Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 197

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт П.М холбогдох эрүүгийн 19270197 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 8, ээж, дүү нарын хамт Дорнод баг, Хар толгой гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х  овогт П.М. /РД: ЖЛ85/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.М нь иргэн С.Алтмаагийн хонин сүргээс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчим иргэн Б.Баттөмөрийн 13 ишиг, иргэн С.Алтмаагийн 6 хонь, 7 ямаа тасарч П.М-ийн хонь, ямаатай нийлсэн байсныг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бусдын өмчлөл эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн имээр имнэж завшиж иргэн Б.Баттөмөрт 390,000 төгрөгийн, иргэн С.Алтмаад 1,020,000 төгрөгийн буюу бусдад нийт 1,410,000 төгрөгийн хохирол учруулж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч П.М нь иргэн С.Алтмаагийн хонин сүргээс тасарсан түүний эзэмшлийн 6 хонь, 7 ямаа буюу 1,020,000 төгрөгийн, иргэн Б.Баттөмөрийн эзэмшлийн 13 ишиг буюу 390,000 төгрөгийн үнэ бүхий алдуул мал П.Мийн хонь, ямаатай нь нийлсэн байсныг мэдсээр байж 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн имээр имнэж нийт 1,410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1970197 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч П.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Цагаан-Овоо сумын 2 дугаар баг Хар толгой гэх газар мал маллан амьдардаг юм. Би 2018 оны 09 дүгээр сард Р.Баяраа гэх залуугаас 80 тооны хургатай хонь өрөндөө авсан. Тухайн хонины ихэнхийх нь 2 чих нь араас догол имтэй байсан юм. Мөн өөр хүмүүсээс ишигтэй ямаа, хургатай хонь худалдан авч байсан. Түүний дараа удалгүй С.Алтмаагийн 7 тооны эм хонь, 6 тооны хязаалан ямаа, Баттөмөрийн 13 тооны ишиг манай малттай нийлсэн юм. Тухайн үед би энэ талаар мэдээгүй. Түүний дараа би Р.Баяраагаас өрөндөө авсан 80 тооны хургатай хонь болон өөр хүмүүсээс авсан хургатай хонь, ишигтэй ямаагаа өөрийн имээр имнэж байтал хязаалан ямааг анзаарч хараагүй. Анзаарч хараагүй шалтгаан нь Р.Баяраагаас авсан хонинууд нь 2 чих араас догол имтэй байсан юм. Харин Баттөмөрийн 13 тооны ишиг нь өөр имтэй байсныг зүүн чихийг үзүүрээс нь огтолж, баруун чихийг араас нь догол, ухамтай болгож засаж имнэсэн. ... манай малтай нийлсэн хонь, ямаа ишгийг тоо ёсоор нь Баттөмөр болон Алтмаа нарт 2018 оны 09 дүгээр сард буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

            Хохирогч С.Алтаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгээд Баттөмөртэй тохирсон ёсоор 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орчим Баттөмөрийн хурга, ишгийг өгөх гээд малаа тоолоход Баттөмөрийн 13 ишиг, манай 13 хонь, ямаа дутсан байсан. Улмаар ойр хавийн айлаар эрэл сурал болоод явж байхад М гэх айлын малд манай дутсан гэх мал байсан. Уг малыг очоод авах үед шинэ имээр имнэсэн чих нь цус болсон байдалтай. Тэгээд сумын цагдаа Наранхүүд хэлж дутсан Баттөмөрийн 13 ишиг, миний өөрийн 6 хонь, 7 ямааг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 49 дүгээр хуудас/,

            Хохирогч Б.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...ингээд Алтмаагийнхаас хурга, ишгээ ялгаж авахад миний 13 ишиг дутсан байсан. Ингээд удалгүй Мийн малнаас оллоо. М нь өөрийнхөө имээр имнэсэн байна гэж хэлсэн. Би алдсан 13 тооны ишгээ олж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 56 дугаар хуудас/,

            Гэрч Ц.Даваахүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед Баттөмөрийн 13 ишиг, манайхаас 14 хонь дутсан. М бүх хониныхоо эмийг засан, чих нь цус болсон байсан. Малаа тоо бүрэн хүлээж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч М.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...яг хэзээ хонь, ямаа, ишиг алга болсныг нь мэдэхгүй байна. ...малаа тоолж байж мал тутсан гэдгийг мэдсэн. ...Мийн хонин дундуур нь явж шалгахад хонь ямаагаа эмнээд удаагүй бололтой, чих нь цус болсон байсан. Би М-т чи хонь ишиг ирчихээд байхад бид нарт яагаад хэлээгүй юм бэ гэхэд та нарын утасны дугаар байхгүй учраас хэлж чадаагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,  

            Гэрч Н.Болдбаатар /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, Н.Отгонзаяа /хх-ийн 28-29, 32-33 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

     Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, 2018 оны малын тооллогын дүн, ял шийтгэлгүй болохыг шалгасан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41, 44 дүгээр хуудас/,

Хохирогч С.Алтмаа, Б.Баттөмөр нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 19210197 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.М нь иргэн С.Алтмаагийн хонин сүргээс тасарсан түүний эзэмшлийн 6 хонь, 7 ямаа буюу 1,020,000 төгрөгийн, иргэн Б.Баттөмөрийн эзэмшлийн 13 ишиг буюу 390,000 төгрөгийн үнэ бүхий алдуул мал П.Мийн хонь, ямаатай нь нийлсэн байсныг мэдсээр байж 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн имээр имнэсэн буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас нийт 1,410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Алтмаа /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Б.Бөттөмөр /хх-ийн 12-13 дугаар хуудас/ нарын гэрч Ц.Даваахүү /хх-ийн 18-20 дугаар хуудас/, М.Мягмаржав /хх-ийн 21-23 дугаар хуудас/, Н.Отгонзаяа /хх-ийн 18-19, 22-23/, Н.Болдбаатар /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогч нарын хайхрамжгүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П,М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Шүүгдэгч П.М-ийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын проукрор С.Алтайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч П.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.М-ийн ЖЛ19 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт П.М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.М-ийн ЖЛ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН