Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1105

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Нямсүрэн,

улсын яллагч: И.Ариунсанаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Сайнбилэг,

шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н А  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806050511453 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Н А, 19 оны 4 дүгээр  сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Грэйт Стар ХХК-д бетон арматурчин ажилтай, ам  бүл 3, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 оны 7 дугаар сарйн 28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж , уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Н.А нь  2018 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  эмийн сангийн  жор баригчаас супракс нэртэй эм аваад мөнгөгүй зэс картаа өгч хуурч бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Н.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

         Шүүгдэгч  Н.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018  оны 4 дүгээр сард би Улаанхуарангийн эцэст 25 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Энх-Өэлүн нэртэй эмийн сангаас 40 гаран мянган төгрөгний Супракс нэртэй эм аваад мөнгөгүй зэс картаа өгч Пос машин дээр нь уншуулахаар уншихгүй байна гэхээр нь би гаднаас мөнгө авч ирий гэж хэлээд эмээ барьж гараад тэр чигээрээ явчихсан юм. Тухайн эм нь хайрцгандаа 7 ширхэг байдаг 1 хайрцагийг нь 7 хоног уугаад дуусдаг болохоор мөнгө олдохгүй болохоор нь эмийн сангаас ингэж залилж авсан юм гэжээ. /хх-ийн 19/  

         Хохирогч Л.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2018 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энх-Өүлэн эмийн сан дээр байтал гаднаас нэг цагдаа нэг эмэгтэйн хамт ороод ирсэн. Бид нар тухайн үед юу ч мэдээгүй. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын тооллогоор 280.000 төгрөгний эм дутсан. Манай эмийн сан нэгдсэн программ байхгүй бид нар дутсан эмээ нэрээр нь хөөж олох боломжгүй байсан тул тэр хүнийг уг эмийг авсан гэж хэлж чадахгүй. Тэр хүн л өөрөө уг эмийг авсан гэж хэлээд байгаа юм. Бид нар уг эмний үнийг дундаасаа төлөөд дуусгачихсан болохоор одоо гомдол санал байхгүй гэжээ. /хх-н 13-17/          

          Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би А төрсөн дүү нь байгаа юм. А 1980 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1996 оноос хойш гадуур тэнээд байдаг болсон. 2000 оноос хойш мөн хулгайч хийгээд байдаг болсон. Одоо болтол хүүхэд төрүүлээгүй. Учир нь олон удаа үр хөндүүлж байсан болохоор хүүхэд тээж чадахгүй байгаа юм байлаа. А надтай утсаар л ярьдаг юм. Ажилд ороод гараад л байдаг юм байлаа. Нэг хүнтэй сууж байгаад салаад одоо ганцаараа байгаа байх. Архаг хууч өвчин байхгүй. Харин хүүхэдтэй болоод түүнийгээ эм уугаад гаргасан юм байлаа. Түүнээс хойш бие нь өвдөөд байдаг болсон гэсэн. Амьдрал нь хэцүү болохоор эмнэлгээр явж чадахгүй л байх шиг байгаа юм гэжээ. /хх-н 20-21/

       Н.А банкинд карт эзэмшдэг талаар авсан лавлагаанууд: /хх-н 35-42/ данс эзэмшдэггүй байна гэжээ. ХААН банкны данс эзэмшдэг байна гэжээ. /хх-н 74-81/

       Н.А мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл /хх-н 97-98/

       Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар тэмдэглэл /хх-н 99-102/

        Н.А  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 105/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 108 /, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 3\82/

         Н.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 33-34/

          Н.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/ зэрэг болно.

        Н.А нь  2018 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энх-Өүлэн эмийн сангийн  жор баригчаас супракс нэртэй эм аваад мөнгөгүй зэс картаа өгч хуурч бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч  Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …Энх-Өэлүн нэртэй эмийн сангаас 40 гаран мянган төгрөгний Супракс нэртэй эм аваад мөнгөгүй зэс картаа өгч Пос машин дээр нь уншуулахаар уншихгүй байна гэхээр нь би гаднаас мөнгө авч ирий гэж хэлээд эмээ барьж гараад тэр чигээрээ явчихсан юм. Тухайн эм нь хайрцгандаа 7 ширхэг байдаг 1 хайрцагийг нь 7 хоног уугаад дуусдаг болохоор мөнгө олдохгүй болохоор нь эмийн сангаас ингэж залилж авсан юм гэсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрч Б мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Н.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч шилжүүлэн авч залилсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Н.А нь тус эмийн санд өөрийн авсан эмний төлбөрийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.         

         Н.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

      Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдсонгүй.     

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг авч залилсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.А нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Н.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.А  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН