Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/58

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Б.А, А.Б,

шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан /ҮД-0188/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Л-н Ц-т холбогдох эрүүгийн 1917000400044 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Ганболд металл” ХХК-д дэд захирал ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг,  дугаар байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овгийн Л-н Ц /РД:ЧЗ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Л.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Андууд худалдааны төвийн орчим аймгийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-г албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжлон нүүрэн тус газар нь цохих, үстэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,

2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны үүдэнд цагдаагийн дэд ахлагч Б.А-г гавтай гараараа нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө аймгийн Цагдаагийн хэлтсийн баривчлах, эрүүлжүүлэх байран дотор цагдаа ахлах ахлагч А.Б албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжлон нүүрэн тус газар нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 02 дугаар сарыг 21-ний шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Андууд худалдааны төвийн орчим Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-г албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжлон нүүрэн тус газар нь цохих, үсдэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,

2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны үүдэнд Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-г гавтай гараараа нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1.Шүүгдэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой би ТБ центрт найзтайгаа байсан. Би эхнэрээ хэзээ ирсэнийг санахгүй байна. Хэзээ гарч явсанаа сайн санахгүй байдаг. Эхнэрээ ирсэн болохоор би нилээн тайвширсан байх. Гараад машины арын суудалд суугаад унтсан байсан. Машин зогсоод хүмүүс шуугилдаад байхаар нь би гарсан. Цагдаагаас юу болсон талаар асуухад жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр машин бариулсан гэсэн асуудал ярисан. Би энэ жолоочийг мэдэхгүй, бид нар явлаа гэсэн байдлаар асуудалд хандсан.  Цагдаа таныг явуулахгүй, машиныг чинь журамлана гэсэн санаа хэлсэн. Харин би энэ миний машин, эзэн нь өөрөө машиндаа явж байна, наад хүнээ аваад яв, маргааш өглөө асуудлаа шийдүүлэе, эсхүл хүргээд өг гэсэн санаа хэлсэн. Цагдаа бичиг баримтыг хурааж авсан. Цагдаа нилээн дээрлэнгүй хандсан. Би уурлаагүй. Гэхдээ би өөрийгөө илэрхийлсэн. Ямар албан тушаал хашиж байснаа хэлсэн. Гэхдээ би нэг доромжилсон үг хэлээгүй. Би тийм үг хэрэглэдэг хүн биш. Гэтэл шууд 102 дуудаад бичлэг хийж эхэлсэн. 102-н машин ирээд намайг авч явах гэсэн, би иргэн хүнийхээ хувьд эрүүлжүүлэгдэхгүй гэдэг байдлаар хандсан. Цагдаа нарыг ямар шаардлага тавиад байгааг ойлгоогүй. Би цагдааг машин саатуулах гэж байна ойлгосон. Машин саатуулахад нь би саад болоогүй. Машин авч явах гэж байсан хүмүүсийн зорилго, намайг эрүүлжүүлэх болсонд гомдолтой байгаа. Харин манай эхнэр жаахан бухимдсан, олон зүйл ярисан байсан. Миний хувьд цагдаа нарыг хэл амаар доромжлоогүй. Хохирогч болон гэрч нарын мэдүүлэг дээр ч энэ талаар мэдүүлэг байхгүй. Намайг барих гэхээр нь би арагшаа зугтаасан. Намайг зугтаахад цагдаа нар доогилж, тохуурахсан шинжтэй байсан. Миний хувьд 8-9 жил удирдах ажил хийж байсан учраас цагдаа нарт дууны өнгө өндөр санагдсан байх. Үүнд шаралхаж намайг эрүүлжүүлэхэд хийх санаа төрсөн байх гэж би бодож байгаа. Намайг зугтаахад цагдаа миний араас ирж барихад нь би гарыг арагшаа түлхэхэд хоорондоо мөрлөх маягтай болоход би машин мөргөж хажуу тийшээ унаад, цагдаа цаашаа унасан нэг үйлдлийг харсан, харин би цагдааг цохисон үйлдэл байхгүй. Тухайн үед би санаа зовоод намайг цохичихлоо гэж бодож байгаа байх гээд би цохигүй гэдгээ тэр үед илэрхийлж байсан. Ингээд намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Энэ хүртэлх үйлдлийг миний эрх чөлөөнд халдсан хууль бус үйлдэл байсан гэж үзэж байгаа. Учир нь машин журамлах байсан бол машинаа авч яваад, намайг гудамжинд орхиод явчих боломжтой байсан гэдэг дээр гомдолтой байгаа. Үүнээс хойш би бухимдсан.  Би цагдааг огт цохиогүй. Энэ хэргийн явцад намайг гэрчлэх хүн нэг ч байхгүй. Учир нь дандаа цагдаа нар байсан. Үндсэндээ цагдаа нар намайг гүтгээд байна. Эрүүлжүүлэх байрны нэг зургийг нотлох баримт гэж үзсэн байсан. Энэ зурган дээр эрүүлжүүлэх байр руу намайг хувцастай түлхээд, А.Б цохиод байгаа шинжтэй харагдаж байсан. Дахиад цохих гээд ирэхэд нь би гараараа түлхэх маягтай өөрөөсөө холдуулж байсан. Үүнээс өөрөөр цагдааг цохисон асуудал байхгүй. Үнэхээр өөрөөр цохисон бол цагдаагаас өөр хөндлөнгийн гэрч хараад гэрчилсэн бол би үнэмшмээр байна. Маргааш нь эрүүлжүүлэх байранд байхдаа дээрх байр сууринаасаа хандсан. Намайг ганц эрүүлжүүлээд зогсохгүй манай эхнэрийг мөн эрүүлжүүлсэн байсан. Манай эхнэр архи хэрэглээгүй байсан гэж хэлдэг. Би тэрийг сайн мэдэхгүй. Би эрүүлжүүлэх байрны мөнгийг төлөхгүй, маш их гомдолтой байсан. Би анхнаасаа энэ байдлаар мэдүүлгээ өгсөн. Цагдаа нар ёс зүйгүй, дүрэм журмаа хэрэгжүүлж ажлаагүй, мэргэжлийн ур дүйгүй ажилласан гэдгийг хэлсэн. Машинд орсоны дараа намайг цохиж зодсон асуудал байгаа. Миний гарыг гавлахад хөрхөрч, урагдсан. Одоо хүртэл сорив нь байна. Мөн гар бүтэн сар сойлттой явсан. Би анхны мэдүүлгээ өгөхдөө цагдаад гомдолтой байгаа, миний буруу байхгүй, биеийн байдлаа хэлсэн. Миний биеийн өндөр 1,70 хүрэхгүй, надаас өндөр 4-5 цагдааг би цохиж чадахгүй. Өглөө нь рапортанд орсон. 70-80 цагдаагийн өмнө би иргэний хүний хувьд хэлсэн үгийг намайг согтуу байна гэж үзэж, надад хүндэтгэлгүй хандаж, үгээр идүүлж шаралхалсандаа намайг эрүүлжүүлэх байранд хийхдээ миний муу муухайг үзэж, намайг доромжилж, цохиж зодоод, уранхай хувцастай рапортанд оруулсан гэж хэлэхэд цагдаагийн дарга нь баас минь чи давраад байхгүй шүү гэж 70 гаран цагдаагийн өмнө хэлсэнд гомдолтой байгаа. Асуудал шийдэгдээгүй байхад өнөөдрийг хүртэл миний нэр төрийг гутаасан. 2019 оны 02 сарын 22-ны өдөр мэдүүлэг өгөөд, ажилтай байсан учраас машинаа аваад явсан. Машинаа авах гэж хүүхдийн өмнөөс 200,000 төгрөг төлсөн. Эхнэрийг маань хүртэл жолоо шилжүүлсэн гэсэн үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгосон. Маргааш нь та нарын бах чинь ханасан биз дээ, хэрвээ эрүү үүсгэнэ гэвэл би шинжээч томилуулна гэж хэлсэн. Энэ талаар мэдүүлэг дээр байх ёстой. Тэр өдрөөс хойш таг чимээгүй байж байгаад, 2019 оны 3 сарын 26-ны өдөр цагдаа дээр дуудахад нь очиход эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар хэлсэн. Надад биеэ үзүүлэх, гар шөрмөс эвгүй болсон талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах боломж олгоогүй. Хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан бол тэр даруйд нь надад хэлээд шинжээч томилуулж миний эрхийг хангаагүй. Хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ тэр даруйд нь хэлсэн бол шинжээчийн дүгнэлт гаргуулаад, гэмтлийн зэрэг тогтоолгуулаад асуудал хүндэрнэ гэдгийг мэдээд, сар чимээгүй байж байгаад сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэх санаа зорилготой прокурор цагдаа ажлаад байна гэж би ойлгоод байгаа гэв. 

 

1.2.Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 02 дугаар сарын 20-21-ний өдрийг шилжих шөнө эрүүлжүүлэн саатуулах байран жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө эрүүлжүүлэхийн хаалга тогшоод, эргүүлийн цагдаа хүнтэй маргалдаад байсан. Хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг гараад очиход Л.Ц нь цагдаа нартай маргалдаад, аманд нь салаавч өгөөд байсан. Би Л.Ц ахыг таньдаг болохоор, та яасан бэ, юу болсон бэ яагаад ингэж бухамдаад байгаа юм бэ дотогшоо оръё гээд эмчийн өрөө рүү ороход Б.А араас орж ирсэн. Дахиад Б.А рүү дайраад байхаар нь та боль гэж хэлэхэд чи чимээгүй байж бай гээд над руу эхлээд дайраагүй, гайгүй байсан. Б.А-г гараад явсаны дараа над руу дайраад чи зүгээр байгаарай, чи яахаараа намайг эрүүлжүүлдэг юм, чи ингэх болоогүй гээд дайраад байсан. Хувцасыг нь тайлахад хөндлөнгийн 2 гэрчийг байнга байлгасан. Эмчийн өрөөнд хувцасыг нь тайлаад камерийн өрөөнд ирсэн. Намайг цохиогүй гээд байгаа. Намайг камерийн үүдэнд цохисон. Над руу дайраад давшлаад байхаар нь камерт оруулсан. Эрүүлжүүлэх камерийн завсараар гар нь гарч ирээд цохих гээд байсан. Би хойшоо болоход гар нь хүрээгүй. Эхнэр нь гадаа ирээд цонх руу чулуу шидээд, хаалга балбаад байсан. Хаалга нээхэд над руу аягатай ус цацсан. Дахиад хаалга балбаад байхаар нь та энд ингээд нэмэргүй, жижүүртэй уулз гэж хэлсэн. Жижүүр дээр очоод орж уулзахгүй, хаалга цонхийг нь балбаад байсан. Жижүүр наад хүнээ эрүүлжүүл гэсэн. Согтууруулын зэргийг нь тогтоох гэхээр үлээхгүй байсан. Архи үнэртээд байсан учраас эрүүлжүүлсэн. Ийм л зүйл болсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.      

 

1.3. Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 02 дугаар сарын 20-21-ний өдрийг шилжих шөнө нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цагийн үед Андууд дэлгүүрийн урд замын уулзвар дээр эргүүлж хийж байхад тээврийн хэрэгсэл ирэхэд нь зогсоогоод шалгахад жолооч нь надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэхэд нь би та машинаасаа буугаад ир гэхэд Л.Ц гэх энэ хүн хойноос нь дагаж бууж ирээд дайрч давшлаад байсан. Би за уучлаарай жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн жолоо барьсан байна гэхэд Л.Ц тохиролцоё гээд байсан. Мөн Л.Ц-н эхнэр нь бууж ирсэн. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүүхдээр машин бариулж болохгүй, шууд журмын хашаанд хийх үүрэгтэй гэхэд би цагдаад олон жил ажиллаж байсан. Та нар шиг новшийн цагдааг мэднэ. Та нар ажлыг ингэж хийдэггүй юм, намайг Л-н Ц гэдэг гээд давшлаад байсан. Машиныг нь авч явах гэхэд машинаа өгөхгүй байсан. Жолоо барьж явсан хүүхдийг авч явах гэсэн чинь хүүхдээ гарнаас нь барьчихаад тавихгүй байсан болохоор нь 102 мэдэгдсэн. 102-н машин ирэхээр нь машинд суулгах гэхэд намайг цохиход миний малгай унасан. Машинд суулгая гээд гарыг нь гавалсан. Өөр арга байгаагүй. Тэгэхэд намайг үстсэн. Манай нөгөө хоёр цагдаа ингэж болохгүй гээд бид нар өргөөд фругон машинд суулгасан. Хажуудаа суулгахад над руу дахиад давшаад байсан. Эхнэр нь бид нар луу чулуу авч шидсэн. Хэл амаар доромжилсон.  Эрүүлжүүлэхэд очихоод та наанаа байж бай, эмчийн үзлэг хийгдэнэ гэхэд эргэж хараад намайг шанаадсан. Ийм л зүйл болсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.4. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21-ний өдрийн 12-02 цагийн хооронд д/а Д.Б-н хамт хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 21-нд шөнийн 01 цаг 40 минутын орчим Сүмбэр сумын 2-р баг төв Андуудын орчим шалгалт хийгээд байж байтал 99-77 ГСА улсын дугаартай Приус маркийн автомашиныг зогсоон шалгахад уг тээврийн хэрэгслийг Д гэх хүн жолоодож байсан. Тэгэхээр нь би бичиг баримтыг шалгах гэхэд надад жолооны үнэмлэх байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь ард талын суудлаас Ц гэх хүн гарч ирсэн. Би наад хүнийг чинь гуйж машинаа жолоодуулсан юм аа тохиоролцъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хариулсан. Тэгсэн чинь тэр Ц гэх хүн би цагдаагийн байгууллагад 10 гаран жил ажилласан үлгэр болсон хүн, та нар ажил хийж чадахгүй байна. Миний аав Л гэдэг хүн танайд ажиллаж байсан гээд байсан. Би наад хүүхдийг чинь гуйж машинаа бариулсан юм, та нарт ямар хамаатай юм гэж хэлж байсан. Мөн бид хоёр луу салаавч өгөөд явуул гэх зэргээр хэлж байсан. Тэгсэн чинь эхнэр нь 99-77 ГСА улсын дугаартай автомашины урд талаас гарч ирээд янхан цагдаа нар, танай дарга нар надад маргааш ингэнэ за юу гэж гараа хавсран мөргөж байгаа үйлдэл үзүүлж, хэл амаар доромжилж мөн шороо авч цацсан. Тэгээд Сүмбэр 10 руу д/а Б залгаад машинаа явуулчих гэж ярьсан. Тэр хооронд би энгэрийн камераа асааж бичлэг хийсэн бөгөөд гадаа хүйтэн байсан тул  камер асаж унтраад бичлэг тасалдаж хийгдээд байгаа санагдахаар нь өөрийн Samsung S6 маркийн гар утсаар 99-77 ГСА авто машин жолоодож явсан Д-д өгөөд давхар бичлэг хийлгэсэн. Удалгүй цагдаагийн хэлтсийн 10-81 ГСА улсын дугаартай фургон машин ирсэн. Тэгтэл Цэлмэг гэх хүний эхнэр нь дахиад шороо авч цацаад  янхан цагдаа нар, пизда гэх зэргээр хараагаад байсан. Тэгээд Ц-г фургонд суулгах гэтэл суухгүй, би яахаараа суудаг юм гээд тэгэхээр нь д/а Бямбадорж бид хоёр ажил үүргээ гүйцэтгээд явж байна, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлсэнгүй гэж хэлээд 102-н жижүүрийн автомашинд Ц-г суулгах гэтэл миний нүүрэн тус газар зүүн хацар хэсэгт 1 удаа цохиод миний малгайг унагаасан. Мөн фургонд Ц-г суулгах гэхэд үснээс зулгаагаад байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очоод асуудлаа шийдвэрлүүлэх талаар хэлээд Ц гэх хүнийг фургонд суулгах гэтэл эхнэр болох М нь араас шороо авч шидээд байсан. Мөн миний биед халдсан тул Ц-г гавлаж жижүүрийн автомашинд суулган цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Б-нд хүлээлгэн өгсөн. Харин 99-77 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд Ч-т хүлээлгэн өгсөн д/а Бямбадорж бид хоёрын хувьд Ц гэх хүнтэй огт харьцаагүй, жолооч Д-тай харьцаж эрхийн үнэмлэхгүй жолоо барьсан талаар нь хэлсэн боловч Ц нь хэл амаар доромжилж Д-г авч явах гээд цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхэд саад учруулж Ц гэх хүний эхнэр болох М нь янхан цагдаа нар гэж хашгираад хэл амаар доромжлоод байсан учир алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн зөрчлөөр цагдаагийн хэлтэст авчирсан.

Бид нар Ц болон М гэх хүмүүстэй дүрэм журмынхаа дагуу харьцаж хууль ёсны шаардлага тавьсан боловч дээрх хүмүүс нь хэл амаар доромжилж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж биед халдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

1.5. Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагийн 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 02 цаг өнгөрч байхад д/а Б.А, д/а Т.Х-н хамт Л.Ц-г алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн зөрчлөөр цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, баривчлах байранд авчирсан. Тэгээд Л.Ц-г эрүүлжүүлэх, баривчлах байрны эмчийн өрөөнд оруулж согтолтын зэргийг шалгах гэхэд би үлээхгүй, чадахгүй гэснээ намайг чи дуугай бай, чамтай яриагүй гээд д/а Б.А-г хэл амаар доромжилж орилж хашгираад байсан. Тэгээд цагдаагийн дэд ахлагч Б.А тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд хүлээлгэн өгөхөөр гараад явсны дараа согтолтын зэргийг шалгахаар драйгер дахин үлээлгэх гэсэн боловч үлээхгүй гэсэн. Тэгэхээр нь би таныг эрүүлжүүлнэ, хувцсаа тайл гэсэн шаардлага тавихад чадахгүй яахаараа намайг эрүүлжүүлдэг юм гэсэн. Тэгээд цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байхаар нь эхлээд цамцыг нь тайлаад дараа нь өмд гутлыг нь тайлаад эрүүлжүүлэх байрны камерт хийх гэсэн боловч би камер луу орохгүй гэж шаардлага эсэргүүцэж  миний нүүрэн тус газар шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд Л.Ц-г эрүүлжүүлэх байрны камерт хийсэн. Харин Цэлмэгийн эхнэр болох Мөнхгэрэл нь эрүүлжүүлэх байрны камерт орж ирээд нөхрийгөө авъя гэж хэлэхээр нь танай нөхөр Ц-г эрүүлжүүлнэ, та ерөнхий жижүүр х/ч Г.О-тай уулз гээд эрүүлжүүлэх байрнаас гаргаад хаалгыг түгжсэн. Хэсэг хугацааны дараа хошууч Г.О залгаад М-г эрүүлжүүл гэсэн. Үүдний хаалгыг тогшоод байхаар нь онгойлготол 5 литрийн савтай ус аягатай барьчихсан зогсож байснаа над руу аягатай усаа цацсан. Тэгээд би эрүүлжүүлэх байрны эмчийн өрөө рүү авч орон эмчээр эд зүйлийг нь хураан авч эрүүлжүүлэхийн карт бөглүүлэх гэсэн боловч овог нэрээ хэлэхгүй, мөн согтолтын зэргийг шалгах гэсэн боловч үлээхгүй, чадахгүй гээд орилоод байхаар нь эрүүлжүүлэх байрны камерт хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сарын 20-21-ний өдөр Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны жижүүрийн эмчийн үүргийг 24 цагаар гүйцэтгэх байхад 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед цагдаагийн дэд ахлагч Хэрлэн, Б.А нар Ц-г гавласан байдалтай авчирсан. Тэгсэн чинь араас нь Ц гэх хүний эхнэр М гэж хүн орж ирсэн. Тэгээд би ямар зөрчил гаргасан талаар асуухад д/а Б.А тээврийн хэрэгслийг шалгах явцад уг машинд зорчиж явсан Ц, М нар хэл амаар доромжилсон. Цагдаагийн алба хаагчийн өөдөөс шороо цацсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэж хэлсэн. Тэгээд Ц-н согтолтыг шалгах гэхэд би үлээхгүй, согтолтоо шалгуулахгүй, угаасаа согтуу байгаа хүнийг та нар яахын гэх үг хэллэг хэлж цагдаа нарыг хэл амаар доромжлон салаавч гаргаад байсан. Харин Ц-н эхнэр М нь ТБЦентрт бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир тэнд байсан хүнээр машинаа бариулсан юм, та нар бол янхан цагдаа, янхан цагдаа гэдэг чинь хүнийг баарны гадаа хүлээж байгаад явахаар нь отож байгаад барихыг хэлдэг юм гээд байсан. х/ч О эхнэрийг нь эрүүлжүүлээд яахын гэсэн. Тэгээд М нь гараад явсан. Тэгээд Ц-г эрүүлжүүлэх байранд хүлээн авсан. Тэгээд жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч А.Б Ц-н согтолтыг шалгах гэсэн боловч шалгуулахгүй салаавч гаргасан, чи хэзээ ийм болчихсон юм, би өмнө нь цагдаад ажиллаж байсан шүү гэх мэтээр хэл амаар доромжилж хувцас тайлж эд зүйлээ гаргахыг хүсэхэд эсэргүүцэл үзүүлсэн. Тэгээд Ц-н эхнэр болох М нь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цонхыг цохиод орилж, хашгираад янхан цагдаа гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан.

Ц гэх хүн нь цагдаагийн дэд ахлагч Б.А болон жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан а/а А.Б нарын хэл амаар доромжилж салаавч гаргаад байсан. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж байсан. Цагдаагийн дэд ахлагч Б.А Ц гэх хүн өөрийг үстсэн, эхнэр М нь шороо цацаад хэл амаар доромжлоод байсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

1.7. Гэрч Т.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутаас 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолоочоор 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад 02 дугаар сарын 21-ний өдрийн шөнийн 02 цагийн орчимд Сүмбэр 10-с Сүмбэр сумын 2-р баг, Сэт баарны зүүн уулзвар дээр хүрээд оч, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагад эсэргүүцсэн дуудлага ирлээ гэж хэлсний дагуу жижүүрийн 10-81 ГСА улсын дугаартай фургон маркийн автомашинтай очсон. Тэгэхэд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан д/а Д.Б саарал өнгийн приус-20 маркийн 99-77 ГСА улсын дугаартай автомашиныг зогсоочихсон жолоочийг нь шалгаж байсан. Харин д/а Б.А Ц болон түүний эхнэр М нартай маргалдаад байж байсан. Тэгээд д/а Б.А Ц-г жижүүрийн машинд суулгах гэтэл Ц эсэргүүцээд машинд суухгүй, чи муу пизда гэх зэрэг үгийг хэлж байсан. Тэгсэн чинь М гэх хүн д/а Б.А рүү шороо цацаад янхан цагдаа нар гэж хашгираад хэл амаар доромжлоод А рүү дайраад байхаар нь би машинаасаа бууж очоод холдуулсан. Тэгээд А Ц-г машинд суулгах гэтэл д/а Б.Ан-г нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Мөн машинд суулгах явцад үстсэн, тэгэхээр нь Ц-г гавлаж жижүүрийн автомашинд суулган цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирсан. Тэгээд эрүүлжүүлэх байрны цагдаагийн өрөөний үүдэнд Ц яасан гэж намайг авчирч байгаан, пизда, та нарыг ажилгүй болгоно гэх зэргээр харааж байсан. Тэгээд гавтай гараараа д/а Б.А-ний эрүү хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд Ц эрүүлжүүлэхийн камераас авч гаран эрүүлжүүлэх баривчлах байрны эмчийн өрөөнд оруулан тухайн өдрийн жижүүрт гарч байсан эмч а/х Б.Ж, цагдаа а/а А.Б нарт хүлээлгэн өгсөн. Жижүүрийн цагдаа Л.Ц-йн согтолтыг шалгах гэхэд би үлээхгүй шалгуулахгүй гэж байсан. Тэгээд би д/а А-н хамт Сэт баарны зүүн талын уулзвар дээр очиж 99-77 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд авчирсан. Тэгээд эрүүлжүүлэх баривчлах байранд Ц-н эхнэр болох М-г ирэхээр нь ерөнхий жижүүртэй уулз гэж хэлээд явуулсан, тэгсэн удалгүй ирээд хаалга балбаад цонх цохиод байсан. Тэгээд та харьж амар гэж хэлэхэд янхан цагдаа нар, та нар янхандлаа гээд хашгираад байсан. Тэгээд ерөнхий жижүүр х/ч О-т танилцуулахад эрүүлжүүлчих гэж хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэх гэтэл М нь зугтаагаад явчихсан. Тэгээд 20-30 минутын дараа эргэж ирээд хаалга, цонх нүдээд байсан. Тэгээд янхан цагдаа гээд хашгираад байсан. Тэгээд жижүүрийн цагдаа А.Б-г гарахад өөдөөс нь цацчихлаа гээд орж ирж байсан. Тэгээд ерөнхий жижүүр шаардлага тавиад ойлгохгүй, эсэргүүцээд байна гэж хэлээд эмчийн өрөөнд оруулан эмчид үзүүлж эрүүлжүүлэх байрны камерт хийсэн. Тэгэхэд манай нөхрийг та нар мэдэхгүй байна, та нарыг ажилгүй болгоно, янхан цагдаа нар гээд хашгираад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим жижүүрийн 102 дугаарын утсаар эрүүлийн цагдаа Д.Б ТБЦентрийн гадаа машинаа явуулаач согтуу хүн цагдаагийн тавьсан шаардлага эсэргүүцээд хэл амаар доромжлоод байна гэсний дагуу жолооч д/а Т.Х-д хэлж машинтай нь явуулсан. Тэгээд удалгүй журмын хашааны сахиул Ч эгч согтуу эмэгтэй машинд журмын хашаанд оруулахгүй байна гэж утсаар ярихаар нь би явж очиход Ц-н эхнэр машинаа журмын хашаанд оруулахгүй гээд зогсож байсан ба журмын хашааны гэрт ороход уг машиныг барьсан гээд Д гэх хүн журмын хашааны сахиулд 99-77 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бүртгүүлж байсан. Юу болсон талаар Д-с асуусан чинь ТБЦентрээс согтуу ах эгч хоёр машин бариад гэрт хүргээд өгчих гэхээр нь би машинд бариад хөдлөөд явахад цагдаад баригдсан. Би энэ хоёр ах эгч хоёрт эрхийн үнэмлэх байхгүй гэсэн чинь цагдаа яах ч үгүй гээд загнах шахуу машинаа бариулсан гэж хэлсэн. Тэгээд би Ц-н эхнэрт машиныг чинь эрхийн үнэмлэхгүй хүн жолоодож явсан байна, маргааш асуудлыг шийднэ, одоо гэртээ харьж амар гэж хэлсэн. Тэгээд жижүүр дээр ирээд камераар эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг хянахад Ц эрүүлжүүлэхийн камерт орохгүй эрүүлжүүлэх байрны цагдаа а/а А.Б-тай маргалдаж байсан. Тэгээд Ц-г эрүүлжүүлэх байранд хийж  байгаа харагдсан. Тэгээд байж байхад Ц-н эхнэр жижүүр дээр ирээд манай нөхрийг гарга гэхээр нь би танай нөхөр цагдаагийн тавьсан эсэргүүцсэн үндэслэлээр эрүүлжүүлсэн. Маргааш ирж нөхрөө ав гэсэн чинь би хамт нөхөртэйгээ эрүүлжүүлэхэд орно гээд өөрөө эрүүлжүүлэх байранд орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би д/а Б.А-н хамт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх томилгоотой байсан. 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг өнгөрч байхад эрүүлийн үүрэг гүйцэтгэх явцад Сүмбэр сумын 2-р баг Андууд худалдааны төвийн зүүн талын зам дээр хяналт шалгалт хийж ажилласан. Шалгалт хийх явцад Приус-20 маркийн 99-77 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахад тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д гэх хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодсон учир журмын дагуу саатуулж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдах талаар хэлээд уг тээврийн хэрэгслийг цагдаагийн хэлтсийн журмын хашаанд хийх талаар хэлсэн. Тэгтэл уг тээврийн хэрэгслээс Л.Ц, У.М нар бууж ирээд янхан цагдаа нар зайл гэх мэтээр хэл амаар доромжилсон. Л.Ц нь мөнгө өгье, тохиролцоод явчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна гэж хэлсэн, мөн салаавч гаргаад хэл амаар доромжилж эхэлсэн. Харин М гэх эмэгтэй янхан цагдаа нар гэж хашгираад газраас шороо авч цацаад байсан. Энэ үед би энгэрийн камераа асаан бичлэг хийсэн. Тухайн үед гадаа хүйтэн сэрүүн байсан учир энгэрийн камер унтарч асаад байсан учир д/а Б.А өөрийн гар утсанд давхар бичлэг хийсэн. Харин би өөрийн 98115250 дугаарын утсаар цагдаагийн хэлтсийн жижүүрийн 7054102 дугаарын утас руу дуудлага өгч жижүүрийн автомашиныг дуудсан. Жижүүрийн автомашин ирэх хооронд М, Ц гэх хүмүүс нь бид хоёрыг хэл амаар доромжлон салаавч гаргасан. Мөн маргааш танай дарга нар надад мөргөнө гэж хэлж байсан. Удалгүй жижүүрийн фургон маркийн 10-81 ГСА улсын дугаартай автомашинтай жолооч д/а Т.Х ирсэн. Тэгээд Л.Ц гэх хүнийг жижүүрийн машинд суулгах гэтэл д/а Б.А-н нүүрэн тус газар нэг удаа цохиод үснээс нь зулгаагаад байсан. Тэгэхээр нь би очиж салгаад та ингэж болохгүй, хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж хэлэхэд газраас шороо авч шидээд байсан. Тэгээд Л.Ц гэх хүнийг гавлаж цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Л.Ц-н эхнэр болох М нь цагдаагийн хэлтэс дээр ирээд  янхан цагдаа нар гэх мэтээр элдэв янзын зүйл хэлж орилж чарлаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

1.10. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би цагдаагийн хэлтэст 20 хоногийн хугацаагаар баривчлагдсан юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө цагийг нь санахгүй байна, тус цагдаагийн хэлтсийг баривчлах байранд амарч байсан чинь эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Б хөндлөнгийн гэрчээр оролцчих гээд Ж бид хоёр эмчийн өрөөнд орсон. Тэгсэн чинь эмч цагдаагийн ахмад Б.Ж, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Б, тэгээд Ц гэх хүмүүс байсан. Тэгээд цагдаа Б Ц гэх хүний согтолтыг шалгана, бид хоёрыг хөндлөнгийн гэрчээр оролцчих гэсэн. Тэгээд жижүүрийн цагдаа Б Ц гэх хүнд таны согтолтыг шалгана энэ драйгераар үлээ гэж хэлэхэд Ц гэх хүн намайг зүгээр байхад та нар яахаараа цагдаа дээр авчирдаг юм, би үлээхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа Б өглөө эрүүл болохоор чинь учрыг нь ольё, одоо бол явж болохгүй таныг эрүүлжүүлнэ гээд хувцсаа тайл гэж хэлэхэд Ц би хувцсаа тайлахгүй, би яахаараа эрүүлжүүлэхэд ордог юм гээд маргалдаад байсан. Тэгээд Б гарыг нь өчөөд хувцсыг нь тайлаад эрүүлжүүлэхийн камерт оруулсан. Тухайн үед Ц гэх хүн салаавч гаргаад хэл амаар доромжилж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

 

1.11. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сарын 20-21-нд уншиж шилжих шөнө 01 цагийн үед би ТБЦентр ресторанд ажлаа хийж байгаад Ц, М гэх хүмүүстэй таарсан. Тэгээд бид хоёрыг машин бариад хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэж хэлэхэд тэр хамаагүй, бид хоёр цагдааг чинь аргална гээд намайг машин руугаа татаад чирээд байсан. Тэгээд би тэр ах эгч хоёрын машиныг бариад Сүмбэр сумын 3-р баг Найрамдал хотхон чиглэлд явж байтал Сүмбэр сумын 2-р багт байрлах Андууд худалдааны төвийн зүүн талын зам дээр цагдаа зогсоосон. Тухайн үед цагаан өнгийн алаг цагдаагийн машинтай 2 цагдаа байсан. Нэг цагдаа нь /нэрийг нь мэдэхгүй/ намайг бичиг баримтаа шалгуул гэж хэлэхэд нь би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэж хэлсэн. Тэгтэл ард талын суудалд сууж явсан Ц гэх хүн ах нь буугаад зохицуулаадахъя гэж хэлээд машинаас буусан. Тэгээд Ц гэх хүн цагдаа нартай хэрүүл маргаан үүсгээд эхэлсэн чинь эхнэр нь машинаас буугаад янхан цагдаа нар, пиздаа гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Ц гэх хүн цагдааг цохисон, мөн үсдэж байгаа харагдсан. Мөн шороо авч цацаад байсан, яг нь хэн нь шороо авч цацсаныг сайн санахгүй байна. Ямартай ч машины хаалга таараад цагдаа руу цацагдаагүй. Цагдаа нар фургон маркийн машинд Ц гэх хүнийг суулгах гэтэл цагдааг цохиж үсдээд байсан учир гавлаж суулгасан. Тэгээд бид нар цагдаа ирээд шалгуулаад явсан. Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй учир Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан. Уг мөнгийг Цэлмэг гэх хүн төлж өгсөн. Уг асуудал болсноос 10-д хоногийн дараа Ц гэх хүн ажил дээр ирээд цагдаагаас мэдүүлэг авсан уу гэж асуухаар нь би ажилтай болоод очиж амжаагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь ахын дүү мэдүүлгээ аятайхан өгөөрэй, энэ хэргийг хурдхан шийдвэрлүүлье, ах нь чамд гомдоохгүй мөнгө өгнө гэж байсан.

Цагдаагийн алба хаагч нар намайг зогсоогоод бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэж хэлэхэд цагдаагийн байгууллага дээр очиж асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн. Тэрнээс ёс зүйгүй харьцсан зүйл байхгүй. Л.Ц, У.М гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нилээн согтуу байсан.

Л.Ц гэх хүн цагдаагийн алба хаагчийг цохиж байгаа харагдсан, мөн үстсэн. М янхан цагдаа нар гэж хашгираад хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би өөрийн гар утсан дээр бичлэг хийгээд цагдаад өгсөн. Цагдаагийн хувцсыг урсан болон эд зүйлийг нь гэмтээсэн зүйл байхгүй. Биед нь халдаж хэл амаар доромжлоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/

 

1.12. Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 02 дугаар сард цагдаагийн хэлтэст захиргааны зөрчлөөр баривчлагдсан байсан юм. Тэгсэн 2019 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна, амарч байхад жижүүрийн цагдаа Б хөндлөнгөөр гэрчээр оролцчих гэж хэлсэн. Тэгээд О бид хоёр хөндлөнгийн гэрчээр оролцохоор эмийн өрөөнд ороход Ц гэх хүн болон жижүүрийн цагдаа, эмч, эргүүлийн цагдаа нар байсан. Тухайн үед Ц гэх хүн нилээн согтуу эргүүлийн цагдаа руу чи намайг авчирлаа гээд эмч, цагдаа нар луу би эрүүлжүүлэх рүү чинь орохгүй гээд дайраад байсан. Тэгээд согтолтыг нь шалгах гэхэд шалгуулахгүй байсан. Тэгээд эрүүлжүүлэхийн камер ороод жижүүрийн цагдааг чам шиг юмнууд намайг хийдэггүй юм, чамайг харнаа гэх мэтээр хашгирч хэл амаар доромжилж байсан. Мөн эмчийн өрөөнд болон эрүүлжүүлэхийн камерт цагдаа руу салаавч гаргасан, тийм л асуудал болсон.

Ц гэх хүн цагдаагийн алба хаагчийн биед халдаж байгаа харагдаагүй. Салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. Цагдаагийн алба хаагч нараас Ц гэх хүнтэй ёс зүйгүй харьцсан болон биед нь халдсан зүйл байхгүй. Л.Ц гэх хүний эхнэр эрүүлжүүлэх байрны гадна ирээд цонхыг нь тогшоод байсан. Та нар яахаараа манай нөхрийг эрүүлжүүлэхэд хийдэг юм, манай нөхөр ажилдаа буцаад орно, та нарыг ажилгүй болгоно гэх мэтээр хашгирч хэл амаар доромжлоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

1.13. Гэрч У.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Ц-н найз нар Дундговь аймгаас ирээд Цэлмэг 20 цагийн үед гэрээс гарч явсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад би нөхөр лүүгээ залгахад согтуу байсан. Тэгэхээр нь хаана байгааг нь асуугаад ТБЦентрт байна гэхээр нь авахаар очсон. Тэгээд ТБЦентрээс аваад гарахад үүдэнд нь цагдаа нар байж  байсан. Тухайн үед манай нөхөр Л.Ц нилээн согтуу байсан учир би машиныхаа ард талын суудалд суулгаад унтуулсан. Би машин барьж чадахгүй учир ТБЦентрийн гадаа нэг хүүхэд байхаар нь очиж уулзаад миний дүү машин барьж чадах уу гэж асуухад чадна гэж хэлсэн. Тэгэхээр нь эгч нь машинд барьж чадахгүй юм аа, манай нөхөр согтуу байна, манай гэр хонхорт байдаг хүргээд өгөөч гэж хэлэхэд би машин барьж чадна, гэхдээ надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэсэн. Тэгэхээр нь би чи манай машиныг хонхорт гэрийн гадаа аваачаад өгөөч, эгч нь 10000 төгрөг өгье гэж хэлэхэд зөвшөөрөөд манай приус маркийн 99-77 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ТБЦентрийн гаднаас хөдлөөд хонхор чиглэлд явж байтал Андууд худалдааны төвийн зүүн талд байх авто замд зогсоогоод машин жолоодож явсан хүүхдийг бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн. Тэгтэл жолоо барьж явсан хүүхэд надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй гэж хэлэхээр нь би машинаас буугаад тухайн үед үүрэг гүйцэтгэж явсан хоёр цагдаад манай нөхөр архи ундааны зүйл хэрэглэчихсэн, эгч нь машин барьж чаддаггүй болохоороо энэ хүүхдийг гуйсан юмаа, торгуулийг нь төлөөд явчихъя гэхэд тийм зүйл байхгүй, энэ хүүхдийг цагдаа руу авч явна тээврийн хэрэгслийг түр саатуулна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр Ц гарч ирээд юу болоод байгаа юм, юун цагдаа вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин цагдаа руу авч явна гэнэ, би машин барьж чадахгүй болохоороо энэ хүүхдийг гуйж машинаа бариулсан юм гэж хэлсэн. Мөн машин жолоодож явсан хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй талаар хэлэхэд цагдаа нарт хандаж яагаад зогоож байгаа юм, би гэр лүүгээ явмаар байна, та нар хүргэж өгч болно биз дээ, та нар намайг мэдэх үү би цагдаад ажиллаж байсан хүн, та нар намайг хүндэлсэнгүй гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа нар үг хэлэх гээд ч байгаа юм шиг, болих гээд ч байгаа юм шиг муйхарлаад байсан. Тэгээд цагдаа нар 102 дуудлаа гэхэд манай нөхөр болон бид хоёр хоёулаа уурлаад яахаараа 102 луу цагдаа дууддаг юм, мөрөөрөө явж байгаа хүмүүсийг цагдаад дуудаж өгдөг юм, торгуулаад явъя гэж учирлаж хэлээ биз дээ гэхэд нэг цагдаа нь камер бичиж байгаа шүү гэсэн. Тэгэхээр нь би чи бичээд яадаг юм гэж хэлээд камер луу самардах гэж оролдсон. Гэхдээ энгэрийн камерт нь хүрээгүй. Удалгүй 102-н фургон маркийн машин ирсэн. Тэгээд манай нөхөр Ц-н цагдаа руу авч явсан. Тухайн үед Ц ямар учраас намайг авч явж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд манай машиныг нэг цагдаа нь бариад журмын хашаанд саатуулсан. Жолоо барьж явсан хүүхдийг 102 руу авч явсан. Харин би эрүүлжүүлэх байранд очиход Ц намайг яагаад хорьж байгаа юм, гаргаач гэж орилж байсан. Тэгэхээр нь 102 руу очиход О жижүүрийн ахлахаар гарч байсан. Тэгэхээр нь би яагаад Ц-г эрүүлжүүлэхэд хийж байгаа юм гэж хэлэхэд намайг гар цаашаа яв гэсэн. Тэгэхээр нь би гараад эрүүлжүүлэх дээр очиход эрүүлжүүлэхийн цонхны салхивч онгорхой байсан. Тэгэхээр нь би цонхоор нь миний хөгшин битгий хашгираад бай, хоолой чинь сөөчихлөө ус уусан юм уу гэхэд үгүй ээ О-тай уулзаад намайг хурдан гаргаадах гэсэн. Тэгтэл жижүүрийн цагдаа цонхоо хаачихсан. Тэгэхээр нь би О дээр очоод Ц согтуу байсан нь үнэн, яагаад эрүүлжүүлж байгаа юм гэхэд О манай цагдаагийн өөдөөс маргалдсан гэсэн. Тэгэхээр нь би Ц шүү дээ таньж байна уу гэхэд О тэр ямар хамаатай юм, юу гээд байгаа юм чамайг бас эрүүлжүүлэхэд хийнэ шүү гэж хэлсэн. Тэгээд би хойшоо засмал зам руу алхаад такси барьж гэр лүүгээ очоод 5 литрийн савтай дундуур ус, хуванцар аяга аваад цагдаа руу ирсэн. Тэгээд эрүүлжүүлэх байр луу очиход Ц орилж л байсан. Тухайн үед эрүүлжүүлэх байр цоожтой байсан учир 5 минут гаруй хаалгыг нь нүдэхэд ерөөсөө хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь би хаалгыг нь өшиглөсөн. Жижүүрийн цагдаа гарч ирээд чи муу яв яагаад хаалга өшиглөөд байгаа юм, чамайг оруулахгүй гэсэн. Тэгэхээр нь би жижиг хуванцар аяганд хийсэн байсан усаа цацсан. Тэгтэл шилэн хүзүүнээс бариад эмчийн өрөө рүү оруулсан. Тэгээд эмчээсээ яах вэ гэхэд оруул оруул гэж хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэх камерт намайг оруулахад Цэлмэг та нар яаж байгаа юм, гэр бүлээр нь эрүүлжүүллээ гэхэд эмч цагдаа аль аль нь гарч ирээгүй.

Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Намайг эрүүл байхад эрүүлжүүлэх байранд хийхээр нь жижүүрийн цагдаа Б-д хандаж та нар болиоч, гэр бүлээр нь эрүүлжүүлэх байранд яахаараа хийдэг юм, би нөхөртөө ус өгөх гэж ирснээс биш эрүүлжүүлэхэд орох гэж ирээгүй, та нар эрүүл согтуу хүмүүсийг ялгадаггүй юм уу гэж хэлсэн. Тэрнээс цагдаагийн алба хаагчийг доромжилж биед нь халдсан асуудал байхгүй. Би цагдаа нарыг 102 дуудлаа гэхээр нь би уурлаад та нар яасан янхан зан гаргадаг юм бэ, отож байгаад барьсныг би янхан зан гаргалаа гэж хэлсэн. Би Ц-г цагдаагийн алба хаагчийн биед халдаж байгааг хараагүй, та нар ажлаа хийж чадахгүй байна гэж хэлж байсан. Цагдаагийн алба хаагч нараас ёс зүйгүй харьцсан зүйл байхгүй. Цагдаагийн энгэрийн камерыг самардах үед  цагдаа нь түлхэх шиг болсон. Ц бид хоёр давхралдаж унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

 

1.14. Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шөнийн 01 цаг 50 минутын үед цагдаа А тээврийн хэрэгсэл түр саатуулах гэж байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр М гэрээс гарч автомашиныг нь хүлээн авсан. Тухайн үед нэг эмэгтэй машинаа оруулахгүй янхан цагдаа нар та нар ямар хүнээр оролдож байгаагаа мэдэж байна уу гээд хашгираад байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед би гэрээс гараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

1.15. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтэд:

- Б.А-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 58 дугаар хуудас/

 

1.16. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай дүгнэлтэд:

- А.Б-н  биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 62 дугаар хуудас/

 

1.17. Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68-70 дугаар хуудас/

 

1.18. Шүүгдэгч Л.Ц-г албадан саатуулсан хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 85 дугаар хуудас/

 

1.19. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх алба хаагчийн томилгоо,/хх-ийн 88 дугаар хуудас/

 

1.20. Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Л.Ц-г эрүүлжүүлэх байранд шөнийн 02 цаг 30 минутын үед ирэхэд “Alcotest-3500” маркийн багажаар согтолтын зэргийг шалгах гэхэд үлээхгүй, үлээхээс татгалзаж шалгуулахгүй байсан. Харин өглөө 07 цаг 00 минутад үлээлгэх гэхэд дутуу үлээгээд байсан. Сүүлдээ үлээхээс татгалзсан.

Л.Ц-н эхнэр М-г ерөнхий жижүүрт гарч байсан хошууч Г.О түүнийг харьж амар гээд шөнө нөхөртэйгээ хамт ирэхэд явуулсан боловч тэр яваад цаг орчмын дараа эргээд эрүүлжүүлэх байранд дээр хүрээд ирсэн. Тэгээд тэр цонх хаалга балбаад саатуулагдсан нөхөртэйгээ хамт байна гээд явахгүй, эрүүлжүүлэх байранд орно гэж байгаад өөрөө орсон. Тийм учраас тэр хүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эрүүлжүүлсэн. У.М-г ямар нэгэн зөрчилд холбогдуулж эрүүлжүүлээгүй учраас согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол үйлдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Л-н Ц-г 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн баривчлах, эрүүлжүүлэх байран дотор цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Б албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжлон нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

Хохирогч А.Б нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд “Л.Ц-г эрүүлжүүлэх камерт хийхэд миний нүүрэн тус газар буюу шанаа хэсэгт 1 удаа цохисон” гэж мэдүүлдэг боловч гэрч Б.О-н “...Цагдаа Б намайг цохилоо гэж хэлж байсан. Тэрнээс цохихыг бол хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-н “...Ц гэх хүн цагдаагийн албан хаагчийн биед халдаж байгаа харагдаагүй. Салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны камерын бичлэг зэргээр тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Л.Ц-н дээрх цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Б албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжлон нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Харин шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 02 дугаар сарыг 21-ний шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Андууд худалдааны төвийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн болох Б.Д-р өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 99-77 ГСА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулж замын хөдөлгөөнд оролцуулсан ба уг үйлдлийг саатуулан шалгасан Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-г албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжлон нүүрэн тус газар нь цохих, үсдэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны үүдэнд Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.А-г гавтай гараараа нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэг цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Ц нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Л.Ц-г үргэлжилсэн үйлдлээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Л.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч Л.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 1981 оны 03 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Дээд боловсролтой. Цагдаагийн дээд сургуулийг төгссөн. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст 2002-2004 он хүртэл хэсгийн байцаагч, 2004-2006 он хүртэл Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэгч, хэсгийн төлөөлөгч, 2008-2009 он хүртэл Говьсүмбэр аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд албаны даргын үүрэг гүйцэтгэгч, 2009-2012 он хүртэл Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, 2012-2013 он хүртэл аймгийн Тамгын газар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, 2014-2018 оны 09 сар хүртэл Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан. Одоо Ганболд Металл ХХК-ийн дэд захирал ажилтай. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, 7-4-44 тоотод эхнэр 5 хүүхдийн хамт оршин суудаг. Эхнэр М Түшиг Чойр Констракш-н захирал ажилтай. Том хүү Ц Монгол Улсын их сургуулийн 1-р курсын оюутан. Охин С 5-р сургуульд 3-р ангийн сурагч, хүү Д 5 дугаар сургуульд 1-р ангийн сурагч, хүү О 5 дугаар цэцэрлэгт ахлах бүлэг, охин С 5 дугаар цэцэрлэгт дунд бүлэгт суралцдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/

 

2.2. Гэрч У.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Ц 1981 оны 03 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. Дээд боловсролтой. Цагдаагийн академи болон Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Цагдаагийн байгууллагад хэсгийн төлөөлөгчөөр, Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн тасгийн дарга, аймгийн Тамгын газар Захиргаа удирдлагын тасгийн дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан. Зан байдлын хувьд зарчимч, шударга, сахилга баттай, ёс зүйтэй, халамжтай, тусархаг, хамт олондоо нэр хүндтэй, өндөр мэдлэг боловсролтой, маш сайн удирдагч, гайхамшигтай хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Э.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Л.Ц-тэй би 5 жил ажилласан. Ажилдаа чин үнэнч, ажлынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, хэнд ч хэлье гэснээ хэлчихдэг, хэлэхдээ хатуухан хэлчихдэг. Хамт олны дунд нэр хүнд сайтай. Хамт олонтойгоо нийтэч, шударга, зарчимч хүн байгаа юм. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 6 орчим жил даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил ажлаасаа гарсан хүн байгаа юм. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүл хань ижилдээ халамж анхаарал сайн тавьдаг хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/

 

2.4. Шүүгдэгч Л.Ц-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 76 дугаар хуудас /

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Л.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Л.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ц оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахыг тус тус дурьдлаа.

 

Шүүгдэгч Л.Ц хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Л-н Ц-г 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн баривчлах, эрүүлжүүлэх байран дотор цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Б-г албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжлон нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б-н овогт Л-н Ц-г үргэлжилсэн үйлдлээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н овогт Л-н Ц-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ц оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

8. Шүүгдэгч Л.Ц-гт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ЭНХМАНДАХ