| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1073/э |
| Дугаар | 1101 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа,
улсын яллагч: Э.Намуун,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,
шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906030011318 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Б, 19 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын илчит тэрэгний техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 охины хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны 4 дүгээр гудамжны 88е тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед Б.Б маргалдаж түүний нүүрэн тус газар нь тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 1-ний орой 22.30 цагийн орчимд би найз охин Б хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын Баянцээлд Солонгос хоолны газар орж бид хоёр хоол идчихээд гарах гэж байтал найз Ц 2 найзын хамт ирсэн. Бид нар тэндээс караоке орохоор болсон. Бид нар караокед ороод нэг шил архи хувааж уусан. Бид нар цагаа сунгаж сууж байтал Б миний гар утсыг аваад явья гэсэн. Тэгснээ гарч явчихаад эргэж орж ирээд больцгоо гээд ширээ хөмөрч хаясан. Тэгээд би аваад гарах гээд гарнаас нь татаж байтал асгарсан ундаан дээр халтирч унасан ба би суганаас нь хүчтэй татахад түүний зүүн нүд рүү тохойгоороо санаандгүй цохичихсон. Гэтэл нүд нь хөхөрсөн. Бид хоёр караокенээс гараад би түүнийг гэрт нь хүргэж өгсөн ба нүд нь хавдаад байхаар нь яаж ийм нүдтэй оруулах уу гэж бодоод бид хоёр өглөө болтол машиндаа суусан. Б тэгээд ч архи их уусан байсан болохоор согтолт ихтэй байсан юм. Түүнээс хойш 2-3 хоног уулзаагүй байж байгаад 5 дугаар сарын 10-нд уулзаж болсон явдалыг ярилцсан. Би Б гэмтэл учруулий гэж санаагүй. Б архи уухаараа авиргүй ааштай. Би тухайн үед тохойгоороо санаандгүй л цохичихсон юм гэжээ. /хх-ийн 16/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 2-ний шөнө би найз залуу болох Баярбаттай хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед үйлчлүүлсэн. Тухайн үед би согтууруулах ундаа уусан байсан болохоор найз залуутайгаа маргалдсан. Тэгтэл манай найз залуу намайг боль гээд хойшоо татаад тохойгоороо миний зүүн нүд рүү санаатайгаар цохиж гэмтэл учруулсан. Уг караокед Б найз гэх үл таних 2 залуу мөн дүү нь байсан. Би 189.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн гэжээ. /хх-н 8-13/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 5494 тоот шинжилгээ:
1.Б.Б биед зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхи, хацрын төвгөрийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/
Б.Б сэргээн засах эмчилгээний карт, гэрэл зураг /хх-н 28-32/
Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 27/
Д.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 59-60/
Д.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 34-35/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-39/ зэрэг болно.
Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны шөнө 02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед Б.Б маргалдаж түүний нүүрэн тус газар нь тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би согтууруулах ундаа уусан байсан болохоор найз залуутайгаа маргалдсан. Тэгтэл манай найз залуу намайг боль гээд хойшоо татаад тохойгоороо миний зүүн нүд рүү санаатайгаар цохиж гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг /хх-н 8-13/ ,Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 5494 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр Б.Б биед зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхи, хацрын төвгөрийн цус хуралт гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоогджээ. /хх-н 18/ Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б миний гар утсыг аваад явья гэсэн. Тэгснээ гарч явчихаад эргэж орж ирээд больцгоо гээд ширээ хөмөрч хаясан. Тэгээд би аваад гарах гээд гарнаас нь татаж байтал асгарсан ундаан дээр халтирч унасан ба би суганаас нь хүчтэй татахад түүний зүүн нүд рүү тохойгоороо санаандгүй цохичихсон. Гэтэл нүд нь хөхөрсөн. Бид хоёр караокенээс гараад би түүнийг гэрт нь хүргэж өгсөн ба нүд нь хавдаад байхаар нь яаж ийм нүдтэй оруулах уу гэж бодоод бид хоёр өглөө болтол машиндаа суусан. Б тэгээд ч архи их уусан байсан болохоор согтолт ихтэй байсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.Б нь хохирогчид эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн ба хохирогч шүүхэд нэмж нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардал төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН