Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0599/З |
Дугаар | 221/МА2020/0124 |
Огноо | 2020-02-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2020/0124
“Э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ/2019/0751 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Н холбогдох “2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0168450 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ/2019/0751 дүгээр шийдвэрээр: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 3-д заасныг баримтлан “Э х” ХХК-ийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Н 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0168450 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан атлаа Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд бохирын усаа стандартын түвшинд цэвэрлээгүй гэх үндэслэлээр торгосныг анхан шатны шүүхээс бодит нөхцөлд тохирсон байна гэж дүгнэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд дараах хэдэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт хариуцагчийн хууль тогтоомжид тусгасан эрх, үүрэг, үйл ажиллагаа явуулах эрх хэмжээний хүрээ хязгаар боломжийг хууль тогтоомжид заасны дагуу дэлгэрүүлэн тайлбарласан атлаа яг энэхүү хууль тогтоомж дээрх эрх хэмжээ нь хариуцагчийн явуулсан үйл ажиллагаа хяналт шалгалттай хэрхэн яаж ямар шалтгаанаар холбогдож. нэхэмжлэгчийг буруутгаад буй хариуцагчийн үндэслэлийг дэмжиж буйг тодорхой тайлбарлаагүй байна.
Маргаан бүхий акт гарсан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулдаг объектыг хариуцагч нь шалгаад тус өдрийн огноотой Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний хяналтын хуудсаар үнэлгээ өгч, тодорхой хэд хэдэн шаардлагыг биелүүлээгүй гэж буруутгасан байдаг. Тухайн объект дээр очиж ийм ажиллагааг явуулсан. Гэтэл тухайн өдрөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хяналтын хуудсаар үнэлгээ өгч ‘Их эрсдэлтэй' гэж үнэлээд шууд шийтгэлийн хуудсаар торгуупь оногдуулсанийг хүлээн зөвшөөрөхгүй байна Зөрчлийн тухай хуулийн 7.1-ийн 3-т “Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй" гэх үндэслэлээр нэхэмжлэгч талыг буруутгадаг. Яг, ямар хаана, хэзээ, ямар зүйл, заалт, албан бичиг, тоот, албан шаардлага, актаар тавигдсан шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь тодорхойгүй, тухайн өдрөө хяналт шалгалт хийж, нэхэмжлэгч талын биелүүлэх ёстой шаардлага, үүргийг хэлээгүй, мэдэгдээгүй атлаа шууд л тухайн өдрөө “үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр торгосон нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хууль 7.1 “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих” гэсэн хэсгийн 3-т зааснаар торгосон нь зөв болохыг үндэслэхдээ: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.8, 9.1, 9.2-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн байдал нь хариуцагчийн зөв гэсэн дүгнэлтийг өгсөн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай тэмдэглэлд нэхэмжлэгч “Э х” ХХК-ийг дээрх хуулийн ямар заалтыг яаж зөрчсөн тухай дурдаагүй байдаг буюу хариуцагчийн анхнаасаа торгууль ногдуулахаасаа өмнөх хийх ёстой, тогтоох ёстой байсан үндэслэлийг анхан шатны шүүх нь өөрөө нөхөж үндэслэн тайлбарлаж, хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн. Хариуцагчийн зүгээс тухайн усыг бохирдолтой эсэх, тухайн бүс нутаг хэрхэн яаж бохирлогдсон тухай шалгалт хийгдэж байгаа, одоогоор дүгнэлт гараагүй, хяналт шалгалт хийгдэж байгаа тухай сүүлийн 2 удаагийн шүүх хуралдааны тэмдэглэлд өөрөө амаараа тайлбар гаргасан. Ийнхүү энэ нөхцөл байдлаа тогтоогоогүй, шалгалт хийгдэж буй үед “Э х” ХХК-ийг урьдчилан торгосон нь үндэслэлгүй болно
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Маргаан бүхий акт болох Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Н 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0168450 дугаар шийтгэлийн хуудсаар “Э Х” ХХК-ийг “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.6, 9.7-д заасан хэрэгжилтийг хангаагүй...” гэсэн үндэслэлээр 3.000.000 төгрөгөөр торгожээ.
Тус актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б гомдолдоо “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлөөр шийтгэл ногдуулсан атлаа Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “...Бохирын усаа стандартын түвшинд цэвэрлээгүй” гэх үндэслэлээр торгосон нь үндэслэлгүй...” гэж маргажээ.
“Ш э м с” ТББ-ийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 04 дүгээр албан бичгээр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13/ 1975 дугаар албан бичгээр тус аймгийн Хужирт суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Э Х” зэрэг 7 аж ахуйн нэгжүүд бохир цэвэрлэх байгууламж байхгүйн улмаас тус сумын төвөөр дайран урсдаг голд бохир нь урсан орж бохирдуулан хүн, мал ундаалах боломжгүй болгож, бохироо машинаар зөөж, ил задгай асгаж, байгаль орчныг бохирдуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн заалтуудыг зөрчиж байна гэсэн гомдлыг Зөрчлийн тухай хуулийн 7.1-д заасан зөрчлийн шинжтэй байна гэж үзэж, харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт шилжүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/157 дугаар нэгдсэн удирдамжийн хүрээнд “Э Х” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулсан байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна”, 9.6-д “Байгаль орчныг”хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна”, 9.7-д “Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана” гэж тус тус заажээ.
Гэтэл “Э Х” ХХК нь 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин аялал жуулчлалын яамаар батлуулаагүй нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй байх бөгөөд хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагуудыг биелүүлж ажиллаагүйн зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ аваагүй, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрс, ус, агаараас тогтоосон хугацаанд дээж авах үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй мэргэжлийн хяналтын байгууллагын газар дээр нь хийсэн шалгалтаар компанийн бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэрлэгээ огт хийгдээгүй, цэвэрлэх байгууламж бохир усаар дүүрсний улмаас хальж, байгальд шууд урсаж хаягдаж байсан болох нь тогтоогдсон байна.
Ус, цаг уур орчны шинжилгээний газрын итгэмжлэгдсэн лабораторийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Э рашаан сувиллын цэвэрлэх байгууламжийн уснаас авсан сорилтын дүнгээр фосфор 1,7 дахин их, пермигнатын исэлдэх чанар 4,48 дахин их, нийт азотын агууламж 3,1 дахин их бохирдолтой байх тул “...энэхүү цэвэрлэх байгууламжийг манай компани анх байгуулсан бөгөөд бусад компаниас илүү анхаарч, үйл ажиллагаа явуулсан. Гэтэл тухайн өдрөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хяналтын хуудсаар үнэлгээ өгч “их эрсдэлтэй” гэж үнэлээд нийтэд нь торгууль ногдуулсныг зөвшөөрөхгүй” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Учир нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-04-06/64 дүгээр “Зөрчил илрүүлсэн тухай” тэмдэглэл болон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-ээс үзвэл “...хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлага хангаж ажиллаагүй, бохир усыг цэвэрлэх барилга, байгууламж стандартын шаардлага хангаагүй, рашаан сувиллын үйл ажиллагааны улмаас гарч буй хаягдал бохир усыг стандартын түвшинд цэвэрлэдэггүй болох нь бохир усны шинжилгээний дүнгээр нотлогдсон” гэсэн үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул “...зөрчил шалган шийдвэрлэх тухай тэмдэглэлд нэхэмжлэгчийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн ямар заалтыг яаж зөрчсөн тухай дурдаагүй бөгөөд хариуцагчийн анхнаасаа торгууль ногдуулахаасаа өмнө хийх ёстой, тогтоох ёстой байсан үндэслэлийг анхан шатны шүүх өөрөө нөхөж үндэслэн тайлбарласан...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0751 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН