Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00427

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/05473 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

16,280,800 төгрөг гаргуулах үндсэн, 10,012,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай байгууллага ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 500 ширхэг манай компанийн нэр бүхий логотой цүнх /******* логотой цүнх/, 500 ширхэг дэгээ, 500 ширхэг мэндчилгээний сэт захиалсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 500 ширхэг бэлгийн хайрцаг захиалж, гэрээний урьдчилгаа төлбөр болгож 2 гэрээний үүрэгт нийт 15,750,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн.

Бид урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлж, мэндчилгээний сетийн загварыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, ******* цүнхний загварыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталгаажуулсан. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэндчилгээний сет, 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 500 ширхэг цүнх буусан гэж ******* ХХК-аас мэдэгдсэн. Эдгээр нийлүүлсэн бүтээгдэхүүнээс дэгээ болон том хайрцаг нь шаардлага хангасан тул хүлээн авч, цүнх болон мэндчилгээний сет бүтээгдэхүүн бидний захиалгаас өөр, доголдолтой байсан тул хүлээн авахгүйг мэдэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******" ХХК-д албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

1. Логотой цүнхийг бид анх тохиролцохдоо цагаан логотойгоор захиалсан атал саарал логотой, лого нь хазгай бичигдэж ирсэн тул цүнхийг хүлээн авах боломжгүй байсан.

2. Мэндчилгээний сет буруу цаасан дээр хэвлэгдсэн, гялгар бүрэлттэй, мэндчилгээ бичих боломжгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж ирсэн байсан тул хүлээн аваагүй.

Цүнх болон мэндчилгээний сет нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, үндсэн үүргээ нэгэнт гүйцэтгэх боломжгүй учраас доголдолтой бүтээгдэхүүнд тооцогдоно.

Гэрээ нэгэнт цаашид хэрэгжих боломжгүй, хариуцагч тал ноцтой зөрчил гаргасан учраас бид Иргэний хуулийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсан.

Хариуцагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гэрээнд заасан алданги шаардаж байна. ******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх нийт 118 өдрийн алдангид 3,832,050 төгрөг шаардаж байна.

Хариуцагчтай асуудлыг эвээр шийдэх нэгэнт боломжгүй болсон тул бид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн " ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, 1,623,750 төгрөгийг үйлчилгээний хөлсөнд төлсөн. Энэхүү төлбөрийг энэхүү гэрээнээс учирсан хохиролд тооцож хариуцагч талаас нэхэмжилж байна.

Иймд, ******* ХХК-аас дэгээ болон том хайрцгийг хүлээн авсан учраас урьдчилгаанд төлсөн 15,575,000 төгрөгөөс хүлээн авсан дэгээ, хайрцагны 4,750,000 төгрөгийг хасч, үлдэх 10,825,000 төгрөг, алданги 3,832,050 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1,623,750 төгрөг, нийт 16,280,800 төгрөгийг Иргэний хуулийн 343.1, 355.1, 227.3 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна гэжээ. 

  

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* цүнхний тухайд ******* ХХК нь лого нь саарал өнгөтэй, далий байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй юм. ******* цүнх захиалсан загвараас лого нь ялимгүй, бага зэрэг цагаан саарал өнгөтэй ирсэн болохоос лого нь далий бичигдсэн зүйл байхгүй. Бид ******* цүнхийг хүлээж авахгүй гэхээр нь цүнхний нэгж үнийг бууруулж нийлүүлэх санал хүргүүлсэн боловч ******* ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шууд гэрээгээ цуцална гээд цүнхийг хүлээж аваагүй.

Хайрцагны сет /дугтуй, мэндчилгээ, хайрцаг/-ний тухайд бид гэрээнд заасны дагуу ******* ХХК-ийн өгсөн өнгө загварын дагуу хийж гүйцэтгэсэн. ******* ХХК нь нэхэмжлэлдээ тайлбарлахдаа матт цаасаар хийх ёстой байсан гэж байгаа боловч баталгаажсан захиалгын эх загварт барааны материал дурдагдаагүй. Түүнчлэн ******* ХХК нь мэндчилгээний цаасыг анх хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа мэндчилгээн дээр үзгэн балаар бичих боломжгүй арилж халтартсан, мэндчилгээний дугтуй муу материалаар хийгдсэн гэх зэрэг шалтгаан л хэлсэн. Мэндчилгээн дээр үзгэн эсхүл тосон балаар бичих боломжтой. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байна. ******* ХХК-иас барааг шууд устгалд оруулах шаардлага тавьсан. Манай компанийн хувьд барааг захиалгын эх загварт нийцүүлж хугацаанд нь нийлүүлэх, БНХАУ-д үйлдвэрлэж, импортоор оруулж ирэхийн тулд тодорхой хэмжээний зардал гаргасан байтал ялимгүй шалтгаанаар барааг хүлээж аваагүйгээс болоод бидэнд хохирол учраад байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлсөн боловч 2023 оны 11 дүгээр сарын 29-ний цүнхний загварыг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэндчилгээний загварыг баталгаажуулсан. Манай захиралд таалагдахгүй байна, бараагаа авахгүй 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн, цүнхний лого цагаан биш саарал, далий бичигдсэн байна, мэндчилгээний цаас матт биш гялгар байна, мэндчилгээний дугтуй нимгэн байна гэж хэлсэн. 500 ширхэг цүнхний хэдэн лого нь далий юм гэдэг нь тодорхойгүй, цагаан өнгө нь ясан, сүүн гээд янз бүр байгаа цагаан өнгөний кодыг өгөөгүй. Мэндчилгээний сэтийн хувьд хэрэгт 2 ширхэг мэндчилгээний цаасыг дугтуйтай гаргаж өгсөн, эхний цаас жаахан гялгар цаас байгаа, захиалсан шиг матт гарна гэж байхгүй гэж хэлээд аль болох матт болгож өгөх талаар тохироод явсан. Бид цаасыг дахин хийж өгсөн, анх захиалахдаа ийм олон өнгөн дээр бүрэлт хийгээд танай хэлж байгаа шиг матт гарахгүй гэж хэлэхэд ажилтан нь зөвшөөрөөд явсан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотой шаардах эрх байна, гэрээ цуцлах урьдчилсан нөхцөл бүрдээгүй. Алданги нэхэмжлэхгүй үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт захиалагчийн доголдолтой холбоотой шаардах эрхийн талаар зохицуулсан. Гэтэл захиалагч доголдлыг арилгуулах, үнэ бууруулах зэрэг шаардах эрхээ огт хэрэгжүүлээгүй бөгөөд барааг доголдолтой гэсэн шалтгаанаар шууд гэрээ цуцална гээд бараагаа хүлээн авахаас татгалзсан.

Гэрээ цуцлах тохиолдолд манай компани гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байх ёстой. Бидний хувьд гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй, Хайрцаг сет болон ******* цүнх гэрээнд заасны дагуу хийгдсэн бөгөөд ямар нэгэн доголдолгүй бөгөөд бид захиалагчийн өгсөн өнгө загвараар л хийж гүйцэтгэсэн. ******* ХХК-аас хайрцаг сетний цаас ямар байх талаар, ******* цүнхний лого яг ямар цагаан байх талаар захиалгын эх загвар баталгаажуулахдаа бидэнд мэдэгдээгүй, тохиролцоогүй байж барааг хийж гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгөх үед гэрээг цуцална гээд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байж болохгүй.

Манай компанийн хувьд ******* ХХК-ийн логотой цүнх, мэндчилгээний цаасыг худалдан борлуулах ямар ч боломжгүй. Түүнээс гадна ******* ХХК-ийн логотой цүнх, мэндчилгээний цаасыг БНХАУ-д үйлдвэрлэж, гаалиар оруулж ирэхэд тодорхой хэмжээний зардал гаргасан. Гэтэл ******* ХХК-аас үндэслэлгүй шаардлага тавьж бараагаа хүлээж авахгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаагаас болж бид хохирч байна.

******* ХХК-иас гэрээ цуцалсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийг барааг хүлээж авсан гэж үзэж байна.

Иймд, ******* ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 1,125,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 5,550,000 төгрөг, нийт гэрээний үүрэгт 6,675,000 төгрөг, алданги 3,337,500 төгрөг, нийт 10,012,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар татгалзлын агуулга:

Нэгдүгээрт, хариуцагч талаас мэндчилгээний цаасыг ийм цаасаар хийж чадахгүй гэж жишээ үзүүлсэн гэж хэлж байна. Тухайн үед манай захирал гадаадад явж байсан, ******* ХХК-ийн зүгээс манайд загварын дээж гэж цүнх, дэгээ, бэлгийн хайрцаг, мэндчилгээний сет зэргийн аль дээр нь ч жишээ загвар хийж үзүүлээгүй. Гэрээ хийгдээд 2023 оны 11 сарын 17-ны өдөр манай дизайнер эцсийн байдлаар бүх загваруудаа батлаад ******* ХХК-д хүлээлгэж өгөөд өөрөө гадагшаа томилолтоор явсан. Тэр үед ******* ХХК-д менежерээр ажиллаж байсан ******* нь ******* ХХК-ийн менежер тай утсаар холбогдож манайх танай гаргасан загварын зарим детальд өөрчлөлт орохоор болчихлоо, үүнийг чадахгүй байна гэж 2-3 жижиг детальд утсаар ярьж өөрчлөлтийг хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* ХХК-ийн зүгээс гаргасан саналын дагуу өөрчлөлт орсон. Гэхдээ захиалсан бүтээгдэхүүнүүдийн эх загвар дээр өөрчлөлт ороогүй, зөвхөн өнгөний асуудалд өөрчлөлт орсон.

Хоёрдугаарт, 2023 онд манай зүгээс эвлэрэхгүй, бүх барааг устгалд оруулъя гэж эхний байдлаар хэлээгүй, урьдчилгаанд өгсөн 10 гаруй сая төгрөгийн 5 сая төгрөгт бид нар алдаатай хэвлэгдэж ирсэн цүнхээ хүлээн авъя, үлдэгдэл 5,825,000 төгрөгийг данс руу буцаан шилжүүлчих гэх саналыг манай зүгээс гаргаж байсан. Үүнийг ******* ХХК нь хүлээн аваагүй, гэх хуульч хөлсөлсөн, манай компанид хуульч байдаггүй, тухайн хариуцаж байсан менежер гэх хүнтэй ярьж бид нар эвлэрэхгүй, та нар шүүхээр яв гэх саналыг ******* ХХК-ийн зүгээс өөрсдөө эхэлж гаргасан.

Хоёр ажил гүйцэтгэх гэрээнээс гадна бэлгийн хайрцгийг бид нар хүлээн авъя, дэгээг хүлээн авъя, цүнх болон мэндчилгээний сетийг хүлээн авах ямар ч боломжгүй, бидний захиалгаас зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй бараа ирсэн байсан. Дугтуйны цаасыг манай үйл ажиллагаа явуулдаг олон улсын дижитал сэтгүүлийн цаас, конвертийг бид үзүүлж байсан, тэрийг ******* ХХК нь бид нар энэн шиг хийж чадахгүй гэж жишээ болгож чадлаараа зузаан хийсэн гэж зөрүүтэй худлаа ярьж байна. Манайх барааг хүлээж аваагүй, бараа бүтээгдэхүүнийг актаар хүлээж авна гэж тохиролцсоны дагуу актанд гарын үсэг зурж хүлээж авсан зүйл байхгүй. Яагаад гэвэл бидний өгсөн захиалгаас зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй, алдаатай бүтээгдэхүүн ирсэн. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох 16,280,800 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч ******* ХХК-иас 10,012,500 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 175,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 175,150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1.Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д Гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг Захиалагчийн өгсөн өнгө, загварын дагуу заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэж тодорхой тусгасан. Бидний зүгээс бодит эх загвар болгон Kate Spade брэндийн карт сэт болон цүнхийг ******* ХХК руу хүргүүлсэн ба хариуцагч түүнийг хүлээн авч уг загвараар хийж гүйцэтгэхийг зөвшөөрч ажлаа эхлүүлсэн байдаг. Бидний зүгээс нотлох баримтаар хавтаст хэрэгт эх загвар болгон хариуцагч компанид өгч байсан мэндчилгээний сэтийг хавсаргаж өгсөн. Талуудын төлөөлөгч нар хэд хэдэн удаа уулзаж, ******* ХХК-ийн оффист сууж эх загвараа тохиролцож гаргасан байдаг. Энэ талаар баримт хариуцагч талд одоог хүртэл хадгалагдаж байгаа. Бидний зүгээс өөрсдийн эх загварыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн ч хариуцагч талаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Бидний шүүхэд гаргасан нотлох баримтыг ямар нэг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, анхан шатны шүүх хариуцагчийн үгүйсгэлийг үндэслэлтэй мэт үнэлж, бидний гаргасан бодит нотлох баримтыг үнэлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт загвараа тохиролцоогүй байна гэх авч загвар тохиролцохгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж ирэх боломжгүй нь ойлгомжтой юм. Бид эх загвараа хариуцагчид хүргүүлж, хариуцагчаас яг ийм загварын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж ирэх боломжтой гэсний дагуу гэрээ байгуулсан. Хэрвээ одоо үйлдвэрлэгдэж ирсэн шиг цаасаар, цүнхний логоны өнгө нь зөрүүтэйгээр ирэхээр байсан бол бид захиалга өгөхгүй байсан төдийгүй, хариуцагчаас Иргэний хуулийн 350.1.6, 350.1.8 дах хэсэгт заасан үүргээ зөрчиж бүтээгдэхүүн үйлдвэрлэж авч ирсэн.

2. Хавтаст хэргийн 16 дахь талд хариуцагч ******* ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан бичгээр өөрсдийн алдаатай үйлдвэрлэж авч ирсэн логотой цүнх болон карт сэтийн алдааг хүлээн зөвшөөрч цүнхний тухайд анх захиалсан загвараас лого нь ялимгүй цагаан саарал өнгөтэй ирсэн. Иймээс бид ******* цүнхний нэгж үнийг бууруулж нийлүүлэх саналтай байна, Захиалгын эх загварыг баталгаажуулахдаа мэндчилгээний цаасны материал ямар байх талаар бодит загвар явуулсан боловч мэндчилгээний цаас өөр ирсэн гэж албан бичиг ирүүлсэн нь өөрсдийн алдаатай авч ирсэн бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрсөн. Мэндчилгээний цаас мэндчилгээ бичих боломжгүй гадаргуутай, цүнхний лого далий муруй, цүнхний логоны өнгө зөрүүтэй ирсэн нь Иргэний хуулийн 353.2 дах хэсэгт зааснаар уг бүтээгдэхүүнүүдийг биет байдлын доголтой гэж үзнэ. Хариуцагч талаас уг алдааг засварлахад их зардал гарахаар байсан учраас өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрч нэгжийн үнийг бууруулах хүсэлт ирүүлсэн. Гэвч ийм бүтээгдэхүүн хүлээж авах нь гэрээ байгуулсан бидний анхны зорилгод нийцэхгүй учир нь бид цагаан логотой цүнх, мэндчилгээ бичих зориулалтаар ашиглагдах боломжтой цаас хариуцагчаас хүсч байсан учраас зөрүүтэй, засварлах боломжгүй бүтээгдэхүүн ирсэн нь Иргэний хуулийн 335 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гэж үзэж гэрээг цуцлах нөхцөл хангалттай бүрдсэн. Үүнийг анхан шатны шүүх дүгнээгүй.

3. ...анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгч талаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хангаагүй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн үйлдвэрлэж авч ирсэн мэндчилгээний цаас нь мэндчилгээ бичих зориулалтын дагуу ашиглах боломжгүй цаас ирсэн учраас бид хүлээн аваагүй, энэ байдал нь бүтээгдэхүүнийг хүлээж авахгүй байх хамгийн гол нөхцөл болж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн гол үүргээ зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй. Хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан бичгээр Захиалгын эх загварыг баталгаажуулахдаа мэндчилгээний цаасны материал ямар байх талаар бодит загвар явуулсан боловч мэндчилгээний цаас өөр ирсэн гэж өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Сүүлд засварлаж авч ирсэн гэх мэндчилгээний сэтний цаасыг бид хүлээж авахгүйгээ уг компанид тухайн үедээ албан тоотоор тодорхой хариу өгсөн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хайрцаг сет, цүнхний асуудал доголдолтой гэж маргаад байгаа. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар яагаад доголдолтой гэж тайлбарладаг бэ гэхээр Kate Spade гэдэг Америкийн брэндийн хайрцаг сеттэй адилхан байх ёстой, үүнийг гүйцэхгүй байна гэж доголдолтой гэж үзээд байгаа. ******* цүнхийг Vogue гэдэг гадаадын брэндийн цүнхтэй адилхан байх ёстой гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалздаг. Эдгээр нь дэлхийн алдар нэртэй брэндүүд бөгөөд хайрцаг сет нь зах зээлд 37,000 ам.долларын үнэтэй байдаг. Гэрээгээр нэг ширхэг цүнхийг 14,000 төгрөг, нэг ширхэг хайрцаг сетийг 7,000 төгрөгөөр тус тус захиалж байгаа. Гэрээний дагуу тухайн үед загвар баталгаажуулахад нэхэмжлэгч талын төлөөлөгч нар ирээгүй.

Цүнхний өнгөний талаар тайлбарлаад байна. Цагаан өнгө дотроо кодтой байдаг. Манайх мэргэжлийн компани учраас өнгөний код бичсэн хавтас байдаг. Ямар кодтой цагаан өнгө вэ, ясан цагаан уу, сүүн цагаан уу, сараал цагаан уу гэдгийг тохироогүй. Эх загварыг бид вайбераар баталгаажуулсан. Энэ загвар дээр ******* цүнхний хоёр талын хэмжээст, дээр нь юу, юу бичигдэх талаар зураг нь байгаа. Доор өнгөний хэсэг дээр код байхгүй. ******* цүнхний лого далий гарсан гэж тайлбарлаж байна. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бид хоёр цүнхэнд үзлэг хийсэн. 500 ширхэг, 3 том шуудай цүнхэнд нэг бүрчлэн үзлэг хийж, тоолсон. Тоолох явцад миний нүдээр бүгд адилхан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн тэмдэглэгээ хийлгээгүй. Яагаад далий гэж үзээд байгаа вэ гэхээр өөрсдөө дарсан зураг байгаа. Энэ зураг дээр далий байна гэж тайлбарладаг. Анх манайхаас 500 ширхэг үйлдвэрлэгдсэн цүнхнээс нэг ширхгийг аваад тэгж хэлээд байгаа. Тэр цүнхийг захирал нь хараад голсон, үлдсэн 499 ширхэг цүнхийг хараагүй. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа цүнхнүүд адилхан хэмжээтэй, Хятад улсад үйлдвэрлэгдэж ирсэн. Хайрцаг сетийн эх загварыг батлахдаа өнгө, хэмжээ, ард, урд ямар бичигтэй байхыг тохирсон. Энэ талаар аль аль тал маргахгүй. Энэ дээр цаасны материалын асуудал байхгүй. Kate Spade шиг матт болохгүй, гэхдээ чанарын өндөр түвшинд зориулалтын дагуу хийхээр тохирсон. Манайх бүх барааг хугацаандаа нийлүүлсэн. Захирал нь гадаадын брэндтэй адилхан биш гэж татгалзаад байгаа. Манайх захиалгыг оруулж ирэхэд 11,047,000 төгрөгийн зардал гарсан. Манайх албан тоот хүргүүлэхдээ урьд нь харилцаж байсан харилцагчаа бодоод үнийг бууруулаад нийлүүлье, матт цаас гэж байгаа бол манайхаас үйлдвэрлээд оруулаад өгье гэж дараагийн мэндчилгээний цаасыг үйлдвэрлэж оруулаад ирсэн боловч доголдолтой гэж хүлээн авахаас татгалздаг. Хавтаст хэрэгт авагдсан хоёр мэндчилгээний цаасан дээр хоёуланд нь мэндчилгээ бичих боломжтой. Ийм учраас доголдолтой гэж гэрээнээс татгалзах нь үндэслэлгүй байна. Үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 16,280,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 10,012,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, цүнх, дэгээ, хайрцаг сет /дугтуй, мэндчилгээ, хайрцаг/-ийг тус бүр 500 ширхэгийг нийт 18,500,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн загварыг баталгаажуулж, урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс хойш хариуцагч нь хуанлийн 20-25 хоногийн дотор нийлүүлэхээр, /х.х-ийн 10-12,/

 

3.2. Түүнчлэн талууд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, том хайрцаг 500 ширхэгийг 3,750,000 төгрөгөөр нэхэмжлэгч нь мөн адил гэрээний зүйлийн загварыг баталгаажуулж, урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс хойш хариуцагч тал хуанлийн 20-25 хоногийн дотор нийлүүлэхээр тус тус тохиролцжээ. /х.х-ийн 13-14/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ******* ХХК нь эдгээр гэрээний хөлс болох нийт 22,250,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 15,575,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д төлж, үлдэгдэл 6,675,000 төгрөгийг төлөөгүй ба гэрээгээр тохирсон ажлаас нэг бүрийн үнэ 3,000 төгрөгийн үнэтэй 1,500,000 төгрөгийн 500 ширхэг дэгээ, нэг бүрийн үнэ 7,500 төгрөгийн үнэтэй 3,750,000 төгрөгийн 500 ширхэг том хайрцгийг тус тус хүлээн авсан байна. /х.х-ийн 18/

 

Тодруулбал, зохигч нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн 500 ширхэг дэгээ болон 500 ширхэг том хайрцагны тоо, хэмжээ, чанарын талаар маргаагүй, харин гэх бичвэртэй цүнхний үсгийн өнгийг тод цагаан биш бөгөөд үсэг нь хазгай гэж, мөн мэндчилгээний дугтуй нимгэн, цаасыг матт биш учир үзгээр бичихэд бэх шингэхгүй урсдаг тул доголдолтой гэж маргажээ.

 

5. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж, 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд бий болсон гэрээгээр тохиролцсон зүйл байх бөгөөд энэ нь захиалагчаас өгсөн заавар /ажлын зүйлийн нэр, төрөл, загвар хийц, хэмжээ, тоо, шинж, өнгө, материал гэх мэт/-аас хамааралтай байдаг.

 

Талуудын тайлбар болон ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т зааснаар захиалагч ******* ХХК нь гэрээний зүйлийн загварыг баталгаажуулах үүрэг хүлээсэн бол, ажил гүйцэтгэгч ******* ХХК нь тэрхүү загварын дагуу сонгогдсон материалаар тухайн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байгаагаас үзвэл захиалагчийн заавраас ажлын үр дүн илүү хамааралтай гэж үзэхээр байна.

 

6. Хэрэгт авагдсан захиалагч ******* ХХК-ийн захиалгын загвар /цүнхний загвар/-т color code #53565A гэж, logo text -WHITE гэж, мөн цүнхний дээд болон доод талын урт, өргөн, бариулын хоорондын зай, хэмжээ, өндөр зэргийг тус тус баталгаажуулжээ. /х.х-ийн 80/

 

Уг баталгаажуулсан үсгийн өнгийг илэрхийлсэн кодыг нийтэд хэрэглэгддэг цахим орчноос шүүн үзвэл tints of bright grey - завсрын саарал /хосолсон өнгө/ гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн тод цагаан өнгөөр хийхээр баталгаажуулсан гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Үүнээс гадна захиалагч ******* ХХК нь цүнхний үсгийн өнцөг, налуу, тэгш хэм, үсэг хоорондын зай, өргөн, урт, өндөр, нам зэргийн талаар тухайлан баталгаажуулаагүй, нийт 500 ширхэг цүнхнээс хэдэн цүнхний үсэг ийнхүү хазгай байгаа нь тодорхойгүй байх тул ажил гүйцэтгэгч ******* ХХК-ийг гэрээний зүйлийг захиалсан загвар хийц, хэмжээ, өнгөнөөс өөрөөр хийж гүйцэтгэсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь бидний зүгээс бодит эх загвар болгож Kate Spade брэндийн карт сэт болон цүнхийг хариуцагч компани руу хүргүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

7. Мөн хэрэгт авагдсан захиалгын загвар /мэндчилгээний сэт/-т нэхэмжлэгч нь анхнаасаа дугтуйны цаасны зузаан болон мэндчилгээний цаасны төрлийг бэх шингээх чадвартай матт цаас гэж баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг хүлээн авахгүй. /х.х-ийн 78-79/

 

Хэдийгээр ажил гүйцэтгэгч ******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23/41 тоот албан бичигт цүнхний үсгийн өнгийг цагаан саарал гэж, мэндчилгээний цаасыг матт биш гэж дурдсан байх боловч нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчийн баталгаажуулсан үсгийн кодны дагуу өнгийг тодорхойлж хийсэн, зохигч нар гэрээгээр матт цааш гэж тохироогүй тул энэхүү албан бичгийг үндэслэн хариуцагчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. /х.х-ийн 16/

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн мэндчилгээний дугтуй нимгэн, мэндчилгээний цаас мэндчилгээ бичих боломжгүй гадаргуутай, ******* цүнхэн дээрх лого далий мурий, бичвэрийн өнгийг цагаан өнгөтэй байхаар тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй байх тул энэ талаарх түүний давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, мөн 224 дүгээр зүйлийн 224.1-т Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж, 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус заасан.

 

Тодруулбал, захиалагч ******* ХХК нь дээр дурдсан хуулийн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй, улмаар хүлээн авах хугацааг хэтрүүлсэн байх тул хариуцагчид учирсан хохирлыг нөхөн төлөхөөс гадна алданги шаардах эрхгүй юм.

 

9. Талуудын байгуулсан гэрээний 5.2, 5.3, 7.1, 7.2-т тус тус зааснаар зохигчид гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэгч ******* ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг захиалагч ******* ХХК нь хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан гэж дүгнээд төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 6,675,000 төгрөгөөс алданги тооцож, нэхэмжлэгчээс 10,012,500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэл доголдолтой гэсэн үндэслэлээр төлөхөөс татгалзсан татгалзал нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул тэрээр ажил гүйцэтгэгчид үндсэн төлбөр болон алданги төлөх үүрэг хүлээнэ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 101/ШЗ2024/28157 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, ...Vogue, Katespade брэндтэй харьцуулан мэргэжлийн этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах нь оюуны өмчийн асуудалтай холбоотой... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлтогтоогдохгүй байна.

 

Мөн талууд цүнхний үсгийн өнцөг, налуу, тэгш хэм, үсэг хоорондын зай, өргөн, урт, өндөр, нам болон мэндчилгээний дугтуйны цаасны нимгэн, зузаан, түүнчлэн мэндчилгээний цаасны төрлийн талаар тухайлан баталгаажуулаагүй тул захиалагчийн заавартай нийцэж буй эсэхийг тогтоох боломжгүй учир шинжээч томилох хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаагүй гэх гомдлыг хангахгүй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/05473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 414,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

 

Б.МАНДАЛБАЯР