| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/03487/И |
| Дугаар | 102/ШШ2016/04605 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/04605
2016 оны 7 сарын 07 өдөр
|
Дугаар 102/ШШ2015/04605 |
Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Оранж плаза төвийн 7 дугаар давхар, 704 тоот хаягт байрлах, Монголиавон энержи ХХК /РД:5855039/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Москва, Үйлдвэрийн бүс, 21/1 тоот хаягт байрлах, Монгаз сервис ХХК /РД:2045117/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29.651.619 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шингэрүүлсэн шатдаг хий худалдах, худалдан авах гэрээний дагуу барааг хугацаанд нь ачуулан, холбогдох бичиг баримтаар Монгаз сервис ХХК-д хүлээлгэн өгсөн. Монгаз сервис ХХК нь барааг хүлээн авч борлуулсан боловч үнийг төлөлгүй саатуулж, манай бизнесийн ажиллагаанд саад хийж байна. Иймд хариуцагчаас гэрээнд заасан анзын хамт нийт 29.651.619 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шингэрүүлсэн шатдаг хий худалдан авсан барааны төлбөрт 19.767.746 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь үнэн. Алданги болох 9.883.873 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн төлбөрөөс 8.767.881 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд үлдэх 11.000.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчаас 10.999.865 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 9.883.873 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монголиавон энержи ХХК нь хариуцагч Монгаз сервис ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29.651.619 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 29.651.619 төгрөгийн 8.883.878 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 10.999.865 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан зохигчид эвлэрсэн учир улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Монголиавон энержи ХХК нэхэмжлэлтэй Монгаз сервис ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29.651.619 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 8.883.878 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10.999.865 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 хувь болох 153.104 төгрөгийг хариуцагч Монгаз сервис ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ