| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2025/00028/И |
| Дугаар | 210/МА2025/00428 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00428
*******ын хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга:
Миний бие 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тосонцэнгэл сумын Эрчим хүчний үйлдвэрт уурын зуухны машинистаар ажиллаж байсан. Миний ажилд орсон ажлаас гарсан тушаалууд олдохгүй байгаа болно. Иймд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн Эрдэнэцогтыг 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар, 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлын агуулга:
Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...харин түүнийг Тосонцэнгэл хотын Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, Булнай сумын Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тушаалаар ажилд томилсон байх тул тус хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй... гэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тус хугацаанд ажилд орсон, гарсан тушаал Завхан аймгийн архиваас хайгаад олдохгүй, байхгүй хэдий ч ажиллаж нийгмийн даатгал төлж байсныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нотлогдож байгаа юм. Мөн хөдөлмөрийн дэвтэр дээрх 1992 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэлх бичилтээр болон хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Иймд, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Тосонцэнгэл сумын Эрчим хүчний үйлдвэрт уурын зуухны машинистаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. ******* нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Эрчим хүчний үйлдвэрт уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. *******ыг Тосонцэнгэл хотын Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаартай тушаалаар 1991 оны 11 дүүгээр сарын 01-ний өдрөөс Эрчим хүчний уурын зууханд машинистаар томилон ажиллуулж, 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаартай тушаалаар ажлаас түр чөлөөлж, /х.х-ийн 11, 14/
3.2. Булнай сумын эрчим хүчний үйлдвэрийн даргын 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаартай тушаалаар уурын зуухны машинистаар авч ажиллуулж, 1994 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 39 дугаартай тушаалаар уурын зуухны машинистаар авч ажиллуулсан байна. /х.х-ийн 15, 17, 20/
3.3. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нийгмийн даатгалын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтод ...******* овогтой Эрдэнэцогт /*******/-ийн ажиллаж байсан Эрчим хүчний үйлдвэр УҮГ нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тасагт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно... гэжээ. /х.х-ийн 5/
3.4. *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сар, 1992 оны 09 дүгээр сараас 1992 оны 12 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. /х.х-ийн 12/
3.5. *******, ******* нар шүүхэд гаргасан тодорхойлолтдоо ...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эрчим хүчний үйлдвэрт ...******* овогтой Эрдэнэцогттой 1991 оноос 1998 он хүртэл цуг ажиллаж байсан нь үнэн болно... гэжээ. /х.х-ийн 8-9/
Тодруулбал, нэхэмжлэгч нь улирлын шинж чанартай ажил, албан тушаалд томилогдож ажиллаж байсан бөгөөд түүнийг 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 39 дүгээр тушаалаар уурын зуухны машинистаар авч ажиллуулсан байгаагаас үзвэл 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан баримт болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нийгмийн даатгалын тасгийн тодорхойлолтоор *******ын ажиллаж байсан Эрчим хүчний үйлдвэр УҮГ нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байснаас гадна хүсэлт гаргагч нь 1992 оны 09 дүгээр сараас 1992 оны 12 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Мөн *******, ******* нар *******ыг 1991 оноос 1998 он хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байсан талаар тодорхойлсон байна.
5. Иймд, дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/00185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн Эрдэнэцогт /*******/-ийг 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Эрчим хүчний үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР