Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00346

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05841 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: ******* ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, нийт 354,531,040 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 63,067,569 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахим/, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Мянганы сорилын сан-гийн захиалга, хөрөнгө оруулалтаар Улаанбаатар цэвэр усны шинэ эх үүсвэрийг байгуулах ажлын хүрээнд шугам хоолой угсралт, суурилуулалтын ажлын хүрээнд уг ажлын ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК, биог хариуцсан туслан гүйцэтгэгчээр ******* ХХК гэрээний дагуу дээрх бүтээн байгуулалтын хүрээнд ажиллаж байна. Тус төслийн хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2401-АГ-26 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-г ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан. Гэрээний 1.1-д зааснаар гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч ******* ХХК-ийн зааварчилгаа, захиалгын дагуу усны төсөл дээр шаардлага нийцсэн Well Pump House буюу усны насос худгийн барилга 1, 2, 3, 4, 5, 8, 9, 10 дугаар болон Guard House буюу харуулын байрны барилга угсралт, материалын тооцоо, инженерийн зураг төсөл зэрэг бүхий л ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэж, захиалагч ******* ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлс, төлбөрийг гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Дээрх ажлыг гэрээний 2.2, 3.1-д заасны дагуу ажлын нийт хөлсний дүн 2,285,410,250 төгрөгөөр гэрээний хавсралт 1-д заасан ажлыг 9 сарын хугацаанд тохирсон төсөв, даалгаврын дагуу захиалагчид актаар хүлээлгэн өгөхөөр тохирсон.

1.2 Захиалагч ******* ХХК нь гэрээний 3.2-д заасны дагуу бичиг цаасны ажил бэлдэх ажилд зориулж урьдчилгаа 43,175,185 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлж, гэрээний 3.3-д заасны дагуу 229,410,250 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл ******* ХХК нь урьдчилгаа төлбөр авсан атлаа гэрээнд заасан ажлыг дутуу, хангалтгүй гүйцэтгэсэн нь ажил гүйцэтгэх гэрээний 5.4 болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас ******* ХХК-ийн Цэвэр усны төслийн гүйцэтгэгчийн хувьд үндсэн гэрээний үүргээ зөрчихөд хүргэж, цаашид их хэмжээний алдагдал, хохирол учирч байна. Бид тус компанид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй. Нэгэнт гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тул ажил гүйцэтгэх гэрээний 12.1, 12.2 болон Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

1.3 Мөн ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлд талуудын хүлээх хариуцлагыг зохицуулсан бөгөөд гэрээний 6.5-д гүйцэтгэгч ажлыг энэхүү гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа нийт 272,716,185 төгрөг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг шилжүүлэн авсан атлаа гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийг 60 хоногт бодоход 81,814,855 төгрөг болж байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний 12.1.1, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 272,716,185 төгрөг, гэрээний алданги 81,814,855 төгрөг, нийт 354,531,040 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж, ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2023 оны 12 дугаар сарын 12-ний өдөр эхний шатны ажил болох Material submittal буюу барилгын ажилд хэрэглэх бараа материалын холбоотой баримтыг боловсруулах ажлыг манай тал эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2401-АГ-26 дугаартай гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эхний шатны ажил болох Material submittal буюу барилгын ажилд хэрэглэх бараа материалын холбоотой баримт боловсруулах ажлын гүйцэтгэлийн төлбөр болох 43,175,185 төгрөгийг хүлээн авсан. Урьдчилгаа төлбөр болох 229,410,250 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК-н дансанд шилжүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг насосын худгийн ажлын материал, хүнд даацын машин механизм, генератор, ажлын шатны түрээс, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, сургалт, байрлах байр, хүнс, шаардлагатай сургалт, ажилчдын цалинд зарцуулахаар хуваарилсан.

2.2 Усны насосын худгийн суурийг ухах, хамгаалалтын торон хашааг барих гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлыг хийж эхэлсэн. Усны насосын худгийг барих байршил нь Туул голын сав тул хөрсний усны түвшин өндөр, цас, урийн шар усны хуримтлал ихтэй мөн хажуугийн насосын худгийн зайлуулж байгаа хөрсний ус манай байршил руу урсан орж ирж байгаа нь асуудал үүсгэж эхэлсэн. Үүнийг шийдэхийн тулд усны насосууд худалдан авч 24 цаг хийх зайлшгүй хэрэгцээ үүссэн. Шөнөдөө ус хөлдөхөөс гадна, ачаалал хэтэртэл нь насосыг зогсолтгүй ажиллуулснаар гэмтэл гарч байсныг засаж, сэлбэж зогсолтгүй ажиллуулж байсан. Ус соруулах ажил нь гэрээнд тусгагдаагүй ажил бөгөөд биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйл тохиолдож байгааг удаа дараа мэдэгдэж, нэмэлт санхүүжилт шаардлагатай болж байгаагаа хариуцсан менежер, инженерт нь нөхцөл байдлыг танилцуулж, бичгээр мэдэгдсээр байсан. Манай байгууллагаа санхүүгийн хувьд асуудалд орохуйц зардлыг энэ ажилд гаргасаар байсан нь цаашаа ажлыг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж ирсэн. Энэ үед захиалагч тал тулгарсан асуудлыг хамтдаа шийдвэрлэж, хамтран ажиллана гэдгээсээ няцаж 2024 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр манай гүйцэтгэж байгаа ажлыг өөр туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх болсноо мэдэгдсэн.

2.3 Манай компани хамтран ажилласан хугацаандаа инженерүүд болон миний бие төслийн хугацаанд бусад туслан гүйцэтгэгч нарт өөрийн талбайд гарч байгаа асуудлыг хэрхэн шийдэж байгаа туршлагаа хуваалцаж, бараа материал хүн хүчээр тусалж ажиллаж байсан ижил төстэй асуудлаа зөв шийдэхэд нь том туслалцаа үзүүлсэн. Мөн бид ажилласан хугацаанд 1 дугаартай худгийн суурийн ажлыг бүрэн дуусгасан, 1,2,3 болон 5 дугаартай худгуудын суурийг ухаж, төсөлд хэрэглэх бараа материалыг татан байршуулах, хамгаалалтын торон хашаа барих гэх мэт гэрээнд тусгагдаагүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид гүйцэтгэсэн ажлын дагуу гүйцэтгэлийн тайлангаа явуулсан. Бидний гүйцэтгэсэн ажлын үнийн дүн нь урьдчилгаа төлбөрт авсан үнийн дүнгээс давсан. Энэ тухайгаа захиалагч байгууллагын төсөл хариуцсан менежер болон инженерт тухай бүрд нь мэдэгдсэн. Захиалагч талын инженер, менежерүүд нь ойрхон солигдсоор гэрээний 5.6 болон 14.2-т заасны дагуу холбогдох хариу ирүүлээгүй. Мэдэгдэл ирсний дараа ажлаа зогсоож, ажилчдаа тарааж, төслийн талбайд байрлаж байсан түр сууц, багаж төхөөрөмжөө татан авахаас өөр аргагүй болсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2401-АГ-26 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.2, 6.4-т заасны дагуу бичиг цаасны ажлын төлбөр 43,175,185 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 8 хоног хэтрүүлж шилжүүлсэн байх тул 0.5 хувь болох 215,875 төгрөгийг 8 хоногт тооцон 1,727,007 төгрөгийг гаргуулна.

3.2 Мөн гэрээний 6.6, 6.8-д заасны дагуу ******* ХХК-иас ******* ХХК-д гэрээнд тусгагдаагүй ажил болох усны насосын худгийн суурийг ухаж эхлэхэд хөрсний ус нэвчин гарж ирж, түүнийг соруулах, зайлуулах зайлшгүй шаардлагатай болж, төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон талаар мэдэгдэхэд шаардлагатай ажиллагааг үргэлжлүүлэн хийх, өөрөөсөө ажиллах чиглэл өгөн ажиллаж байсан болно. Иймд манай компани гэрээт бус ажлын нэмэлт зардлыг гаргуулна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний бичиг цаасны ажлын төлбөр 43,175,185 төгрөгийн алданги 1,727,007 төгрөг, талбайн ус соруулах гэрээт бус нэмэлт ажлын зардал 61,340,562 төгрөг, нийт 63,067,569 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 5.6-д гүйцэтгэсэн ажлын талаарх актын ажлыг дуусгасны дараа үйлдэж, хүлээлгэн өгөх үүргийг гүйцэтгэгч буюу ******* ХХК гэрээгээр хүлээсэн. Гэтэл ******* ХХК нь урьдчилгаа авсан төлбөрийг гэрээний хавсралтад заасан ажлыг хийж, гэрээний 2.1, 5.6-д заасан ажлыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул дахин санхүүжилт олгох боломжгүй. Учир нь урьдчилгаа төлбөр авсан атлаа гэрээнд заасан ажил үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгээгүй атлаа төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй.

4.2 Мөн гэрээт бус буюу гэрээнд огт заагаагүй ажил гүйцэтгэсэн тохиолдолд төлбөрийг захиалагч төлөх үндэслэлгүй, гүйцэтгэгч компани гэрээнд заасан төлбөрийг гүйцэтгэсний дүнд төлбөр авах эрхтэй болохоос гэрээгээр тохироогүй элдэв ажил гүйцэтгэсэн гэж төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-с 115,547,950.30 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 238,983,089.70 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох нийт 63,067,569 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,930,625 төгрөг, хариуцагчийн 473,288 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 735,689.75 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэгч ******* ХХК нь худаг болон харуулын байрыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж, ажлаа хийж гүйцэтгэлгүйгээр хаяж явсан. Тодруулбал, ******* ХХК, ******* ХХК-ийн гэрээний дүн болон бодит гүйцэтгэлийн хоорондын харьцуулалтаар урьдчилгаа 229,410,250 төгрөгөөр гүйцэтгэсэн ажил нь хүснэгт 8 дугаар мөрөнд заасан суур болон шалны хөрсний хуулан сайжруулах ажилд 4 худагт гүйцэтгэл 100 хувь, нэг худагт 2,701,314 төгрөг, 1 дүгээр худагт хөрсний нягтруулга хийх талбайн ажилд гүйцэтгэл 100 хувь буюу 10,384,431 төгрөг, 1 дүгээр худгийн шугаман суурийн арматурчлалд гүйцэтгэл 100 хувь буюу 9,346,126 төгрөг, 1 дүгээр худгийн шугаман суурийн бетон гүйцэтгэл 100 хувь буюу 2,279,298 төгрөг, 1 дүгээр худгийн суурийн ус тусгаарлах түрхлэг 24 хувь буюу 865,647 төгрөгөөр, 1 дүгээр худгийн арматурчлал гэрээний хавсралтаар 6,737,741 төгрөг байхаар тохирсон боловч хариуцагч нь 39,763,500 төгрөгийн зардал гаргаж, гэрээнд тохирсон үнийн дүнг зөрчиж, давуулан зардал гаргасан. Ийнхүү хариуцагчийн урьдчилгаа авсан 229,410,250 төгрөгөөр 73,444,263 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгэсэн.

6.2 Ажил гүйцэтгэх гэрээний 12.1.1, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу захиалагчаас урьдчилгаа төлсөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг буцаан гүйцэтгэгч компаниас буцаан шаардах эрхтэй. Гэтэл хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 155,965,987 төгрөг болсон байтал анхан шатны шүүх үндэслэлгүйгээр 113,862,299 төгрөг гэж үзэн улмаар нэхэмжлэлийн шаардлагыг 42,103,688 төгрөгийг дутуу бодож гаргасан байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 42,103,688 төгрөгийг буруу, дутуу бодож гаргасан тул 42,103,688 төгрөгийг гаргуулах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 42,103,688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд амаар гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн ажлыг гүйцэтгэж байхдаа уг ажлыг хаяж явсан зүйл байхгүй гэдэг нь нотлогддог. Мөн актаар хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарладаг. Энэ нь олон улсын төсөл хэрэгжиж буй асуудал байсан учраас үе шаттайгаар ажлууд актаар хүлээгдсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс Ажлын аюулын дүн шинжилгээ 2 ширхэг, Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан, амьсгал дахь спиртийн агууламж тогтоох маягт гэжээ. Гэтэл эдгээр нотлох баримтууд нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний урьдчилгаа төлбөрөө 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр авчхаад ажлаа хаяад явсан, огт ажил хийгээгүй гэж урьдчилгаа төлбөрийг алдангийн хамт 100 хувь нэхэмжлэхэд нь эс зөвшөөрч хийсэн ажлаа, цаг хугацааны хувьд нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн баримтууд юм.

Гүйцэтгэгч нь анх 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбар гаргахдаа бичиг цаасны ажлыг гэрээ байгуулахаас өмнө 2023 оны 12 сард эхлүүлж, 2024 оны 02 сард дуусгавар болгож хүлээлгэн өгсөн талаараа тайлбарласан байдаг бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэхийг удаа дараа явуулж улмаар нэхүүлж нэхүүлж шилжүүлсэн өдөр нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байдаг. Энэ талаар болон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас эхлээд ******* ХХК ажлыг хүлээж авах хүртэлх ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд харилцсан нотолгооны чухал ач холбогдолтой гэж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээний хоёр талын хоорондын и-мэйлүүдэд үзлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.

8.2 ******* ХХК болон******* ХХК-иас и-мэйлээр зөвшөөрөл, даалгавраар талбайн ажлыг 2 сард эхлүүлсэн бөгөөд улмаар талбайн ажлын урьдчилгаа 229,541,025.06 төгрөг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилжиж орж ирсэн. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасны дагуу гэрээт ажлын нийт хугацаа 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

******* ХХК-ийн 1, 2, 3, 5-р худгийн барилгын ажлыг дүгнэсэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн акт авагдсан байх бөгөөд үүний дараа ******* ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024M94 тоот албан бичгээр ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа талаар дурдахаас гадна гэрээнд өөрчлөлт оруулж зөвхөн 2 ширхэг усны насосын худгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийт үнийн дүн 510,347,860.8 төгрөг байна. Цаашлаад захиалагчаас шилжүүлсэн талбайн ажлын урьдчилгаа 229,541,025.06 төгрөг нь нийт гэрээний дүнгийн 44,97% болно. Иймд төлөвлөгөөг дахин шинэчилж, захиалагч руу илгээн хянуулж ажлыг амжилттай дуусгахыг сануулж байна гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү албан тоотоороо нэхэмжлэгч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаагаа илэрхийлсэн бөгөөд бичгээр байгуулах шаардлагагүй зөвхөн төлөвлөгөөг захиалагчид и-мэйлээр илгээж хянуулах талаар тусгасан. Энэ нь гэрээний талууд и-мэйлээр харилцан саналаа солилцож тус ажил явагдаж байсныг, мөн 1 ширхэг усны насосын худгийн барилгын ажлыг захиалагч тал 255,173,930 төгрөгөөр үнэлж байсныг давхар нотолсон баримт байхад шүүх зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

8.3 Мөн ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024M94 тоот албан бичигт 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гүйцэтгэгч нь 31 хоногийн хоцрогдолтой ажиллаж байгаа талаар дурдсан байдаг. Гэтэл гүйцэтгэгч нь 52 хоногт 8 усны насосын барилгын болон, 1 ширхэг харуулын байрны барилгын өргөн хэрэглээний материалууд, хамгааллын торон хашаа, арматур матах тастах багажууд, 2 экскаватор, 4 ачааны машин, генератор, тоног төхөөрөмж.., ажиллах хүчин болон тэдний сургалт, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл зэргийг бэлтгэж, өөрийн ажилчдын кемпийг байгуулж 4 усны насосын барилгын суурийн газар шорооны ажил, Барилга 1-ийн төмөр бетон суурийн ажил, мөн төсөл хэрэгжиж байсан талбайд хөрсний усны түвшин өндөр, цас, урийн шар усны хуримтлал ихтэй гэдгийг нэхэмжлэгч тал мэдсээр байж ус соруулах ажлыг гэрээнд тусгаагүй энэ нь гэрээний 5.7-д зааснаар захиалагч хангалтгүй мэдээлэл өгсний улмаас гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдсэн, төлөвлөснөөс өөр зардал гарсан зэргийг баримтаар авагдсаар байтал эдгээр нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүй зөвхөн гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн тухай шийдвэрт үндэслэсэн байгаад гомдолтой байна.

Түүнчлэн хариуцагч нь энэ бүх асуудлыг нотлохын тулд гэрээнд зурсан талуудын болон эрх олгосон мэргэжилтнүүдийн дунд харилцан гэрээт ажлыг явуулахаар санал бодлоо солилцож, заавар, зөвлөгөө, даалгавар авч байсан маш олон и-мэйлүүдэд үзлэг хийлгүүлэх хүсэлтийг огт энэ хэрэгт хамааралгүй гэдэг үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлээд хариуцагч өөрийн зүгээс нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож шийдвэрлэсэн.

8.4 Түүнчлэн, энэхүү хэрэгт гэрчээр асуугдсан хариуцагчийн гэрээт ажлыг үргэлжлүүлэн авч нэхэмжлэгчийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ******* ХХК-ийн захирлын гээс асуусан мэдүүлэг, ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ХХК-ийн захирал нар нь ******* ХХК нь 2024 оны 5 дугаар сарын дунд хүртэл гэрээт ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээ цуцалсан мэдэгдлийн дараа ******* ХХК-д ажлыг болон талбай, бараа материалыг хүлээлгэж өгсөн, энэ үед ******* ХХК байлцаагүй буюу хийгдсэн ажлыг хүлээж аваагүй талаар тов тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцлаад хийгдсэн ажлыг хүлээлцэж аваагүй, ******* ХХК нь гаргаж өгье гээд ч хамгийн сүүлд ******* ХХК-д ажил хүлээлгэж өгсөн баримт байхгүй харин ******* ХХК-д хүлээлгэж өгсөн бөгөөд энэ талаарх баримтыг нэхэмжлэгч тал нь гаргаж өгөхөөс татгалзаж хуралдаанд тайлбар өгч байсан талаар огт дүгнэлт өгөөгүй.

Дээрхээс үзэхэд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь бүрэн бодитой харьцуулан шинжлэн судлаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон талуудын дунд харилцаж байсан и-мэйл, түүнд хавсаргасан баримтуудад үзлэг хийгээгүй нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

8.5 Хариуцагчийн өмгөөлөгч миний бие 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт эхлэх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан. Тайвань улсад суралцдаг дүүгийн биеийн байдал сайнгүй байгаа талаар онлайнаар холбогдож мэдсэн өдрөөс эхлэн визний материал бэлтгэн мэдүүлж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр виз ээ авч хоногийн зөрүүгүй 12 дугаар сарын 11-ний өглөө явсан. Хэргийн оролцогч биш учраас эрүүл мэндийн баримтыг хавсаргаагүй.

8.6 Мөн 2024 оны 12 дугаар сарын 11-ний 09:00 цагийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан тайлбараа авч ирсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бичгээр гаргасан хариу тайлбартай танилцах, мөн өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргахад нэхэмжлэгч тал татгалзал байхгүйгээ илэрхийлсээр байтал хэргийн материал танилцсан баримтад гарын үсэг зуруулан тус хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

8.7 Түүнчлэн, хурлын бичлэгтэй танилцах талаар хүсэлт гаргах гэтэл 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус дүүргийн шүүхийн байранд цахилгааны тасалдал үүсэж шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах ажиллагаа явагдаагүй байна. Энэ бүхнээс үзэхэд шүүх 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт эхэлсэн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартай танилцах шинжлэн судлах, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, хэт нэг талыг баримталсан, шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 272,716,185 төгрөг, гэрээний алданги 81,814,855 төгрөг, нийт 354,531,040 төгрөг нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бид 42,103,688 төгрөгт давж заалдах гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл алдангийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой гомдол гаргаагүй. ******* ХХК нь бичиг цаасны ажилд 43,175,185 төгрөгийн урьдчилгаа авсан байдаг. Үүнийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд бид мөн адил гомдол гаргаагүй. Хариуцагч хийж гүйцэтгэсэн ажилд урьдчилгаа 229,410,250 төгрөгийг авсан, 73,000,000 төгрөгийг авсан. 42,103,688 төгрөгийн зөрүүг өмнө нь тайлбарласан учраас дахиж ярих шаардлагагүй.

9.2 Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьсан бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр, Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажил, үр дүн гэдэг. Уг компанийн шүүхэд өгсөн баримтуудыг харахад ямар ажил хийсэн талаарх нотлох баримт байдаг. Нэг худгийн барилга бүрэн боссон байх байтал зөвхөн суурь л цутгасан байдаг. Мөн ус соруулсан гэдэг боловч гэрээнд нэмэлт зардал гаргасан бол гэрээ байгуулж байж нэмэлт зардлын асуудал яригдана гэж тусгасан. ******* ХХК албан ёсоор гэрээ байгуулъя гэх албан бичиг өгөөгүй. Гэтэл өнөөдөр гэрээ байгуулах байсан, нэмэлт зардал гаргасан гэж гомддог.

9.3 Мөн хариуцагч дансны хуулгаа бүрэн гаргаж өгөөгүй. Би анхан шатны шүүх хуралдаанд танайх 229,410,250 төгрөгийг авсан бол дансны дансны хуулгаа гаргаад өгөөч гэхэд шүүхэд дансны хуулгаа гаргаж өгөөгүй бөгөөд 229,410,250 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй.

9.4 Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Учир нь бичиг цаасны хүрээнд нотлох баримтууд байгаа фото зургийн хүрээнд ХХК-тай гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байгаа. Гэрээ цуцлахаас хойших нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тухайн үед талууд гол нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн учраас үзлэг хийлгэх шаардлагагүй. Шүүх талуудын аль алиных нь хүсэлтийг хангаагүй бөгөөд шүүх 2 гэрчээс гэрчийн мэдүүлгийг авсан. Тухайн гэрчүүд болсон үйл баримтыг тодорхой ярьсан. Үүнийг шүүх үнэлсэн. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2, 3 сар хариу тайлбар өгөөгүй. Өмгөөлөгч авна, мэдсэнгүй уучлаарай гэх үндэслэлээр хариуцлагагүй хандаж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагчийн өмгөөлөгч нь олон хоногийн өмнө товлосон хуралд оролцохгүйгээр дүүгийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаар Тайланд улс явлаа гэх баримт өгөөд шүүх хуралд ирдэггүй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар өмгөөлөгч гадагшаа явж болно. Гэхдээ энэ талаарх тодорхой баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой хэр нь баримт өгөөгүй. Мөн эмнэлгийн талаарх баримт өгөөгүй. Иймд өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж тайлбарласанд өмгөөлөгч өөрөө ажилдаа хариуцлагагүй хандсан.

9.5 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шинэ баримт өгөөгүй бөгөөд амаар ярих зүйлээ нэг хуудсанд бичиж өгсөн. Үүнийг шүүгч шинээр баримт өгөөгүй, сөрөг нэхэмжлэлд нь товч тайлбар өгсөн гэж үзсэн. Үүнд хариуцагч тал мэтгэлцэх бүрэн боломжтой байсан учир үүнийг процессын алдаа гэж үзэхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 272,716,185 төгрөг, алданги 81,814,855 төгрөг, нийт 354,531,040 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний бичиг цаасны ажлын төлбөрийг хугацаа хожимдуулсны алдангид 1,727,007 төгрөг, талбайн ус соруулах гэрээт бус нэмэлт ажлын зардал 61,340,562 төгрөг, нийт 63,067,569 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргасан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс ...ар гэрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас яаралтай Тайвань Улс руу зорчих шаардлагатай болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр хүргүүлснийг шүүгчийн 101/ШЗ2024/31283 дугаар захирамжаар ...хуралдааныг хойшлуулахдаа зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгчтэй зөвшилцөж энэ хуралдааныг товлосон. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлага хангахгүй, ...хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлэх боломжтой байсан гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэснийг анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

3.1 Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд хариу тайлбараа бичгээр гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар ирсэн байна. Энэ тайлбартай танилцаж, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүгчийн дээрх захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэснийг анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах эрхийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

3.2 Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүйн улмаас, эсхүл хариуцагч ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээг цуцалж буй үндэслэлийг тодруулаагүй байна. Түүнчлэн, гэрээ цуцалснаас үүсэх үр дагаварт гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч бүхэлд нь буцаан шаардсан үндэслэл болон хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээнд хүрээгүй талаарх үйл баримтыг тогтоох шаардлагатай байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор и-мэйл хаягуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг /1хх 159-160/ шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/25969 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул материаллаг эрх зүйн талаарх зохигчийн гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05841 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 369,000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 2,403,913 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН