Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/05308 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн биелэлтийг хангуулж орон сууцны тагтыг барилгын стандарт, нормын шаардлагад нийцүүлэн засуулах, мөн 4,779,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулсны дагуу орон сууцаа 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн үед хүлээж авсан. Хүлээж аваад борооны ус орж байгаа асуудлыг 2021 оны 9 дүгээр сард мэдэж холбогдох хүмүүстэй нь уулзаж шаардлага тавиад борооны ус орж байгаа байдлыг засаж өгөөч гэж хэлээд өнөөдрийг хүртэл янзалж өгөхгүй байсны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тагтны талбай 13.34 м.кв бөгөөд гэрээний 6.2-д зааснаар м.кв-ийг 50% буюу 6,67 м.кв-аар тооцож төлсөн. Гэтэл Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS9058-2009 стандартын 3.4-т ...тагтны талбайг 0.3 гэсэн итгэлцүүлээр бууруулан тооцно гэж заасны дагуу 13.34*0.3=4 м.кв тооцох байтал 6.67 м.кв-аар тооцож төлбөр авсан. Иймд 2.67 м.кв талбайн 4,779,300 төгрөг илүү тооцож авсныг буцааж гаргуулж өгнө үү.

Гэрээний 4.4-т гурван жилийн хугацаанд гүйцэтгэгч талаас гарсан барилгын бүтэц, хийцэд гарсан алдааг засварлаж, хохирлыг арилгана гэх заалт болон Барилгын тухай хуулийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар барилгын гүйцэтгэгч нэхэмжлэгчид учирсан хохирол, барилгын байгууламждаа гаргасан алдааг засаж, илүү авсан төлбөрийг буцаан өгч хохиролгүй болгож өгөх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шаардах эрхтэй гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Бид барилгын компани учраас нэгдүгээр шаардлагыг нь эвлэрсэн бол хийгээд өгье гэх саналыг тавьсан. ...Бид нарын хувьд ямар шийдэл гаргасан бэ гэхээр хэрвээ тагтыг ил задгай орхих юм бол ...задгай замбараагүй, гадаад өнгө үзэмж муутай болох учраас бид өөрсдийн зардлаараа битүүлээд нэг стандарт болгоё гэсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн хэлээд байгаа 0.3 хувийн итгэлцүүр биш, 0.5 хувь буюу хаалттай шилэн фасадад хамаарах юм. Тиймээс бид 0.5 хувийн итгэлцүүлээр тооцож тагтны үнийг 50 хувиар нь тооцсон. Тэгэхээр уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* дугаар байрны 121 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 103.64 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны тагт хэсгийн цонхыг цас, борооны ус нэвчихгүй, шалан дээр ус тунахгүй байх хэмжээнд цонх болон шалны доголдлыг засварлахыг хариуцагчид  ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 779 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 620 /70 200+91 420/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 91 420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Орон сууцны тагт нь Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал Монгол улсын стандарт MNS 6058:2009-ын 3.6-д заасан тагт-д хамаарч байхад 3.5-д заасан лоож гэдэгт хамааруулж илт буруу дүгнэлт хийсэн.

Хэрэгт авагдсан орон сууцны барилгын ажлын зургийн 2-17-р давхрын тавилгын байгуулалтын зураг (хх 34-р тал), уг зургийн 406 дугаар бүхий тагт, барилгын гадна талын болон тагтны доторх фото зургуудаас маргаан бүхий тагт нь барилгын гадна хананаас ил гарсан, 2 талдаа ханатай, хоёр талаараа хашлагатай, хучилтгүй, тасалгаа биш тавцан буюу 3.5-д заасан тагтны тодорхойлолттой тохирч байхад нотлох баримтуудыг буруу үнэлж, лоож гэж илт буруу дүгнэсэн.

Стандартад тагт, лоожийг тус тус 4 шинжээр тодорхойлсон. Гэтэл зөвхөн 1 шинж буюу барилгын гадна хананаас ил гарсан эсэхэд өнгөц дүгнэлт хийсэн. Бусад 3 шинж буюу лоожийн хувьд гурван талдаа ханатай эсэх, хучилттай эсэх, ил тасалгаа мөн эсэх, тагтны хувьд консоль буюу баганан тулаастай эсэх, хоёр, гурван талаараа хайс, хашлагатай эсэх, тавцан мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Дээрх стандартад тагт, лоожийг зураг 4-т, талбай тооцох аргачлалыг зураг 1а-д зургаар дүрсэлсэн бөгөөд уг зургуудыг хэрэглээгүй.

Орон сууц захиалгын гэрээ, орон сууцны барилгын ажлын зурагт лоож гэсэн үг, нэр томьёо огт байхгүй, зөвхөн тагт гэдэг үг, нэр томьёо байгааг үнэлээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийн 4,779,300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Манай компанийн баримталдаг зарчим нь зураг төсөлд тагтанд хаалт хийхгүй 0.3 хувиар тооцоод барилгын компани орон сууцыг худалдсаны дараа айлууд янз бүрийн тагт хийдэг бөгөөд энэ нь барилгын фасадад нөлөөлдөг учир орон сууцны зориулалттай бүх барилгад битүү тагт төлөвлөж фасадын өнгө үзэмжид зориулж хаалттай зураг төсөл хийдэг. Тухайн стандартад битүү болон битүү бишийг 0.3 хувь, 0.5 хувь гэж ялгахдаа тагт болон лоож гэх нэршлээр нэрлэсэн. Лоож гэх нэршлийг тухайн стандартад үндсэн тэнхлэг дотор байх буюу батлагдсан зураг төсөлд үндсэн тэнхлэг нь гадагшаа байгаа гэдгийг заасан.

Өөрөөр хэлбэл, хэлбэрийн хувьд барилгаасаа илүү цүлхийж гарсан хэсгийн тэнхлэгийг үндсэн тэнхлэг гэж үзэж тагт нь 2 талаараа ханатай, 2 тал нь шилэн хаалттай байгаа учир стандартыг хангасан бөгөөд уг зураг төсөл нь магадлалаар орсон. Мөн сүүлийн үед барилга ашиглалтад ороход улсын комисс ажиллахаас өмнө хэмжилтийн байгууллага тухайн стандартын дагуу сууцны талбайг тооцсон эсэхийг дахин нягталдаг болсон. Тиймээс маргаан бүхий барилгын тооцоолол 2-3 удаа нягтлагдсан учир стандарт, норм, дүрмийг бүрэн хангасан талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Хэдийгээр зураг төсөлд лоож биш тагт гэж нэрлэгдсэн боловч үндсэн тэнхлэг дотор оршиж байна, 2 талаараа цутгамалтай, 2 талаараа шилэн ханатай учир 0.5 хувь гэх итгэлцүүрээр зөв тооцсон байна гэж дүгнэсэн буюу стандартын шаардлагыг бүрэн хангасан.

Тагт болон лоожийн гол ялгаа нь тухайн барилгын талбайд хийж байгаа хөрөнгө оруулалт зардлаар ялгагддаг. Хэрэв бидний зүгээс нэхэмжлэгчийн хүсэж байгаагаар тагтаар тооцъё гээд 2 талын шилэн фасадыг буулгаж энгийн хийцлэлтэй 1 метр 20 см төмрийг үлдээчихье гэхээр нэхэмжлэгч тал өөрөө зөвшөөрдөггүй атлаа манай хөрөнгө оруулалтаар хийсэн зардал, шилэн фасадын төлбөр яах вэ гэхээр ямар нэгэн хариулт өгдөггүй. Лоож буюу 3-аас дээш тал нь ханаар хүрээлэгдсэн гэх тухайд манай барилгын 2 хана нь бүтэн бетон, нөгөө 2 хана нь шилэн фасадтай ба анхан шатны шүүхийн шүүгч зургийг нь харж байгаад барилгын үндсэн тэнхлэг дотор орж байна гэдэгт дүгнэлт өгсөн буюу дотор тэнхлэгт орсноор лоож болж байгаа юм. Бидний зүгээс тэгж бодсоныг Улсын комисс стандартад нийцсэн байна гэж үзсэн. Үүнийг ямар нэгэн байдлаар тагттай адилтгах боломжгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг хангуулж орон сууцны тагтыг барилгын стандарт, нормын шаардлагад нийцүүлэн засуулах, мөн 4,779,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

Маргаан бүхий орон сууцны лоож хэсгийн цонхыг цас, борооны ус нэвчихгүй, шалан дээр ус тунахгүй байх хэмжээнд цонх болон шалны доголдлыг засварлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмын хүрээнд энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, хотхон, А блок, 16 давхар, 121 тоот хаягт байрлах 103.64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 185,515,600 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 5-7/

 

Зохигч нар орон сууцыг гэрээнд зааснаар 2020 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулсан, гэрээ хүчин төгөлдөр болон гэрээний төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин тагтны талбайн үнийг лоожоор тооцох, аль эсхүл тагтаар тооцох эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

 

4. Монгол Улсын орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандарт-ын 3 дугаар зүйлийн 3.4-т лоожийн талбайг 0.5, тагт террасын талбайг 0.3 гэсэн итгэлцүүрээр бууруулан тооцно гэж, 3.5-д лоож гэж барилгын гадна ханаас илүү гараагүй гурван талдаа ханатай, хучилттай ил тасалгааг хэлнэ гэж, 3.6-д тагт гэж барилгын гадна хаднаас илүү гарсан, консуль буюу баганын тулаастай, хоёр гурван талаараа хайс, хашлагатай тавцанг хэлнэ гэж тус тус заасан. /х.х-ийн 95-96/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Үндэсний төв архивын газраас ирүүлсэн барилгын ажлын зурагт үндэслэн талуудын маргаж буй тагтыг барилгын үндсэн тэнхлэг дотор байршсан буюу парралель байрлалд барилгын ханаар тусгаарлагдсан өрөө тасалгаа, лифтны хонгил, агуулах зэрэг байрласан байх тул үүнийг лоож гэж үзэж, улмаар талбайн хэмжээг 0.5 итгэлцүүрээр тооцон 13.34х0.5=6.67 м.кв талбайтай байгаа нь холбогдох стандартыг зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

Тодруулбал, уг барилгын ажлын зургийг үзэхэд маргаан бүхий лоожийн нэг талд гал тогоо, зочны өрөөний хана, баруун болон зүүн талд ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, лифтны хонгил, агуулахын хана байрлаж байгаа нь дээрх аргачлалд заасан гурван талдаа ханатай гэх шаардлагад нийцэж байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан гурван жилийн хугацаа нь гэрээний зүйл болох орон сууцны тоо, хэмжээний доголдлын талаар гомдлын шаардлага гаргахад хамаарах хугацаа бус, гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтад хамаарах хугацаа болно.

 

Тиймээс анхан шатны шүүхийн эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлагын хугацааны талаарх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн лоож бус тагт гэсэн үндэслэлээр дутуу талбайн талаарх гомдлын шаардлагыг гурван жилийн дотор гаргах эрхтэй гэсэн тайлбар үндэслэлгүй болно.

 

6. Харин Иргэний хуулийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

 

Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалт нь орон сууцны тоо болон хэмжээний доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг тодорхойлсон ба нэхэмжлэгч нь орон сууцыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан байх тул тэрээр хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээ болон үгийн өөрчлөлт оруулна. Учир нь,

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдан авсан орон сууц доголдолтой гэж дахин засварлуулах болон үнэ бууруулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасныг баримталсан нь буруу болжээ.

 

Зүй нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасанд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад энэ талаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх маргааны зүйлийг лоож гэж үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт тагт гэж бичсэн нь үгийн хувьд алдаатай байгааг мөн адил засна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/05308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад ...254.6 гэснийг 254.1 гэж, ...тагт гэснийг лоож гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 91,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР