| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/03701/И |
| Дугаар | 82 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 82
| 2016 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2016/00082 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вивасити хотхон N-21-3-1 тоотод байрлах, “Вивасити-1” СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вивасити хотхон S-17-5-5-д оршин суух, Сарлагт овогт Рэгзэнгийн Ганзориг /ЙП 84121311/-т холбогдох
СӨХ-ны төлбөрт 402 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунзул, хариуцагч Р.Ганзориг, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Вивасити-1 СӨХ-ны төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ВиВи Сити-1 СӨХ нь 2013 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан. Вива Сити хотхоны S-0 тоотод оршин суугч иргэн Р.Ганзориг нь 2013 оны 12 сар, 2014 оны 01 сар, 2014 оны 7 дугаар сараас 2013 оны 03 дугаар сарыг дуустал 23 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй тул нийт 402 500 төгрөг болсон байна. Вива Сити хороололд 1500 айл оршин суудаг том хотхон. Урд талд нь барилга барьж байгаатай холбоотой барилгын хог орж ирдэг байсан. тухайн үед газар хөлдсөн тул цэвэрлэх боломжгүй байсан. Газар гэссэний дараа барилгыхантай хамтарч цэвэрлэгээ хийсэн. Вива Сити-1 СӨХ нь оршин суугчдаас сар бүр тогтмол 17 500 төгрөг хураадаг бөгөөд үүнээс 2 500 төгрөгийг нь хуримтлалын мөнгө гэж авдаг. Уг мөнгөнөөс засвар үйлчилгээ болон тоглоомын талбай дээр тоглоом барьсан хогийн савнууд авсан, зарим нэг зам талбайг засаж, цэцэрлэгжүүлэлт зэрэгт зарцуулсан. Иймд хариуцагчаа нийт төлбөр 402 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Ганзориг шүүхэд гаргсан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус хорооллыг зохиосон Архитекитор тул өөрийн бүтээл гэдэг утгаараа хайрлан хамгаалдаг. Гэтэл тус СӨХ нь Вива Сити хорооллын S эгнээний урд хэсгийг огт цэвэрлэдэггүй. Мөн барилгын шатны гэмтэл, тухайн орцны хананд үүссэн бохирдол, шатны бариул зэргийг маш муу буюу бараг цэвэрлэдэггүй болно. Иймд дээрх ажлыг хийсний дараа гэрээ байгуулж төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. СӨХ ажлаа хийхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вивасити-1 СӨХ нь хариуцагч Р.Ганзоригт холбогдуулж СӨХ-ны төлбөрт 402 500 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг” орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заажээ. Вивасити-1 СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн НХ/2015/01 дүгээр тогтоолоор СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ц.Отгонцогтыг томилсон байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байна.
Тус холбоог Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн, 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ олгожээ./хх-10/
Вивасити СӨХ-ны 2013 оны 4 сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тус байрны оршин суугчдаас авах засвар үйлчилгээний хөлсийг тогтоосон байх ба Удирдах зөвлөлийн даргын 13/01 тогтоолоор СӨХ-ны сарын хураамж айл өрх бүрээс 17 500 төгрөгийг хурааж байхаар тогтоосон байна./хх-ийн 7/
Харин хариуцагч Р.Ганзориг нь “...СӨХ нь Вива Сити хорооллын S эгнээний урд хэсгийг огт цэвэрлэдэггүй. Мөн барилгын шатны гэмтэл, тухайн орцны хананд үүссэн бохирдол, шатны бариул зэргийг маш муу буюу бараг цэвэрлэдэггүй болно. Иймд дээрх ажлыг хийсний дараа гэрээ байгуулж төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг гаргасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул хариуцагч Р.Ганзоригоос 2014 оны 4 сараас 2016 оны 3 сарыг дуусталх хугацааны төлбөрийг СӨХ-ны 2013 оны хуралдаанаар тогтоосон хэмжээгээр буюу сарын 17 500 төгрөгөөр тооцож, нийт 402 500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч нь СӨХ-ийн үйл ажиллагаа муу эсэхээс шалтгаалахгүйгээр дээрх зардлыг заавал төлөх үүрэгтэй байдаг ба СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах, үйлчилгээний асуудлын талаарх маргаан нь тусдаа асуудал, харилцан тооцох үүрэг биш юм.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар хариуцагч Р.Ганзориг нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдох асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Ганзоригоос 402 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Вивасити-1 СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Вивасити-1 СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13 775 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжинд 13 775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Вивасити-1 СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ