Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 137

 

“Шарын гол” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00053/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж,  шүүгч О.Нарангэрэл,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 664 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: “Шарын гол” ХК-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдох, 

          “Нүүрсний үнийн үлдэгдэл төлбөр 1.397.047.818 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй,”  “60.950.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ө.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэндамбаа, нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

          Нэхэмжлэгч “Шарын гол” ХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Манай компани 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Дулаан шарын гол” ТӨХК-тай Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээ ёсоор нэг тонн нүүрсийг 28,000 төгрөгөөр /НӨАТатваргүй  үнэ/ худалдан авагч “Дулаан шарын гол” ТӨХК-ийн  саналыг үндэслэн нүүрс нийлүүлэхээр болсон. 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар буюу гэрээний хугацаа дуусгавар болоход худалдан авагчид нийт 7590 тн нүүрс нийлүүлсэн бөгөөд гэрээ дуусгавар болоход худалдан авагч 95,537,929.86 төгрөгийн өртэй байсан. Үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийлүүлэгч болон худалдан авагч талуудын нягтлангуудын үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар баримтжуулсан. Мөн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай компаний хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээний биелэлтийн тухай акт үйлдэж баталгаажуулсан. Дээрх гэрээний 5.3 дахь хэсэгт  “худалдан авагч нь тухайн сард авсан нүүрсний үнийг  төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,2 хувийн алданги тооцно” гэж заасан тул худалдан авагчийн 2012 оны 04-12 сарын төлөгдөөгүй нүүрсний үнэд тооцсон алданги нь 29,261,628.9 төгрөг болж байсан. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Шарын гол” ХК-ийн ажлын байранд 2012 оны нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг дүгнэх хурлаар талууд 2012 оны гэрээг дүгнэж нүүрсний төлөгдөөгүй үнийн алдангийг хүлээн зөвшөөрч өр төлбөрийг төлөх талаар график гаргаж ажиллахаар тохиролцсон ч манай талаас явуулсан гэрээ дүгнэсэн хурлын тэмдэглэл актыг баталгаажуулж ирүүлээгүй. Түүнчлэн 2012 онд худалдан авсан нүүрсний төлбөрөө бүрэн барагдуулж 2012 оны нүүрс нийлүүлэх, худалдан авах  гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болсон тул 2013 онд нүүрс нийлүүлэх худалдан авах гэрээ байгуулж нүүрсээ худалдан авахыг шаардахад гэрээ дахин байгуулах нь битгий хэл өмнө онд үүссэн өр төлбөрөө төлөхгүй гэрээ дүгнэсэн актаа ч баталгаажуулж ирэхгүй байсан. Манай байгууллагын зүгээс удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч өр төлбөрөө төлж, гэрээгээ байгуулаагүй. Гэвч өвлийн улирал байсан тул сум орон нутгийн иргэд байгууллагын өнтэй дулаан өвөлжих, сум орон нутаг хөлдөх аюул зэргийг харгалзан өнөөдрийг хүртэл нүүрсээ нийлүүлсээр байна. 2013 онд нийлүүлсэн нүүрсийг гэрээ байгуулж үнэ тохиролцоогүй тул төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон үнэ болох 50,050 төгрөгөөр тооцсон бөгөөд тухайн жилд 13,057.3 тонн нүүрс нийлсэн. “Дулаан шарын гол” ТӨХК-иас төлсөн мөнгөн төлбөр болон ус дулааны төлбөрийг хасч тооцоход 2014 оны нүүрсний үнээс төлөгдөөгүй 887,635,090 төгрөгийн өглөг гарсан. 2015 онд мөн л гэрээ байгуулаагүй ч 9729.18 тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын байдлаар “Дулаан шарын гол” ТӨХК нь манай компанид төлөх өглөгийн дүн нь 1,367,786,190 төгрөг болсон бөгөөд энэхүү үнэ дээр 2012 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцсон алданги 29,261,628.9 төгрөгийг нэмэхэд нийт 1,397,047,818 төгрөгийн нүүрсний үнийн төлбөр үүссэн байна. Иймд нийт 1,397,047,818 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

         Тус компани нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Шарын гол” ХК-д 95,243,500 төгрөгийн тооцоотой байсан бөгөөд “Шарын гол” ХК нь тухайн оны гэрээг дүгнэж нүүрсний төлөгдөөгүй үнийн алданги тооцож 29,261,628,9 төгрөгийн авлага үүсгэсэн нь манай тооцоонд ороогүй болно. 2013 онд худалдаж авсан нүүрсний тоо хэмжээ 13,057,3 тонноор тооцоо тохирч байгаа боловч “Шарын гол” ХК нь 1 тонн нүүрсийг 50,050 төгрөгөөр, “Дулаан шарын гол” ТӨХК нь 30,800 төгрөгөөр тооцож авсан бөгөөд үнийн зөрүүгээр 251,646,900 төгрөгийн илүү бичилт үүссэн байна. 2014 онд мөн худалдаж авсан нүүрсний тоо хэмжээ 12,619,4 тонноор тохирч байгаа боловч “Шарын гол” ХК нь 9259,4 тонныг 50,050 төгрөгөөр, 3360 тонныг 88,000 төгрөгөөр “Дулаан шарын гол” ТӨХК нь 30,800 төгрөгөөр тооцож мөн тооцооны үлдэгдлийн зөрүү нийт 646,227,200 төгрөгөөр өссөн. 2015 оны 11 сарын байдлаар 9729,18 тонн нүүрс худалдаж авсан бөгөөд “Дулаан шарын гол” ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот тогтоолыг мөрдөж 1 тонн нүүрсийг 33,000 /НӨАТ-тай/ мянган төгрөгөөр тооцоонд авсан, “Шарын гол” ХК 88,000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар “Шарын гол” ХК-ийн үлдэгдэл 1,367,786.19 мянган төгрөг, “Дулаан Шарын гол” ТӨХК-н тооцоот өглөг 207,316.6 мянган төгрөг байна гэжээ.

          Хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

          “Шарын гол” ХК-иас нийлүүлсэн нүүрсний чанар үзүүлэлт, 2012, 2013 онд муу байснаас “Дулаан шарын гол” ТӨХК-нд 60,952,000 төгрөгийн хохирол учруулсныг “Шарын гол” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Шарын гол” ХК шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

            Хүлээн авсан нүүрсний хэдэн тонн нь чанар, үзүүлэлт муу байсан, чанарын үзүүлэлт нь  хэд байхаас хэд байсан, чанаргүй байсан эсэхийг яаж тогтоосоy эсэх  тодорхойгүй байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт хэрэв шилжүүлэн авсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой тохиолдолд худалдан авагчийн худалдагчид гаргах шаардах эрхийг зохицуулсан. Тус зүйл зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах эрхтэй байна. Гэтэл нүүрсийг тухайн үедээ хүлээн авчихаад хүлээн авсан нүүрс нь доголдолтой байна гэж мэдэгдээгүй, мөн ийм хэмжээний нүүрс чанаргүй байна өөр чанартай нүүрс оронд нь нийлүүл гэдэг шаардлага тавьж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 644 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-иас 148,464,139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шарын гол” ХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлээс 1,248,583,679 төгрөгийн шаардлагыг, хариуцагч “Дулааны шарын гол” ТӨХК-ийн   60,952,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,143,190 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,710 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 900,271 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

            Шүүх “Шарын гол” ХК-иас “Дулаан шарын гол” ТӨХК-д 2013 оноос эхлэн 2014 оныг дуустал хугацаанд нийлүүлсэн нүүрсний үнийг 30.800 төгрөгөөр, харин 2015 оноос  эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд нийлүүлсэн нүүрсний үнийг 33.000 төгрөгөөр тус тус тооцон, нэхэмжлэлийн шаардлагаас 1.245.583.679 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх талаарх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.  Учир нь хэрэгт “Шарын гол” ХК-ийн нүүрсний зах зээлийн үнийг тогтоосон Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд авагдсан бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор нэг тонн нүүрсний үнийг 50.050 /НӨАТ багтсан /  төгрөгөөр, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор гэрээ байгуулаагүй буюу гэрээт бус хэрэглэгчид нэг тонн нүүрсийг 80.800 төгрөгөөр тус тус худалдахаар гүйцэтгэх удирдлагад үүрэг болгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах эрхтэй гэж заасан байдаг. Түүнээс Эрчим хүчний тухай хуулиар уул уурхайн салбарт ашигт малтмал ашиглагч хуулийн этгээдийн олборлосон бүтээгдэхүүний үнийг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулаагүй бөгөөд Эрчим хүчний тухай хуулиар ашигт малтмал олборлогч хуулийн этгээдэд ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй. Нөгөө талаас “Шарын гол” ХК-ийн өөрийн хөрөнгө болох олборлосон нүүрсний үнийг үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хяналт тавих эрхгүй эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллага тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй.

            Шүүх 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан “Нүүрс нийлүүлэх, худалдах авах гэрээ”-г сунгагдсан гэж үзэж, тэрхүү гэрээнд заасан үнэ болох 30.800 төгрөгөөр 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн нүүрсийг нэг тонныг нь тооцохоор дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт гэрээний үйлчлэх хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гээд тодорхой заачихсан мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй.

            Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 644 дугаар  шийдвэрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус нэхэмжлэлийг  шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч  “Шарын гол” ХК  хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК-д  холбогдуулан  нүүрсний үнийн үлдэгдэл  төлбөр  1.397.047.818 төгрөг  гаргуулах  шаардлага  бүхий  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Нэхэмжлэлээс үзэхэд  нүүрсний үнэ  гаргуулах шаардлагын хэмжээг 1.397.047.818 төгрөг гэж тодорхойлж,  үндэслэлдээ  2012 оны  95.537.929,86 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар  алданги 29.261.628,9  төгрөг, 2013 оны  437.703.200 төгрөг, 2014 оны  887.635.090 төгрөг,  2015 оны 9729.18 тонн нүүрс  нийлүүлсэн гэснийг нэгтгэн дүгнэвэл 1.450.137,847 төгрөг буюу нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү гарч байна.

         Нэхэмжлэлийн үнийн дүн агуулгын зөрүүтэй байх тул нэхэмжлэгчийг  улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн зөв төлсөн гэж үзэхгүй.

Зохигчдын  шүүхэд гаргасан  тайлбараас үзэхэд  тэд нийлүүлсэн нүүрсний  хэмжээний талаар  болон 2012 онд худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн  нүүрсний  үнийн  талаар  маргаагүй байна.

Харин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт тооцсон алданги  29.261.628,9 төгрөг болон  2013, 2014, 2015  онд  нийлүүлсэн  нүүрсний үнийн  талаар маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр талуудын гаргаж өгсөн баримтуудаар  хэрэг маргааныг зөв шийдвэрлэх боломжгүй  байна.

          Нэхэмжлэгч шаардлагын  үндэслэлдээ  нүүрсний үнийг  2013-2014 оны  11 сар хүртэлхийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон  үнэ  1 тонныг 50.050 төгрөгөөр , 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс хойшхийг  мөн зөвлөлөөс тогтоосон үнэ  1 тонныг 88.000 төгрөгөөр тооцож  нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхээр  үнэ тогтоосон  ТУЗ-ийн  тогтоолыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  талуудын хооронд хийсэн худалдах-худалдан авах гэрээ, “Шарын гол” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд,  Эрчим хүчний зохицуулах хорооны  тогтоолуудын хүчин төгөлдөр  болсон хугацаа, үйл явдал болсон үеийн цаг хугацаа зэргийг  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь  үнэлж  дүгнээгүй нь учир дутагдалтай болсныг  дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 644 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Шарын гол” ХХК улсын тэмдэгтийн хураамжид 7.143.190 төгрөг төлснийг, шүүгчийн захирамжаар   гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

         4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                                               

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА             

                       ШҮҮГЧИД                                                О.НАРАНГЭРЭЛ

                                                                                        С.ЭНХЖАРГАЛ