| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2023/0646/З |
| Дугаар | 001/ХТ2024/0095 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2024/0095
“М” ХХК, “Б” ГХОХХК,
“Т” ГХОХХК-уудын нэхэмжлэлтэй,
“Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга,
“Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Ерөнхий хороонд
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0493 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 312 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгч “Б” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, өмгөөлөгч Б.М, нэхэмжлэгч “М” ХХК, “Б” ГХОХХК нарын өмгөөлөгч Ж.Э, нэхэмжлэгч “Т” ГХОХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Х.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, П.А нарыг оролцуулан, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч нараас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргад холбогдуулан ““Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дүгээр тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ГХОХХК-аас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хороонд холбогдуулан ““Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 5.2-т ““Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Тарифын өөрчлөлтийн тухай” А/231 дүгээр тушаалаар Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалт, Ерөнхий хорооны хурлын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “Тарифын нэгдүгээр мөрдлөг-УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм”-ийн 5.9 дэх заалтыг хавсралтаар баталж, 5 дахь заалтаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дүрмийн 5.9 дэх буюу тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоноор ачаа тээвэрлэх хөлсийг бодох заалт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А-47 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосон байна.
3.Нэхэмжлэгч нараас дээрх тушаал, нэхэмжлэгч “Б” ГХОХХК-аас Ерөнхий хорооны хурлын шийдвэрийг эс зөвшөөрч “... зах зээлийн шударга өрсөлдөөнийг хязгаарласан, гол зам эзэмшигч давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, үнэ нэмэх замаар хувийн вагонтой аж ахуйн нэгжийг зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан” зэргээр маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэрээр Төмөр замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0493 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
6.Хариуцагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Х.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, П.А нараас магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
6.1.Шүүхээс хийсэн дүгнэлт, хууль хэрэглээ, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар: Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг ... бүхэлд нь хянав” гэсэн боловч аж ахуй эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагааны хүрээнд үзүүлж буй хөнгөлөлт урамшуулал нь захиргааны хэргийн шүүхийн маргаан биш болох нь тодорхой байхад дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шударга ёсны ба хууль ёсны зарчим, эрх зүйн соёлд харшлах шившгийн шийдэл хийжээ. Өөрөөр хэлбэл бид Монгол Улсын Үндсэн хуульдаа хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэхээ тунхаглан зарласан атлаа маргааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн маргаан биш нь тодорхой байхад дахин хэлэлцүүл гэж буцааж бусдад чирэгдэл учруулахыг хэвийн үзэгдэл гэж үзэхгүй байна.
6.2.Мөн “Б” ХХК нь хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөл буюу тус нийгэмлэгийн дүрэмд зааснаар ерөнхий хороог хариуцагчаар татсан байх бөгөөд энэхүү хороо нь гадагш чиглэсэн шийдвэр гаргадаггүй. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь олон улсын гэрээний үндсэн дээр байгуулагдсан бөгөөд дүрэм нь ром-германы аж ахуйн сонгодог эрх зүй хэм хэмжээгээр зохицуулагдсан бөгөөд ерөнхий хороо нь гадагш чиглэсэн ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн 5.2-т “Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээслэн авсан ачааны вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу цуцлах” гэсэн үүргийг гүйцэтгэх удирдлага буюу замын даргад өгч байгаа.
6.3.Энэ дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж заасан бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН тухайд нийгэмлэгийн дүрмийн 22-т “Замын даргад дараах эрхүүд олгоно”, “а/ Тушаал шийдвэр гаргах”, “к/ шүүхэд хэрэг нэхэмжлэх ба хариуцагчаар оролцох эдгээр болно” гэж заасан тул ерөнхий хороо /ТУЗ/ хэзээ ч хариуцагч биш билээ.
6.4.Анхан шатны шүүх ерөнхий хороог хариуцагч биш гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хариуцагч мөн гэж тогтоол гаргасан. Энэ тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122.6-д зааснаар эцсийн шийдвэр болдог тул буруу, илт үндэслэлгүй байсан ч гомдол гаргах эрхгүйгээс үүдэн Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 1-д “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэсэнтэй зөрчил үүсгэж байгаа нөхцөлд анхан шатны шүүх мөн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эрхтэй. Мөн шүүхийн дүгнэлтээс үзэхэд манай ТУЗ-ийг эрхлэн буй бизнесийнхээ хүрээнд үзүүлж буй хямдрал буюу хөнгөлөлтийг захиргааны акт гэж үзэж буй давахын шүүгчид нь хуулийн 2-р курсийн мэдлэг эзэмшээгүй гэж харагдахаар дүгнэлт хийсэн байна.
6.5.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн ... долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэснийг хэрэгжүүлж хурлыг хийхэд нэхэмжлэгч талаас нэмэлт нотлох баримт шаардлагатай талаар ямар нэг хүсэлт гаргаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай гэж үзэж оролцогч талууд маргаагүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй бөгөөд анхан шатны шүүгчийн дотоод итгэл, бүрэн эрхийг үгүйсгэсэн дүгнэлт хийж хууль зөрчсөн байна. Мөн нийгэмлэгийн дүрмийг 1949 оны олон улсын гэрээний дагуу байгуулсан бөгөөд дүрмийн 1-д “БНМАУ ба ЗСБНХУ-ын Засгийн газруудын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийсэн хэлэлцээрийн үндсэн дээр нэг талаас БНМАУ-ын Тээврийн яам, нөгөө талаас ЗСБНХУ-ын Зам харилцааны яам нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр байгаа дор дурдсан төмөр замын шугамуудыг ашиглах зорилгоор Улаанбаатар хотод байрлаж ажиллах Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг “Улаанбаатар төмөр зам” гэдэг нэртэйгээр байгуулна” гэж заагаад аж ахуйн хүрээнд үүсэж болох бүхий л асуудлыг зохицуулсан болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.
6.6.Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2-т “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 ... тус тус зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” мөн зүйлийн 2.1-д “Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана. Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хууль ... хэрэглэж болно” гэснийг зөрчсөн байна.
6.7.Цаашид хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой дараах асуудлыг шүүх анхаарахгүй бол Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” мөн зүйлийн 26.5-т “Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно” гэж заасан заалтыг зөрчиж нэг хуулийн этгээдийг 2 хариуцагч болгож салгаад байж болох уу?, үүсгэн байгуулах баримт бичигт нь хэн хариуцагч байхыг тодорхой заасан байхад түүнийг шүүх анхааран авч үзэхгүйгээр хууль зөрчиж болох уу? гэсэн асуулт зүй ёсоор үүсэж байна. Ер нь ийм шүүх шударга ёсны баталгаа болж чадах уу?. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 312 дугаар тогтоолоор хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, мөн хуулийн 121.3.1-121.3.7 дахь заалтад давж заалдах шатны шүүх ямар тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлүүдийг нэрлэн зааж хуульчилсан байна.
10.Энэ хэргийн хувьд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэсэн заалтыг зөрчсөн буюу мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
11.Ингэхдээ давж заалдах шатны шүүх “Ерөнхий хорооны орлогч дарга нь Ерөнхий хороог шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх талаар тодруулга ирүүлэхийг мэдэгдсэн боловч тухайн тодруулгын хариуг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн”, улмаар “хуульд заасан журмын дагуу томилогдоогүй этгээдийг хариуцагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн байх хэдий ч эдгээр дүгнэлт нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл биш байна.
12.“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны журмын 2.1-д “Ерөнхий хорооны ажлыг Ерөнхий хорооны дарга зохион байгуулна” гэж, 2.3-ийн 8-д “Ерөнхий хорооны хурлын протоколууд болон бусад баримт бичгүүдэд (Ерөнхий хорооны орлогч даргын хамт) Ерөнхий хорооны нэрийн өмнөөс гарын үсэг зурах” гэж, 2.4-т “Ерөнхий хорооны даргын эзгүйд түүний үүргийг Ерөнхий хорооны орлогч дарга гүйцэтгэнэ” гэж Ерөнхий хорооны орлогч дарга нь Ерөнхий хорооны даргын эзгүйд ерөнхий хорооны ажлыг зохион байгуулж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурах бүрэн эрхийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх тухай тус журамд тодорхой зохицуулжээ. Энэ хүрээнд Ерөнхий хорооны орлогч даргаас Ерөнхий хороог шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хууль зүйн албаны хэлтсийн дарга болон хуулийн зөвлөхөд олгосон нь дээрх журам болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчөөгүй байна.
13.Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0493 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ