| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0076/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨММНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь, Улсын яллагчаар орлогч прокурор Ц.Сайнхүү Шүүгдэгч Я.Д оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэг Я.Д холбогдох 1916002010095 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Я.Д нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант 9-р гудамж 00 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Г.Д-г хутгалж, түүний биед өвчүүний дээд хэсэг, баруун гарын 2-р хуруунд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Архи ууж гэртээ хариад тийм зүйл болсон гэв. Хохирогч Г.Д-ийн мэдүүлэг"...Тухайн үед гаднаас манай нөхөр согтуу орж ирсэн. Би нөхрөө гаднаас согтуу ирэх тоолонд нь хутга авч нуудаг. 1997 оноос хойш би татаж унадаг өвчтэй болсон. Тухайн үед би ухаангүй татаж унасан байсан болхоор гаднаас согтуу орж ирсэн талаар мэдээгүй. Намайг ухаан ороод босоод сууж байхад манай нөхөр Д гаднаас орж ирээд чи юу хийж байна. Чиний зааж өгсөн хүмүүс намайг зодоод алах гээд байна гэж хэлээд хоолны шүгээнд байсан хар бариултай хутга авсан. Намайг гэрээс гарах гэхэд чи хаашаа явах гээд байгаа юм гэрээс гаргахгүй шүү гэж хэлээд над руу хутга далайсан. Тухайн үед би далайсан хутганы үзүүрээс баруун гараараа атгаж авахад шувт татаж аваад өвчүүний дээд хэсэгт хутгалсан. Би гэрээс гарч зугатаад зүүн талын айлын хашаа руу зугатаад орход Батмөнх эмээ эмнэлэг дуудаж өгсөн..." /хх 11-рт/ гэх мэдүүлэг,
Гэрч Л.Б-н мэдүүлэг "...2019 оны 06 дугаар сарын 04-ний орой хэдэн цагийн үед байсныг санахгүй байна. Манай баруун талын хашааны Д хашааны хаалгаар цусаа гоожуулсан ороод ирсэн. Манай гэр хаалганы гадаа байсан усны савны хажууд зогсож байгаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд Д-ийн цусыг нь тогтоож өгөөд машиндаа суулгаад аваад явсан...өмссөн өмд цамц нь цус болсон бас зүүн эгэмний доохон тал дээр зүсэгдсэн байдалтай, цус нь доошоо газар дээр гоожиж байсан...манай нөхөр намайг хутгалсан гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг /хх 15-16-рт/,
Гэрч Ч.Б-ийн мэдүүлэг "...би нөхөр Л.Б, охин Б.Б нарын хамт гэртээ байж байтал гадаа нэг эмэгтэй хүн орилоод байхаар нь би гэрээс гартал манай хажуу айлын эмэгтэй Д намайг алчихлаа гэж хэлэхээр нь би хартал цус нөжтэйгөө холилдсон байсан. Тэгээд манай хашаанд орж ирээд нөхөр Д намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би цусыг нь угаах гэтэл манай нөхөр хүүхдүүд боль гэж хэлсэн. Удалгүй манай охин Б дуудлага цагдаад өгсөн..." гэх мэдүүлэг /хх 19-рт/,
Гэрч Б.Б-ийн мэдүүлэг "...би гэртээ байж байтал Д-н эхнэр Д манай хашааны хаалгаар цустайгаа холилдсон, орилоод орж ирсэн. Манай аав, ээж цагдаад дуудлага өг гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...намайг аллаа шдээ гэж хэлээд орилоод ороод ирсэн..." гэх мэдүүлэг / хх 24-25-рт/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 190 дугаартай "...Н.Д-н биед гэмтэл учирсан байна. Г.Д-ийн биед өвчүүний дээд хэсэг, баруун гарын 2-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх 29-рт/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-5рт/, Аюулын зэргийн үнэлгээгээр “...хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн. Аюулын зэргийн үнэлгээ хийх журмын 1.5.3-д зааснаар гэр бүлийн гишүүний амь насанд бодитой заналхийлсэн...” гэх үнэлгээ /хх 77- 80-рт/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Я.Д-ийн үйлдэл тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Я.Д нь өөрийн эхнэр Г.Д-г зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Д-ийн мэдүүлэг, гэрч Л.Б-ын мэдүүлэг, гэрч Ч.Б-ийн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн мэдүүлэг, шүүгдэгч Я.Д-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 190 дугаартай дугаартай дүгнэлт, зэрэг яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Я.Д-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Я.Д нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Я.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Я.Д-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх. Шүүгдэгч Я.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Я.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Я.Д-г яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. “...Шүүгдэгч Я.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал оруулж байна...” гэх прокурорын санал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Я.Д нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан/хх 106-рт/ байх бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Я.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Я.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогч устгасугай. 5. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА