| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0060/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/57 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/57
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Н,
хохирогч А.С,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1917000480054 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.М /РД:............./, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ........р хорооны задгайд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгөөс урагш Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 497/176 дугаартай километр шонгийн орчим 69-84 УНМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркын машиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч М.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, зорчигч М.Э-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгөөс урагш Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын 497/176 дугаартай километр шонгийн орчим 69-84 УНМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркын машиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч М.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.- насыг хохироосон гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Чойр орох гээд 10 цагийн үед эхнэр А.С, хүү Б, том охин А, талийгаач охин М.Э нарын хамт гэр бүлийн хэрэгцээний 69-84 УНМ улсын дугаартай Т.Приус-20 маркын хөх өнгийн тээврийн хэрэгсэлээр явж байгаад 14 цагийн үед Баянтал сумын 16 дугаар зөрлөг орчимд замын эвдрэл дээгүүр хурдтай гараад онхолдож зам тээврийн осол гаргасан. Бид бүгд хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би машин бариад явж байсан, манай том охин А жолоочийн хажуу талын урд суудал дээр, хойд суудал дээр манай эхнэр С, хүү Б, талийгаач охин Э нар сууж явсан. Би өөрийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж гэр бүлийн гишүүдийн амь нас болон эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ослын улмаас миний биед баруун уушигны доод дэлбэнгийн урагдалт, хавирга хугаралт гэх мэтчилэн гэмтэл учирсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хоёр хүүхэд хоёулаа оюутан хүүхдүүд энэ жил жилийн чөлөө авсан байгаа. Миний бие урьдынх шигээ ажил төрлөө хийгээд явахад хэцүү байгаа. Манай нөхөрт хөнгөн ял шийтгэл хүлээлгэж өгнө үү. Ар гэрийн байдлыг харгалзан өршөөж өгнө үү гэв.
3. Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед аав Мөнхжаргал, ээж С дүү А, Э нарын хамт гэр бүлээрээ Улаанбаатар хотоос Чойр орох гээд гэр бүлийнхээ хөх өнгийн Т.Приус-20 маркын 69-84 УНМ улсын дугаартай машинаар явсан. Жолоочийн хажуу талын урд суудал дээр дүү А, ард талын суудал дээр ээж С, дүү Э, тэгээд би хойд суудал дээр сууж явсан. Тэгээд хотоос гараад би машины хойд суудал дээр унтаад өгсөн байсан. Гэнэт манай гэрийнхэн машин дотор орилхоор нь сэрэхэд машины баруун талд замын ашиглалтын шон мөргөх гэж байсан. Аав жолоогоо буцааж дараад машинаа замруу оруулаад тэр чигтээ цаашаа яваад замынхаа хойд талд онхолдсон маш хурдан болоод өнгөрсөн тэрнээс хойш би юм санахгүй байна. Нэг мэдэхэд Чойрын эмнэлэгт сэрсэн. Машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Манай аав архи уугаагүй байсан…Миний бие одоогоор ямар нэгэн зовиур байхгүй. Ослын дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Миний эмчилгээний зардал аав, ээжээс гарсан учир надад эмчилгээний зардал нэхэмжлэх шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 36-40 хуудас/
4. Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09-10 цагийн хооронд Улаанбаатар хотоос Чойрт байдаг аав, ээж дээрээ очих гээд гэр бүлийнхээ 69-84 УНМ улсын дугаартай хөх өнгийн Т.Приус-20 маркын машинаар явсан. Уг машиныг манай нөхөр Б.Мл жолоодоод урд суудал дээр манай охин А, хойд суудал дээр манай хүү Б, охин Э бид 3 сууж явсан. 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгийн орчимд явж байсан тэр хавийн зам эвдрэл гэмтэл маш ихтэй байсан тэгээд осол нүд ирмэхийн зуур гэнэт дайвалзаад онхолдсон. Замын ховил дайраад машин замаасаа баруун тийш гараад манай нөхөр буцаж замруу оруулж чадалгүй онхолдсон. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хойд суудал дээр явж байсан болохоор хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Миний бие уушигны дэлбэнгийн урагдал, хүзүү, баруун, зүүн хавирганы хугарал мөн зулгаралт цус хуралт гэх мэт гэмтэлүүд үүссэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…69-84 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. 2017 оны 09 сард интернет зараас Дархан-Уул аймгийн хүнээс 8.300.000 төгрөгөөр авч байсан. Уг машиныг зарсан хүнийг танихгүй, уг тээврийн хэрэгсэл нь худалдаж авах үед бүрэн бүтэн байсан. Уг тээврийн хэрэгслээ 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сайн” нэртэй ломбардны автоломбарданд 3.000.000 төгрөгний барьцаанд тавьсан байгаа. Миний биед одоо ямар нэгэн зовиур байхгүй. Шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэсэн одоо гам сайн барьчихвал эмч зүгээр гэж хэлсэн. Би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Миний нөхөр М намайг өвчтэй зовлонтой байх үед хажууд байж асарч, түшиж тулж байсан хүн. Мөн бид хоёрын хорин жилийн хамтын амьдрал, үр хүүхдүүд минь ч байна тийм учраас би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 43-47 хуудас/
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Уг хэрэгт миний өмнө манай Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн эрх хариуцсан ажилтанаар ажиллаж байсан Мөнхгэрэл гэх хүн хэрэг бүртгэлийн шатанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан. Одоо Мөнхгэрэл гэх хүн ажлаасаа чөлөөлөгдсөн тул 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаартай албан бичгээр миний бие энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Талийгаач М.Э нь насанд хүрээгүй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осолд орж нас барсан ба түүний эцэг Б.М уг хэргийн яллагдагч, эх А.С нь хэргийн хохирогч болсон тул уг хэрэгт талийгаачийг төлөөлж хохирогчоор оролцож байна. Би хэргийн материалтай танилцсан. Талийгаачийн эх А.С түүний төрсөн ах М.Б төрсөн эгч М.А нарт ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн байна. Миний хувьд энэ хэрэгт мөн адил гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Зам тээврийн осол бол санаатай үйлдэгддэггүй гэж хэлмээр байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33/
6. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 10-ныг дуустал дуудлагын эмчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 03 минутанд манай эмнэлэгт Аймгийн нэгдсэн эмнэлгийн 7054103 дугаарын утаснаас Баянтал сумын 2-р баг 16 дугаар зөрлөгийн орчимд зам тээврийн осол гарсны улмаас хүн гэмтсэн байна гэх дуудлагын дагуу 14 цаг 09 минутанд дуудлаганд гарч 14 цаг 35 минутанд очсон. Намайг дуудлаганд очиж үзлэг хийхэд 8 настай Энгүүн нэртэй охин нас барсан байдалтай байсан. Охины эцэг болох эрэгтэй хүн гэмтэл аваагүй орилж хашгирч цочирдсон байдалтай байсан. Нас барсан охины ээж гэх эмэгтэй нүүрний хэсэгт цусанд автсан, ухаан санаа бүдэг, чихнээс ямар нэгэн шингэн гараагүй дээшээ харсан байдалтай байсан. 19 настай эрэгтэй орилж хашгирсан байдалтай, баруун талын хацар овойж хавдсан, эрүүний яс өвдөлттэй. Аманд цустай, доошоо харсан байдалтай, зүүн талын хөлөнд өвдөлт ихтэй гар хүргэхгүй байсан. Тэгээд би өвчтөнгүүдэд эрэмблэн ялгалтыг хийсэн. Дараа нь ээж хүү хоёрт өвчин намдаах тариа хийгээд, хүүгийн зүүн талын хөлд чиг тавьж, ээж хүү, охин гурвыг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгрүү авч явсан ба аав болон нас барсан охин хоёрыг ослын газарт үлдээсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэж өгөөд сумруугаа явсан…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 48 хуудас/
7. Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай аав болох А нь тархины хорт хавдартай юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс биеийн байдал нь муудаад ухаангүй болсон. Тэгээд манай ээж Б дүү С-д аавын бие муудсан талаар утсаар хэлсэн юм байна лээ. Тэгээд С нь гэр бүлийнхээ цэнхэр өнгийн приус 20 маркын машинтайгаа нөхөр М, хүү Б, охин А, Э нарын хамт 2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө Улаанбаатар хотоос Чойрлуу ирж яваад осолд орсон байсан. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд С-ийн утаснаас дуудлага ирэхээр нь авахад нэг танихгүй эмэгтэй 16 дугаар зөрлөг өнгөрөөд зам тээврийн осол гарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүмүүсийнх нь биеийн байдал ямар байна гэж асуухад бага охин нь нас барсан байна өөр мэдэх зүйл алгаа би явуулын хүн байна яараад байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би Чойроос нөхөр Б-ийн хамт өөрсдийн соната-7 маркын машинтайгаа 16 дугаар зөрлөг рүү яваад 15 цаг өнгөрч байхад очсон. Тэгсэн манай дүү С-ийн нөхөр М би эхнэр хүүхдээ алчихлаа гээд гээд охин Э-ийн цогцосыг тэврээд орилоод сөхрөөд сууж байсан. Харин дүү С болон хүү Б, охин А нарын эмнэлэг аваад явчихсан байсан. Тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн автозамын ертөнцийн зүгээр баруун тийш харчихсан байсан. Тээврийн хэрэгслийн дугуйнаас обуд нь салсан, салхины шилнүүд нь хагарсан байдалтай байсан…Намайг осол болсон газар нөхөр Б-ийн хамт 16 дугаар зөрлөг дээр очиход хүргэн дүү М би эхнэр хүүхдээ алчихлаа гээд уйлаад байж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар би мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 54-55 хуудас/
8. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө гэрээсээ 09 цагийн үед эхнэр Б-н хамт өөрийн эзэмшлийн 08-56 ГСА улсын дугаартай машинаар Чойр ороод хувийн ажлаа амжуулж байгаад 13 цаг өнгөрөөгөөд Чойроос гараад гэр болох Баянтал сумын 2-р баг 16 дугаар зөрлөгрүү явж байтал 16 дугаар зөрлөг орчимд урд талын эсрэг урсгалаас хөх өнгийн Т.Приус-20 машин ирж байгаад замын ховилд цохиулаад замаасаа баруун гар тийш гараад буцаж замруугаа ороод манай машинтай зөрөөд хажуугаар гараад явсан тэгээд би толиндоо хойшоо харахад онхолдоод агаар дээр хэд хэд эргэж байсан. Би буцаад машинтайгаа онхолдсон машин дээр ирэхэд хүмүүс гараад ирчихсэн, хүмүүсийн биеийн байдал тааруу байсан. Хамгийн гайгүй байсан нь нэг эрэгтэй, охин 2 байсан. Машин дотор ямар нэг хүн байхгүй 5 хүн гадаа уйлалдаад байж байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсаныг хараагүй. Осол болсны дараа очиход бүгд машинаасаа гараад ирчихсэн байсан…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 56 хуудас/
9. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө гэрээсээ 09 цагийн үед нөхөр Г.Б-ын хамт өөрийн эзэмшлийн 08-56 ГСА улсын дугаартай машинаар Чойр ороод хувийн ажлаа амжуулж байгаад 13 цаг өнгөрөөгөөд Чойроос гараад гэр болох Баянтал сумын 2-р баг 16 дугаар зөрлөгрүү явж байтал 16 дугаар зөрлөг орчимд урд талын эсрэг урсгалаас хөх өнгийн Т.Приус-20 машин ирж байгаад замын ховилд цохиулаад замаасаа баруун гар тийш гараад буцаж замруугаа ороод манай машинтай зөрөөд хажуугаар гараад явсан тэгээд би толиндоо хойшоо харахад онхолдоод агаар дээр хэд хэд эргэж байсан. Би буцаад машинтайгаа онхолдсон машин дээр ирэхэд хүмүүс гараад ирчихсэн, хүмүүсийн биеийн байдал тааруу байсан. Хамгийн гайгүй байсан нь нэг эрэгтэй, охин 2 байсан. Машин дотор ямар нэг хүн байхгүй 5 хүн гадаа уйлалдаад байж байсан. Тэгээд манай нөхөр цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсаныг хараагүй. Осол болсны дараа очиход бүгд машинаасаа гараад ирчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 57 хуудас/
10. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос Чойр орох гээд гэр бүлээрээ явсан. Манайх 69-84 УНМ улсын дугаартай Т.Приус машинтай тэр машиныг манай аав жолоодоод явсан. 14 цагийн үед Баянтал сумын 16 дугаар зөрлөг орчимд явж байгаад замын том хагархай дээгүүр гараад машин дайвалзаад замаасаа баруун тийш гараад машинаа замруу оруулаад замынхаа хойд талын жалгаруу онхолдсон. Онхолдсоны дараа аав бид 2 машиндаа байсан бусад нь шидэгдээд гадаа унасан байсан. Аав манай талийгаач дүү Э дээр очсон, би ээж агаа 2 дээрээ очсон. Аав талийгаач дүүг тэврээд уйлаад байсан. Тэгээд замын машинууд зогсоод цагдаа эмнэлэг дуудсан. Тэгээд бид нар эмнэлгийн машинд суугад Чойрт эмнэлэгт ирсэн. Машиныг аав жолоодож явсан, аавын хажуу талын урд суудал дээр би сууж явсан. Хойд суудал дээр ээж С, ах Б, талийгаач дүү Э нар сууж явсан. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Ослын улмаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй хааяа цээжээр жоохон хөндүүрлээд байсан. Одоо зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 59-60 хуудас/
11. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 12 дугаар сараас эхлээд манай шуурхай ажлын групп гарч замын эвдрэл гэмтэлд шороогоор нүхийг дүүргэх, зам эвдрэлтэй, хурдаа хас гэсэн бичиглэл бүхий тэмдэг зоож байсан. 16 дугаар зөрлөг орчимын замыг яг хэзээ янзалснаа санахгүй байна. Өвлийн нөхцөлд автозамын нүхийг асфальтаар нөхөх боломжгүй байдаг ба замын нүхийг шороогоор түр байдлаар дүүргэдэг юм. Шаардлагатай бол оффис дээр баталгаажуулсан зураг байгаа. 16 дугаар зөрлөг орчимд 150 метрийн зайтай зам эвдрэлтэй гэсэн тэмдэг 3 ширхэг байгаа…” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 66-67 хуудас/
12. Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М гэдэг хүн манай дүү С-тай 1998 онд гэр бүл болсон. Тэр цагаас хойш энэ хүний зан аашийг мэднэ гэж хэлж болно. Өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд их тусархуу, гэр бүл хамаатан садандаа нэр хүндтэй, хайр халамжтай, ямар нэгэн муу зуршил байхгүй. 1998 оноос хойш дүү хүргэн хоёрыг муудаж байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 68 хуудас/
13. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн 7054102 дугаарын утсанд зам тээврийн ослын талаар дуудлага өгсөн. Тухайн үед Улаанбаатараас Чойр чиглэлд явж байгаад замын хажуу талд осол гараад машинууд зогссон байхыг хараад цагдаад дуудлага өгсөн. Намайг машинтай хажуугаар гарахад тухайн тээврийн хэрэгсэл онхолдсон байсан ямар хүн машин барьсан, хэдэн км цагийн хурдтай явж байсныг хараагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 69 хуудас/
14. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3970 дугаар дүгнэлтэнд: Б.М-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 71-72 хуудас/
15. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4680 дугаар дүгнэлтэнд: М.А-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Д гэжээ. /1-р х.х-ийн 78 хуудас/
16. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3969 дугаар дүгнэлтэнд: М.Б-ний биед эрүү, зүүн шилбэний далд хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Ггэжээ. /1-р х.х-ийн 82 хуудас/
17. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3968 дугаар дүгнэлтэнд: А.С-ийн биед баруун уушгины дунд доод дэлбэнгийн урагдал, няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралт, их тархины дунд дэлбэнгийн жижиг няцрал, аалзан хальс доорх тархмал цус харвалт, хүзүүний 5-р нугалам, баруун ,3, 4, 5, 6, зүүн 2-р хавирга, баруун эгэм дал, сээрний 2-р нугалам, бүсэлхийн 4-р нугалмын баруун хөндлөн сэртэн, ууцны 1, 2, 3, 4-р нугалам, зүүн латерал масс бяцарсан хугарал, зулайн хуйханд шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.12, 3.1.1, 3.1.5-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Г гэжээ. /1-р х.х-ийн 103-105 хуудас/
18. Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэнд: Талийгаач М.Э-ийн цогцост Гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны олон тооны битүү хугарал, тархины 2 талт бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тус хэсэгт тархины эдийн няцрал, духны гол хэсэгт, зүүн чамархай, баруун хацар шанаа, баруун шууны гадна дээд хэсэг, хэвлийн баруун, зүүн хэсэг, баруун зүүн өвдөг, зүүн шагайнд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуу, зүүн алганы ар хэсэг зүүн ташаа, зүүн шилбэнд цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ. Дээрх гавал тархины хавсарсан хүнд гэмтлүүд нь нас барахад шууд нөлөөлжээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач М.Э нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байжээ.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /1-р х.х-ийн 144-145 хуудас/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түхийн хуулбар / хх-ийн 86-101, 108-141/
19. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2287 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн суудлын бүрээс дээр цус илэрсэн. Уг цус нь ДНХ-гийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн суудлын бүрээс дээрх цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.М-ын гэх цусны ДНХ-гийн тогтоцтой таарч байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн суудлын бүрээс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо М.Б-ний гэх цусны ДНХ-гийн тогтоцтой тохирохгүй байна.
Дүгнэлт гаргасан: Цагдаагийн ахмад Ш.П гэжээ. /1-р х.х-ийн 161 хуудас/
20. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2288 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн бариул дээр цус илэрсэн байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн бариул дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо Б.М-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн бариул дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо М.Билгүүний гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.
Дүгнэлт гаргасан: шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ш.П гэжээ. /1-р х.х-ийн 168 хуудас/
21. Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэнд:
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 “Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан байдаг ба Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.1.6-д зааснаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын “АСАП” сангаас Б овогтой М /РД:ЕС77040453/-ыг жолооч эсэхийг шалгаж үзэхэд В ангиллын 614427 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна.
69-84 УНМ улсын дугаартай хөх өнгийн Т.Приус-20 маркын тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.
Т.Приус-20 маркын 69-84 УНМ улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг “Тээврийн хэрэгслийн хурд” 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 12 дугаар бүлэг, Тээврийн хэрэгслийн хурд: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.
Дүгнэлт гаргасан: Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.У гэжээ. /1-р х.х-ийн 182-183 хуудас/
22. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэмэлт шинжилгээний дүгнэлтэнд:
Зам тээврийн осол гарахад замын эвдрэл, гэмтэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ 12.1. Жолооч эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.
Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Дүгнэлт гаргасан Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.У гэжээ. /1-р х.х-ийн 185 хуудас/
2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: Би Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Л.Г-ын зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолын дагуу Зам тээврийн ослын 17 дугаартай дүгнэлт, нэмэлт 17а дугаартай дүгнэлтийг гаргасан. 69-84 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 2.4б хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12 дугаар бүлэг 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол гарахад замын эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй. 69-84 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М өөрөө замын нөхцөл байдал, онцлог хөдөлгөөний эрчимээс шалтгаалж хурдаа тохируулан явах ёстой гэсэн мэдүүлэг. /хх-ийн 190/
23. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг / х.х-ийн 5-11 хуудас/
24. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл / х.х-ийн 12 хуудас/
25. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд / х.х-ийн 21-22 хуудас/
26. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл / х.х-ийн 150-159 хуудас/
27. “Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан / х.х-ийн 175-176 хуудас/
28. Говьсүмбэр аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн Б.М, А.С нарын гэрлэлтийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 200-204/
29. М.Э нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 211/
Иймд шүүгдэгч Б.М-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.С, М.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шнар нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг тус тус дурдлаа.
Шүүгдэгчид ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн , мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж мөн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Б.М-ын дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэн улсын яллагчийн саналыг хүлээн аваагүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.М-ын 614427 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ийн М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.М-ын 614427 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, ирэгний нэхэмжлэгч, хариуцагч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ