Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00347

 

 

******* -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2024/00814 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 16,040,856 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 нь *******тэй 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ-1809/02 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 16,800,000 төгрөгийг, мөн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГНӨОТГ-200629/01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулаж, 4,500,000 төгрөгийг, мөн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГНӨОТГ-200814/02 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг тус тус сарын 2,9 хувийн хүүтэй, 61 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлсэн. Мөн ЗБГ-1809/02 дугаартай фидуцийн гэрээ байгуулж, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан.

1.2 Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон боловч ******* нь хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин, 888 хоногийн хугацааг хэтрүүлсэн.

1.3 Иймд, *******ээс ЗГ-1809/02 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 16,040,856 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслээр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нийт 26,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 33,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл одоо 47,000,000 төгрөг болгож нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

2.2 нь ...1,500,000 төгрөг хэрэгтэй байна гэж *******т ...зээл дээрээ нэмээд аваад өг гэх хүсэлтийн дагуу ******* түүнд 1,500,000 төгрөг өгсөн. нь 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр, 02 дугаар сарын төлөлтийг хийнэ гэж *******т хэлсэн.

2.3 Ковид-19 цар тахлын үед эдийн засгийн асуудал хүнд байсан. Хариуцагчийн хувьд хувиараа хөдөлмөр эрхлэхэд асуудал гарсан, үр дүн муутай байсан, мөн хүүхэд нь өвдөөд хүнд байсан.

2.4 Хуримтлагдсан хүүг 2 удаа гаргасан байна. Эхний шаардлагаар хуримтлагдсан хүү 4,040,820 төгрөг байсан. 2 дахь шаардлагаар хуримтлагдсан хүү 1,618,640 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагаас эхний нэмэгдүүлсэн хүү 204,656 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага дээр нэмэгдүүлсэн хүү 429,277 төгрөг, авсан 1,500,000 төгрөг, нийт 7,783,376 төгрөгийг эс зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэг 16,040,856.96 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд ******* улсын дугаартай ******* арлын дугаартай, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 275,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 275,414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч гэрээний үүрэгт 16,040,856 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, барьцаа хөрөнгө бол үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой. Тээврийн хэрэгсэл нь манай өмчлөлд бүртгэлтэй ч эзэмшил нь хариуцагчид байдаг. Нэхэмжлэгч зээлийн үйлчилгээ явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг авах хүсэл зориг байхгүй.

Иймд, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 16,040,856 төгрөг гаргуулж, хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн фидуцийн гэрээ байгуулагдсан учраас авсан тээврийн хэрэгслээ нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр захиран зарцуулах эрхтэй гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч 3,500,000 төгрөгийг зээлэх хүсэлтээ илэрхийлэх үед хариуцагч байгууллагын зээлийн мэргэжилтэн зээл олгосон ажилтан нь 1,500,000 төгрөгийг өөрийн зээл дээр нэмж авч өгөх хүсэлтийг гаргасан. Зээл авах шаардлагатай байсан тул арга буюу түүний хүсэлтийг зөвшөөрч 5,000,000 төгрөгийн зээл аваад, 1,500,000 төгрөгийг нь д өгсөн. Энэ нь ын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдоно.

6.2 Дээрх байдал нь нотлогдож байхад шүүх хариуцагчаас зээлийн хүү нэмэгдүүлсэн гаргуулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд, шүүхийн шийдвэрээс хүү 5,649,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 633,933 төгрөг, д өгсөн 1,500,000 төгрөг, нийт 7,783,376 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Хариуцагчийн тайлбарласан 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлд ******* өөрөө гарын үсэг зурж зээлийн хүсэлтээ бичсэн. Тухайн 5,000,000 төгрөгийг манай байгууллагын данснаас *******ийн данс руу зээл олгож бэлэн бусаар шилжүүлсэн.

7.2 Хариуцагчийн ярьдаг 1,500,000 төгрөгийг зээл олголтыг мэргэжилтэн байсан д зээл дээрээ нэмж гаргаж өгсөн гэж тайлбарладаг боловч ******* ******* -тай гэрээ байгуулж зээл авсан. Иймд, мэргэжилтэн тай холбоотой зээлийн асуудлыг шүүхээр нэхэмжилж авах боломжтой гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,756,979 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,649,444 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 634,433 төгрөг, нийт 16,040,856 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ******* улсын дугаартай, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 8,257,480 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон ******* нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ-1809/02 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 16,800,000 төгрөгийг нэг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч ******* зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 7-9/

3.1 Мөн талууд ЗБГ-1809/02 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, Toyota prius-30 маркийн, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /хх 10-12/

3.2 Улмаар, талууд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГНӨОТГ-200629/01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр дээрх зээлийн гэрээний хугацааг 30 сар гэж, үндсэн зээлийн үлдэгдэл 7,216,940 төгрөг гэж, зээлийн хэмжээг 4,500,000 төгрөг гэж, нийт зээлийн хэмжээг 21,300,000 төгрөг гэж тус тус өөрчилсөн. /хх 15-16/

3.3 Түүнчлэн, талууд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГНӨОТГ-200814/02 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ мөн байгуулсан. Гэрээгээр 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ-1809/02 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГНӨОТГ-200629/01 дугаартай зээлийн нэмэлт гэрээний хугацааг 61 сар гэж, үндсэн зээлийн үлдэгдэл 11,098,047 төгрөг гэж, зээлийн хэмжээг 5,000,000 төгрөг гэж, нийт зээлийн хэмжээг 26,300,000 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 17-18/

4. Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ-1809/02 дугаар зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө 16,800,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, мөн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГНӨОТГ-200629/01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө 4,500,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, мөн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГНӨОТГ-200814/02 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө 5,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус тус хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5. Дээрх үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.2 Дээрх 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ-1809/02 дугаар зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 9,756,979 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 5,649,444 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 634,433 төгрөг, нийт 16,040,856 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдсон байна. /хх 73-78/ Иймд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

5.3 Хариуцагч нь хүүгийн төлбөрт 5,649,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 633,933 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Түүнчлэн, хариуцагч нь 5,000,000 төгрөгөөс 1,400,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн үндэслэлээр түүнд ногдох үүргийг хариуцахгүй гэх боловч уг мөнгөн дүнгээр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийсэн байна. /хх 74, 78/ Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг 16,040,856 төгрөгийн үүргийг фидуцийн зүйлээр шууд хангуулсан нь үндэслэлгүй болжээ.

6.1 Учир нь, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

6.2 Талуудын тайлбараар фидуцийн зүйл болох дээрх тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргийг шаардах, үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт зээлийн гэрээний үүргийг шууд фидуцийн зүйлээр хангуулсан нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн тооцсон нь үндэслэлгүй болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

6.3 Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйл болох дээрх тээврийн хэрэгслээр хангуулах болон нотариатын зардал 14,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт харшлаагүй байх тул уг нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2024/00814 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 16,040,856 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай. гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох үүргийн гүйцэтгэлийг ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслээр хангуулах болон нотариатын зардал гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* нь тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 139,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 238,155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН