Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Б.Оюунцэцэг

         Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт -н Б-д холбогдох 1916001520081 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ..., 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа .... багийн Сангийн далайд оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...регистрийн дугаартай, М овогт Э-ийн Б гэв.

Шүүгдэгч Э-н Б нь 2019 оны 02 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ар сүв гэх газраас хохирогч Ч.Оын хонгор халзан зүсмийн, зөв талын гуян дээрээ галтай саран тамгатай, шүдлэн насны 1 тооны адууг хулгайлан хохирогч Ч.О-т 650.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э-н Б нь 2019 оны 02 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ар сүв гэх газраас хохирогч Ч.Оын хонгор халзан зүсмийн, зөв талын гуян дээрээ галтай саран тамгатай, шүдлэн насны 1 тооны адууг хулгайлан хохирогч Ч.От 650.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Адуун дээрээ очиход нийлсэн байсан. Тэгээд авсан. Хүмүүс орж ирээд үзэхээр нь зарна гэж хэлж байсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Адууг эзэнд нь өгсөн. Хохирогч нартай 5 сард 1 удаа уулзаж уучлалт гуйсан. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,  

 Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн “...хамгийн сүүлд хүү Б адуугаа үзэхэд хонгор шүдлэн байсан. Уг адуу эр хонгор халзан зүсмийн, гал саран тамгатай ногооны шүдлэн байсан. Зууннастын хашаанаас 2019 оны 03 дугаар сарын 23-нд очиж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,

Хохирогч Ч.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...хонгор халзан шүдлэн хөхморьт сумын Сангийн далай багийн Ар сүв гэх газар байсан. О.Б нь зүүн талаас авсан гэж хүнд ярьсан байсан. Одоо ямар нэгэн санал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ22-рт/,

Насанд хүрээгүй гэрч М.Б-ний мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 22-нд амарч ирээд 23-нд сумын төв дээр ирсэн адуунуудыг үзээд явж байсан. Манай хамар хашаа болох З-ын хашаанд байхад нь гадна төрх, сартай хамар, цагаан зурвас халзан, саран дэвсгэртэй, гал тамгаар нь таньсан...” гэсэн мэдүүлэг /ХХ25/

Гэрч Г.З-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хонгор халзан зүстэй, тухайн үед их үстэй, шүдлэн насны 1 тооны адууг хөдөө гэрээсээ мориор хөтөлж авч ирж өгсөн. Цантаад тамга нь мэдэгдэхгүй байсан. Зүүн талаас зарагдаж ирсэн адуунаас авсан юм. Тэгээд намайг тэжээж байгаач гэж хэлсэн юм. Надад тэжээлийн мөнгө гэж 100.000 төгрөг өгсөн. Б нь хонгор халзан шүдлэнг 1.500.000 төгрөгөөр зарна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ30/, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Э-ийн Быг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дугаар хэсэгт заасныг шүүгдэгч О.Бод танилцуулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдоогүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА