг үгүйсгэх боломжгүй бөгөөд өмчлөгчийн эрх, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг хязгаарласан шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн талууд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэлцлийг байгуулахдаа төлбөрийг хэзээ хэрхэн төлөх, өмчлөх эрхийг хэрхэн яаж шилжүүлэх тал дээр үл ойлголцол буюу диссенсийн нөхцөл байдал үүссэн байдаг. Диссенс гэдэг бол талууд гэрээний агуулгын талаар бүрэн тохиролцоогүй бөгөөд энэхүү дутагдал байсныг хожим мэдсэн нь гэрээг байгуулаагүй гэж үзэх боломж бий. Энэ тохиолдолд зохицуулагдаагүй орхигдсон гэрээний зүйл нь объектив гол, эсвэл гол биш байх нь хамаагүй, гэрээний аль нэг тал нь тухайн зүйлийн талаар тохиролцох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэхэд л диссенс бий болсон гэж үзэж хангалттай үндэслэл болдог. Талуудын маргалдаж байгаа үлдэгдэл төлбөрийг хэзээ хэрхэн төлөх, өмчлөх эрхийг хэрхэн яаж шилжүүлэх талаар өөр өөр зүйл ярьж маргаж ойлголцоогүй байгаа нь тус хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой байна.

Хариуцагч Д.Н, Н.Б нар нь тус үл хөдлөх хөрөнгийг бусдад Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагын хүрээнд худалдан борлуулж татварын байгууллагад хүртэл албан татвар төлсөн байхад тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг иш татаж “дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.” гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын “5.5-д мөн зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ” гээд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг тодорхой тайлбарласан байхад зөвхөн нэхэмжлэгч Г.М-д ашигтай тайлбарыг үндэслэл болгож шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд бусад этгээдийн өмчлөлд хуулийн дагуу шилжүүлж, татвар төлбөрийг хүртэл барагдуулсан байхад дүр үзүүлж хийсэн хэлцэл, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэх байдлаар тус худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2025/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2025/00002 дугаар шийдвэр нь үндэслэлтэй, хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

3. Хариуцагч Н.Б, Д.Н, нэхэмжлэгч Г.М нарын хооронд 2021 оны 9 сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь талуудын тайлбар болон гэрээний үнийг нийт 60 000 000 төгрөгөөр тооцож 44 000 000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 16 000 000 төгрөгийг эрх шилжүүлэх үед өгөхөөр тохиролцсон тухай нэхэмжлэгчийн тайлбар, гэрээний зүйлийг хариуцагч талаас шилжүүлсэн үйл баримтаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх эрх зүйн зөв дүгнэлтийг хийсэн байна.

4. Талуудын хооронд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан учраас нэхэмжлэгч нь хариуцагчид 44 000 000 төгрөг буюу үнийн зарим хэсгийг төлж , “...********* сумын *** дугаар баг ******* *** дугаар гудамж *** - *** тоотын 150 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч талаас хүлээн авсан хэлцэл хийгдэж үйл баримт тогтоогдсон зохигчид маргаагүй байна.

5. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.М нь 2021 онд хэлцэл хийж худалдан авсан. Тохиролцсон хугацаандаа үл хөдлөх хөрөнгийн үнийн үлдэгдэл 16 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул Д-д үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 784 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж мэтгэлцэв.

6. Мөн хэрэгт хариуцагч Д.Н, Н.Б нар нь нэхэмжлэгч Г.М-д холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн ******** сумын *** -р баг, ******** *** гудамж *** - *** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.М-аас буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 3 шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  хуулийн хүчин төгөлдөр байна. /Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00567 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 он 02 дугаар сарын 05-ны өдрийн 215/МА2024/00002 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2024/00399 дугаартай тогтоол./

7. Анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0784 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Д.Н, Н.Б нар нь нэхэмжлэгч Г.М-д худалдсан Говь-Алтай аймгийн ****** сумын *** -р баг, ***** *** гудамж *** - *** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг дахин Х.Д, М.Л нарт худалдан борлуулж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 00******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Д, М.Л нарт шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэж үндэслэлээ зөв тодорхойлсон байна.

8. Маргаан бүхий хөрөнгийг 3 шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Н.Б, Д.Н нар нь дахин худалдах, худалдан авах гэрээг Х.Д, М.Л нартай байгуулж, бусдын нэр дээр шилжүүлсэн ба худалдан авагч нь хариуцагч Д.Н-ийн төрсөн эцэг, эх болох нь хариуцагч Х.Д-ийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдсон байна.

9. Маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Н.Б, Д.Н, нөгөө талаас Х.Д, М.Л нарын хооронд байгуулагдсан тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гэрээний хувьд нэхэмжлэгч Г.М нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд болох ба Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зөвшөөрлөөр хийх хэлцэл байх тул 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн уг гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

10. Уг хэлцэл нь эрх зүйн хувьд анхнаасаа байгуулагдах ёсгүй байсан буюу хууль зүйн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тодорхойлсон хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

11. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасныг баримтлан Н.Б, Д.Н, Х.Д, М.Л нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ***** бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

12. Дээрх үйл баримтыг дүгнэхэд Говь-Алтай аймгийн ********* сумьн ******* ***-р баг *** -р гудамж *** - *** тоотод байршилтай 150мкв үйлчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн хувьд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

14. Худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг, бичгээр байгуулаагүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байхаар тухайлан арилжааны гэрээний адилаар зохицуулаагүй. Харин Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох үүргээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотлож болохоор заасан.

15. Мөн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх зохицуулалтыг тусгасан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхээр заасан байна.

16. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалт нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжсэнийг бүртгүүлэхэд шаардлагатай урьдач нөхцөл тодорхойлж байгаа болохоос үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хэлбэрт тавигдах шаардлагыг тодорхойлсон зохицуулалт биш гэж үзэхээр байна.

17. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгийн өмчлөх эрх дуусгавар болно.

18. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах хэлцлийг бүртгүүлснээр шинэ өмчлөгч нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасан өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бодит боломж бүрдэх боловч энэ зохицуулалт нь шаардах эрхийн үндэслэл болохгүй байна.

19. Нэхэмжлэгч Г.М болон хариуцагч Н.Б, Д.Н нарын хооронд Говь-Алтай аймгийн ********* сумьн ******* ***-р баг *** -р гудамж *** - *** тоотод байршилтай 150мкв үйлчилгээний зориулалттай Ү-0******* дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл бичгээр хийгдээгүй боловч уг хэлцлийн дагуу 44,000,000 төгрөгийг төлж, эзэмшил нь бодитоор шилжсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 133/ШШ2025/00002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                         ШҮҮГЧИД                            Ш.БАТТОГТОХ

                                                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ