Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00321

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05119 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: ******* УТҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: 149,506,117 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* ХХК нь Төрийн өмчийн хороо болон ******* УТҮГ-тай гурвалсан гэрээ байгуулан, 2017 оноос ******* УТҮГ-ын 1 дүгээр давхарт байрлах, 25 м.кв талбай бүхий 1 өрөөг эмийн сангийн зориулалтаар түрээслэн, үйл ажиллагаа явуулж байсан. Энэхүү хугацаанд түрээсийн ямар нэгэн зөрчилгүй ажилласан. Харин ******* УТҮГ нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болсон талаар мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс цаашид тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж ойлгож, хариуцагчид энэ талаараа хэлж байсан. Гэвч хариуцагч нь 3 сарын дараа гэрээ дуусгавар болсон гэж сонгон шалгаруулалтыг зарласан.

1.2 ******* ХХК дээрх сонгон шалгаруулалтад оролцсон ба сонгон шалгаруулалтын үнэлгээ гарахад манай компани илт ялах байтал хууль бусаар ******* ХХК ялалт байгуулсан. Энэхүү сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ талаар хариуцагчид урьдчилан мэдэгдсэн боловч тус төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай үйл ажиллагааг хүчээр зогсоож, хаалгыг лацдаж, эм тариа болон бусад бараа бүтээгдэхүүнийг авах боломжгүй болгосон.

1.3 Түрээсийн өрөөний хаалгыг хариуцагч лацдаснаас тухайн өрөөнд байсан эм, тарианы ашиглалтын хугацаа дуусаж 7,325,936 төгрөгийн хохирол учирсан. Тус эмийн санд ажиллаж байсан 2 ажилтанд сул зогсолтын олговор цалин хөлсөнд 24,611,636 төгрөг олгож цалинжуулсан ба нийгмийн даатгалын шимтгэлд 1,717,075 төгрөг төлсөн. Мөн үйл ажиллагаа зогсоосноос болж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл олох ёстой ашиг болох 108,709,350 төгрөгийг алдсан. Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх бүх шатны ажиллагаанд өмгөөлөгч хөлслөн ажиллуулсан бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 7,000,000 төгрөг төлж, нийт 149,506,117 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан.

1.4 Хариуцагчийн сонгон шалгаруулалтын комиссын хууль зөрчсөн нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 146 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 118 дугаар тогтоолоор тогтоогдсон.

Иймд хохирол 149,506,117 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ******* УТҮГ, ******* ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1.4-д гэрээний үргэлжлэх хугацааг 1 жил буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл байхаар тусгасан. Гэрээний 11.5-д заасны дагуу гэрээний талууд түрээсийн гэрээний сунгалтын хуудас гэх баримт үйлдэж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тус тус сунгасан.

2.2 Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссаныг талууд мэдэж байсан ба хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/21 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдэгдэж, түрээсийн талбайг суллаж өгөхийг шаардсан.

Улмаар, хариуцагч нь түрээслэгчийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тус шалгаруулалтад нэхэмжлэгч оролцож шалгараагүй боловч төрийн өөрийн өмчийн түрээсийн талбайг суллаж өгөхгүй байсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сарын дараа буюу 2020 оны 11 дүгээр сард суллаж өгсөн. Гэрээний хугацаа дууссанаар түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүргийн хэрэгжилт зогсож, талууд өөрийн эд хөрөнгийн өмчлөл, ашиглалтыг хариуцдаг. Нэхэмжлэгчид хохирол, зардал гарахад хариуцагч гэм буруугүй буюу нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйлдэл байхгүй.

2.3 Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан нь төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний хугацаа дуусаж, цуцлагдсантай холбоотой бус, түрээслэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой маргаан тул шүүхийн уг шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл зөв тул хариуцагч гэм буруутай гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч ******* УТҮГ-аас 7,135,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 142,371,110 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 905,481 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* УТҮГ-аас 129,110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд нэхэмжлэгч компани зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул түүнийг таслан зогсоох, дараагийн түрээслэгчид түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөх үүднээс хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй хамтран хоёр байгууллагын лацаар тухайн өрөөг лацадсан.

Үйл ажиллагааг зогсоохын тулд лацдах, зайлшгүй шаардлага бий болсон талаар нэхэмжлэгчид 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/180 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Лацтай байх хугацаанд нэхэмжлэгчид хандаж өрөөг чөлөөлөх, эд хөрөнгөө авах, эмийн санд хадгалагдаж байгаа эмийн хугацаа дуусах, бүрэн бүтэн байдал алдагдах аливаа эрсдэлд хариуцлага хүлээхгүй талаар хариуцагч нь амаар болон 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/193 дугаар, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/348 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/444 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх мэдэгдлүүдийг хүлээн авсан бөгөөд өөрийн хөрөнгө болох эм тариаг авах гэж нэг ч удаа очиж байгаагүй талаар мэдүүлсээр байхад шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн. Мөн уг албан бичгүүдийг яагаад үнэлэхгүй байгаа талаар, түүнийг үгүйсгэх ямар баримт хэрэгт авагдсан талаар огт дүгнэлт хийгээгүй.

5.2 Хариуцагч нь өрөөг дангаар лацдаж энэ хугацаандаа нэхэмжлэгч эм, эмнэлгийн хэрэгслийг өрөөнөөс гарган авахад хариуцагч саад учруулах буюу эмнэлгээр нэвтрүүлэхгүй байх, өрөөний лац, цоожийг онгойлгохгүйгээр аливаа хэлбэрээр саад учруулсан бол үүнийг хор уршиг, гэм буруу шалтгаант холбоотой байна гэж үзнэ. Гэтэл дээрх эм тарианы хугацаа дуусахад хариуцагчийн учруулсан гэм хор огт байхгүй, нэхэмжлэгчид хөрөнгөө авах талаар болон хугацаа нь дуусвал хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсээр байтал нэхэмжлэгч өөрийн хөрөнгөндөө хариуцлагагүй хандсаны улмаас нэхэмжлэгчид учирсан хор уршгийг хариуцагч арилгах үүрэггүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Захиргааны байгууллагын гаргасан хууль бус шийдвэрийг эс зөвшөөрсний төлөө ******* ХХК эд хөрөнгөөрөө хохирсон учраас үүнтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр битүүмжлэхдээ талууд ярилцаад битүүмжилсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хүчээр байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод, хаалгыг нь битүүмжилсэн.

6.2 Мэдэгдэл өгсөн нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг болон холбогдох дүрэм, журмыг зөрчих үндэслэл бүрдүүлэхгүй. Хэрэв хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашигласан гэж үзсэн бол энэ талаар зохих журмын дагуу өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, улмаар учирсан хохирол болон хууль бусаар олсон орлогыг гаргуулах талаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх процесстой байхад уг процесс дүрэм, журмыг биелүүлээгүй.

Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Гэрээний хугацаа дууссаны дараа гэрээгээр тохиролцсон талуудын гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэл өгсөн боловч 2020 оны 01, 02, 03 дугаар сард түрээсийн төлбөрийг хэвийн аваад, талуудын хооронд түрээсийн харилцаа үргэлжилж байсан. Энэ хугацаанд нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлагдаж, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтын үр дүн буюу дүнгийн нэгтгэл гэх баримт гарсан боловч уг баримт нь хууль зөрчсөн баримт байсан. Тухайн хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч үйл ажиллагаа явуулж байгаагүй шинээр байгуулагдсан компанид хууль бусаар давуу байдал бий болгосон гэх байдлаар шүүхэд хандаж хууль бус үйлдлийг зөвшөөрөөгүйн төлөө манай байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүний улмаас их хэмжээний хохирол учирсан.

6.3 Мэдэгдэл өгсөн нь хууль зөрчих үндэслэл болохгүй. Гомдолд дурдагдаж буй талууд харилцан тохиролцож битүүмжилсэн гэх үйл баримт үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар эмийн сангийн лацыг авахад ******* УТҮГ-ын лацтай байсан. Лацыг аваад хүлээлгэж өгсөн зүйл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* УТҮГ-т холбогдуулан, эм тарианы ашиглалтын хугацаа дууссаны хохирол 7,325,936 төгрөг, тус эмийн санд ажиллаж байсан 2 ажилтанд сул зогсолтын олговор цалин хөлс 24,611,636 төгрөг, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 1,717,075 төгрөг, үйл ажиллагаа зогсоосноос болж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл олох ёстой ашиг 108,709,350 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 7,000,000 төгрөг, нийт 149,506,117 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* УТҮГ гэрээ дуусгавар болсон гэж сонгон шалгаруулалтыг зарлаж, өөр байгууллагыг шалгаруулсан. Тус хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж хууль бус үйлдлийг зөвшөөрөөгүйн төлөө манай байгууллагын үйл ажиллагааг зогсоож, хаалга үүдийг лацдаж, эм тариа болон бусад бараа бүтээгдэхүүнийг авах боломжгүй болгосон. Үүний улмаас их хэмжээний хохирол учирсан гэж тайлбарласан.

2.2 Хариуцагч ...******* ХХК-д гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдэгдэж, түрээсийн талбайг суллаж өгөхийг шаардсан. Улмаар хариуцагч түрээслэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, тус шалгаруулалтад нэхэмжлэгч ******* ХХК оролцож шалгараагүй боловч төрийн өөрийн өмчийн түрээсийн талбайг суллаж өгөхгүй байсан. Нэхэмжлэгчид хохирол, зардал гарахад хариуцагч гэм буруугүй буюу нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйлдэл байхгүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргасан.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ******* УТҮГ, ******* ХХК-ууд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ТӨ-2017/198 дугаартай Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* УТҮГ нь *******ийн поликлиникийн 1 дүгээр давхарт байрлах, 1 өрөө, 25 м.кв талбайг түрээслэгч ******* ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар, сарын 1 м.кв талбайг 20,000 төгрөгөөр тооцож, нийт 500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. /1хх 29-34/

4.1 Мөн Түрээсийн гэрээний сунгалтын хуудас-аар Тооцооны үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлсэн акт болон гэрээ дүгнэсэн протоколыг үндэслэн гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тус тус сунгасан. /1хх 36-41/ Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

4.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* УТҮГ-ын түрээслэгчийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, тус ажлын хэсгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Дүгнэлтийн нэгтгэл-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /1хх 111-132/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн нь зөв.

6. ******* УТҮГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/21 дугаар албан бичгээр гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. /1хх 146/ Ийнхүү тус төвийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/151 дугаар, мөн сарын 16-ны өдрийн 01/180 дугаар, мөн сарын 23-ны өдрийн 01/193 дугаар албан бичгээр түрээсийн байрыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид тус тус мэдэгдсэн. /1хх 151-153, 155/ Улмаар, хариуцагчийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн үйл ажиллагааг зогсоож, байрыг лацадсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байхаас гадна талууд үүнд маргаагүй.

7. Харин анхан шатны шүүх хариуцагчийн түрээсийн байрыг лацадсан үйлдлийн улмаас тухайн талбайд байсан нэхэмжлэгчийн эзэмшлийн эм тариаг ашиглах боломжгүй болсон, үүнд хариуцагчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7.1 Хариуцагч нь түрээсийн зүйлийг лацадсантай холбоотой тус төвийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/207 дугаар, мөн сарын 24-ний өдрийн 01/348 дугаар, мөн оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/444 дугаар албан бичгээр түрээсийн зүйлийг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн байна. /1хх 156-159/

 

7.2 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, дээрх зүйлд зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ нь, мөн уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь, үйлдэл болон хохирол хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.

7.3 Дээрх албан бичгүүдээр хариуцагч бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд нэхэмжлэгчид түрээсийн зүйлийг суллаж өгөхийг хариуцагчаас мэдэгдсэн байхад нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг лацадсанаас үл хамаарч уг байранд хадгалагдаж буй өөрийн эзэмшлийн эм, эмийн хэрэгслийг авах боломжтой байжээ. Нэхэмжлэгч уг эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлээ ...Захиргааны хэргийн шүүхэд тендерийн үйл ажиллагаатай холбоотой маргаан үүсгэсэн тул эм, тариаг аваагүй гэж тайлбарлаж буй нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл болохгүй.

7.4 Тодруулбал, хариуцагч түрээсийн зүйлийг лацадсан нь тухайн байранд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон шинжтэй байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч тухайн байрнаас өөрийн эзэмшлийн эм, эмийн хэрэгслээ авахад саад болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эс үйлдэхүйн улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь уг хохирлоо хариуцагчаас шаардах эрхгүй. Мөн хариуцагчийн үйлдэл болон нэхэмжлэгчид учирсан хохирлын шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагчийг гэм буруутай талаар дүгнээгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.

8. Анхан шатны шүүх эмийн сангийн хоёр ажилтны сул зогсолтын олговор 24,611,636 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 1,717,075 төгрөг, компанийн үйл ажиллагаа зогсоосноос болж 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 14 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 108,709,350 төгрөг, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй.

9. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үнэлсэн байна.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/05119 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* УТҮГ-т холбогдох, 149,506,117 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,112 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

М.БАЯСГАЛАН