Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00407

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04926 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Гэрээний үүрэг болон алданги 1,076,988,552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-тай 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* баригдах барилгын В1-9 давхар хүртэл нийт 10 давхар барилгын карказ болон бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх, уг ажлын хөлсийг 2,100,000,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 200,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлийн хуваарийн дагуу олгохоор харилцан тохиролцсон.

Дээрх гэрээний төлбөрт ******* нь 1,950,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус тус тооцоо нийлэхэд 150,000,000 төгрөгийн төлбөртэй гарсан.

1.2. Мөн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-г байгуулж, дээрх барилгын 10-12 давхрын карказ болон бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсийг 347,270 ам.доллар байхаар харилцан тохиролцсон. Тус гэрээний төлбөрийн үлдэгдлийн талаар 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр, 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус тус тооцоо нийлэхэд ******* нь 192,172.81 ам.доллар төлж, 155,097.19 ам.долларын өртэй болохыг баталгаажуулсан. Мөн захиалагч *******-ийн хүсэлтээр техникийн давхарт хийгдсэн нэмэлт ажлыг 14,000 ам.доллараар гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцож, ажлыг бүрэн гүйцэтгэсэн ба энэ талаар тооцоо нийлсэн баримтад тусгасан.

1.3. Дээрх 2 гэрээнд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр тохирсон тул 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний алданги 75,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний алданги 77,548.6 ам.доллар тооцогдоно.

Иймд 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний төлбөр болон алданги нийт 225,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болон алданги нийт 232,645.79 ам.доллар, нэмэлт ажлын хөлс 14,000 ам.доллар, нийт 1,076,988,552 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-тай 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, ажлын хөлс 2,100,000,000 төгрөг байхаар тохиролцсон боловч хөлс зах зээлийн ханшаас өндөр байсан учир дахин 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 04/13 дугаартай Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, ажлын хөлсийг 1,600,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Дээрх ажлын хөлс 1,600,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан. Үүнийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний гүйцэтгэл хийгдсэн санхүүжилтын тооцооноос харах боломжтой.

2.2. Мөн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-г байгуулж, ажлын хөлс 347,270 ам.доллар байхаар тохиролцсон. Энэ мөнгийг хариуцагч тал бүрэн барагдуулж, Монгол банкны ханшаар бодвол 390,712.63 ам.долларыг төлсөн.

2.3. Нэхэмжлэгч нь захиалагчийн хүсэлтээр техникийн давхарт хийгдсэн нэмэлт ажлын хөлсийг 14.000 ам.доллар байхаар амаар харилцан тохиролцсон ажлыг бүрэн гүйцэт хийсэн гэх боловч уг гэрээгээр ямар ажил тохирсон, гүйцэтгэсэн эсэх талаар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч талаас энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.

******* нь нийт 2,300,000,000 төгрөгийг төлж, ажил гүйцэтгэх гэрээнүүдийн төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 1,028,648,979.6 төгрөгийг гаргуулж, *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,339,573 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,542,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 5,301,195 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* нь анх байгуулсан буюу 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2,100,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээгээр үлдэгдэл төлбөрийг шаардсан, хариуцагч нь 1,600,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж маргасан тул шүүх нэг ажлыг гүйцэтгүүлэхээр байгуулсан хоёр гэрээний аль гэрээ нь талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай.

Анхан шатны шүүх 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 1,600,000,000 төгрөгийн гэрээг дүгнэхдээ ... *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2013 оны гэрээний үнийн дүнг 2,100,000,000 төгрөгөөр тохирсон, сүүлд 1,600,000,000 төгрөгийн гэрээ нь өмнөх гэрээгээ халхавчлах зорилгоор хийсэн гэрээ гэж тайлбарласан, мөн хариуцагч ******* 1,600,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан гэх боловч тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй, 2013 онд байгуулагдсан 2,100,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүнг бууруулж, 1,600,000,000 төгрөг болгосон гэх боловч өмнөх гэрээнээс татгалзсан, үнийн дүнг бууруулахаар тохирсон баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй... гэжээ.

Талууд 1,600,000,000 төгрөгийн гэрээ байгуулснаар 2,100,000,000 төгрөгийн гэрээний хувьд талуудад ямарваа нэгэн байдлаар ашиг үүсэхгүй тул халхавчлах зорилгоор гэрээ байгуулах шаардлага хэн алинд нь байгаагүй. Тиймээс өмнөх гэрээг дуусгавар болгох талаар харилцан тохиролцон бичгийн баримтгүй ч талууд гэрээний үнийн дүнг багасгах зорилгоор дахин гэрээ байгуулсныг үгүйсгэх боломжгүй.

Гэрээний нэг тал хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал хүлээн авч 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 1,600,000,000 төгрөгийн гэрээнд *******-ийг төлөөлж захирал 3.*******, *******-ийг төлөөлж захирал ******* нар гарын үсэг зурж, компанийн тамгыг дарснаар үнийг дахин тохирч байгуулсан болох нь нотлогдож байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, өмнөх гэрээг дуусгавар болсон талаар харилцан тохиролцсон баримт байхгүй гэх үндэслэлээр 1,600,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг 2,100,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл байсаар байтал өмнөх гэрээнээс татгалзаагүй нь үндэслэлгүй, талуудын хооронд хийсэн хэлцлийг халхавч гэж үзэх баримтгүй байхад халхавч хэлцэл гэж дүгнэж буй нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч талаас 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд заасан барилгын карказ угсралтын ажлын тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэн хангахаас татгалзсан нь хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлох боломжийг хязгаарласан тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Иймд нэхэмжлэгч талаас дээрх гэрээг халхавч гэрээ гэж шүүх хуралд хэлсэнээс өөр нотлох баримт байхгүй байтал шүүгч халхавч хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт ... Хариуцагч уг гэрээний үнийн дүнг бүрэн төлсөн гэж маргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч ******* 2,300,000,000 төгрөгөөр гэрээнүүдийн үнийн дүнг бүрэн төлсөн гэх боловч 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн үйлдсэн баримт нь санхүүжилтийн тооцоо болохоос тооцоо нийлсэн акт биш юм. Уг санхүүжилтийн тооцооноос үзвэл хариуцагч нь 2014 оны 6 дугаар сарын 10-наас хойш гэрээний үнийн дүн төлөөгүй бөгөөд 2014-2015 оны тооцоо нийлсэн актын төлбөр төлсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй... гэжээ.

Хэрэв 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн баримтыг тооцоо нийлсэн акт биш гэж үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шаардах эрх тасалдсан гэж үзэхгүй тул дээрх гэрээнүүдийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

4.3. Шүүхийн шийдвэрт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13.5 дахь заалтыг үндэслэл болгон анхан шатны баримтуудыг нотлох баримтуудаар үнэлсэн. Гэвч хэргийн материалд авагдсан *******-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайлангуудыг огт үнэлээгүй. Харин *******-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайланд дансны болон бусад авлагад *******-иас авах авлага тусгагдаагүй.

Аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв байх зарчимд суурилж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэгтэй бөгөөд *******-ийн нягтлан бодогч ******* нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3-т зааснаар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй. Хэрэв ******* нь *******-д 2014 онд ямар нэгэн өр төлбөртэй үлдсэн байсан бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасны дагуу ******* нь санхүүгийн тайландаа тусгах байсан.

Дээр дурдсанаас үзвэл шүүгч хавтаст хэрэгт авагдсан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулан шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Гурван төрлийн хэлцэл байгуулагдаж, 3 төрлийн ажил хийгдсэн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ зах зээлийн үнээс хэт өндөр дүнтэй байсан учраас 1,600,000,000 төгрөг болгосон гэх тайлбар гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний үнэ 2,100,000,000 төгрөг гэдэг нь нотлогдож байгаа.

2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд маргадаггүй ба 10,11,12 давхрыг нийт 347,270 ам.доллар буюу 1 давхрын ажлыг 115,000 орчим ам.доллароор хийхээр тохиролцсон. Маргахгүй байгаа үнийн дүнг тухайн үеийн ам.долларын ханшаар тооцоход нэг давхрын ажил нь 210,000,000 төгрөгийн хөлстэй болж байгаа. Иймд 2013 оны гэрээний үнийг хэт өндөр үнийн дүнтэй хэлцэл байгаагүй гэдэг нь нотлогдож байна.

5.2. Санхүүгийн тайланд өр, авлага тусгагдаагүй нь хариуцагчийн өр авлагыг үгүйсгэх үйл баримт болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэг болон алдангид нийт 1,076,988,552 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Үйлчилгээ, оффисын барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* баригдах үйлчилгээ, оффисын зориулалттай В1-9 давхар нийт 10 давхар барилгын карказ угсралтын болон бетон цутгалтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 2,100,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 7-9 дүгээр тал/

3.2. Түүнчлэн, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь дээрх гэрээнд заасан барилгын 10, 11, 12 дугаар давхрын нийт 3,157м2 талбайн карказ угсралтын болон бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 347,270 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /1хх-ийн 12-14 дүгээр тал/

3.3. Мөн 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 04/13 дугаартай Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ-гэрээгээр ******* нь ******* баригдах үйлчилгээ, оффисын зориулалттай В1-9 давхар нийт 10 давхар барилгын карказ угсралтын болон бетон цутгалтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс 1,600,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-ийн 65-67 дугаар тал/

3.4. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн, хариуцагч тал ажлыг хүлээн авч, ажлын хөлсөнд 2,300,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь В1-9 давхрын барилгын ажлын хөлс болон 2 гэрээ болон нэмэлт гэрээний ажлын хөлс бүрэн төлөгдсөн эсэх асуудал болсныг шүүх зөв тогтоожээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон боловч талуудын маргааны хүрээнд хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.2. Хэргийн 1хх-ийн 10-11, 15 дугаар талд авагдсан 3 ширхэг тооцооны үлдэгдлийн баталгаагаар ******* болон ******* нь 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд гэрээний дагуу өгч, авсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, *******-ийг 100,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 155,097.19 ам.долларын өртэй гарсныг харилцан баталж, санхүүгийн тэмдэг дарж, гарын үсгээр тус тус баталгаажуулжээ.

Түүнчлэн, талууд 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн барилгын карказ угсралтын ажлын гэрээний санхүүжилтийн дүн, тооцоо нийлсэн актыг 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэж, уг баримтаар ажлын хөлс төлсөн хэлбэр, хугацааг нэг бүрчлэн тусгаж, нийт 2,100,000,000 төгрөг төлөхөөс 1,950,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөг болохыг баталгаажуулжээ. /1хх-ийн 193 дугаар тал/

Мөн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн барилгын карказ угсралтын ажлын болон нэмэлт гэрээний тооцоо нийлсэн баримтыг 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн байх ба тус баримтад ажлын хөлс 347,270 ам.доллар, үүнээс 350,000,000 төгрөг буюу 192,172.81 ам.доллар төлсөн, үлдэгдэл нь 155,097.19 ам.доллар, техникийн давхрын нэмэлт ажлын хөлс 14,000 ам долларыг төлөх, уг ажлыг хийсэн талаар тус тус тусгажээ. /1хх-ийн 197 дугаар тал/

Хэрэгт талуудын 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан, В1-9 давхар буюу 10 давхар барилгын карказ болон бетон цутгалтын ажлыг 1,600,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон гэрээ /1хх-ийн 65-67/ авагдсан боловч тус гэрээ нь дээр дурдсан тооцоо нийлсэн баримтуудыг үгүйсгэж чадаагүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна. Учир нь:

Тооцооны үлдэгдлийн баталгааг харилцагч байгууллагуудын тооцоо үүссэн данс тус бүрээр хөтлөх бөгөөд хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгааны баримтуудад хоёр байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тэмдэг дарж хүчин төгөлдөр болсон байх тул уг баримтуудад дурдсан ажил, гүйлгээг гарсан гэж үзнэ.

Хэргийн 1хх-ийн 193 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн акт нь хоёр байгууллагын нягтлан бодогчийн хооронд ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд үйлдсэн санхүүгийн баримт бөгөөд уг актад ...1,1 тэрбум төгрөгийн гэрээ анх хийгдэж дараа дахин ярилцан 1,6 тэрбум болгосон ... гэж бичсэн нь гэрээний үнийг өөрчилсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Учир нь нягтлан бодогчийн тооцоо нийлсэн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтаар гэрээний үнийг тодорхойлох нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцөлийг гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд тодорхойлж, тохиролцсон байх зарчимд нийцэхгүй.

4.3. Улмаар дээрх тооцоо нийлсэн баримтуудыг үйлдсэн хоёр байгууллагын нягтлан бодогч нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба *******-ийн нягтлан бодогч *******гийн мэдүүлэгт гэрээний дагуу мөнгө орж ирэхээр тухайн үедээ бүртгэж, *******-ийн ******* тооцоо нийлээд нийлээд явж байсан гэж, *******-ийн тухайн үеийн нягтлан бодогч гийн мэдүүлэгт тооцоо нийлсэн баримтуудад зурсан гарын үсэг мөн юм шиг байна, 11 жил гаруйн өмнөх зүйл, мөн ажлаасаа гарсан, архив бичиг хэргийг харахгүй бол мэдэхгүй байна гэжээ.

Гэрч нь тооцоо нийлсэн баримтуудад зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж эсэргүүцээгүй, мөн хариуцагчийн татгалзалтай холбогдох тайлбарыг нотолсон мэдүүлэг өгөөгүй байна.

Мөн хариуцагч байгууллагад одоо ажиллаж буй нягтлан бодогч иас гэрчийн мэдүүлэг авсан, тэрээр *******-иас *******-д төлсөн төлбөрийн асуудлаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлсэн гэж талуудын маргаагүй үйл баримтын талаар мэдүүлсэн, талуудын маргаанд хамааралтай мэдүүлэг өгөөгүй байх тул түүний мэдүүлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэнэ.

4.4. Мөн хэрэгт авагдсан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн санхүүжилтийн тооцооны баримтаас /1хх-ийн 16/ үзэхэд хариуцагч байгууллага нь нийт 2,300,000,000 төгрөг төлснөөс хамгийн сүүлд 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Талуудын 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нийлсэн тооцоогоор хариуцагч байгууллагыг 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний төлбөрт 1,950,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний төлбөрт 350,000,000 төгрөг нийт 2,300,000,000 төгрөг төлсөн болохыг баталгаажуулсан нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны баримтад тусгасан санхүүжилтийн үнийн дүнтэй тохирч байна. Иймд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгааны баримтад тусгасан мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.5. Хэргийн 2хх-ийн 17-50 дугаар талд *******-ийн 2013, 2014 оны санхүүгийн тайлан авагдсан байх ба харин талууд гэрээний үлдэгдэл төлбөрийг 2015 онд тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсанаас гадна санхүүгийн тайланд авлагыг тусгаагүй нь харилцагч байгууллагыг гэрээний үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, гэрээний үнэ болон хариуцагч байгууллагын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг зөв тогтоож, 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үүрэгт 155,097.19 ам.доллар гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн.

5.1. Мөн талууд гэрээгээр хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн. Иймд хариуцагч байгууллагын 2 гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 150,000,000 төгрөг болон 155,097.19 ам.доллараас талуудын тохиролцсон алдангийн хэмжээгээр нэхэмжлэл гаргах хүртэл тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр анхан шатны шүүх хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр алдангийг тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.

5.2. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн зохицуулалт нь гадаад вальютын ханшийг төгрөгтэй харьцуулсан зохицуулалт биш, харин төгрөгийн худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой бөгөөд үүнийг анхан шатны шүүх буруу тайлбарласан боловч ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нь зөв байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино. Үүнд:

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй талаарх тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй ба ингэснээр талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар мэтгэлцэх учиртай.

Хариуцагч байгууллага нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол гаргасан боловч энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар бичгээр гарган маргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд дээрх асуудлаар тайлбар гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир өмнө нь гаргаж чадаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч маргаагүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

6.2. Шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/12326 дугаартай захирамжаар барилгын карказ угсралтын ажлын тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох шинжээч томилуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд дахин энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж дүгнэхгүй юм. Иймд энэ талаарх гомдлыг хангахгүй орхино.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04926 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,301,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.ГАНДИЙМАА